Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00420

 

“...........” ХХК-ийн Бор-Өндөр

тооцооны төвийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 157/ШШ2020/00145 дугаар шийдвэр,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 226/МА2020/00014 дүгээр магадлалтай,

“...........” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй

Б.Т, Л.Н нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 15,103,238 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, хариуцагч Б.Т, хариуцагч Л.Нийн өмгөөлөгч Л.Н, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “...........” ХХК-г төлөөлж Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч Б.Т, Л.Н нарт холбогдуулан 2018.01.09-ний өдрийн ЗГ/201843345288 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 13,567,906.56 төгрөг, зээлийн хүү 1,532,731 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,478.49 төгрөг, нийт 15,103,238.62 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Т хүлээн зөвшөөрөөгүй, хариуцагч Л.Н 1,866,479 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг тус тус гаргасан байна.

Гуравдагч этгээд Х.Дорждулам 2015 онд авсан зээлийн хувьд би насанд хүрээгүй байсан. Энэ зээл надад хамаагүй гэжээ.

2. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 157/ШШ2020/00145 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар хариуцагч Л.Нээс 1,866,479 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...........ны Бор-Өндөр тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 13,236,759 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,265 төгрөгөөс илүү төлсөн 64,799 төгрөгийг төрийн сангийн данснаас, хариуцагч Л.Нээс 1,866,479 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 44,814 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ...........ны Бор-Өндөр тооцооны төвд олгож шийдвэрлэжээ.

3. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 226/МА2020/00014 дүгээр магадлалаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 157/ШШ2020/00145 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1.1-т заасныг баримтлан ...........ны Хэнтий салбарын Бор-Өндөр тооцооны төвийн хариуцагч Б.Т, Л.Н нараас зээлийн гэрээний үүрэгт 15,103,238 төгрөгийг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 64,799 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч ...........ны Хэнтий салбарын Бор-Өндөр тооцооны төвд олгож, Хариуцагч Л.Нээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,114 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгч ...........ны Хэнтий салбарын Бор-Өндөр тооцооны төвийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,134 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...........ны Хэнтий салбарын Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Н, Б.Т нарт холбогдох иргэний хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь, давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тус тус хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр энэхүү хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан 2018.01.09-ний өдрийн ЗГ/201843345288 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, хариуцагч Л.Н, Б.Т нараас зээлийн төлбөр 15,103,238.62 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “...........” ХХК-ийн Хэнтий салбарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Зээлдэгч Х.Доржпүрэв нь Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д монтёроор ажиллаж байхдаа ...........ны Хэнтий салбарын Бор-Өндөр тооцооны төвөөс зээл авахад зээлдэгчийн төрсөн ээж Л.Н, түүний эхнэр Төрийн банкны Хэнтий салбарын Бор-Өндөр тооцооны төвийн теллер ажилтай Б.Т нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орохыг хүлээн зөвшөөрч цаашид уг зээл төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцаж дуусгах үүрэг хүлээсэн бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон тул зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Зээлийн гэрээний 4-р зүйлийн 4.3-д “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь Зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан байх бөгөөд Л.Н, Б.Т нарын хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохгүй, гарын үсэг зурахгүй эрх нь байсан тэгэхээр өөрсдөө үр дагаврыг нь ойлгож, харилцан тохиролцож зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулсан. Иймд Л.Н, Б.Т нар нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч мөн тул зээлийн гэрээний үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн уг зээлийг Х.Доржпүрэв, Л.Н, Б.Т нарт олгосон бөгөөд хэрэгт авагдсан Барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, талуудын тайлбараар нотлогддог.

4.2. Түүнчлэн зээлдэгч Х.Доржпүрэв нь 2018.01.20-ны өдөр нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн тул гэрээний үүрэг зөрчигдсөнөөс хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг ........... Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу шаардах эрхтэй юм. Зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох тохиролцоо зээлийн гэрээнд байхгүй.

4.3. Зээлдэгч Х.Доржпүрэв нь ...........ны Хэнтий салбарын Бор-Өндөр тооцооны төвөөс нийт 7 удаагийн цалингийн зээл авснаас эхний 4 зээлэнд Л.Н, дараагийн 3 зээлэнд нь Б.Т хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож байсан бөгөөд хамгийн сүүлчийн 2018.01.09-ний өдөр ЗГ/201843345288 тоот зээлийн гэрээг байгуулахдаа өмнөх зээлийн үлдэгдэл болох 14,711,544.99 төгрөг дээр нэмэгдүүлж 3,500,000 төгрөгийн зээлийг авахад нь хариуцагч Б.Т нь өөрийн хүсэл зоригийнхоо дагуу гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, гэрээнд заасан нөхцөлийг зөвшөөрч гарын үсэг зурсан, цалингийн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх үүргийг зааж өгсөн байдаг. Уг зээлийг зээлдэгч Х.Доржпүрэв өөрөө ашигласан уу хамтран үүрэг гүйцэтгэгч ашигласан уу гэдэг нь чухал биш бөгөөд уг зээл нь өөрөө өрхийн хэрэглээний зориулалтаар олгогдсон зээл болох талаас нь анхан болон давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүй. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд заасан харилцаа нь хамтран зээлдэгчгүй харилцаанд зохицуулагдах хуулийн зохицуулалттай болохыг шүүхээс анхаарч үзэхийг хүсч байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд... үүрэг гүйцэтгэгч нас барсан бол түүний үүрэг дуусгавар болох тухай хуулийн заалтыг тухайн маргаантай харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

4.4. Давж заалдах шатны шүүх нь магадлалдаа хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Н, Б.Т нараас үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг тэднээс шаардах эрхээ тус тус хэрхэн хэрэгжүүлсэн талаар нь огт үнэлж дүгнээгүй нэхэмжлэгч нь хоёрын хоёр хамтран үүрэг гүйцэтгэгч нараас зээлийн төлбөрийг нэхэмжилж байхад зөвхөн Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан шийдвэрлэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэт явцуу хуулийн заалтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна. Зүй нь Иргэний хуулийн 242 дугаар зүйл, түүн дотроо 242.1, 242.3 дахь заалтуудыг шүүх зайлшгүй хэрэглэх, үнэлж дүгнэх байсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Наран оролцсон байхад магадлалд энэ талаар огт тусгаагүй, мөн магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтад хариуцагч Л.Н, нэхэмжлэгч ...........ны Хэнтий салбарын Бор-Өндөр тооцооны төвөөс адилхан утга бүхий “шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай” гомдлыг гаргасан байхад тэдний төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг нэгийг нь буцаан олгох, нөгөөг нь улсын орлого болгохоор 2 өөр байдлаар шийдвэрлэснийг хяналтын шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсье.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч “...........” ХХК-ийг төлөөлж Бор-Өндөр тооцооны төв анх хариуцагч Б.Тид холбогдуулж 2018.01.09-ний өдрийн ЗГ/201843345288 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 13,567,906.56 төгрөг, зээлийн хүү 1,532,731 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,478.49 төгрөг, нийт 15,103,238.62 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Л.Нийг хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн үндэслэлд 2015.01.28-ны өдрийн 5,500,000 төгрөг, 2015.05.13-ны өдрийн 1,513,000 төгрөг, 2015.11.16-ны өдрийн 4,330,000 төгрөг, 2016.06.16-ны өдрийн 4,000,000 төгрөгийн зээлийг Х.Доржпүрэв, Л.Н нар, 2017.08.18-ны өдрийн 3,500,000 төгрөг, 2018.01.09-ний өдрийн 3,500,000 төгрөгийн зээлийг Х.Доржпүрэв, Б.Т нар тус тус хамтран зээлсэн тул 2 хариуцагч нараас нийт 15,103,238.62 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэж нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж тодорхойлсон байна.

Хариуцагч Б.Т нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, хариуцагч Л.Н 1,866,479 төгрөг төлнө гэсэн тайлбар гаргасан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Дорждулам 2015 онд авсан зээлийн хувьд би насанд хүрээгүй байсан. Энэ зээл надад хамаагүй гэжээ.

7. Хоёр шатны шүүх “зээлдэгч Х.Доржпүрэв нас барснаар түүний хувийн байдалтай салшгүй холбоотой цалин барьцаалсан зээлийн үүрэг дуусгавар болсон, хариуцагч нарыг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийсэн, анхан шатны шүүх хариуцагч Л.Нийн хүлээн зөвшөөрснөөр түүнээс 1,866,479 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

8. Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх дараах үндэслэл тогтоогджээ.

9. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Х.Доржпүрэв, Л.Н нар 2015.01.28-ны өдрөөс эхлэн “...........” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвтэй 4 удаагийн зээлийн гэрээ байгуулж 15,343,000 төгрөг, Х.Доржпүрэв, Б.Т нар 2 удаагийн зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийн зээлийг тус тус авсан, анхны зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй үед үлдэгдэл төлбөр дээр нэмж мөнгө зээлснээр гэрээг удаа дараа шинэчилж байгуулсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Х.Доржпүрэвийн цалин болон 5 ханатай гэр, 4 талт хашаа, хөргөгч зэрэг хөдлөх эд хөрөнгө барьцаалсан үйл баримт нотлогдсон байна.

10. Х.Доржпүрэв 2018.04.22-ны өдөр нас барсан бөгөөд нэхэмжлэгч нь хамтран зээлдэгч нараас зээлийн төлбөр шаардсаныг шүүх “зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч нь Х.Доржпүрэв ба зээл нь түүний цалинг барьцаалсан, үүрэг гүйцэтгэгч нас барснаар түүний хувийн байдалтай салшгүй холбоотойгоор үүрэг дуусгавар болсон” гэж үзсэн нь үндэслэл муутай, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Талийгаач Х.Доржпүрэв нь өөрийн эх, эхнэр нартай хамт амьдрах хугацаанд гэр бүлийн хэрэгцээг хангах зорилгоор зээлийг хамтран авсан, Л.Н, Б.Т нар нь зээлийн гэрээний оролцогч, хамтран үүрэг гүйцэтгэгч болох нь тогтоогдсон нөхцөл байдлыг анхаараагүйгээс шүүхийн “хамтран зээлдэгч гэж үзэхгүй” гэх дүгнэлт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасантай нийцээгүй байна.

11. Нөгөө талаар нэхэмжлэгч анх 15,103,238.62 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 2018.01.09-ний өдрийн ЗГ/201843345288 тоот зээлийн гэрээг үндэслэж тооцоолол ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 хариуцагчийн тус тусын хамтран зээлсэн зээлийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэлд зааж нэхэмжлэлээ тодруулсан боловч зээлийн тооцооллыг дахин гаргаагүйгээс хоёр хариуцагчаас аль гэрээний дагуу ямар үүргийг шаардаж байгаа, тэд үүргийг бүхэлд нь эсхүл хувааж хариуцах эсэх нь тодорхой бус, шүүх энэ талаар тодруулаагүй байна.

12. Түүнчлэн удаа дараагийн зээлийн гэрээнд өмнөх зээлийн төлбөр дээр нэмж мөнгө авах замаар гэрээг шинэчилж байгуулж байсан байх бөгөөд зээл тус бүрийн тооцооллыг нэхэмжлэгч гаргаагүй тул эдгээрт хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр давхар бодогдсон эсэх нь тодорхой бус тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг хэрэглэж маргааныг шийдвэрлэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзнэ.

13. Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Эдгээр байдлыг тодруулсны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохихыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 157/ШШ2020/00145 дугаар шийдвэр, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 226/МА2020/00014 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “...........” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв /итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран/-ийн 2020.11.02-ны өдөр 233,467 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД