Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 210/ма2023/00065

 

 

 

 

 

 

 

 

2023 01 02 210/МА2023/00065

 

 

* ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2022/02838 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч * ын хариуцагч * холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч * , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дах * хэлтэст хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, мэдээлэл технологийн ажилтан дадлагажигчаар томилогдсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би жинхлэх тухай хүсэлтийг өгсөн боловч намайг жинхлээгүй. Учир нь өмнө нь хамт ажиллаж байсан * гаас ирүүлсэн гомдолд ...намайг өмнөх ажлаа орхиод явсан талаар бичсэн байдаг. Гэхдээ энэ нь * бид хоёрын хувийн асуудал болохоос хөдөлмөрийн гэрээг сунгах эсэхэд нөлөөлөхгүй байсан. * ХК-аас * нь өөрөө ажлаа хаяж явсан гэх хариу ирсэн. Үүний дагуу туршилтын хугацааг дахин 6 сараар буюу 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл сунгасан. Тэгээд намайг * т ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолтын гарын үсгийг хуурамчаар зурсан гэж цагдаад өгч шалгуулж, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр прокурорын тогтоолоор тодорхойлолт хуурамч болохыг тогтоосон байдаг. Гэтэл цаг хугацааны хувьд буюу намайг ажлаас халах үед хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдоогүй, энэ талаар хөдөлмөрийн гэрээнд тохиролцоогүй, ноцтой зөрчил биш гэж үзэж байгаа бөгөөд би сонгон шалгаруулсан хүмүүсээс эхний байранд орж ажилд орсон, ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй, намайг бүтэн 1 жил гаруй хугацаанд цалин хөлсөөр хохироож байна. Иймд Дархан-Уул аймаг дах * хэлтсийн Мэдээлэл технологийн ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч * нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр * Ерөнхийлөгчийн Б-230 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дах * хэлтсийн мэдээллийн технологийн ажилтан, дадлагажигч ажилтнаар түр томилогдсон бөгөөд гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дууссан бөгөөд энэ хугацаанд * тай холбоотойгоор гомдол ирсэн учраас үндсэн ажилтнаар томилолгүйгээр үүссэн асуудлаа шийдвэрлүүлэх боломж олгон хөдөлмөрийн хугацаатай гэрээг ажилтантай харилцан тохиролцож Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т нийцүүлэн 6 сараар сунгасан. Гэрээний хугацаанд * тай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан тухай дуудан ирүүлэх хуудас ирсэн. Үүнтэй холбоотойгоор өөрөөс нь тодруулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Заналхийлэх гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан тул шүүхээр гэм буруугаа эцэслэн шийдвэрлэх хүртэл буюу 45 хоногийн хугацаанд ажлаас түдгэлзүүлж өгөх талаар дурдсан байна.

Мөн * нь анх ажилд орохдоо бүрдүүлэн өгсөн баримт бичигт өмнөх байгууллагын ажлын байрны тодорхойлолт байхгүй байсан бөгөөд * ХК-аас 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1-2/1375 дугаартай албан бичгээр * нь хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гарган тухайн асуудлыг шийдвэрлэх шатанд ажлаа хаяж явсан учраас ажлаас чөлөөлсөн байна. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1-1/430 дугаартай * ХК-ийн албан тоотоор * нь танай банканд ажилд орохдоо байгууллагын албан бланк дээр тодорхойлолт хийж очсон байна. Уг үйлдэл хуурамч болох нь тогтоогдсон.

Эдгээр үйл явдлын талаар * нь анх ажилд орохдоо ажил олгогчийг хууран мэхэлсэн, худал ярьсан, ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдсон үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил болсон учраас хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс цуцалсан нь үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч * холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч * ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч * нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Миний бие мэргэжлийн шалгалтад бусад ажил горилогчдоос өндөр оноо авч шалгаран тэнцсэнээр * Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дугаар сарын 16-ны өдрийн Б-230 тушаалаар Дархан-Уул аймаг дах * хэлтэст Мэдээлэл технологийн ажилтан дадлагажигчаар томилогдож 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 20/01 тоот хөдөлмөрийн гэрээг 6 сарын туршилтын хугацаатай байгуулан ажилд орсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.1.1, 23.2-т зааснаар ажилтныг ажилд томилохдоо 3 сар хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулах ёстой байхад 6 сар туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн. Түр хугацаа буюу 6 сарын хугацаа нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дууссан бөгөөд тус өдөр хэлтсийн хурлаар нэхэмжлэгч * ыг жинхлэн цааш ажиллуулах, эсхүл гэрээг дуусгавар болгож хөдөлмөрийн харилцааг цааш үргэлжлүүлэхгүй байх талаар хэлэлцэх байтал иргэн * гаас ирүүлсэн гомдлыг Монголбанк шалгаж үзээд хувийн асуудлаар * нь цагдаагийн байгууллагад шалгагдаж шийдвэрлүүл гэж дахин туршилтын хугацааг 6 сараар сунгах шийдвэр гаргасан нь хувь хүний шалгуулах, шалгах эрхэнд халдаж 12 сарын турш туршилтын хугацаанд ажиллуулж Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй, захиргааны арга хэмжээ авагдаж байгаагүй, хариуцсан ажилдаа сайн ажилласан. * , * тай холбоотой хувь хүмүүсийн хоорондын зөрчлийн хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй удаашралттай, гомдол гаргагч * нь * хандаж ажилтнаа өмгөөлж хамгаалан ямар нэгэн арга хэмжээ авч өгөхгүй байна, мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан мэдээлэл өгнө гэх зэрэг үйлдлүүд гаргаж байгаа нь * нэр хүндэд халтай байна гэж дүгнэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх саналыг Захиргаа хүний нөөцийн хэлтэст хүргүүлсэн. Энэ зөрчлийн хэрэг нь * ямар ч хамааралгүй хоёр гэр бүлийн хоорондын маргаан байсан. * цагдаагийн байгууллагад гомдол гаргах, шалгуулах, гэрчийн мэдүүлэг өгөх, буруугүй гэдгээ нотлох эрхэнд хөндлөнгөөс оролцож хууль хяналтын байгууллагын асуудлыг яаралтай шийдвэрлэж дуусга гэж дарамталж байсан нь хувь хүний эрхэнд халдсан үйлдэл болсон. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тушаалыг туршилтын 12 сарын хугацаа дуусах өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр и-мэйл хаягаар буюу цахимаар халагдах тушаал ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт Ажил олгогч нь 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт заасан тушаал гардуулах үүргээ биелүүлээгүйгээс тэтгэмж авах эрхийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь салбарт мэдээлэл технологийн дадлагажигч ажилтнаар 6 сарын туршилтын хугацаагаар ажилд орсон. Энэ хугацаанд тус ажилтанд цагдаа болон шүүхийн байгууллагаас яллагдагчаар татагдсан тухай гомдол ирсэн. Уг асуудлаа шийдвэрлэсний дараа жинхлэх тухай ярилцахаар нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэнд дахин туршилтын хугацааг 6 сараар сунгаж, нэхэмжлэгч * гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн дотоод журмын 2.6.6-д гэж заасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймаг дахь * салбар газар хуралдаж, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, дээрх асуудлыг шийдвэрлэ гэж нэхэмжлэгчид өмнө нь сануулга өгч хугацаа олгосон боловч одоог хүртэл шийдэгдээгүй, дадлагажих хугацаанд өмнөх байгууллагын бичиг баримтыг хуурамчаар үйлдэж * ажилд орсон, одоог хүртэл яллагдагчаар татагдсан асуудал байнга гарч, * гомдол тасралтгүй ирж байгаа тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нь зүйтэй гэх албан бичгийг төв салбарт хүргүүлсэн. Уг албан бичигт үндэслэн Хөдөлмөрийн дотоод журмын 2.6.6-д заасны дагуу 1 жилийн хугацаагаар байгуулсан туршилтын хугацааны гэрээ дуусгавар болсон. Ажил олгогч тушаал гаргахдаа 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан. Түүнчлэн, хөдөлмөрийн дотоод журмын 2.6.6, 3.3.1.к-д заасныг үндэслэснийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч * нь хариуцагч * холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх.1-3/

3. Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан. Мөн нэхэмжлэгч нь дадлагажих ажилтнаар ажиллах явцдаа цагдаагийн байгууллагад болон бусад асуудал үүсгэсэн, энэ асуудлыг цэгцлэх хугацаа олгосон боловч зөрчлийг арилгаагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлэн ажилд орсон нь ноцтой зөрчилд тооцогдох тул ажлаас халсан гэж маргажээ. /хх.18-20/

4. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Мэдээлэл технологийн ажилтан, дадлагажигч ажилтнаар ажилд орж, мөн өдрийн 20/01 дугаартай хөдөлмөрийн гэрээг 6 сарын туршилтын хугацаатай байгуулсан, улмаар 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээг дахин 6 сарын хугацаагаар буюу 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл сунгасан байна. /хх.22, 31-33/

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ....шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар. Туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна гэж заасны дагуу * Хөдөлмөрийн дотоод журмын 2.6.2-т Захиргааны ажилтны туршилтын хугацаа нь 6 хүртэл сар, үйлчилгээний ажилтны туршилтын хугацаа 2 сар хүртэл байна гэж зохицуулжээ.

* хөдөлмөрийн дотоод журамд туршилтын хугацааг сунгах эсэх талаар тусгайлан заагаагүй ч цаашид гэрээг сунгах эсэх нь талуудын хүсэл зоригоос гадна тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогтой холбоотойгоор ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал байх тул * хөдөлмөрийн дотоод журмын 2.6.5-д Ажилтны туршилтын хугацаа дуусгавар болоход тухайн газар, бие даасан нэгж нь туршилтын хугацааны ажлын тайланг хамт олны хурлаар хэлэлцэж, Тамгын газарт саналаа хүргүүлнэ. Орон нутаг дахь хэлтэс (салбар) нь ажилтны туршилтын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хамт олны хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Хурлын тэмдэглэл-ээс үзэхэд * тай байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээг цаашид сунгах шаардлагагүй гэж үзэж дуусгавар болгосон гэж үзэхээр байна. /хх. 39-42/

6. Иймд * ыг туршилтын 6 сарын хугацаагаар томилсон, уг хугацааг дуусах үед ажил олгогч энэ талаар хэлэлцэж, тодорхой шалтгаанаар дахин 6 сарын хагацаагаар сунгасныг Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Ажилтан * туршилтын хугацааг сунгасан гэрээнд гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрч дахин туршилтын 6 сарын хугацаагаар үргэлжлүүлэн ажилласан үйл баримт тогтоогдсон.

7. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болдог бөгөөд цаашид сунгагдах эсэх нь талуудын хүсэл зоригоос гадна ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал байхаас гадна уг зохицуулалт хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэл заасан.

8. Хариуцагч Монголбанк нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дахин 6 сарын хугацаагаар сунгахдаа түүнтэй холбоотой гомдол, санал болон цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа асуудлуудыг тодруулах үүднээс гэрээний хугацааг сунгасан болох нь энэ талаар хэлэлцсэн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байх боловч уг асуудал шийдвэрлэгдээгүй, нэхэмжлэгч нь анх ажилд орохдоо хуурамч баримт бүрдүүлж, үнэн зөв мэдээлэл өгөөгүй гэх үндэслэлээр ажил олгогч хөдөлмөрийн хугацаатай гэрээг цаашид сунгах шаардлагагүй гэж үзэж дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг зөрчөөгүй байна.

9. Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаар тогтоолоор * нь * ХК-ийн албан бичиг, тамга, тэмдэг, болон тус компанийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Насанжаргалын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдож, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байх бөгөөд уг үйл баримт нь нэхэмжлэгчийг ажлаас халах үед тогтоогдоогүй байхад тогтоогдсон гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн үндэслэлгүй, харин хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлсөн гэж үзэхээр байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

10. Иймд нэхэмжлэгч * тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б-164 дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасантай нийцсэн байх тул ...Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүйгээр халсан... гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

11. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2022/02838 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.ЦОГТСАЙХАН