Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 226/МА2020/00014

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х-н нэхэмжлэлтэй,

Т, Н- нарт холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2020/00014/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Хариуцагч Т-,

Хариуцагч Н-, гуравдагч этгээд Д- нарын өмгөөлөгч Н- нарыг оролцуулан,

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 157/ШШ2020/00145 дугаартай шийдвэртэй, Х-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т-, Н- нарт холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 15103238 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Х-, хариуцагч Н- нарын давж заалдах гомдлоор 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Х- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Д-, хамтран үүрэг гүйцэтгэгч Н- нар нь Х-өөс 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ15/14 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 5500000 төгрөгийн зээлийг сарын 1.3 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ЗГ15/55 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 4678782 төгрөг дээр нэмэгдүүлж 1500018 төгрөгийн зээлийг сарын 1.3 хувийн хүүтэй 20 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ201542422150 тоот барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 4466516.9 төгрөг дээр нэмэгдүүлж 4330000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ЗГ201642666421 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 7399574.64 төгрөг дээр нэмэгдүүлж 4000000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар тус тус зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 5 ханатай гэр, гэр ахуйн тавилга, цахилгаан бараа зэрэг эд зүйлсийг барьцаалсан.

            Зээлдэгч Д-, хамтран үүрэг гүйцэтгэгч Т- нар нь Х-өөс 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ЗГ201743189782 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 14711544.99 төгрөг дээр нэмэгдүүлж 3500000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ/201843345288 тоот зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 16824913.01 төгрөг дээр нэмэгдүүлж 3500000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар тус тус зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг эд зүйлсийг барьцаалсан.

            Зээлдэгч нар нь үндсэн зээлийн төлбөрт 5443819, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 3192618, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0, нийт 8636437 төгрөг төлсөн.

            Зээлдэгч нар нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ/201843345288 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй, зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчин үүргээ биелүүлээгүй. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ/201843345288 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 13567906.56 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөр 1532731 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 247849 төгрөг, нийт 15103238.62 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 298265 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

            Зээлдэгч Д- нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан бөгөөд түүний 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 5500000, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1500018, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 4330000, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4000000 төгрөгийн зээлд Н-, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 3500000, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3500000 төгрөгийн зээлд Т- тус тус хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан байх бөгөөд дээрх 6 удаагийн зээлийн гэрээ тус бүрийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалт, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 242.11 дэх хэсгүүдэд заасны дагуу банкны нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөр 15103238.62 төгрөгийг хариуцагч Н-, Т- нараас гаргуулж өгнө үү.

            Зээлдэгч Н-, Т- нар нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлд дурдсан 5 ханатай гэр, 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг эд хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Т- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай нөхөр Х-өөс 2015 оны 01 дүгээр сарын 28-нд 5500000, 2015 оны 5 дугаар сарын 13-нд 1513000, 2015 оны 11 дүгээр сарын 16-нд 4330000, 2016 оны 6 дугаар сарын 16-нд 4000000 төгрөгийн зээлийг тус тус авсан байсан. Би нэмэлт зээл дээр гарын үсэг зурсан. 14711544 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 2017 оны 8 дугаар сарын 18-нд 3500000, 2018 оны 01 дүгээр сарын 09-нд 3500000 төгрөгийн зээл нэмж авч миний бие хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан. Би тус зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг хэрэглээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

            Хариуцагч Н- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хүү Д-ийн хамтаар Х-өөс 2015 оны 01 дүгээр сарын 28-нд 5500000, 2015 оны 5 дугаар сарын 13-нд 1518000, 2015 оны 11 дүгээр сарын 16-нд 4330000, 2016 оны 6 дугаар сарын 16-нд 4000000 төгрөгийн зээлийг авч гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн. Зээлийн гэрээний дагуу 2018 оны 3 дугаар сарын 08-ний өдөр зээлээ төлөөд 7366479 төгрөгийн зээл үлдсэн бөгөөд хүүгээ нас барснаас хойш 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5500000 төгрөгийг төлсөн. Миний бие 1866479 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

            Гуравдагч этгээд Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2015, 2016, 2018 онуудад 10 жилийн сурагч байсан. 2018 оны хавар төгсөөд 2018 оны 9 дүгээр сард оюутан болсон. 2015 онд авсан зээлийн хувьд би насанд хүрээгүй байсан. Энэ зээл надад хамаагүй” гэжээ.

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаартай шийдвэрээр: “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар хариуцагч Н-ээс 1866479 /нэг сая найман зуун жаран зургаан мянган дөрвөн зуун далан ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 13236759 /арван гурван сая хоёр зуун гучин зургаан мянга долоон зуун тавин ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298265 төгрөгөөс илүү төлсөн 64799 төгрөгийг төрийн сангийн данснаас, хариуцагч Н-ээс 1866479 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 44814 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х-д олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

            Хариуцагч Н- давж заалдах гомдолдоо: “Д- нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 201642666421 тоот зээлийн гэрээгээр 7399574.64 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 4000000 төгрөгийн зээлийг 1.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай нэмж аваад зээлийн хэмжээ 11399574.64, зээлийн хүү 3684480.67, нийт 15084480.67 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг хүлээсэн бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ цаг тухайд нь гүйцэтгэж зээлээс 7717901.69 төгрөг төлөгдөж, төлөгдөөгүй 7366479 төгрөг үлдсэн. Гэтэл хүү Д-, бэр Т- нарыг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 3500000 төгрөгийн зээл нэмж авахад “үлдэгдэл 14711544.99 төгрөг” гэж бичсэн нь ойлгомжгүй байна.

            Х-ийн нэхэмжлэлийг миний бие 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гардан авч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүднээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-с “хүү Д- бид хоёр зээлийн гэрээний үүрэг болох 15084480.67 төгрөгийн зээлээс 7717901.69 төгрөг төлөгдөж, төлөгдөөгүй 7366479 төгрөг үлдсэн байхад яагаад хүү Д-, бэр Т- нарын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 201743189782 тоот зээлийн гэрээнд үлдэгдэл 14711544.99 төгрөг гэж бичигдсэн” талаар тодруулж асуухад Б нь “энэ талаар би сайн мэдэхгүй байна, зээлийн гэрээний үүргүүд зөрүүтэй харагдаж байна. Д-, Н- нарын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4000000 төгрөгийн зээл болон Д-, Т- нарын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 14711544.99 төгрөгийн зээлийн гэрээнүүдийн хооронд зээлдэгч нар нь дахин зээл авсан байж магадгүй энэ талаар дахин ажлынхаа программаар шалгах шаардлагатай байна. Яг одоо тодруулж хэлэх боломжгүй” гэсэн хариултыг өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 62.1.5-д заасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй, түүнийг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй, тодруулбал мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг татгалзах үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед үүссэн, мөн нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан баримтыг ажлынхаа программаас гаргах өгөх хүсэлт гаргаж байхад шүүх түүний хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

            Х-өөс “2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ/201843345288 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх огт шийдвэрлэлгүй орхигдуулсан.

            Мөн “Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлд дурдсан 5 ханатай гэр, 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг хөрөнгөнүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй” гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгтээ энэ талаар дурдаагүй орхигдуулсан. 

            Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.7, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хамтран зээлдэгч Н-, Т- нараас зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн байхад шүүх зөвхөн Н-ээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн үндэслэлээр 1866479 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгч ХААН банкны хариуцагч Т-аас нэхэмжилсэн зээлийн төлбөрийг хэрхэн шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй, энэ талаар шийдвэрийн тогтоох хэсэгтээ дурдалгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. 

            Зээлдэгч Д- нь Х-с 7 удаагийн зээл авахад Н-, Т- нар хамтран үүрэг гүйцэтгэгчээр орохыг сайн дураараа хүлээн зөвшөөрч цаашид уг зээлийг төлж дуусгах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцаж дуусгах үүрэг хүлээсэн бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон тул тэд зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг бөгөөд Н-, Т- нарын хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохгүй, гарын үсэг зурахгүй байх эрхтэй байсан. Тэгэхээр өөрсдөө үр дагаврыг ойлгож, харилцан тохиролцож зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулсан. Иймд Н-, Т- нар нь зээлийн гэрээний үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй юм. Зээлдэгч Д- нь нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн тул гэрээний үүрэг зөрчсөнөөс хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг Х Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу шаардах эрхтэй. Зээлдэгч нь нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох тухай тохиролцоо гэрээнд огт байхгүй болно.

            Мөн хамтран үүрэг гүйцэтгэгч Н-, Т- нар нь үндсэн зээлдэгчийг нас барснаас хойш зээлийн зарим хэсгийг төлж байсан нь цалингийн зээлийн нөхцөлийг ойлгон ухамсарлаж байсан, тэднийг ажил хөдөлмөр эрхэлдэг өөрийн гэсэн орлоготой болохыг нотолж байгаагаас гадна бодит үйлдлээр хэлцэл хийгдсэнийг тэд хүлээн зөвшөөрсний илэрхийлэл гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Уг зээлийг үндсэн зээлдэгч өөрөө ашигласан уу, хамтран үүрэг гүйцэтгэгч ашигласан уу гэдэг нь чухал биш бөгөөд уг зээлүүд нь өрхийн хэрэглээний зориулалтаар тухайн гэр бүлд зарцуулагдахаар олгогдсон зээлүүд болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн  байдалтай салшгүй холбоотой тохиолдолд ...үүрэг гүйцэтгэгч нар барсан бол түүний үүрэг дуусгавар болох тухай хуулийн заалтыг тухайн маргаантай харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ. 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Н- нар нь 2015 оны 01 дүгээр сарын 28-нд 5500000, 2015 оны 5 дугаар сарын 13-нд өмнөх зээлийн үлдэгдэл 4678782 төгрөг дээр нэмэгдүүлж 1500018, 2015 оны 11 дүгээр сарын 16-нд өмнөх зээлийн үлдэгдэл 4466516.9 төгрөг дээр нэмэгдүүлж 4330000, 2017 оны 8 дугаар сарын 18-нд өмнөх зээлийн үлдэгдэл 7399574.64 төгрөг дээр нэмэгдүүлж 4000000 төгрөгийг тус тус зээлж авсан,  

            Зээлдэгч Д-, хамтран үүрэг гүйцэтгэгч Т- нар нь 2017 оны 8 дугаар сарын 18-нд өмнөх зээлийн үлдэгдэл 14711544.99 төгрөг дээр нэмэгдүүлж 3500000, 2018 оны 01 дүгээр сарын 09-нд өмнөх зээлийн үлдэгдэл 16824913.01 төгрөг дээр нэмэгдүүлж 3500000 төгрөгийг тус тус зээлж авсан гэж нэхэмжлэлд дурдагдсан.  

Гэтэл зээлийн гэрээнүүдийг харахад нийт 7 удаагийн зээл авагдсан байна. Зээлдэгч Д-, хамтран үүрэг гүйцэтгэгч Т- нар нь 2016 оны 11 дүгээр сарын 29-нд өмнөх зээлийн үлдэгдэл 10155000 төгрөг дээр нэмэгдүүлж 7000000 төгрөгийн зээлийг авсан. Гэтэл энэ талаар нэхэмжлэлд дурдаагүй, давж заалдах гомдолд дурдагдсан байх бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээ хавтаст хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х- нь хариуцагч Т-, Н- нарт холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 15103238 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т- нь “зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан нь үнэн, зээлээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй”, хариуцагч Б.Н- нь “би зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан нь үнэн, бид зээлээ хуваарийн дагуу төлж байсан бөгөөд үлдэгдэл 7366479 төгрөгөөс хүүгээ нас барснаас хойш  5500000 төгрөг төлсөн. Хэрэв төлбөл 1866479 төгрөгийг төлнө” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Х- зээлдэгч Х.Д- нарын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 5500000, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1500.018, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 4300000, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4000000 төгрөгийн зээлийн гэрээнүүдэд хамтран үүрэг гүйцэтгэгчээр хариуцагч Н-, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 3500000, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3500000 төгрөгийн зээлийн гэрээнүүдэд хамтран үүрэг гүйцэтгэгчээр хариуцагч Т- нар тус тус гарын үсэг зурж цалингийн зээл авсан болох нь зээлийн гэрээний хуулгаар тогтоогдож байна.

Зээлийн гэрээнд зээлдэгч Х.Д-ийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр Н-, Т- гарын үсэг зурсан боловч банк тэдгээрээс зээлийн үүргийг шаардах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцэхгүй байна.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус  хүлээдэг.

Зээлдэгч Х.Д-т Х-өөс 2015 онд 2 удаагийн хэрэглээний зээл, 2015 оноос эхлэн 2018 оны 01 дүгээр сарын 09-нийг өдрийг хүртэл 4 удаагийн цалингийн зээл олгосон болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээний тодорхой нөхцөлүүд, Х.Д-ийн дансны хуулга зэргээр тогтоогджээ.

Зээлийн гэрээний 2.1.2, 2.4.2 3.2.2-д “...зээлийг цалингийн зээл зориулалтаар ашиглаж, цалингийн зээлийн хувьд зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацааг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг суутган авах”-аар тус тус заажээ.

Гэрээний дээрх тохиролцоо нь ирээдүйд авах цалингаараа барьцаалж зээл авсан Х.Д-т хамааралтай болохоос бус, хамтран зээлдэгч Н-, Т- нар нь хаана ямар ажил эрхэлдэг, хэдий хэмжээний цалин хөлс авдаг болох нь зээлийн гэрээ болон хавсралтад огт тусгагдаагүй, цалин орлогоо барьцаалаагүй хөдөлмөрлөх эрхийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй Т-, Н-т нарт хамааруулах боломжгүй юм.

Хөдөлмөрлөх, түүндээ тохирсон хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй  холбоотой эрх учир энэхүү эрхийн дагуу олох хөрөнгөө барьцаалж зээл авах тохиолдолд цалингийн зээл нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ.

            Зээлдэгч Х.Д- нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нас баржээ.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан,нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болдог.

Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгчийг нас барснаар дуусгавар болно гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 Анхан шатны шүүх хариуцагч Н-ийг 1866479 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тэрээр “...зээлийн гэрээний үүрэг болох 15084480.67 төгрөгийн зээлээс 7717901.69 төгрөг үлдэх атал 14711544.99 төгрөг үлдсэн гэж бичсэн нь ойлгомжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасан нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэл болно.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох тул “шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн нэхэмжлэгч болон хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Х-ийн хариуцагч Б.Н-, Т- нараас “зээлийн гэрээний төлбөрт 15103238 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч Н-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44814 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгч Х-өөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224134 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 157/ШШ2020/00145 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1.1-т заасныг баримтлан Х-ийн хариуцагч Т-, Н- нараас “зээлийн гэрээний үүрэгт 15103238 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 64799 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Х-д олгосугай.

 

2. Хариуцагч Н-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45114 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгч Х-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224134 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ