Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 226/МА2022/00032

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 31-ний өдөр            226/МА2022/00032                                 Хэрлэн сум

 

 

 

 

“Х” банк ХХК-ийн

Бор-Өндөр -ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Т-, Л.Н- нарт

холбогдох иргэний хэргийн талаар

 

 

226/2022/00032/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наран /цахимаар/,

Хариуцагч Б.Т-, Л.Н-, 

Хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Н-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 157/ШШ2022/00128 дугаар шийдвэртэй “Х” банк ХХК-ийн -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т-, Л.Н- нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 15.103.23862 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг хариуцагч Л.Н-ийн гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “Х” банк ХХК-ийн - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Х.Д-, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Н- нар нь “Х” Банкны Хэнтий салбараас

- 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ15/44 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 5.500.000 төгрөгийн зээлийг сарын 1.3 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 2 хаалгатай хөргөгч, 19 инчийн зурагт зэрэг зүйлсийг барьцаалсан,

- 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ЗГ15/55 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 4.678.782 төгрөг дээр нэмэгдүүлж 1.500.018 төгрөгийн зээлийг сарын 1.3 хувийн хүүтэй, 20 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 2 хаалгатай хөргөгч, 40 инчийн зурагт зэрэг зүйлсийг барьцаалсан,

- 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ201542422150 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 4.466.5169 төгрөг дээр нэмэгдүүлж 4.330.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд гэр ахуйн тавилга, цахилгаан бараа зэрэг зүйлсийг барьцаалсан,

- 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ЗГ201642666421 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 7.399.57464 төгрөг дээр нэмэгдүүлж 4.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар,

- 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ201642854334 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 10.155.04649 төгрөг дээр нэмэгдүүлж 7.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн, зээлийн барьцаанд 5 ханатай гэр 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг зүйлийг барьцаалсан,

- 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ЗГ201743189782 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 14.711.544,99 төгрөг дээр нэмэгдүүлж 3.500.000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн, зээлийн барьцаанд 5 ханатай гэр 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг зүйлийг барьцаалсан,   

- 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ/201843345288 тоот зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 16.824.91301 төгрөг дээр нэмэгдүүлж 3.500.000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг зүйлсийг барьцаалж тус тус цалингийн зээл авсан.

Зээлдэгч нар нь цалингийн зээлийн эргэн төлөлтөд үндсэн зээлд 5.443.819 төгрөг, зээлийн хүүд 3.192.618 төгрөг, нийт 8.636.437 төгрөг төлсөн.

Зээлдэгч нар нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ/201843345288 дугаартай Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө бүрэн төлөлгүй 2019 оны 05 дугаар сараас анх хугацаа хэтрүүлж эхэлсэн байх бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 220 хоног зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй,  зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчин үүргээ биелүүлээгүй. Банк нь зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.

Иймд банк 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 13.567.90656 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөр 1.532.731 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 247849 төгрөг, нийт 15.103.23862 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 298.265 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.

Зээлдэгч Х.Д- нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан бөгөөд түүний

-2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 5.500.000 төгрөгийн,

-2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1.500.018 төгрөгийн,

-2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 4.330.000 төгрөгийн,

-2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 4.000.000 төгрөгийн зээлд Л.Н-,

-2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 7.000.000 төгрөгийн,

-2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 3.500.000 төгрөгийн,

-2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3.500.000 төгрөгийн зээлд Б.Т- нь тус тус хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байх бөгөөд дээрх 7 удаагийн Зээлийн гэрээ тус бүрийн 4 дүгээр зүйлийн 4.3-т "Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх /Энэ гэрээний 4.1.1 болон 4.1.4-д зааснаас бусад/-ийг эдэлж, үүрэг хүлээнэ" гэсэн заалт, мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т "Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна" гэсэн заалт, уг хуулийн 242 дугаар зүйлийн     242.11-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна" гэж заасны дагуу банкны нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөр болох 15.103.23862 төгрөгөөс хариуцагч Л.Н-ээс 10.155.04657 төгрөг, Б.Т-аас 4.948.19205 төгрөг тус тус гаргуулж өгнө үү.

Л.Н-ийн төлсөн 5.500.000 төгрөг нь Х.Д-ийн буяны ажилд цугларсан мөнгөнөөс төлөгдсөн байсан тул хариуцагч Б.Т-ийн үлдэгдлээс хасч тооцох үндэслэлтэй байна.

Зээлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэв. 

 

Хариуцагч Б.Т- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Б.Т- миний бие зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан нь үнэн боловч зээлээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй, Х.Д- нь зээлийнхээ мөнгийг дүүгийнхээ сургалтын болон дотуур байрны төлбөр, хашаагаа томсгох, байшин барихад зарцуулсан. Х.Д-ийг нас барсны дараа 13 дахь сарын цалин 1.493.170 төгрөгийг шууд цалингийн зээл рүү нь хийсэн. Л.Н-ийн төлсөн 5.500.000 төгрөг нь буяны ажлын мөнгө байсан.

Банк Б.Т- миний биеэс зээлийн үүргийг шаардах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцэхгүй байна.

3ээлийн гэрээний 2.1.2, 2.4.2, 3.2.2-д зээлийг цалингийн зээл зориулалтаар ашиглаж, цалингийн зээлийн хувьд зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацааг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг суутган авахаар тус тус заасан байна. Дээрх тохиролцоо нь ирээдүйд авах цалингаараа барьцаалж зээл авсан Х.Д-т хамааралтай болохоос бус хамтран зээлдэгч Б.Т- миний бие “Х” ажил эрхэлдэг, хэдий хэмжээний цалин хөлс авдаг болох нь зээлийн гэрээ болон хавсралтад огт тусгагдаагүй, цалин орлогоо барьцаалаагүй хөдөлмөрлөх эрхийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй учраас надад хамааруулах боломжгүй гэж үзэж байна.

Хөдөлмөрлөх, түүндээ тохирсон хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой учир энэхүү эрхийн дагуу олох хөрөнгөө барьцаалж зээл авах тохиолдолд цалингийн зээл нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ. Банкны гэрээний 6.3-д зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд Банк зээлийг барьцаа хөрөнгөөр барагдуулах ажиллагаа хууль тогтоомжид заасны дагуу эхлүүлэх ёстой гэж заасан. Миний бие хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан боловч би өөрийнхөө цалин орлогыг барьцаалаагүй тул зээлийн гэрээний үүрэг надаас хамаарахгүй Иргэний хуулийн 240.1.2 зааснаар үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болохоор заасан байдаг. Иймд цалин барьцаалсан зээлийн үүрэг гүйцэтгэгч зээлдэгч миний нөхөр Х.Д- нас барснаар дуусгавар болсон тул “Х” банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний амьдралын байдал санхүү үнэхээр хэцүү байгаа тул энэ зээлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн төлбөрийг барьцаанд байгаа эд хөрөнгө болон хашаа байшингаар хангуулах хүсэлтэй байна” гэжээ.

 

Хариуцагч Л.Н- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Л.Н- миний бие өөрийн төрсөн хүү Х.Д-ийнхээ “Х” банкны Бор-Өндөр -өөс 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр авсан 5.500.000, 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр авсан 1.500.018, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр авсан 4.330.000, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр авсан 4.000.000 төгрөгийн зээлд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн бөгөөд бэр Б.Т-ийн ярьж хэлж байгаачлан зээлийн мөнгийг би болон охин Х.Д-н хамт авч хэрэглэж, идэж уусан зүйл байхгүй, талийгаач Х.Д- нь банкнаас авсан зээлүүдээ өөрийн болон гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан.

2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 4.000.000, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 3.500.000 төгрөгийн зээлүүд талийгаач хүү Х.Д-ийн  дансанд, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3.500.000 төгрөгийн зээл нь бэр Б.Т-ийн дансанд орсон байна /хавтаст хэргийн 8, 41, 49 хуудас/.

Миний бие Х.Д-ийн авсан 4 удаагийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан бөгөөд зээлийн гэрээ 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүчингүй болж бэр Б.Т-, талийгаач хүү Х.Д- нар нь  2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шинээр зээлийн гэрээ хийж 3.500.000 төгрөгийн зээл авсан байдаг. 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хүү Х.Д-, бэр Б.Т- нар нь зээлийн гэрээнд заагдсан эрх үүргийг хүлээхээр гарын үсэг зурсан... Талийгаач хүүгээ бодоод түүнийг нас барснаас хойш 5.500.000 төгрөгийг зээлд нь төлж хасуулсан. Иймд бэр Б.Т-ийн шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 157/ШШ2022/00128 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Н-, Б.Т- нараас зээлийн гэрээний үүрэгт тус бүр 7.551.61931 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” банк ХХК-ийн Бор-Өндөр -д олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн барьцааны гэрээний дагуу 5 ханатай гэр, 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х” Банк ХХК-ийн Бор-Өндөр -өөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298.265 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Л.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид 149.1325 төгрөг, хариуцагч Б.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 149.1325 төгрөг тус тус гаргуулж,  нэхэмжлэгч “Х” Банк ХХК-ийн Бор-Өндөр -д олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Л.Н- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний хүү Х.Д- нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зуурдаар нас барсан. Ингээд хүүгээ нас барснаас хойш 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өөрийн “Х” банкны данснаас зээлийн төлөлтөд 5.500.000 төгрөгийг шилжүүлсэн.

Тухайн үед миний бие хүүгийнхээ цалингийн зээлд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж байсан тул тухайн зээлээс хасагдана гэж ойлгосон. Гэтэл “Х” банкны Бор-Өндөр - шүүхэд нэхэмжлэл гаргахдаа миний төлсөн 5.000.000 төгрөгийг “Х” банкны Бор-Өндөр -ийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нийт 15.103.23862 төгрөгөөс хасалгүй үүргийн гүйцэтгэлийг адил тэнцүү хувааж надаас 7.551.61931 төгрөгийг гаргуулж байгаа нь үндэслэлгүй байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.             

 

Нэхэмжлэгч “Х” Банк ХХК-ийн Бор-Өндөр - нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Б.Т-аас “зээлийн төлбөрт нийт 15.103.238 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “хариуцагч Л.Н-, Б.Т- нараас “Зээлийн төлбөр болох 15.103.23862  төгрөгөөс хариуцагч Л.Н-ээс 10.155.04657 төгрөг, Б.Т-аас 4.948.19205 төгрөгийг тус тус гаргуулж, хариуцагч нар нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.  

 

Хариуцагч Б.Т- нь “...Иргэний хуулийн 240.1.2 зааснаар үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болохоор заасан байдаг. Иймд цалин барьцаалсан зээлийн үүрэг гүйцэтгэгч зээлдэгч миний нөхөр Х.Д- нас барснаар дуусгавар болсон тул “Х” банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж,

Хариуцагч Л.Н- нь “...Миний бие Х.Д-ийн авсан 4 удаагийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан бөгөөд зээлийн гэрээ 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүчингүй болж бэр Б.Т-, талийгаач хүү Х.Д- нар нь  2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шинээр зээлийн гэрээ байгуулж 3.500.000 төгрөгийн зээл авч ...зээлийн гэрээнд заагдсан эрх үүргийг хүлээхээр гарын үсэг зурсан. Иймд бэр Б.Т-ийн шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тус тус маргажээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх хариуцагч Л.Н-, Б.Т- нараас зээлийн гэрээний үүрэгт тус бүр 7.551.61931 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” банк ХХК-ийн Бор-Өндөр -д олгож, хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч байгууллага 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өөрчлөн, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүсэлт, зээлдэгч нарын зээлийн хүсэлт, Төрийн банкны цалингийн тодорхойлолт, зээлдэгч Х.Д-, хамтран зээлдэгч Б.Т-ийн нийгмийн даатгалын хуулбарууд, зээлийн мэдээллийн сангийн лавлагаа зээлийн түүхийн үнэлгээ, хамтран хариуцагч Б.Т-ийн дансны хуулга /2 хавтаст хэргийн 243-250 хуудас, 3 хавтаст хэргийн 1-10 хуудас/ зэрэг нотлох баримтуудын хамт хэрэгт ирүүлснийг шүүх хариуцагч Л.Н-т гардуулж танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан “...эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх...” тухай хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, мөн хуулийн 4, 6 дугаар зүйлүүдэд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмуудыг хангаагүй байх тул дээрх зөрчлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасан ноцтой зөрчил байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагч Л.Н-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдагдсан үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Хариуцагч Л.Н-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135.776 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 157/ШШ2022/00128 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагч Л.Н-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135.776 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                   

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ДЭНСМАА

 

                                     ШҮҮГЧИД                           Г.БОЛОРМАА

 

                                                                                            Д.ГАНЗОРИГ