Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 24

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О

Хариуцагч Б.Т нарыг оролцуулан нэхэмжлэгч ХААН банкны Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Т холбогдох “үндсэн зээл 13.567.906 төгрөг, зээлийн хүү 1.532.731 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2600 төгрөг нийт 15.103.238 төгрөг гаргуулах мөн зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Бор-Өндөр тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн  Х.Д Б.Т нар  нь ХААН  Банкны  Хэнтий салбарын Бор-Өндөр тооцооны төвөөс 2018 оны 01 сарын 09-ний өдөр № 3Г/201843345288 тоот зээлийн гэрээ байгуулан 20.324.913 /хорин сая гурван зуун хорин дөрвөн мянга есэн зуун хорин гурван/ төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай машин авах зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 4 тал хашаа, 5 ханатай гэр, хөргөгч зэрэг зүйлсийг барьцаалсан. Х.Д Б.Т нар нь 2019 оны 07-р сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 5.443.819 төгрөг, зээлийн хүүд 3.192.618, нэмэгдүүлсэн үүд 0 төгрөгийг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заагдсан үүргээ зөрчин гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй ба үндсэн зээлдэгч Х.Д нас барсан тул хамтран зээлдэгч Б.Т нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 13.567.906 төгрөг, зээлийн хүү 1.532.731 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2600 төгрөг нийт 15.103.238 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулж өгнө үү” гэжээ. /хх-ийн 01/

Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Т миний бие Х.Д 2016 онд гэр бүлээ батлуулсан. Х.Д нь ээж Н дүү Д  нарын хамт дөрвүүлээ нэг гэрт амьдардаг байсан. Анх гэр бүл болж байхад дөрвүүлээ хамт амьдардаг байсан. Х.Дэхнэр болж очиж хамт амьдардаг байсан боловч бид хоёрын цалин санхүү тус тусдаа байдаг байсан. Х.Д Н  цалинг нь авдаг. Цалингийн карт нь ээж Н т нь байдаг байсан. Би Х.Д гэр бүл болсноос хойш 1 сарын цалинг авч зарцуулж үзээгүй ба сардаа хэдэн төгрөгийн цалин авдаг юундаа зарцуулдаг талаар мэдэхгүй асууж ч байгаагүй. Намайг 2016 онд бэр болоод очиход манай нөхөр би 10-аад сая төгрөгийн зээлтэй гэж надад ярьж байсан. Би тэгэхээр нь тийм их мөнгөөр юу хийдэг байна авсан унаа тэрэг байхгүй гэхэд л хүүтэй мөнгө ээж зээлсэн. Тэгээд ар гэртээ зарцуулсан гэж байсан. Би зээлэн дээр нь гарын үсэг зурдаггүй байсан ба ХААН банкны шаардлагаар эхнэр зурах ёстой гэсэн шаардлагын дагуу гарын үсэг зурсан. Банкны зээлийн мэргэжилтэн Б эгч хүртэл хэлж байсан зээлээ юунд зарцуулах гэж байгаа вэ гэхэд би мэдэхгүй мэддэггүйшдээ эд нар л мэддэг байх гэхэд айлын эхнэр болчихоод цааш мөнгийг нь ч мэдэхгүй сонин хүмүүс юм аа гэж хүртэл дугарч байсан удаатай. Хадам ээжид л удаа дараа цалингийн зээл авч өгөх хүртэл мөнгө нэг хэсэг зээлүүлдэг байсан. Х.Д ээж цалингийн зээлийн мөнгийг өсгөж байгаа намар түр авахаар зээл авхуулахгүй гэсэн гээд хүртэл ярьж байхад намар болоод оюутан явахад мөнгөгүй болсон ахиад зээлээ нэмэх хэрэгтэй байна гэхэд нь би Х.Д хэлж байсан зээлийн мөнгөө олгосон зүйл байхгүй ингэж үрэн таран хийх байсан бол зээл аваад байхдаа яахав дээ за за гэхэд өөрсдөө мэдэж байгаа байлгүй дээ гэж хэлсэн. Х.Д манай нөхөр цалин буусан байх ээжид нь л карт байгаа ээж л зохицуулдаг байх гэдэг байсан ч хамт ажилладаг байсан ажлыхан нь хүртэл ярьдаг байсан цалин буусан хоолонд оръё гэхээр ээжид карт байгаа мөнгө аваагүй байхгүй гэдэг байсан. Намайг энэ айлд бэр болж ирсэнээс хойш манай аав, ээж мах шөл, сүү цагаан идээг өөрсдийн боломжоор байнга зөөдөг байсан. Өвөл идэшний үеэр тампуугаар мах, аарц явуулдаг. Тэр явуулсан мах шөл аарцнаас хагаслаад л оюутан дүү рүү нь явуулдаг байсан. Би энэ айлд бэр болж очисноос хойш өөрийнхөө цалингаар өөрийнхөө хүүхдээ болгоод, гэр орныхоо идэж уухыг зохицуулаад амьдардаг байсан. Энэ айлд бэр болж байснаас хойш гоёж гойдож, хувцас хунар авахуулж үзээгүй байгаа юмаараа болгоод явдаг байсан. Манай нөхөр бид хоёр 2017 онд хадмын хашаанд хуучин жижиг байшин байдаг байсан нилээн хуучивтар тэр байшинг манай нөхөр цахилгааны халтуур хийн миний цалинг нэмээд өвлийн болгон дулаалан охин бид гурав орсон. Тэр байшинг нөхөр бид хоёр бараг 14 хоног янзалсан. Охин бид гурав жижигхэн байшинд эв найрамдалтай сайхан амьдардаг байсан. Бид гурав орох оронтой болоод тусдаа гарсан ч манай нөхрийн цалинг ээж нь л авч зарцуулдаг байсан. 2018 оны 1 сарын 20-ны өдөр Чойр руу ажил мэргэжлийн сургалтанд явсан охин бид хоёр эмнэлэгт хэвтэж байсан ба тэгсэн манай нөхрийн ажлынхан орж ирээд танай нөхөр нас барлаа гэсэн аймшигт үгийг сонсоод таньдаг хүндээ охиноо үлдээж Чойр руу явсан. Ирээд ажил явдал болоод дууссан. Ажил явдлын үеэр ээж Л.Н  л мөнгө санхүүг барьж байсан. Надаас хүртэл оршуулгын мөнгийг нь авмаар байна гээд бид хоёр ам зөрж байсан. Оршуулгын мөнгө тийм чухал юм уу олдох л байлгүй шарил нь ирээд хоёр ч хоноогүй байхад шуналтай гэхэд бол байж болохгүй байх гээд би өөрийнхөө ээжид хэлж байсан. Ажил явдлаас хэдэн төгрөг үлдэж, хэдэн төгрөг зарцуулсан надад юу ч яриагүй ОЩА-д 12 саяаар байр авна гээд яваад байсан намайг ирж үз гээд үзсэн. Үзээд би хэлсэн байр сав яахавдээ банкны зээлэнд санаа зовж байна, зээл бол хугацаатай хэцүү шүү дээ гэж хадам ээж Л.Н т хэлж байсан. Тэгэхэд чи зээл авахгүй юу гэж хүртэл загнаж байсан. Орох оронгүй үлдэж байгаа охин бид хоёрыг яаж ингэж хэлж байна аа л гэж бодож байсан. Ажил явдал дуусаад 7 хоногийн дараа МСҮТ-ийн дотуур байр руу хадам ээж хадам дүү охин бид дөрөв нүүхээр болон манай аав түргэн төвхөнүүлж өгөөд 2019 оны 02 сарын эхээр гэр рүүгээ буусан. Ингээд сар гаран хамт амьдарсан. Нэг өдөр хадам дүү нь уурлан гаднаас ороод иртэл өөдөөс харааж зүхээд тэгээд хальт ам зөрсөн хэдий ч ам зөрсөн боловч би тэр хоёр шиг элдэв бусаар хараал хэлж хэрэлдээгүй. Тэгээд хөөгөөд байхаар нь шөнийн 00:00 цагт охиноо тэврээд ажлынхаа охин Л.Н ийнд ирж хоносон. Маргааш нь үдийн цагаар болтол хөөж туугаад хоёулаа хоёр талаас барьж идэх гээд байхад дотроо тэсэж ядсан үгнүүдээ хэлсэн. Манай нөхөрийг хэтэрхий амьдралд нухалсан ийм сайн хүүхдээ байнга л харааж элдэв бусаар хэлдэг байсан гэхэд хадам дүү нь чамд хамаагүй төрсөн ахыгаа бид хоёр мэднэ чиний цалингаар тэжээгээгүй чамаас аваагүй байхад болоо гэж хүртэл хэлж байсан. Тэгээд өөрийн хэдэн хувцсаа охиныхоо хувцастай, 2 гудастай, 1 хөнжилтэйгөө аваад ажлынхаа охиныд сар гаран амьдарсан. 2018 оны 3 сард 45-р байранд нэг өрөө байр хөлсөлж орсон маш хүйтэн байр байсан. Сүүлдээ охин даараад ханиад салахгүй тэгээд сүүлдээ цалингийн зээлгүй байсан учраас ингэж орох оронгүй явж байхаар орох оронтой болъё гэж шийдээд өөрийн цалингийн зээл, охиныхоо тэжээгчээ алдсаны тэтгэврийн зээл хийж 1 өрөө байр авсан охин бид хоёр толгой хорогдох өөрийн оронтой болсон. Би Х.Д цалин, зээлийн мөнгөнөөс 100 төгрөг ч авч хэрэглэж байгаагүй би өөрийн гэсэн цалинтай эцэг эхээсээ махаа зөөдөг байсан. Би сарын цалин 470.000 төгрөг авдаг үүнээс цалингийн зээлд 385.500 төгрөг төлдөг, утасны төлбөрт 20.000 төгрөг, тогны төлбөр 15.000 төгрөг төлдөг охин бид хоёр сардаа 49.500 төгрөгөөр хоол унд идэж уухаа залгуулдаг. Би Х.Д цалин, зээлнээс ямар ч мөнгө авч хэрэглэж байгаагүй тул зээлийг төлөх боломжгүй нь үнэн тул үнэн зөвөөр тайлбар бичлээ” гэжээ. /хх-ийн 21-23/

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн  Х.Д Б.Т нар  нь ХААН  Банкны  Хэнтий салбарын Бор-Өндөр тооцооны төвөөс 2018 оны 01 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 20.324.913 /хорин сая гурван зуун хорин дөрвөн мянга есэн зуун хорин гурван/ төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай машин авах зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 4 тал хашаа, 5 ханатай гэр, хөргөгч зэрэг зүйлсийг барьцаалсан. Х.Д Б.Т нар нь 2019 оны 07-р сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 5.443.819 төгрөг, зээлийн хүүд 3.192.618, нэмэгдүүлсэн хүүд 0 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заагдсан үүргээ зөрчин гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй ба үндсэн зээлдэгч Х.Д нас барсан. 2019 оны 07 сарын 22-ны өдөр зээлийн хүүг зогсоосон. Өнөөдөр манай банк нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхгүй. Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн, нэмэгдсэн хасагдсан зүйл байхгүй. Зээлдэгч нас барсан тохиолдолд эрсдлийн сангаас зээлийг хаах боломжгүй. Учир нь хамтран зээлдэгч Б.Т нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. Уг зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ мөн. Б.Т байгуулсан гэрээнээс өмнө талийгаач Х.Д нь төрсөн эх Л.Н тэй хамтарч 4 удаагийн зээлийг авсан байдаг. Манай банкны журмаар зээлийг гэрээний хугацаа, төлбөр дуусаагүй байхад дахин гэрээ хийж нэмж мөнгө авсан тохиолдолд сүүлд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилдэг. Манай банк Б.Т 2018 оны 01 сарын 09-ний өдөр байгуулсан №ЗГ201843345288 тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өмнөх гэрээний дагуу Х.Д Л.Н ийг хариуцагчаар татах боломжгүй. Гэрээнд гарын үсэг зурсан тэр хүнээс л төлбөрийг гаргуулна. Иймд Б.Т 2018 оны 01 сарын 09-ний өдөр байгуулсан №ЗГ201843345288 тоот зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасны дагуу хамтран зээлдэгч Б.Т үндсэн зээл 13.567.906 төгрөг, зээлийн хүү 1.532.731 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2600 төгрөг нийт 15.103.238 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийг барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулж өгнө үү” гэжээ.      

Хариуцагч Б.Т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би Хаан банкны нэхэмжилсэн үндсэн зээл 13.567.906 төгрөг, зээлийн хүү 1.532.731 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2600 төгрөг нийт 15.103.238 төгрөгөөс нэг төгрөг ч хэрэглээгүй. Сүүлийн 2 гэрээнд хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан нь үнэн. Өмнө нь талийгаач 4 удаа зээл авсан. Бид хоёр хамтран амьдарч байхдаа нэг охинтой болсон. Одоо би охинтойгоо амьдарч байна. Хамтран зээлдэгчээр нь ээж нь болох Л.Н  оролцсон. Энэ зээлийн мөнгийг хадам ээж Л.Н  хэрэглэдэг байсан. Би энэ зээлийн төлбөрийг төлөх чадвар байхгүй. Би одоо өнчин охины хамт амьдарч байна. Л.Н ийг хариуцагчаар татаж өгөөч гэж Хаан банкинд олон удаа хэлсэн. Л.Н ийг хариуцагчаар татах боломжгүй гэж Хаан банкны зүгээс хэлсэн. Би ээжээр нь төлүүлнэ гэж бодож байна. Ээж дүү хоёр нь захиран зарцуулдаг байсан. Х.Дзээлсэн мөнгийг ээж Л.Н  нь өөрийн хүүхдийн сургалтын төлбөр, бусад зүйлд өөрөө зарцуулдаг байсан. Манай нөхрийн цалингийн карт нь ээжид нь байдаг байсан. Ээж нь цалингийн картнаас мөнгийг нь авдаг, цалингийн зээл аваад хүүтэй мөнгө зээлдэг байсан. Хүмүүс мэдэж байгаа. Би өөрөө цалингийн зээлгүй болохоор өөрийнхөө цалингаар өөрийгөө болгоод явдаг. Би цалингаас нь 100 төгрөг ч аваагүй болохоор энэ зээлийг төлөхгүй гэж бодож байна. Барьцаа хөрөнгөөр нь зээлийг нь төлүүлэх эсхүл ээжийг нь хамтран хариуцагчаар татах ёстой. Ээжийнхэн 4 удаагийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь байгаа. Ээж нь цалингийн АТМ-аар аваад өөрийнхөө данс руу хийгээд хэрэглэдэг байсан гэсэн. Талийгаач өөрөө тэгж ярьдаг байсан. Миний санхүү бол ямар ч холбоо байхгүй. Би гарын үсэг зурахгүй гэж үзсэн. Миний иргэний үнэмлэхний хугацаа дууссан байхад ээж нь Хаан банкны Б эгчтэй уулзсан. Тэгээд эхнэрээр нь заавал зуруулна гээд байна. Оюутан явах болчихлоо төлбөр нэхэгдээд байна гээд байсан. Тэгээд иргэний үнэмлэхний нарийн хуудсаа аваачаад гарын үсэг зурж байсан. Надад хадам чинь өмнө нь гарын үсэг зурж байсан. Чи ийм зээл дээр тэдэн төгрөгийн зээл нэмж аваад үлдэгдэл тэдэн төгрөгийг хариуцаж байгаа шүү гэсэн тайлбарыг өгөөгүй. Тухайн үед би 3500000 төгрөгийн зээл авч байгаа юм байна гэж ойлгосон. Цалингийн зээл хийхэд зээлийн эрсдлийн санд даатгуулдаг. Намайг Төрийн банкинд теллер хийдэг байхад зээлийн эрсдлийн санд даатгуулдаг байсан. Тухайн үед даатгал яагаад хийлгээгүй. Барьцаа хөрөнгө нь хүрэхгүй өндөр зээл дээр даатгал яагаад хийлгээгүй юм. Сүүлийн гэрээ журмынхаа дагуу хүчин төгөлдөр гэж явж болно. Зээлийн төлбөрийг зээлийн барьцааны хөрөнгөөр төлүүлэх хүсэлтэй байна. Иймд Хаан банкны нэхэмжилсэн үндсэн зээл 13.567.906 төгрөг, зээлийн хүү 1.532.731 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2600 төгрөг нийт 15.103.238 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч Б.Т үндсэн зээл 13.567.906 төгрөг, зээлийн хүү 1.532.731 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2600 төгрөг нийт 15.103.238 төгрөг гаргуулах мөн зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.                                                                          

Хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

Х.Д Б.Т нар  нь ХААН  банкны  Хэнтий салбарын Бор-Өндөр тооцооны төвтэй 2018 оны 01 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 20.324.913 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай байгуулсан болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 02-04/

Мөн Х.Д Б.Т нар  нь ХААН  банкны Хэнтий салбарын Бор-Өндөр тооцооны төвтэй 2018 оны 01 сарын 09-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 5 ханатай гэр, 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч барьцаалсан байна. /хх-ийн 05-06/

Зохигч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Зээлдэгч Х.Д нь 2018 оны 01 сарын 22-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна. /хх-ийн 62/

Зохигч талуудын хооронд 2018 оны 01 сарын 09-ний өдөр №ЗГ201843345288 тоот зээлийн гэрээ байгуулж, 20.324.913 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлсэн болох нь хэргийн 2-4-р хуудсанд авагдсан №ЗГ201843345288 тоот гэрээ, зохигчийн тайлбараар нотлогдож байна.

Тус гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцэж байна.

Гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. Нэхэмжлэгч гэрээний дагуу зээлийн төлбөрөө хугацаанд төлөөгүйгээс хариуцагчаас зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардаж байна.

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 01 сарын 05-ны өдөр хүртэл үргэлжлэх боломжтой байсан болох нь хэрэгт авагдсан №ЗГ201843345288 дугаартай зээлийн гэрээний хавсралт буюу Зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч байгууллага нь “нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 01 сарын 09-ний өдөр байгуулсан №ЗГ201843345288 тоот зээлийн гэрээний дагуу Х.Д нь нас барсан тул хариуцагч Б.Т үндсэн зээл 13.567.906 төгрөг, зээлийн хүү 1.532.731 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2600 төгрөг нийт 15.103.238 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1 дэх хэсэгт “Банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана” гэж зохицуулсан байна.

Нэхэмжлэгч ХААН банкны Бор-Өндөр тооцооны төв нь нэхэмжлэлдээ зээлийн гэрээг цуцалсан талаар дурдаагүй бөгөөд зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаагүй байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт аль нэг тал гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй гэжээ.

 Гэвч нэхэмжлэгч ХААН банкны Бор-Өндөр тооцооны төв зээлийн гэрээг цуцлах тухай хариуцагчид мэдэгдээгүй мөн зээлийн гэрээг цуцалсан талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлагдаагүй гэж үзэх нь хуульд нийцнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэсэн байх тул хариуцагчаас хугацаа хэтрүүлсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулж, зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлахгүйгээр үргэлжлүүлэх нь хуульд нийцэж байна.

Хариуцагч Б.Т шүүх хуралдаанд гаргасан “талийгаач Х.Д Л.Н ийг хариуцагчаар татаж, зээлийг төлүүлэх хүсэлтэй байна. Өмнө нь 2015 оны 01 сарын 28-ны өдөр, 2015 оны 05 сарын 13-ны өдөр, 2015 оны 11 сарын 16-ны өдөр, 2016 оны 06 сарын 16-ны өдөр нийт 4 удаа Х.Д Л.Н  нар нь хамтран зээл авсан байдаг. Би 2017 оны 08 сарын 18-ны өдөр, 2018 оны 01 сарын 09-ний өдөр Х.Д зээл авахад хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. Энэ зээлийн төлбөрийг Л.Н  төлөх ёстой” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчийг солих хүсэлтийг гаргаагүй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй” гэж заасны дагуу шүүх хариуцагчийг өөрийн санаачилгаар солих боломжгүй байна.

Хариуцагч Б.Т нь “би гарын үсэг зурсан зээлийн 2 гэрээний мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй. Ээж нь тэр зээлсэн мөнгийг нь авдаг байсан” гэх тайлбарыг гаргасан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг татгалзсан тайлбараа нотолж чадаагүй байна. 

2018 оны 01 сарын 09-ний өдөр байгуулсан №ЗГ201843345288 тоот зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр зээлийн гэрээ байх бөгөөд хамтран зээлдэгч Б.Тунамалтажийг зээлийн төлбөрөөс бүрэн чөлөөлөх үндэслэл, нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд хариуцагч нь ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасан байна.

Тухайлбал зохигч талуудын хооронд 2018 оны 01 сарын 09-ний өдөр байгуулсан №ЗГ201843345288 тоот зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй буюу уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байна.

Зээлдэгч Х.Д нас барсан байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Т нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 2018 оны 01 сарын 09-ний өдөр байгуулсан №ЗГ201843345288 тоот зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 13.567.906 төгрөг, зээлийн хүү 1.532.731 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2600 төгрөг нийт 15.103.238 төгрөгний тал хувь болох 7.551.619 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иймд нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлага 15.103.238 төгрөгөөс 7.551.619 төгрөгийг хариуцагч Б.Т гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Х.Д Б.Т нар  нь ХААН  банкны Хэнтий салбарын Бор-Өндөр тооцооны төвтэй 2018 оны 01 сарын 09-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 5 ханатай гэр, 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгчийг барьцаалсан байх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд Б.Т байгуулсан барьцаат зээлийн гэрээний дагуу 5 ханатай гэр, 4 тал хашаа, хөргөгч зэрэг хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна” гэж заасны дагуу тус шүүхийн 2019 оны 07 сарын 22-ны өдрийн 521 дугаартай шүүгчийн захирамжаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан хөдлөх эд хөрөнгө болох 5 ханатай гэр, 4 тал хашаа, хоёр хаалгатай хөргөгчийг битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан захирамж нь уг шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ХААН банкны Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233466 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Б.Т гаргуулж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 135776 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХААН банкны Бор-Өндөр тооцооны төвд олгож, нэхэмжлэгч байгууллагын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тогтоосон хэмжээнээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 64779 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Бор-Өндөр тооцооны төвд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-120 дугаар зүйлд

   тус тус  заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

            1.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т 7551619 /долоон сая таван зуун тавин нэгэн мянга зургаан зуун арван ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Бор-Өндөр тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

           2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд Б.Т байгуулсан барьцаат зээлийн гэрээний дагуу 5 ханатай гэр, 4 тал хашаа, хөргөгч зэрэг хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233466 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Б.Т улсын тэмдэгтийн хураамж 135776 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХААН банкны Бор-Өндөр тооцооны төвд олгож, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 64779 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Бор-Өндөр тооцооны төвд олгосугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                        М.ЭНХМАНДАХ