Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 226/МА2020/00007

 

 

 

 

 

 

 

 

 

Б-Ө ТТ-ийн

нэхэмжлэлтэй, Т-ид холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2020/00007/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Долгоржав,   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-,

Хариуцагч Т- нарыг оролцуулан,

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 24 дугаар шийдвэртэй, Б-Ө ТТ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т-ид холбогдох “үндсэн зээл 13567906, зээлийн хүү 1532731, нэмэгдүүлсэн хүү 2600, нийт 15103238 төгрөг гаргуулах, мөн зээлийг төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Т-ийн давж заалдах гомдлоор 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Б-Ө ТТ- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д-, Т- нар нь Б-Ө ТТ-тэй 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ/201843345288 тоот зээлийн гэрээ байгуулан 20324913 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай машин авах зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 4 тал хашаа, 5 ханатай гэр, хөргөгч зэрэг зүйлсийг тавьсан. Д-, Т- нар нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 5443819, зээлийн хүүд 3192618 төгрөгийг төлснөөс өөр төлбөр төлөөгүй. Зээлдэгч нар нь гэрээнд заасан үүргээ зөрчин гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй ба үндсэн зээлдэгч Д- нь нас барсан. Иймд Т-аас үндсэн зээл 13567906, зээлийн хүүгийн төлбөр 1532731, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2600, нийт 15103238 гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунцэцэг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, өөрчилсөн зүйл байхгүй, зээлийн хүүг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зогсоосон. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Т- гарын үсэг зурсан тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзээд эрсдэлийн сангаас зээлийг хаах боломжгүй. Зээлийн гэрээний хугацаа, төлбөр дуусаагүй байхад дахин гэрээ хийж нэмж мөнгө авсан тохиолдолд сүүлд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилдэг. Б-Ө ТТ- нь Т-тай 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан ЗГ201843345288 тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өмнөх гэрээний дагуу Д-ийн ээж Н-ийг хариуцагчаар татах боломжгүй. Иймд зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу хамтран хариуцагч Т-аас үндсэн зээл 13567906, зээлийн хүү 1532731, нэмэгдүүлсэн хүү 2600, нийт 15103238 төгрөгийг гаргуул өгнө үү. Мөн зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн барьцаа хөрөнгийн хувьд зээлдэгчийн өөрийн санал болгосон барьцаа хөрөнгө, ирээдүйд орж ирэх цалинг нь барьцаалдаг. Хамтран үүрэг гүйцэтгэгч Т- нь өөрийн эрх үүргийг ухамсарлаж, ямар зээлийн гэрээнд гарын үсэг зурж байгаа, ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаараа эдийн засагчаас тодруулах ёстой байсан. Хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Т- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д-тэй 2016 онд албан ёсны гэр бүл болсон. Д- ээж Н-, дүү Днарын хамт нэг гэрт амьдардаг байсан. Д- бид хоёр гэр бүл болж хамт амьдардаг байсан боловч бид хоёрын цалин санхүү тусдаа, ээж Н- нь Д-ийн цалинг нь авч захиран зарцуулдаг байсан. Манай нөхөр Д- хадам ээж Н-т удаа дараа зээл авч өгч, хадам ээж хүнд хүүтэй мөнгө зээлүүлдэг байсан. Хадам ээж Д-ийн мөнгийг өсгөж байгаад намар дүүг нь явахад нэмж зээл авахуулахгүй гэдэг байсан боловч намар оюутан явах үед мөнгөгүй болчихсон Д-ээр дахин нэмж зээл авахуулдаг байсан. Би Д-тэй хамт амьдарснаасаа хойш өөрийн цалингаар үр хүүхэд болон гэр орныхоо хэрэгцээг болгодог байсан. Манай нөхөр 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чойр руу ажил, мэргэжлийн сургалтад яваад нас барсан.

            Би 2018 онд цалингийн зээл, охиныхоо тэжээгчээ алдсаны тэтгэмжийг барьцаалан зээл авч 1 өрөө байр авч, охин бид хоёр өөрийн гэсэн гэр оронтой болсон. Би сарын 470000 төгрөгийн цалинтай, үүнээсээ зээлэндээ 385500, утасны төлбөрт 20000, тогны төлбөрт 15000 төгрөг тус тус төлдөг, охин бид хоёр сардаа 49500 төгрөгөөр хэрэгцээгээ зохицуулдаг. Намайг 2016 онд бэр болж очиход л манай нөхөр надад “10-аад сая төгрөгийн зээлтэй, ар гэртээ зарцуулсан” гэж ярьж байсан. Хадам ээж Н- нь 4 удаагийн нийт 19350000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг ба ээж Н-ийг хамтран хариуцагчаар татахгүй байгааг гайхаж байна. Мөн банкны нэхэмжлэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, эсхүл Д-ийн ээж Н- зээлийг төлөх ёстой гэж бодож байна.

            Би Д-ийн цалингийн зээл дээр гарын үсэг зурдаггүй байсан бөгөөд ХААН банкны “эхнэр нь гарын үсэг зурах ёстой” гэсэн шаардлагаар 2017 оны 8  дугаар сарын 18-нд 3500000, 2019 оны 7 дугаар сарын 22-нд 3500000 төгрөгийн цалингийн зээл дээр тус тус гарын үсэг зурсан. Тухайн үед миний бие 3500000 төгрөгийн цалингийн зээл дээр гарын үсэг зурж байна гэж ойлгосон, эдийн засагч тайлбарлаж өгөөгүй, зээлийн эрсдэлийн санд даатгуулаагүй байсан. Би Д-ийн цалин болон цалингийн зээлийн мөнгөнөөс авч хэрэглэж байгаагүй, мөн зээлийг төлөх боломжгүй тул ХААН банкны “үндсэн зээл 13567906, зээлийн хүү 1532731, нэмэгдүүлсэн хүү 2600, нийт 15103238 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 24 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1.1, 451.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т-аас 7551619 /долоон сая таван зуун тавин нэгэн мянга зургаан зуун арван ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б-Ө ТТ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд Т-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээний дагуу 5 ханатай гэр, 4 тал хашаа, хөргөгч зэрэг хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүнээс үүргийг гүйцэтгэлийг хангахыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б-Ө ТТ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233466 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Т-аас улсын тэмдэгтийн хураамж 135776 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б-Ө ТТ-д олгож, тогтоогдсон хэмжээнээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 64779 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч Б-Ө ТТ-д олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.  

            Хариуцагч Т- давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Д-тэй 2016 онд албан ёсны гэр бүл болсон. Намайг анх гэр бүл болж ирэхэд Д- ээж Н-, дүү Дорждулам нарын хамт нэг гэрт амьдардаг байсан. Д- надад 10-аад сая төгрөгийн зээлтэй гэж хэлж байсан бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 28-нд 5500000, 5 дугаар сарын 13-нд 1500018, 11 дүгээр сарын 16-нд 4330000, 2016 оны 6 дугаар сарын 13-нд 4000000 төгрөгийн зээлийг тус тус авсан, хамтран зээлдэгчээр хадам ээж Н- гарын үсэг зурсан байсан. Миний бие ХААН банкны “эхнэр нь гарын үсэг зурах ёстой” гэсэн шаардлагаар 2017 оны 8 дугаар сарын 18-нд 3500000, 2019 оны 01 дүгээр сарын 09-нд 3500000 төгрөгийн нэмэлт зээл дээр тус тус гарын үсэг зурсан боловч нөхрийнхөө цалинг захиран зарцуулж, хэрэглэж байгаагүй. Дээрх цалингийн зээлүүд хадам ээж Н-ийн хэрэгцээ, дүү Дорждуламын сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, бусад зардлуудад хэрэглэгддэг байсан. Ээж Н- нь Д-ээр цалингийн зээл авахуулж хүнд хүүтэй мөнгө зээлүүлдэг байсан. Мөн Д-ийн мөнгийг өсгөж байгаад намар дүүг нь явахад нэмж зээл авахуулахгүй гэдэг боловч намар оюутан явах үед мөнгөгүй болчихсон Д-ээр дахин нэмж зээл авахуулдаг байсан. Нөхөр маань 2018 оны 01 дүгээр сарын 22-нын өдөр томилолтоор явж байгаад нас барсан. Охин бид хоёр хадам ээж, хадам дүүгийн хамт амьдарч байгаад хоорондын үл ойлголцлын улмаас гэрээсээ хөөгдсөн. Би 2018 онд цалингийн зээл, охиныхоо тэжээгчээ алдсаны тэтгэмжийг барьцаалан зээл авч 1 өрөө байр авч, охин бид хоёр өөрийн гэсэн гэр оронтой болсон. Би сарын 470000 төгрөгийн цалинтай, үүнээсээ зээлэндээ 385500, утасны төлбөрт 20000, тогны төлбөрт 15000 төгрөг тус тус төлдөг, охин бид хоёр сардаа 49500 төгрөгөөр хэрэгцээгээ зохицуулдаг. Хадам ээж нөхөр бид хоёрын амьдарч байсан байшинг зарсан гэх боловч зээлэнд нэг ч төгрөг хийгээгүй, хадам ээж Н-, хадам дүү Д нар нь Хэнтий аймагт ажил хийдэг өөрийн гэсэн орлоготой хүмүүс тул Д-ийн цалингийн зээлийг төлөх ёстой.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад үндэслэн Н-ийг оролцуулахгүй хэт нэг талыг барьж, хэлбэр хөөж шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Н-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татах шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүйгээс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б-Ө ТТ- нь хариуцагч Т-ид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээл 13567906 төгрөг, зээлийн хүү 1532731 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2600, нийт 15103238 төгрөгийг гаргуулахаар, мөн зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Т- нь ”үндсэн зээлдэгч Х.Д-ийн зээлийн мөнгөнөөс  хэрэглээгүй тул  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Т- нь анхан шатны шүүхэд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “манай нөхөр Х.Д- нь ХААН банкнаас 4 удаагийн цалингийн зээл авахад төрсөн эх Н- нь хамтран хариуцагчаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тул түүнийг хамтран хариуцагчаар татах” хүсэлтийг  ирүүлсэн байна.

Шүүх 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 611 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3-т зааснаар хүсэлтийг хангахаас татгалзжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг нэхэмжлэгч буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж зохицуулжээ. Деспозитив зарчмыг хангах зорилгоор хамтран хариуцагчийг татан оролцуулах эсэх асуудлыг шүүх зөвхөн нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэнэ.

 Анхан шатны шүүх Т-ийн “хариуцагчийг татан оролцуулах тухай”  хүсэлтийг нэхэмжлэгч Б-Ө ТТ-д огт танилцуулаагүй нэхэмжлэгчийн зөвшөөрлийг авалгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчдын шүүхэд мэтгэлцэх, тайлбар, хүсэлт гаргах эрх зөрчигдсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд хариуцагчийн “Н-ийг хариуцагчаар татан оролцуулаагүй, хэт нэг талыг баримтласан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135776 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 81 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135776 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ