Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 547

 

Б.Т-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.А, З.Б-Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 412 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн  858 дугаар магадлалтай, Б.Т холбогдох 201715000071 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нефть хангамжийн тоног төхөөрөмжийн механикч мэргэжилтэй, Л” ХХК-ийн хот хоорондын тээврийн жолооч ажилтай,

урьд Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 137 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан Б д овгийн Б-гийн Т.

Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйл, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “Лотот” ХХК-аас нийт 26.096.287 (хорин зургаан сая ерэн зургаан мянга хоёр зуун наян долоо) төгрөгийг гаргуулан хохирогч Б.Сономжамцад олгож, хохирогч Б.Сономжамц цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч “Лотот” ХХК-аас нэхэмжпэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх ... шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... дөрвөн жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...гурван жилийн хугацаагаар хорих ял...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... дөрвөн жилийн хугацаагаар хорих ял ...” гэснийг “... гурван жилийн хугацаагаар хорих ял ...” гэж тус тус өөрчилж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.А гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг ЭХХШ тухай хуулийн 40.1-р зүйлийн 1.1 хэсэг буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 1.2 буюу ЭХХШ тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч доорхи гомдлыг гаргаж байна. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс хохирогчийн гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа шүүхээс нэхэмжилсэн хохирлыг хасаж тооцсон нь үндэслэлгүй гэж үзсэн болохоос шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь буруу буюу ял хариуцлага хөнгөдсөн талаар дурдаагүй юм. Анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс хохирогч нарын өмгөөлөгч “заавал хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж байсан болох нь харагдана. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулж болон оногдуулахгүйгээр тэнсэх боломжийг олгосон хуулийн заалттай. Анхан шатны шүүх дээрх заалтыг шүүхэд үүрэг болгосон заалт биш хэмээн хэрэглэхгүй орхигдуулсан. Б.Т- нь авто ослын улмаас эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг ухамсарлан мөрдөн байцаалтын шатнаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасанчлан учруулсан хохирол, хор уршгийг өөрийн хэмжээнд нөхөн төлсөөр ирсэн. Анхан шатны шүүхэд хохирогч Б.Сономжамцад хохирол төлөхөө ч илэрхийлж байсан. Анхан шатны шүүхээс иргэний хариуцагч “Лотот” ХХК-наас гаргуулахаар шийдвэрлэсэн 26,096,281 төгрөгийг Б.Т- төлсөн. Б.Т- нь давж заалдах шатны шүүхээс 2 өмгөөлөгч авч нийт 3 өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцсон боловч миний гомдлыг яриулж, бусад өмгөөлөгч нарын гомдол, тайлбарыг сонсоогүй хурлыг дуусгасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.13, 1.14, 5.1 дүгээр зүйлд заасныг тус тус ноцтой зөрчсөн явдал болсон. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 412 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 858 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, Б.Т-т оногдуулсан 4 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б-Э гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16 ны өдрийн 412 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Т-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаатайгаар хасаж 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ДШМ/858 дугаартай магадлалыг эс зөвшөөрч доорхи гомдлыг гаргаж байна.

Б.Т- болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралд гэм буруугийн талаар маргаагүй, Б.Т- нь гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн хохирогч Б.Дын эмчилгээний зардал 947.458 төгрөг, хохирогч Г.Нэргүйд амь хохирогчийн оршуулгийн зардал, эмчилгээний зардал, автомашины төлбөрт 14.606.636 төгрөг, хохирогч Б.Сономжамцын эмчилгээний зардалд 51.278.000 төгрөг нийт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Б.Т-ын зүгээс 66.832.094 төгрөгийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүх хуралдаанаар Б.Т-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн. Хохирогч Б.Сономжамцын эмчилгээний 26.096.287 төгрөгийг “Лотот” ХХК-иас гаргах, цаашид гарах эмчилгээний зардлаа “Лотот” ХХК-иас нэхэмжлэх эрхтэйг шүүх шийтгэх тогтоолд дурдсан байна. Б.Т- нь “Лотот” ХХК-иас гаргуулахаар анхан шатны шүүхээс Б.Сономжамцад гаргуулахаар шийдвэрлэсэн 26.096.287 төгрөгийг Б.Сономжамцад төлж барагдуулсан. Б.Т- нь мөрдөн байцаалт, болон шүүхийн шатанд өөрийн бүхий л бололцоогоор бусдад учирсан хохирлыг төлж барагдуулсан гэм буруугийн талаар маргаагүй. Шүүхээс Б.Т-ыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан буюу баримтаар гарсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шийтгэх тогтоолд дүгнэсэн боловч өндөр хорих ял оногдуулсан давж заалдах шатны шүүхээс 4 жилийн хорих ялыг 3 жил болгон өөрчилсөнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан бөгөөд Б.Т- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг, болгоомжгүй үйлдсэн нийгмээс тусгаалахгүйгээр эрүүгийн хариуцлагыг оногдуулах үндэслэл байна гэж үзэж байна. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс ч гэсэн ялыг заавал биечлэн эдүүлэх шаардлагагүй талаар анхан болон давж заалдах шатны шүүхэд тус тус илэрхийлсэн болно. Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж Б.Т- оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2-д зааснаар тэнсэж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Б.Т-т холбогдох хэрэг 2017 онд үйлдэгдсэн бөгөөд 2019 оны яллах дүгнэлтээр шүүх хэргийг хэлэлцсэн. Хэргийн улмаас 9 настай айлын ганц охин нас барж, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Шүүх Б.Т-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Азжаргал, З.Бат-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Т-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Т- нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 12 цаг   40 минутын орчимд Баянхонгор Улаанбаатар чиглэлийн замд буюу Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг Зүүн шанаганы ар гэх газарт “Лотот” ХХК-ийн эзэмшлийн “Kai Granbird” маркийн 09-90 УБВ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтыг зөрчиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс эсрэг урсгалд явж байсан Д.Б-ы жолоодож явсан “Nissan Tida” маркийн 89-48 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг автомашинд сууж явсан зорчигч Б.Д-гийн амь насыг хохироож, зорчигч Б.С, Г.Н нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч М.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Т-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа эсэхийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Б.Т-т анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн өөрчилснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол болон магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.А, З.Б-Э нар нь “... Б.Т-т оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн        6.7 дугаар зүйлийн 1.2-р тэнсэж өгнө үү” гэсэн гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан эсвэл арилгахаа шүүхэд итгэл төрүүлэхүйцээр нотолж илэрхийлсэн байх явдал юм.

Хэдийгээр энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэм хэргийн ангилалд багтах боловч мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал” зэргийг харгалзан шүүх тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор зохицуулсан байх боловч шүүгдэгч Б.Т-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас “нэг хүний амь нас хохирсон, хоёр хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хохирол, хор уршгийг арилгасан гэсэн үндэслэлээр ял хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх, үүрэг болгосон хэм хэмжээ биш болохыг дурдах нь зүйтэй.

 Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчих нь богино зуурт осол гаргаж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд таах боломжгүй хохирол, хор уршиг учруулдагт энэ гэмт хэргийн нийгмийн хор аюул оршдог.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Т- нь хот хоорондын нийтийн тээврийн хэрэгсэл жолоодож  явахдаа туйлын анхаарал, болгоомжтой явах  ёстой байтал олон хүний амь насыг эрсдэлд (43 зорчигтой) оруулахуйц байдал гарган Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчин, эсрэг урсгалд орж, өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хүнд хохирол учруулсан нь нийгмийн хор аюулыг ихэсгэсэн үйлдэл байна.

Мөн хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.А гаргасан гомдолдоо “... Б.Т- давж заалдах шатнаас 2 өмгөөлөгч авч нийт 3 өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралд оролцсон боловч шүүх ганцхан өмгөөлөгч буюу миний гомдлыг яриулан бусад өмгөөлөгч нарын гомдол, тайлбарыг сонсоогүй хурлыг дуусгасан. Энэ нь ЭХХШ тухай хуулийн 5.1-р зүйлд заасан өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн, ЭХХШ тухай хуулийн 1.13-т заасан ялтны шүүхэд хандах эрхийг зөрчсөн, 1.14-т заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчсөн явдал болсон” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Т- нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Л.Азжаргал, О.Сайнгэрэл нараар хамгаалуулж оролцсон байх ба Л.Азжаргал нь бусад өмгөөлөгч нараа төлөөлж гомдлын үндэслэл, саналаа гаргаж оролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгчийг хэд хэдэн өмгөөлөгч өмгөөлж байгаа бол шүүх хуралдаанд тодорхой асуудлаар мэтгэлцэхэд нэг өмгөөлөгч бусдыгаа төлөөлж болно” гэж заасантай зөрчилдөөгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.А, З.Б-Э-ний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 412 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 858 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.А, З.Б-Э нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                   ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                С.БАТДЭЛГЭР

                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                           Ч.ХОСБАЯР