| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 166/2019/0384/Э |
| Дугаар | 280 |
| Огноо | 2020-06-02 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 280
Р.Э, Э.У, Б.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Батжаргал, хохирогчийн өмгөөлөгч Н.Батпунсаг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 422 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар магадлалтай, Р.Э, Э.У, Б.Б нарт холбогдох 201509000748 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.У-ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Б.Чинбат, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Р.Э,
Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Э.У,
Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Э, Э.У, Б.Б нарт холбогдох хэргээс Б.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Р.Э, Э.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн зүйлчилж, Э.У-н үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар, Р.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж,
Шүүгдэгч Э.У-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Р.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Э.У-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Р.Э-т тэнссэн хугацаанд орон нутгийн өмчийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагад удирдах албан тушаал эрхлэхийг хориглох хязгаарлалт тогтоож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Э.У-с 3,829,115 төгрөгийг гаргуулж “Дархан-Ус суваг” ХК-нд олгож, хохирогчийн 16,405,761 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 127,833,605 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Э.У, Р.Э нараас тус бүр 5,660,000 төгрөгийг гаргуулж, “Пийк ом аудит” ХХК-нд 7,560,000 төгрөгийг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд 3,760,000 төгрөгийг тус тус олгож” шийдвэрлэсэн байна.
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Хавтаст хэрэгт хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан болох нь нотлогдоод байхад анхан шатны шүүх намайг хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзсэн. Өөрөө мэдээлэл өгч илрүүлсэн хэрэгтээ 3 жил гаруй хугацаанд гэрчээр мэдүүлэг өгч байгаад гэнэт яллагдагчаар татагдаад зогсохгүй, үнэний төлөө явснаараа ажлаасаа халагдаж, маш олон дарамт шахалтыг өөрийн биеэр мэдэрсэн. Би ажилд ороход их хэмжээний мөнгө дутуу байгаад зогсохгүй холбогдох кассын нярав Э.Уыг дуудан асуухад программын алдаа байх, өмнөх ерөнхий нягтлан ажлаа хаяж гарснаасаа болоод зохиомол кассын дутуу үүсээд байгаа гэж тайлбарлаж байсан. Тухайн үеийн Санхүүгийн албаны дарга В.Б, захирал Р.Э нарт мэдэгдэхэд бие бие рүүгээ чихдэг байсан. Зарим хэсгийг нь чи учрыг нь ол гэдэг байсан. Кассын дутагдлыг шалгахад өдөр тутам илүү цагаар ажилласан. Аудитын газар, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас удаа дараа шалгалт хийсэн боловч дутагдал илрүүлээгүй. Миний бие сэжиглээд Авлигатай тэмцэх газарт мэдээллэж, 10 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэх ажиллагаа явуулснаар энэ дутагдлыг ил болгосон бөгөөд Р.Э, Э.У, В.Б нарт эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн. Намайг мэдээлэгч гэдгийг захирал Р.Э мэдээд ажлаас халаад зогсохгүй, аймгийн цагдаагийн газарт өргөдөл өгч 5 удаа шалгуулж их хэмжээний дарамт учруулсан. Би энэ байгууллагад орсон цагаасаа хойш тоож, шалгаж хянаж байсан гэдгийг Э.У-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болох хавтаст хэргийн материалаас харж болсон. Намайг буруутай гэж үзэж байгаад гомдолтой байна. Намайг яллагдагчаар татсан прокурор буруутайг минь нотолж чадаагүй байж энэ хэрэгт санаатайгаар хамаатуулсан. Мөн намайг буруутайг нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүх цагаатгаагүй. Мэдээлэл өгч үнэний төлөө тэмцэн хэрэг илрүүлсэн гэрчээ тухайн хэрэгт татан оролцуулж, зоригийг маань мохоосон. Шударга бусын хонгил байдаг юм байна гэх бодол төрөх болсон. Улсын дээд шүүх шударга үнэнээр шийдэж өгнө гэдэгт итгэж байна” гэсэн байна.
Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч П.Батжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг үрэгдүүлсэн гэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж, Б.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Энэхүү зөрчлийн улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлэлцүүлсэн нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлийг орхигдуулсан. Бэлэн мөнгөний няравын хадгалж байсан мөнгөнөөс дутсан. Энэ нь Э.У-н ажлын байрны тодорхойлолтоор тогтоогддог бөгөөд орлогын байцаагч нараас мөнгө хүлээн авч, зарлага гаргадаг. Гагцхүү зарлага гаргахдаа гүйцэтгэх захирал болон ерөнхий нягтлан бодогчийн 1, 2 дугаар гарын үсгийг зуруулах ёстой. Гэтэл Э.У нь гарын үсэггүйгээр зарлагын баримт гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч Г.Б дээрх нөхцөл байдлын талаар мэдүүлэг өгсөн байгаа. Тэгэхээр нярав ерөнхий нягтлан бодогчид мэдэгдэхгүйгээр мөнгийг гаргасан байна. Гэтэл бүлэлгэж үйлдсэн гэм буруутайд тооцож, ерөнхий нягтлан бодогчийг буруутгасан нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон. Дархан-Уул аймгийн Ерөнхий аудитын газрын гүйцэтгэлийн шалгалтаар ямар нэгэн мөнгөний дутагдал гаргаагүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах эрхтэй. Гэтэл нярав мэдэгдэхгүйгээр мөнгө гаргасан учир эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасан үүргийг хэрэгжлүүлэх боломж байгаагүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4, 20.2.5, 20.2.6-д үүргээ биелүүлж байсан. Тооллогын нэг баримтаас өөр баримт байхгүй байгаа нь Б.Бийн буруу биш. Учир нь Авлигатай тэмцэх газраас шалгалт хийх явцад Б.Бийг ажлаас халж, дутагдал гаргасан Э.Уыг авч үлдсэн. хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасан үүргийг хэрэгжлүүлэх боломж байгаагүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.10-т зааснаар аудитын байгууллагаас зөвлөмж болгосон бүртгэлийн алдааны залруулгыг мэргэжлийн түвшинд хянан, удирдлагад танилцуулах, зөвшөөрсөн тохиолдолд тухайн санхүүгийн жил, улирлын тайланд залруулга хийх, зөвшөөрөөгүй тохиолдолд аудиторт үндэслэл бүхий тайлбар хүргүүлэх үүрэгтэй. Нэгэнт гүйцэтгэлийн аудитаар “дутагдал байхгүй” гэсэн дүгнэлт гарсан учир Б.Б Авлигатай тэмцэх газарт утсаар мэдээлэл өгсөн. Гэтэл анх мэдээлэл өгсөн хүнийг гурван жилийн дараа яллагдагчаар татсан нь үндэслэлгүй байна. Дээрх нөхцөл байдал харадах алдагдсан мөнгө, Б.Б-н үйлдлийн хооронд ямар ч шалтгаант холбоо байхгүй. Гэтэл эд хөрөнгийг үрэгдүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож гэмт хэрэгт тооцогдохгүй болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул Б.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бэлэн мөнгөний нярав дутагдал гаргасан нь ойлгомжтой байхад нэр бүхий таван хүнээс хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу юм. Мөн хохирогч учрах хугацаанд Б.Б-ээс гадна өөр хоёр нягтлан бодогч байсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар усдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй Гэтэл Б.Б-н буруутай үйлдэл байхгүй. Иймд иргэний нэхэмжлэлийн Б.Бт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн байна.
Мөн шүүхэд шүүгдэгч Э.У-н өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүх Э.У-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Магадлал нь хэргийн зүйлчлэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх тал дээр эргэлзээ бүхий дүгнэлт хийсэн. Тухайлбал 2015 оны Эрүүгийн хуульд улсын болон аж ахуйн нэгжийн, пүүс компанийн, иргэний өмчийг өөрөөр хэлбэл бусдын өмчийг гэсэн Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэгт хамаарч байгааг буруугаар тайлбарласан зэрэг нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй юм. Э.У нь 50,456,162 төгрөгийг завшсан нь тогтоогдоогүй болохыг анхан шатны шүүхээс тогтоосон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т хөрөнгө завших гэмт хэргийг зүйлчлэн зааж өгсөн бөгөөд энэ зүйл ангид бусдын эд хөрөнгийг үрэгдүүлэх гэсэн хууль зүйн ойлголтыг тогтоож өгөөгүй. Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэх гэсэн зүйл анги байсан боловч 2015 оны Эрүүгийн хуулиар аж ахуйн нэгж байгууллагын өмчийн итгэмжлэгдсэн хариуцсан этгээд үрэгдүүлсэн гэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул Э.У-н үйлдлийг гэмт хэрэгт тооцох эрх зүйн үндэслэлгүй юм. Иймд Э.У-н үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү” гэжээ.
Шүүгдэгч Э.У-н өмгөөлөгч Б.Чинбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.У-тай холбоотой гэм буруу, хохирол, иргэний нэхэмжлэл болон бусад асуудлын талаар хийсэн дүгнэлтүүд нь үндэслэлтэй, нотлох баримтад үндэслэн зөв шийдвэрийг гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр хэвээр үлдээж өгнө үү” гэсэн байна.
Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Н.Батпунсаг хэлсэн саналдаа “Шинжээчийн дүгнэлтээр 144,000,000 төгрөгийн хохирол тогтоогдсон. Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хйиж чадаагүй. Харин давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Р.Э, Э.У, Б.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.У-н өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Б.Чинбат, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Р.Э, Э.У, Б.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Анхан шатны шүүх бэлэн мөнгөний кассаас 127,833,605 төгрөгийг дутагдуулж үрэгдүүлсэн гэх боловч тухайн эд хөрөнгө ямар арга хэлбэрээр хэрхэн үрэгдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, яллах дүгнэлтийг ямар үндэслэлээр няцааж үгүйсгэж байгаа нь тодорхой бус, шинжээчийн дүгнэлтүүдийн алийг нь шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь ойлгомжгүй гэсэн үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан үйл баримтад эрх зүйн оновчтой бус дүгнэлт хийж, “...2015 оны Эрүүгийн хуулиар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд үрэгдүүлсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул шүүгдэгч нарын ... хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс бэлэн мөнгөний кассаас 127,833,605 төгрөг дутагдуулж үрэгдүүлсэн үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй” хэмээн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэргийг шийдвэрлэжээ.
Хэдийгээр 2015 оны Эрүүгийн хуулийн бүтэц, дараалал, зарим зүйл, хэсгийн нэршил өөрчлөгдсөн боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ашиглалын төрлийн завших, үрэгдүүлэх гэмт хэргийн үрэгдүүлэх шинжийн гол агуулга буюу итгэмжлэн өгсөн өмчлөлийн эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр ашиглаж бусдад худалдах, бэлэглэх, үгүй хийх, шилжүүлсний улмаас өөрт ашиггүй болсон үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн завших гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүнд хамаарч байгааг анхан шатны шүүх анхааралгүй орхигдуулсан байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг билээ.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгоно.
Түүнчлэн, тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдүүдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтандаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур бөгөөд эд хөрөнгийн бүртгэл, зарлага, хэрэгцээг хянах, хадгалалтыг хариуцах нярав, нягтлан бодогч, тэдгээрт үүрэг чиглэл өгөх төсвийн ерөнхийлөн захирагч, гадны халдлага, осол, аюулаас хамгаалах чиг үүрэгтэй манаач, харуул нар нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээдэд хамаарна.
Уг хэргийн тухайд бэлэн мөнгөний кассаас дутагдсан гэх мөнгөн хөрөнгийг ямар арга хэлбэрээр, хэрхэн үрэгдсэн болохыг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нарийвчлан тогтоох нь шүүгдэгч нарын үйлдэлд эрх зүйн оновчтой дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.У-н өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Б.Чинбат, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН