Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 527

 

Д.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 427 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 800 дугаар магадлалтай, Д.Г-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Саг wash” автомашин угаалгын газар ажилтай, ***,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 1 сар 15 хоног баривчлах ял шийтгүүлж байсан, Б овогт Д-н Г-.

Д.Г- нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны орой 20 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гандантэгчилэн хийдийн хойд замд тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт болон уг дүрмийн 12.2-т заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Х-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Г-ийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар Д.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, түүнийг 1 жил 1 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Хохирогч Г.Х-ын цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Д.Г- нь өөрийн гэм буруугийн асуудал, хэргийн зүйлчлэлтэй огт маргаагүй. Харин ч хохирогчид учруулсан гэмтлийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн мөнгийг нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд өгч байсан. Одоогийн байдлаар баримтаар нэхэмжилсэн мөнгөнөөс 4 сая гаруй төгрөг илүү төлөлттэй байгаа. Зам тээврийн осол гарахад хохирогч Г.Х- нь ууж согтуурсан үедээ зорчих хэсгийн явган хүний гарц гарамгүй хэсгээр гэнэт гүйж орж ирснээс осол болсон нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хохирогчийн буруутай үйлдэл шууд нөлөөлсөн.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь хохирогч нь ослын улмаас учирсан гэмтлээ хэрхэн, яаж, ямар хэмжээний зардал гаргаж, хаана эмчилгээ хийлгэсэн тухай ямар ч баримт байхгүй, гэмтэл нь эдгэрсэн, эсхүл эмчлэгдэж байгаа, цаашид эмчлэгдэх эсэх нь тодорхойгүй байхад хохирогчийг удаа дараа мөнгө л нэхээд, өгвөл гомдолгүй, өгөхгүй бол гомдолтой байх болно гэсэн байр суурийг зөвтгөж, хэт яллах талыг барьж, шүүгдэгч Д.Г-өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх хангалалттай үндэслэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхад уг хуулийг хэрэглэхгүйгээр түүнд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлж, 1,1 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

Хохирогч Д.Х- нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хоёр ч удаа хохирлын мөнгө хүлээн авахдаа гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн байр сууриа бичгээр гаргаж шүүхэд өгсөн мөртлөө яг шүүх хурлын үед “Одоо мөнгө өгвөл гомдол гаргахгүй” хэмээн туйлбаргүй байр суурь гаргаж байсныг зөвтгөн хохирогчийн эрх үүргийг хуульд заасны дагуу сануулсан атлаа энэхүү хууль бус үйлдлийг нь өөгшүүлж байсанд гомдолтой байна. Хохирогч удаа дараа Шар хадны эмнэлэгт /Сэтгэцийн Эмгэг Судлалын Үндэсний Төвд/ хэвтэн эмчлүүлж байгаа, бие эдгэрэхгүй байна гэсний дагуу өмгөөлөгч миний бие өөрийн биеэр очиж судлан үзэхэд ослын улмаас авсан гэмтэлтэй огт холбоогүй, харин архины хамаарлаас болсон сэтгэцийн эмгэг өөрчлөлтөө эмчлүүлж байсан мэдээллийг олж авсан.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялын үлдэх хэсгийг тэнсэж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Г- нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон.

Анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн Д.Г-өд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Д.Г- нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны орой 20 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гандантэгчилэн хийдийн хойд замд тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 12.2-т заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар явган зорчигч Г.Х-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Г-өд холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон зөв үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Г-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин Д.Г-ийн хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг гарсан нөхцөл байдал буюу явган зорчигч Г.Х-ын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт зөрчсөн буруутай үйлдэл тухайн осол гарахад нөлөөлсөн байдал зэрэг нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэр хэмжээг зөв оновчтой тодорхойлоход зайлшгүй харгалзан үзвэл зохих нөхцөл байдалд тооцогдоно. Үүний зэрэгцээ шүүгдэгчийн зүгээс өөрийн үйлдэлдээ гэмшиж буй хандлага, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг дүгнэж үзвэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн зорилго, нийтлэг зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинжийг хянан дүгнэж, шүүгдэгчийн зүгээс хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон хохирлыг төлж барагдуулсан бөгөөд цаашид энэ хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг төлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд заасан шаардлагад нийцэж байх тул уг шийдвэрийг буруутган дүгнэх, эсхүл хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. 

Иймд шийтгэх тогтоол, магадлалд хорих ялыг тэнссэн өөрчлөлтийг оруулж, тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбатын “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн тэнсэж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч, “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг хэрэглэх” талаарх гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 427 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 800 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбатын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                             С.БАТДЭЛГЭР

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН