Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00553

 

 

Б.Угийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 139/ШШ2020/00248 дугаар шийдвэр,  

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 218/МА2020/00012 дугаар магадлалтай,

Б.Угийн нэхэмжлэлтэй,

Г.Год холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10,566,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Агийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Г.Год холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,566,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

2. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 139/ШШ2020/00248 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г.Гоос 10,566,000 /арван сая таван зуун жаран зургаан мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Уд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гоос 184,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Уд олгохоор шийдвэрлэжээ.

3. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 218/МА2020/00012 дугаар магадлалаар: Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 139/ШШ2020/00248 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,100 /нэг зуун наян дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Б.Угийн нэхэмжлэлтэй Г.Год холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчин, хэт нэг талыг барьсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж доорх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх хянавал хэсэгтээ: “...Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуульд заасан гэрээний үүргийн харилцаа үүсээгүй гэж дүгнэн... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэл бүхий хэрэглэсэн байна... Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул Б.Угийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна” гэж үндэслэлгүй, илт нэг талыг барьсан, хатуухан хэлбэл өмгөөлөгчийн байр сууринаас дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна. Түүнчлэн хариуцагч талын гомдолд дурдсан давж заалдах шатны шүүхийн өөрийнх нь гаргасан 2019.12.18-ны өдрийн 218/МА2019/00031 дүгээр магадлалын биелэлтийн талаар болон анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагч талын хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан үйл баримтын талаар огт дүгнэлт хийгээгүй байгаа нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118.4-т заасантай нийцэхгүй байгаа бөгөөд гомдлын тухайн үндэслэлийг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй гэж үзэхээр байна.

4.2. Түүнчлэн давж заалдах шатны шүүх Хянавал хэсэгтээ итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А надад ИХШХШТХуулийн 165 дугаар зүйлийн 165.1.1-д зааснаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй талаар дурджээ.

А/ Итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А надад миний 99104807 дугаарын утсаар мэдэгдсэн гэж шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан талаар утсаар мэдэгдэж, миний оршин суугаа хаягийг асуух үедээ хэлдэг боловч би энэ тухай огт мэдээгүй, санахгүй байгаа болно.

Б/ ИХШХШТХуулийн 165 дугаар зүйлийн 165.1.1 гэснийг 165 дугаар зүйлийн 165.1 гэж миний бие ойлгосон бөгөөд энэхүү хэм хэмжээ нь мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасны дагуу шүүхийн мэдэгдэх хуудсаар, баталгаат шуудангаар мэдэгдэнэ гэсэн зүйл заалттай салшгүй байдлаар хэрэгжих учиртай. Ийнхүү шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хангалгүй, зохигчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, дээр дурдсаны дагуу анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзсан зэрэг нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн явдал гэж үзэж байна.

4.3. Энэ хэрэг анхан шатны шүүхээр 3 удаа, давж заалдах шатны шүүхээр 3 удаа хэлэлцэгдсэн байх ба анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг зээлийн гэрээний харилцаа гэж дүгнэн шийдвэрлэж байсан мөртлөө Монгол Улсын Дээд Шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасны дараа уг хэрэг дээр огт ажиллагаа хийгээгүй, Улсын Дээд шүүхийн тогтоол болон хэргийг буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан асуудлууд огт шийдвэрлэгдээгүй, нэхэмжлэгч талын удаа дараагийн худал тайлбарууд, хариуцагч талаас хүсэлт гаргаж хавтаст хэрэгт авагдсан Б.Угийн ХААН банкны 5598067230 тоот дансны гүйлгээнээс харагдаж буй түүний нэхэмжлэлд дурдсан нөхөр С.Бага-Эрдэнээс орж ирсэн 13,300,000 төгрөгөөр Stamford гэсэн утга бүхий гүйлгээнүүд, Тулгахүү гэж хүнээс орж ирсэн 10,200,000 төгрөг орж ирсэн, тухайн өдрөө зээлсэн гэх мөнгөө бага зэрэг мөнгө нэмж шилжүүлсэн нөхцөл байдал харагдаж байгааг огт хайхралгүй, тэдгээрт ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хөндлөнгийн байх сууриа алдсан, нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Хоёр шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс харахад талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн мөртлөө ямар нотлох баримтыг үндэслэн талуудын хооронд үүрэг үүсээгүй, ямар нотлох баримтаар мөнгийг буцаан авахгүй байх талаар тохиролцоогүй гэж дүгнээд байгаа талаараа дурдаагүй байна. Нөгөө талаас нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ зээлсэн мөнгөө буцааж авна гэж тодорхойлсон байхад Иргэний хуулийн 492.1.1-ийг хэрэглэж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ байдлаас аливаа, иргэн хүний данс руу тодорхой хэмжээний мөнгө хийсэн л бол түүнийгээ буцаан нэхэмжилдэг, түүнийг нь Иргэний хуулийн 492.1.1-ийг баримтлан шийдвэрлэдэг шүүхийн буруу практик тогтоох сөрөг үр дагавар бий болохоор байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 хөрөнгө олж авсан этгээд үүрэг гүйцэтгэгч нарын хооронд үүрэг үүсээгүй... гэж тодорхойлсон байгаа. Гэтэл нэхэмжлэгч тал хоёр талын гэрээ болох Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлдүүлэгчийн үүргийг гүйцэтгэсэн мэтээр өөрийгөө тайлбарладаг. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй мөнгө шилжүүлсэн баримтын гүйлгээний утга хэсэг дээр “У” гэсэн бичилт байх ба зээлийн харилцааны талаар нэг ч үг үсэг байхгүй бөгөөд ямар нэг үүргийг гүйцэтгэсэн талаарх үг үсэг байхгүй юм. Ийнхүү “У” гэсэн нь зөвхөн өөрийн нэр дээр, түүнийг төлөөлж үйлдэл хийлгэнэ гэсэн хүсэл зоригтой байсан гэж үзэхээр байна. Б.У нь нэгэнт өөрийн данснаас бусад руу мөнгө шилжүүлж байгаа тохиолдолд өөрийн нэрийг бичих шаардлагагүй бөгөөд хүнд мөнгө зээлдүүлсэн тохиолдолд бүхэл мөнгөөр, зээлдүүлж байгаагаа тодорхой ойлгомжтой илэрхийлсэн байх ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Б.У мөнгийг шилжүүлэхдээ ямар үүргийг гүйцэтгэсэн гэдэг нь буюу ямар үүрэг гүйцэтгэх гэж байсан нь тодорхой байх учиртай юм. Нэхэмжлэгчийн мөнгө шилжүүлсэн үйлдлийн цаана итгэмжлэл, даалгаврын гэрээ хэлцэл ч байгуулагдсан байж болох бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримт нь бусад хөдөлбөргүй нотлох баримтаар дэмжигдэж, эргэлзээгүй нотлогдсон байх учиртай бөгөөд энэ нь нэхэмжлэгч Б.Уг Иргэний хуулийн 492.1.1-д заасан “үүрэг гүйцэтгэгч”-д хамаарах эсэх, талуудын хооронд үүссэн харилцааг зөв тогтооход чухал ач холбогдолтой билээ. Иймд дээр дурдсан үндэслэлээр Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.30-ны өдрийн 139/ШШ2020/00248 дугаар шийдвэр болон Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.21-ний өдрийн 218/МА2020/00012 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв

6. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Г.Год холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,566,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

7. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр хуульд нийцжээ.   

Хэрэгт нотлох баримтаар авагдсан зохигчийн тайлбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон бусад баримтаар нэхэмжлэгч Б.У нь 2018.04.05-ны өдөр Г.Гын Хаан банкны 5991011495 тоот дансанд 10,566,000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон, зохигч энэ үйл баримтын талаар маргаагүй.

Харин, хариуцагч Г.Г нь ...би Б.Угоос мөнгө зээлээгүй, нэхэмжлэгч нь надад “Стэнфорд” ХХК-д хөрөнгө оруулахад туслаад өгөөч гэсэн, уг хүсэлтийнх нь дагуу түүний шилжүүлсэн 10,566,000 төгрөгийг 4350 ам.доллар болгож, “Стэнфорд” ХХК-ийн ажилтан н.Алтансувдад бэлнээр аваачиж өгсөн... гэсэн тайлбар гарган маргасан, гэвч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэлээ баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгө “Стэнфорд” сүлжээний дансанд орсон, тус сүлжээний ажилтанд шилжсэн болох нь тогтоогдоогүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзах үндэслэлийн талаарх баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. 

8. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол ...хөрөнгө шилжүүлсэн этгээд уг эд зүйлийг олж авсан этгээдээс шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь шилжүүлсэн мөнгийг хариуцагчаас буцаан авахгүй талаар тохиролцоогүй, зохигчийн хооронд ямар нэгэн хэлцэл, гэрээ байгуулагдаагүй тул хоёр шатны шүүх талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй, хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Г.Гоос 10,566,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Уд олгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

9. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлсэн, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шударга бус шийдвэр гаргасан...” гэсэн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 139/ШШ2020/00248 дугаар шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 218/МА2020/00012 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.06.17-ны өдөр төлсөн 184,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Д.ЦОЛМОН