Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 248

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: Б.У-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Г-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10,566,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, хариуцагч Г.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...би хариуцагч Г.Г-ын хамаатны хүнээр нь дамжуулан 2018 оны 3 сард анх танилцсан. Танилцсанаас хойш надтай утсаар байнга ярьдаг. Цогтцэций суман дээр ирэхээрээ уулзаж ярьдаг жирийн сайхан харилцаатай найзууд байсан. Гэтэл 2018 оны 3 сард намайг хэд ч хамаагүй мөнгө зээлээч, олон улсын хөрөнгө оруулалтын компанид ажилладаг. Хөрөнгө оруулагч шаардлагатай байна. Мөнгийг тань эргүүлээд буцаагаад өгнө гэж гуйсан. Би нялх хүүхэдтэй гэртээ суудаг болохоор хэдэн төгрөгний хүү авбал ашигтай юм гэж бодсон төдийгүй Г.Г нь Дундговь аймгийн Сайнцагаан суманд “Мандал зоос” ББСБ-ын үйл ажиллагаа явуулдаг тул түүнийг санхүүгийн чадвартай гэж итгэж байсан тул нөхөр С.Бага-Эрдэнээр цалингийн зээл авхуулан 10,566,000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Ганхуягийн Г.Гын 5991011495 тоот дансанд шилжүүлсэн юм. Түүнийг мөнгөө эргэлдүүлж ашиг олоод 3 сарын дараа өгөхөөр тооцсон. Утсаар ярилцсан болохоор би зээлийн гэрээг бичгээр хийж, хугацааг нарийн тогтоож тохиролцоогүй нь үнэн. Түүнээс хойш Г.Г утсаа хаасан...Нэгэнт би хуулийн мэдлэггүйгээс болж зээлийн гэрээг бичгээр хийгээгүй учраас Г.Г-оос хүү, алданги нэхэх боломжгүй гэдгээ ойлгосон. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасны дагуу Г.Г-оос 10,566,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Г-оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,566,840 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа. Тухайн мөнгийг Б.У 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хаан банкин дахь хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Энэ тухай нотлох баримт нь хэрэгт авагдсан байгаа. Мөнгө хүлээлгэн өгсөн эсэх дээр талууд харилцан маргаангүй байгаа. Талуудын маргаж буй үндэслэл нь мөнгийг буцаан төлөх үүрэгтэй байсан уу, үгүй юу гэдэг дээр л маргадаг. Манай зүгээс талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн учраас тус мөнгөө буцааж авах болно. Хүүг авах эрхгүй учраас хүүг шаардаагүй. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн зүгээс 10 хувийн 2 сая төгрөг гэж тохиролцож байсан гэж хоёр агуулгатай зүйл ярьдаг.  Энэ талаар хариуцагч хариу тайлбартаа хэлэхдээ зээлийн гэрээ биш юм гэсэн татгалзалдаа хэлдэг. Энэ нь тухайн үед 3 сард энэ хүмүүс утсаар ярьж уулзаж байх үедээ энэ хүүгийн асуудлаар бие биедээ санал тавьж зээл авч зээлсэн байдаг. Үүгээр зээлийн харилцаа биш гэж үгүйсгэгдэх нөхцөл байдалд байхгүй. Улсын дээд шүүхээс энэ хэрэг маргааныг хянаж үзээд үйл баримтыг тодруул гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхэд хэргийг буцаасан. Үйл баримтыг тодорхойлно гэдэг нь энэ нь зээлийн харилцаа юу, эсхүл хариуцагчийн яриад байга өөр харилцаа байна уу гэдгийг нарийн тодруулах шаардлагатай. Хариуцагчийн зүгээс татгалзалдаа үндэслэл болгоод байгаа “Стэнфорд” гэх сүлжээнд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь хохирогч болсон. Мөнгийг тэр сүлжээнд алдсан. Би нэхэмжлэгчээс зээл аваагүй, Б.Угоос шилжүүлсэн мөнгө нь хөрөнгө оруулалтыг нь дамжуулсан юм гэдгээ нотлуулахаар Цагдаагийн ерөнхий газар болон холбогдох байгуулагуудаар баримт гаргуулах хүсэлтээ гаргасан. Тийм боловч тэдгээр газраас ирсэн нотлох баримтуудаар хариуцагчийн тайлбар тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Г- шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Б.У-той 2018 оны 3 сард анх холбогдож ярьсан. Дөнгөж уулзаад бичгээр гэрээ байгуулалгүйгээр зээл өгдөг хүн гэж хаана ч байхгүй. Стэнфордтой холбоотой групп чатуудаар энэ хүн доллар авна гэж маш их зар тавиад би тухайн үед уг хүсэлтийг хүлээн авсныхаа хариуд хариуцагч болоод зогсож байна.  Нэхэмжлэгч “Стэнфорд” компанийн талаар их сайн мэдэж байгаа. Нэхэмжлэгч өөрөө 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баттулга гэдэг хүн рүү 2000 ам.доллар хийгээд хөрөнгө оруулалтаа дансаар аваад явж байсан. Тэгсэн нэхэмжлэгч анх надтай уулзаад мөнгөө шилжүүлсэн тэр нь зээлийн харилцаа болсон гэж ярих юм. Зээл өгөх гэж байгаа бол иргэн аж ахуйн нэгжээс гарч байгаа зээл болгон байнга бүхэл дүнгээр гардаг. Гэтэл над руу шилжүүлсэн мөнгө нь задгай бутархай дүнгээр мөнгө шилжүүлсэн. Нэхэмжлэгчээс энэ мөнгөө зээлийн харилцаа гэж баталж байгаа зүйл байхгүй. Гүйлгээний утга дээр “Б.Угоос” гээд шилжүүлсэн. Өөр бусад өр авлага гэсэн зүйлийг ч төлсөн байж болно. Гэтэл яагаад зээлийн харилцаа гэж үзэж байгааг ойлгохгүй юм. Улсын Дээд шүүхээс үүнийг зээлийн харилцаа гэж үзэх үндэслэлээ нэхэмжлэгч талаас батлах ёстой гэсэн, харин анхан шатны шүүхээс энэ зээлийн харилцаа биш Б.У-гийн өмч юм гэсэн шийдвэр гарсан. Би Амарнасаа гэдэг хүнээс сонссон зүйлээ л ярьж байна. Б.У 5650 ам.долларыг өөрөө цуглуулсан. Түүний гүйлгээний утга дээр “Стэнфорд” гээд бичсэн байдаг. Энэ талаар нэхэмжлэгч талаас тайлбараа хэлэх байх. Нэхэмжлэгчээс ярихдаа ийм хөрөнгө оруулалтын компани байна. Энэ ашигтай учраас хөрөнгө оруулалт хийе гэж надад хэлсэн. Гэтэл сая хүү авахгүй гэсэн зүйл яриад байна. Тулгахүү гэдэг хүнээс Б.У руу 10 гаруй сая төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ нь түүний дансны хуулган дээрээс харагддаг. Тулгахүү ямар учраас мөнгө шилжүүлсэн байх боломжтойг тогтоох шаардлагатай. Б.У нь Тулгахүү бид хоёр 10,000 ам.долларын хөрөнгө оруулалтыг хамтарч хийж байгаа. Тулгахүү гэж хүн надаас мөнгөө нэхсэн тул би гаргаж өгсөн. Тийм учраас чамаас авах ёстой гэж мессэжээр, утсаар холбогдож намайг дарамталж байсан. Шоронгоор явж байсан хүмүүсийг хүртэл над руу явуулж байсан. Тэр хүмүүс нь тэр мөнгийг нь гаргаж өгөөч гэсэн зүйл ярьдаг байсан. Би үнэхээр тэр мөнгийг хувьдаа аваагүй учраас энэ шударга ёс гэдэг зүйлийг мэддэг бол анхаарч харах л асуудал. Б.Угийн хувьд би үхэхээр чи үх гэдэг л бодолтой яваад байх шиг байна. Миний хувьд ар гэр амьдрал үр хүүхдээ авч явах гээд их зүйл байна. Гэтэл Стэнфордод яг адилхан их мөнгө оруулж алдчихаад намайг 4350 ам.долларыг аваад өгөхөд туслаач гэж гуйчихаад өнөөдөр надаас мөнгө яагаад нэхэмжлээд байгаад гайхаж байна. Яагаад зээлийн харилцаа гээд байгаагаа тайлбарлах ёстой. Өнөөдөр наад захын хүмүүс зээл авахдаа нотариат ороод зээлийн гэрээ байгуулдаг болсон. Гэрээ байгуулаад зээлийнхээ дансны хуудсан дээр “зээл олгов” гэдэг утгийг бичдэг болсон. Зөвхөн над руу утга дээрээ “Б.У” гэж явуулчхаад зээлийн харилцаа гээд байгаа нь ямар учиртай юм бэ. Би хүнд тусалсныхаа хариуд өнөөдөр шүүх дээр хариуцагч болоод зогсож байна. Энэ хүмүүс мэдэхийн дээдээр мэдэж байж зээлийн харилцаа гээд байгааг үнэхээр гайхаж байна. Гэрч Мөнхбат “Стэнфорд” компаний талаар мэдэж байгаа зүйлээ ярьсан байдаг. Шүүхээс намайг тэр авсан мөнгийг яг яасан бэ, гэдгийг шаардаад байгаа хэрнээ нэхэмжлэгч талаас зээлийн харилцаа гээд байгааг тодруулж шаардсан зүйл байхгүй юм. Дараа дараагийн шүүхүүд дээр зээлийн харилцаа гээд ярьж байснаа энэ нь өмчийн харилцаа юм гэдгийг яриад байдаг. Би өнөөдөр хуулийн зүйл заалтыг мэдэхгүй учраас хуулийн зүйл заалтыг үндэслээд ярьж чадахгүй байна. Нэхэмжлэгч талаас олон шүүх хурлаар явсан хүмүүс хуулийн зүйл заалтаа мэдэж байгаа байх. Бодит үнэнийг нэхэмжлэгч тал мэдэж байгаа гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Г.Г-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,566,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч Б.У нь 10,566,000 төгрөгийг хариуцагч Г.Г-од зээлдүүлсэн, удаа дараа мөнгөө шаардсан боловч төлөхгүй байгаа тул хариуцагчаас 10,566,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч Г.Г- нь нэхэмжлэгч Б.Угоос би мөнгө зээлээгүй, нэхэмжлэгч намайг “Стэнфорд” ХХК-д хөрөнгө оруулахад туслаад өгөөч гэсэн түүний хүсэлтийн дагуу түүний шилжүүлсэн 10,566,000 төгрөгийг 4350 ам.доллар болгож “Стэнфорд” ХХК-ийн ажилтан н.Алтансувдад бэлнээр  өгсөн тул уг мөнгийг нэхэмжлэх үндэслэлгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.У нь 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч Г.Г-ын Хаан банкны 5991011495 тоот данс руу 10,566,000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна /хх-4, 41-хуудас/.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д “хэлцлийн гол нөхцөлийн талаар талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол” хэлцэлийг амаар хийсэнд тооцохоор заажээ.

Зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаас үзэхэд зээлийн гэрээний гол нөхцөл болох хүү, хугацааны талаар нэхэмжлэгч зөрүүтэй байр суурийг илэрхийлдэг. Тухайлбал, нэхэмжлэгч Б.У нэхэмжлэлдээ “Г.Г-той утсаар ярилцсан болохоор би зээлийн гэрээг бичгээр хийж, хугацааг нарийн тогтоож тохиролцоогүй”, 2018.12.14-ний өдрийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарт “...хариуцагч тооны машинаар бодоод сарын 10 хувийн хүүтэй 12,566,840 төгрөг болгож өгье гэж хэлсэн, тухайн үед 2,000,000 төгрөг нэмж өгье гэж хэлсэн” гэх тайлбар, хариуцагчийн “бидний хооронд зээлийн гэрээ огт байгуулагдаагүй” гэх тайлбараар хэлцлийн зорилго, гол нөхцөл тодорхой бус, талуудын хүсэл зориг харилцан нийцээгүй байх тул шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байна гэж дүгнэлээ /хх-1, 56-р хуудас/.

Харин Г.Г- нь Б.Угоос шилжүүлсэн 10,566,000 төгрөгөөс 10,428,870 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 5077067595 тоот данс руу “or” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байх бөгөөд уг шилжүүлэгийг хариуцагч Найман шаргын ББСБ-ын валютын үйл ажиллагаа эрхэлдэг хүний данс гэж тайлбарлаж байна.

Г.Г- нь Б.Угийн шилжүүлсэн 10,566,000 төгрөгийг түүний хүсэлтийн дагуу 4350 ам.доллар болгон сольж улмаар “Стэнфорд” ХХК-ийн ажилтан н.Алтансувдад бэлнээр өгсөн гэж тайлбарладаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч Г.Г- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж буй байдлаа баримтаар нотлоогүй тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол...хөрөнгө шилжүүлсэн этгээд уг эд зүйлийг олж авсан этгээдээс шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заажээ.

Хэрэгт цугларсан бичгийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд 10,566,000 төгрөгийг шилжүүлсэн нь нотлогдсон, нэхэмжлэгч нь уг мөнгийг хариуцагчаас буцаан авахгүй талаар тохиролцоогүй, зохигчдын хооронд ямар нэг хэлцэл, гэрээний үүргийн харилцаа үүсээгүй бөгөөд энэ тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн харилцаа гэж үзэж, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас 10,566,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүх хариуцагчийн нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлтүүдийг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 139/ШШ2019/01376 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийн дагуу Цагдаагийн Ерөнхий газраас ирүүлсэн албан бичигт “Стэнфорд” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэгт С.Бага-Эрдэнэ, Б.У, С.Тугалхүү нарыг хохирогчоор тогтоогоогүй, С.Тугалхүүгийн account:1110949 гэсэн ID дугаарт мөнгө хураалгасан талаар баримт авагдаагүй талаар дурдсан байна /хх-173-р хуудас/.

Харин гэрч Б.Мөнхбатын мэдүүлэг нь цаг хугацааны хувьд харилцан зөрүүтэй мэдүүлдэг тул уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

            Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар хавтаст хэргийн 42-45 дугаар хуудсанд авагдсан баримтыг шүүхэд гаргасан хэдий ч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлэх боломжгүй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 184,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г.Гоос 10,566,000 /арван сая таван зуун жаран зургаан мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Уд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-оос 184,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Уд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ГАНЧИМЭГ