Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 28

 

Э.*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Алтангэрэл

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: В.Долгор

Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням даргалж шийдвэрлэсэн 2017 оны 08 дугаар сарын 03ы өдрийн 373 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч В.Долгорын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 1970 онд Завхан аймгийн Идэр сумд төрж, Тосонцэнгэл сумд бүрэн дунд боловсролын сургууль төгссөн, Сантехникч, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.******* нь 2017 оны 05-р сарын 01-ний Б/34 тоот тушаалаар үүрэгт ажлаас минь халсанд гомдолтой байна. Намайг зөвхөн хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй юм. Би Завхан аймгийн Засаг даргын тамгын газарт 2011 онд сантехникч, жижүүрээр ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй оноосон үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлж ирсэн. Би энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Намайг шууд ажлаас халсанд гомдолтой байна. Он удаан жил ажилласан боловч шууд хална гэж бодоогүй цалингийн арга хэмжээ авахад надад татгалзах зүйлгүй.

Иймээс ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч В.Долгор анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.******* нь ажлын цагаар, 2017 оны 04 сарын 24-нд өөрийн жижүүртэй өдөр согтууруулах ундаа хэрэглэж ажилдаа согтуу ирсэн. Мөн жижүүртэй өдрөө ажлын байраа орхиж гадагш явсан. Энэ талаар 2017 оны 04 сарын 26-ны өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлчилгээ аж ахуйн тасгийн ажилчдын хуралд Э.******* өөрөө оролцож архи согтууруулах ундаа хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрсөн. Энэ нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг.

Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйл 7.2.3-дахь заалтад ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамруулахаар заасан. Мөн Хөдөлмөрийн дотоод журамд ажлын болон, томилолтоор ажиллах үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол ноцтой зөрчилд тооцохоор заасан байдаг.

Э.******* нь дээрх байдлаар байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан. Энэ талаар гэрчүүд болон өөрөө ч ажилтнуудын хурал дээр хүлээн зөвшөөрсөн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг.

Э.******* өмнө нь өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй зөрчил гаргаж Тамгын газрын даргын 2012 оны 9 сарын 3-ны өдрийн 54 дүгээр тушаалаар цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл авч байсан, 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр А/10 дугаартай тушаалаар мөн ажлын хариуцлага алдсан үндэслэлээр цалингийн 30 хувиар хасуулж сахилгын шийтгэл хүлээж байсан.

Э.******* нь анх томилогдохдоо сантехникч, жижүүрийн албан тушаалд 3 сарын хугацаатай томилогдсон. Түүнтэй байгуулсан 2014 оны 1 сарын 2-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд жижүүрийн албан тушаалыг хугацаагүйгээр гэрээ байгуулж ажилласан байдаг. Иймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.*******ыг сантехникчээр 3 сарын хугацаатай томилсон гэж байгаа боловч Э.******* ажлаас халагдахаас өмнө хүртэл сантехникчээр ажиллаж байсан.

Ажлаас халагдахын өмнөх ажилтнуудын хурлын тэмдэглэлийн хэлэлцэх асуудал гэсэн хэсэгт жижүүр, сантехникч Э.*******ы талаар авч хэлэлцсэн гэсэн байсан. Мөн 2014 оноос хойш сантехникч Э.*******д шагнал, батламж олгосон байдаг.

Мөн 2006 оны Улсын дээд шүүхийн тайлбарт ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-ийн аль нэг заалтыг баримтлах нь зүйд нийцнэ гэж үзсэн байдаг. Э.*******ыг ажлаас халсан тушаал нь зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг баримтлаад 40 дүгээр зүйлийг огт баримтлаагүй учраас түүнийг ажлаас халсан тушаал үндэслэлгүй гарсан байна.

Ажлаас халсан тушаалыг харахад Э.******* нь жижүүрийн албан тушаалаас халагдсан ч сантехникч гэсэн албан тушаалаас нь одоог хүртэл чөлөөлөөгүй байна. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт сантехникч, жижүүрээс чөлөөлөв гэсэн байдаг ч ажлаас халсан тушаал дээр сантехникчээс чөлөөлөөгүй байдаг. Иймд Э.*******ыг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч В.Долгор анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улсын дээд шүүхийн тайлбарыг хууль тайлбарлахад шууд ашиглахгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т ажлаас халах гэсэн шийтгэлийг заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг заавал давхар баримтлах шаардлагагүй. Манай байгууллагын үндсэн орон тоонд жижүүрийн орон тоо байдаг. Жижүүр нь шаардлагатай тохиолдолд сантехникчийн ажлыг хийж зохих урамшуулал авдаг. Сантехникчийн ажлаас чөлөөлсөн шийдвэр байхгүй. Архи уусан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн, мөн гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа.

Иймээс Э.*******ы гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Авга овогт Эрхэмбаатарын *******ыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын үйлчилгээ аж ахуйн тасгийн жижүүр, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 1,657,152 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 1,657,152 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгож, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 111664 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч В.Долгор давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор миний бие Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 373 дугаартай шүүхийн шийдвэрийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гардан аваад шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.Хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тухайд

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 373 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Хариуцагч байгууллага Э.*******ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл болгосон 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны дүгнэлт, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журам зэргийг ирүүлсэн бөгөөд уг нотлох баримтуудад тухайн байгууллагын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарсан, ...байдлаар ирүүлсэн тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын Хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна. гэж заасан байдаг. Энэхүү хуулийн заалтын дагуу бол Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулахын тулд

1. Хэргийн оролцогч нь төрийн болон төрийн бус байгууллага байх

2. Бичмэл нотлох баримт байх

3. Хуулбар үнэн тэмдэг нь өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн тэмдэг байх гэсэн 3 шаардлагыг хангасан байхаар хууль тогтоогч хуульчилсан байна. Мөн ИХШХШтХуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хязгаарлах болон хориглосон ямар нэгэн хэм хэмжээ буюу төрийн байгууллага иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тохиолдолд тухайн байгууллагын архивын хуулбар үнэн тэмдэг бүхий нотлох баримтыг нотлох баримтаар үнэлэхгүй гэсэн зохицуулалт хуульд байхгүй болно.

Иймд анхан шатны шүүх Хариуцагч байгууллага Э.*******ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл болгосон 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны дүгнэлт, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журам зэргийг ирүүлсэн бөгөөд уг нотлох баримтуудад тухайн байгууллагын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарсан, ...байдлаар ирүүлсэн тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үнэлсэн нь үндэслэлгүй, хууль зөрчсөн байх бөгөөд хэрэглэвэл зохих хууль болох ИХШХШтХ-ийн 44-р зүйлийн 44.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

2.Шүүх хэрэглэвэл зохих хуулийг бус өөр хууль хэрэглэсэн тухайд

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт .. хэргийн оролцогчоос бичмэл нотлох баримтыг гаргахдаа шүүхэд эх хувиар нь өгнө.Хэрэв бичмэл нотлох баримтын эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгнө гэснийг хариуцагч зөрчсөн гэж дүгнэжээ. Ийнхүү дүгнэхдээ шүүх ИХШХШтХ-ийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг үндэслэл болгосон байдаг. Иргэний эрх зүйн харилцаанд хэм хэмжээг хэрэглэхдээ тусгайгаас ерөнхий гэсэн зарчмыг баримталдаг буюу тусгайлсан хэм хэмжээ байхгүй тохиолдолд ерөнхий хэм хэмжээг хэрэглэдэг. ИХШХШтХ-ын 44-р зүйлд бичмэл нотлох баримттай холбоотой харилцааг зохицуулсан байх бөгөөд уг зүйлийн 4 дэх хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын Хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж зохицуулсан байдаг тусгайлсан зохицуулалт болно. Тиймээс анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ИХШХШтХ-ийн 44.4 дэх заалтыг хэрэглэхйн оронд ерөнхий зохицуулалт болох ИХШХШтХ-ийн 6 дах хэсгийг хэрэглэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг бус өөр хууль хэрэглэсэн үйлдэл байна.

3.Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, буруу үнэлсэн тухайд

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... хэдийгээр нэхэмжлэгчийг ажлын байранд, ажлын цагаар архидан согтуурч ёс зүйн ноцтой зөрчил гаргасаныг нотлуулах зорилгоор А.Шаравжамц, О.Бат-Өлзий, Ө.Сувд-Эрдэнэ нарыг гэрчээр асуулгасан боловч эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг давхар нотолсон, нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул дан ганц гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна. гэжээ.

Нэхэмжлэгч Э.******* нь өөрөө ажлын байранд, ажлын цагаар архидан согтуурч, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тухайгаа хүлээн зөвшөөрч, өөрийн биеэр оролцож, гарын үсэг зурсан 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн аймгийн ЗДТГ-ын Үйлчилгээ аж ахуйн тасгийн ажилчдын хурлын тэмдэглэл мөн хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг ноцтой зөрчсөн талаар тайлбарласан, ноцтой зөрчил гаргасан талаараа нэхэмжлэгч Э.******* өөрөө хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан 2017 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн аймгийн ЗДТГ-ын Үйлчилгээ аж ахуйн тасгийн ажилчдын хурлын тэмдэглэлийг тус тус шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн байдаг нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг.

Эдгээр нотлох баримтууд нь ИХШХШтХ-ийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг бүрэн хангасан, хэргийг хянан шийдвэрлэхэд нотолгооны чухал ач холбогдол бүхий нотлох баримт болно. Гэтэл анхан шатны шүүх уг нотлох баримтуудыг огт үнэлээгүй төдийгүй гэрчийн мэдүүлгийг давхар нотолсон, нотлох баримтын шаардлага хангасан баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн нь хууль бус бөгөөд үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Шүүхэд гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан А.Шаравжамц, О.Бат-Өлзий, Ө.Сувд-Эрдэнэ нарын мэдүүлгүүдэд хоорондоо зөрүүтэй, нэгнийгээ үгүйсгэсэн агуулгатай зүйл байхгүй бөгөөд гэрчүүд бүгд нэг агуугатай гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Тиймээс гэрч А.Шаравжамц, О.Бат-Өлзий, Ө.Сувд-Эрдэнэ нарын мэдүүлгүүд нь ИХШХШтХ-ийн 43-р зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг бүрэн хангасан байх төдийгүй ИХШХШтХ-д гэрчийн мэдүүлэг нь заавал өөр нотлох баримтаар давхар нотлогдох ёстой гэсэн шаардлага байхгүй байна.

Иймд анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг дангаар нь үнэлэх боломгүй гэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн мөн нотлох баримтын шаардлага хангасан 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн аймгийн ЗДТГ-ын Үйлчилгээ аж ахуйн тасгийн ажилчдын хурлын тэмдэглэл болон 2017 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн аймгийн ЗДТГ-ын Үйлчилгээ аж ахуйн тасгийн ажилчдын хурлын тэмдэглэлийгтус тус нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн үйлдэл байна.

Тиймээс Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 373 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч В.Долгор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дэх заалт нь Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэдэг зарчмыг хэрэгжүүлэхтэй шууд холбоотой байна. Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг огт гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхээс хууль ёсны шийдвэр гаргаагүй, нотлох баримтуудыг зохих журмаар үнэлээгүй.

Анхан шатны шүүхээс шүүх хуралдаан хойшлуулахгүйгээр зохигч нарт хэргийн нотлох баримт бүрдүүлэх боломжоор хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дах хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчимыг зөрчсөн. Учраас анхан шатны шүүхийн шүүх хуралдаанааны шийдвэрийг хуульд нийцсэн шийдвэр болсон гэж үзэхгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нотлох баримтанд үндэслэсэн шийдвэр гарсан гэж үзэж байна гэв. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү? Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зохигч нарын эрх үүргийг танилцуулсан байгаа Хөдөлмөрийн гэрээ байгууллагдсан байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дугаар тушаалаар Монгол улсын Засаг захирагаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлийн 131.1.3, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.15.1, мөн ёс зүйн хорооны 2017 оны 04 сарын 28-ны өдрийн хурлын дүгнэлт, Хөдөлмөрийн гэрээний 7.2.3 а дахь хэсэгт зааснаар үйлчилгээ, аж ахуйн жижүүр Э.*******ыг ажлын байранд, ажлын цагаар архидан согтуурч сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзээд үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Э.******* нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугцааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасаныг шүүх хангаж шийдвэрлэжээ.

Ажилтанд сахилгын шийтгэл оногдуулсан ажил олгогчийн тушаалын агуулгаас үзвэл ажилтныг ажлын байранд, ажлын цагаар архидан согтуурсан, ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Ажил олгогч нь Э.*******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа, өөрөөр хэлбэл, ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлд нийцүүлэх тухай Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байх тул ажлаас чөлөөлсөн тушаал хууль ёсны байж чадаагүй байна.

Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах шаардлагад нийцээгүй тушаал гаргасан тул ажилтныг ажлаас халах болсон талаар шүүх нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагагүй байжээ.

Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч хариуцагч энэ талаар гомдол гаргасан учраас дараах дүгнэлтийг хийж байна.

Ажилтан ажил олгогчийн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж шүүхэд гомдол гаргасан. Энэ тохиолдолд ажил олгогч тушаалаа хуульд нийцүүлэн гарсан гэдгийг шүүхэд өөрөө нотлох үүрэгтэй. Шүүх ажил олгогчийг энэ үүргээ биелүүлж нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх боломжоор хангасан байна.

Ажил олгогч нь Э.*******ыг ноцтой зөрчил гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарладаг боловч Э.*******ы гаргасан зөрчил нь ноцтой гэж тооцогдох талаар байгууллагын болон талуудын хооронд байгуулсан ямар эрхийн актанд хэрхэн тусгасан талаар хуульд нийцсэн, шаардлага хангасан нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаадлага хангаагүй баримт байгаа учир Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Мөн хэрэгт байгууллагын дотоод журам, Э.*******д 2012 онд сахилгын шийтгэл ногдуулсан Тамгын газрын даргын тушаал ирүүлсэн боловч хариуцагч байгууллагын хуулбар үнэн гэсэн тэмдэгийг дарж ирүүлснийг шүүх үнэн зөв баримт гэж үнэлэхэд эргэлзээтэй байна.

Харин хариуцагч байгууллага нь Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх ажилчидын хурлын тэмдэглэлийг эх хувиар нь ирүүлж, А.Шаравжамц, О.Бат-Өлзий, Ө.СувдЭрдэнэ нарыг гэрчээр асуулгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаж буй баримтууд боловч дээрх баримтууд Э.*******ыг шууд ажлаас халах Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил- үйлдсэн болохыг тодорхойлохгүй байна.

Өөрөөр хэлбэл, Э.*******ыг гаргасан зөрчил нь /ноцтой зөрчил/ энэ нь шууд ажлаас халах үндэслэл болно гэдгийг зөвхөн хөдөлмөрийн гэрээгээр талууд тохиролцсон байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ нь шүүхэд нотлох баримт болохын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан тохиолдолд шүүх үнэн зөв нотлох баримт гэж үнэлэх нөхцөл бүрдэнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 373 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

 ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР