Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2019/0045

 

2019 оны 01 сарын 23 өдөр          Дугаар 221/МА2019/0045                           Улаанбаатар хот

“Д с н” НҮТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, Н.Ч, Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд “Ут” ХХК-ийн өмгөөлөгч Н.Э, гуравдагч этгээд “Ут” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гуравдагч этгээд “Э н а” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0726 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Д с н” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0726 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 27.1-д заасныг баримтлан Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалыг үндэслэн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас “Ут” ХХК-д олгосон газар ашиглах 797 тоот гэрчилгээний хавсралт дахь 30 га газрын кадастрын анхны эргэлтийн цэг, тэмдэг буюу солбицлуудыг 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрчилсөн нь хууль бус байсан болохыг тогтоолгох, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Э н а” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч “Дулаан сэтгэл” ТББ-ын 2015 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 05/14 тоот газар ашиглах тухай хүсэлт болон Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн санал хүргүүлэх тухай 396 дугаар албан бичигт тусгагдсан 10 солбицлын цэг бүхий 7.01 га газрыг нэхэмжлэгчид ашиглуулахыг хариуцагчид даалгах “Д с” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Манай байгууллагын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох ... бие даасан гурван шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0726 шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, үйл баримтын талаар дутуу дүгнэлт хийсэн, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь харьцуулан үнэлээгүй, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг дутуу, бодит байдлаас гуйвуулан үндэслэлгүйгээр үнэлсэн, нотлох баримтаар үнэлээгүй баримтыг няцаасан үндэслэлээ шийдвэртээ тусгаагүй, шүүх шаардлагатай нотлох баримтуудыг төрийн байгууллагуудаас шаардаж, цуглуулах үүргээ дутуу, гүйцэт биелүүлээгүй, хариуцагч болон бусад байгууллагаас нотлох баримт гаргуулах тухай албан тоотыг явуулж хүргүүлсэн атлаа тэдгээр баримтуудыг холбогдох газруудаас бүрэн ирүүлээгүй байхад нь хэргийг хянан шийдвэрлэж манай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 353 дугаар /Хх4-132-136/ тогтоолд: Гуравдагч этгээд “Э н а” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагатай холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, тодруулбал “Э н а” ХХК-ийн хүсэлтийг хангаж газар ашиглах  эрх олгосон хариуцагчийн шийдвэрийн үндэслэл нь бодитой бөгөөд хууль ёсны эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хариуцагч эрх хэмжээгээ зөв хэрэгжүүлсэн эсэхэд шүүхийн зүгээс хяналт тавих учиртай гэж хянасан учраас /Хх6-79-92/ давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 221/Шт2018/0209 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдийг хангасан юм. Тухайлбал:

Нэхэмжлэгчийн дараа хүсэлтээ өгсөн гуравдагч этгээд “Э н а” ХХК-д /Хх5-111, Хх2-139/ 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 608 тоот албан бичигт хамгаалалтын захиргааны дарга Ц.Ш-ийг төлөөлж мэргэжилтэн Г.Г гарын үсэг зурсан нь төлөөлөх эрхгүй субьект болох нь “/Хх6-103/ 237 тоот, /Хх6-108/ Г.Г-ын хууль бус үйлдлийн талаар, /Хх6-110/ 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 658 тоот арга хэмжээ авна уу, /Хх7-16/ 1158 тоот, /Хх7-19/ 05/6138 тоот, /Хх7-181/ гэрч Ц.Д түр орлон гүйцэтгэгчид сайдын тушаал гаргана, /Хх7-195 / гэрч Ч.Б түр орлон гүйцэтгэгчид сайдын тушаал гаргана ...” эдгээр нотлох баримтуудаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл, 608 тоот албан бичиг нь эрх зүйн чадамжгүй болох нь нэгэнт тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс хариуцагчийн эрх хэмжээгээ зөв хэрэгжүүлээгүй, хууль ёсны эсэх нь эргэлзээтэй дээрх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг бодит байдлаас гуйвуулан үндэслэлгүйгээр үнэлж дүгнэсэнд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд /Хх4-82-90/ гуравдагч этгээд “Э н а” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд нь хяналт шинжилгээ хийсэн болох, тэдгээрийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний зардал, үр өгөөжийн байдал зэргийг хэрхэн сонгосон талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй байна гэх үндэслэлээр буцаасан ч анхан шатны шүүхээс /Хх4-140/ 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/12155 тоотоор дээрх нотлох баримтуудыг гаргуулахаар хариуцагчаас шаардсан ч ирүүлээгүй байхад хуралдааныг явуулсанд гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс гуравдагч этгээд “Э н а” ХХК-аас 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт гаргахдаа хавсаргасан баримтууд нь хариуцагчийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10/6964 тоот албан бичигт дурдсан шаардлагыг хэрхэн хангасан болох, нэхэмжлэгчийн хүсэлтдээ хавсаргасан баримтаас илүү дээрх шаардлагад нийцсэн эсэхэд тодруулж, нэмэлт баримтуудыг шаардах үүргээ биелүүлээгүй, сонголт хийсэн тухай ямар ч баримт авагдаагүй, нотлогдох боломжгүй байхад хариуцагчийн үндэслэлгүй тайлбарыг шүүхээс үндэслэлтэй гэж үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалаар буцаасан үндэслэлийг огт хангаагүйд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн газар ашиглах тухай хүсэлтийг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, харин гуравдагч этгээд “Э н а” ХХК-ийн гаргасан хүсэлтийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч тус тус хүлээн авсан болох нь яамны шууд шилжүүлсэн бичгийн бүртгэлээр тогтоогдсон бөгөөд тодруулбал нэхэмжлэгч цаг хугацааны хувьд түрүүлж хүсэлтээ гаргасан байхад шүүхээс огт үнэлээгүйд гомдолтой байна.

Мөн шүүхээс нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хамгаалалтын захиргаанаас санал хүргүүлэх тухай 396 тоот албан бичгийг хүлээн авсан өдөр буюу эл өдөр гуравдагч этгээд “Э н а” ХХК, “Эког ногоон дэлхий” ХХК-ууд нь 2016 оны 66 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдаж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан үйл баримтад цаг хугацааны талаас нь зөв тодорхойлж бодитой дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. /Хх5-108, Хх7-145/ Гуравдагч этгээд “Э н а” ХХК-ийн /Хх5-124, Хх3-223/ 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2015/065 тоот гурвалсан гэрээнд талуудын гарын үсэг зурагдаагүй, гэрээ хүчин төгөлдөр эсэхэд ач холбогдол өгөөгүй, гэрээгүйгээр бүтэн гурван жил газар ашиглаж болдог мэт хуульд нийцэхгүй хууль зөрчсөн үнэлэлт дүгнэлтийг шүүхээс өгсөнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн болор түр журмын тодорхой заалтыг илтэд зөрчсөн гуравдагч этгээд нарын хуульд заасан хугацаанд гэрээгээ байгуулаагүй талаар бодитой хууль ёсны дүгнэлт хийгээгүй төдийгүй газрын төлбөрөөс зайлсхийсэн, төлбөрийг зувчуулсан, нөхцөл байдлууд хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон баримтууд хэрэгт авагдсан байхад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөвөөр хуульд нийцүүлэн үнэлж шийдвэртээ тусгаагүйд гомдолтой байна. /Хх5-86 2017 ны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10/7796 тоот/

Давж заалдах шатны шүүхийн /Хх4-73-92/ 209 дүгээр магадлалд гуравдагч этгээд “Э н а” ХХК болон “Э н д” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу гуравдагч этгээд “Э н а” ХХК-ийн 2015/065 тоот гэрээнд “Э н д” ХХК, Зайсангийн ам 40,1 га гэх бичвэрүүдэд тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх нь зүйтэй байна гэж хянасан ч анхан шатны шүүхээс цугларсан бичгийн нотлох баримтуудыг огт үнэлсэнгүй орхигдуулсанд гомдолтой байна. Тодруулбал:

“Эко ногоон дэлхий” ХХК-аас /Хх7-145/ 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 15/2 тоот Ч.Б танаа, төслийг дэмжиж 5 га газар олгож өгнө үү, гүйцэтгэх захирал  Э.У, гэтэл Э.У нь гуравдагч этгээд “Э н а” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус маргаанд оролцож байгаа нь нэг хүний хоёр компани болох хамааралтайд дүгнэлт хийсэнгүй.

“Э н а” ХХК-аас 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 15/2 тоот хоёр өөр компанийн гаргасан хүсэлт огноо нь ижил тоотын дугаар нь ижил яамны бүртгэлд нэг цаг хугацаанд бүртгэлтэй байгаа гэх мэт маш эргэлзээтэй хуурамч эвлүүлэг байх өндөр магадлалтай байх баримтуудад шүүхээс бодитой дүгнэлт хийгээгүй ... “Э н д” ХХК 2015/262 гурван талт гэрээнд 0.7 га зайсангийн ам, түргэний ам, зайсангийн ам, 5 га газарт давхцалгүй гэх мэт өөр хоорондоо уялдаа холбоогүй маш зөрүүтэй бичгийн баримтуудыг нягтлаагүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс /Хх7-15/ 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1/6512 тоот албан бичгээр гуравдагч этгээд нарын шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн эсэх, бүртгүүлэхдээ хавсаргасан газар ашиглах эрхийн гэрчилгээ, хавсралт, газар ашиглах гурвалсан гэрээ, байгаль орчин нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, батлагдсан эскиз зураг, улсын тэмдэгтийн хураамж, газрын төлбөр төлсөн баримт зэрэг баримтуудыг шүүхээс шаардсан боловч хариуцагчаас ирүүлээгүйгээр шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан үндэслэлдээ цаг хугацааны хувьд түрүүлж хүсэлт гаргасан нэхэмжлэгчийн бодитоор хийсэн гэх хөрөнгө оруулалтад үнэлгээ хийлгэх гэж заасны дагуу нэхэмжлэгчээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн үндэслэлээ нотлох зорилгоор /Хх6-196-208, Хх6-148-174/-д авагдсан ажил гүйцэтгэлийн үнэлгээний тухай тайланд анхан шатны шүүхээс мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилсон ч, гаргасан дүгнэлтэд нь ач холбогдол өгсөнгүй, мөн нотлох баримтаар үнэлээгүй, баримтуудыг няцаасан үндэслэлээ шийдвэртээ тусгаагүйд гомдолтой байна. Маргаан бүхий газарт /Хх7-5-6, Хх7-7-12/ хоёр удаа анхан шатны шүүхээс газрын үзлэгийг хийсэн ч үзлэгийн тэмдэглэлийн ач холбогдлыг тодорхойлж бодитоор үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнд гомдолтой байна. /Хх1-196-197/

Хариуцагчаас гуравдагч этгээд “Ут” ХХК-ийн ашиглаж байсан газрын байршлыг өөрчлөх шаардлагатай болсон гэх албан бичигт /2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09/731/ тусгагдсан үндэслэл нь /Хх1-82, Хх1-46/ тоотуудаар няцаагдсан. Гэтэл шүүх төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүйгээр газар ашиглагч нарын газрын хэмжээ, байршил, уртраг, өргөрөг, тухайлбал солбицлыг дураараа хүссэн хэмжээ байршилд өөрчилж болдог гэсэн хууль зөрчсөн дүгнэлтийг хийж сайдын тушаал шийдвэргүйгээр солбицлыг өөрчилсөн гэх хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар болон албан тоотыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэнд гомдолтой байна. /Хх3-220, Хх3-217/

Хариуцагчаас /Хх1-9/ 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 10/6964 тоотоор манай байгууллагын хүсэлтэд хариу өгөөгүй болох нь Хх3-56 ... баримтаар тогтоогдоод байхад илтэд мушгин гуйвуулж шийдвэрийн үндэслэлээ болгосонд гомдолтой байна. Нэхэмжлэгчид /Хх1-10/ төрийн захиргааны байгууллага болох Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 396 тоот захиргааны актын хууль зүйн ач холбогдлыг үнэн зөв тодорхойлж тус захиргааны актыг хууль ёсны эрх зүйн баримт болох талаас нь дүгнэж үнэлээгүйд маш их гомдолтой байна.

Шүүгчийн захирамжид /Хх1-34,35,36/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээнд өөрчлөлт оруулдаг болохыг анхан шатны шүүх шийдвэртээ тусгаж ийнхүү захиргааны хэрэг үүсгэх үндэслэлээ болгосон. Өөрөөр хэлбэл, сайдын тушаал шийдвэргүйгээр солбицолд өөрчлөлт оруулах нь захиргааны маргаан гэж үзсэн. Гэтэл анхан шатны шүүхээс солбицолд өөрчлөлт оруулсан газрын дарга Ч.Б-ын эрх мэдэл албан тушаалын байдлаа хэтрүүлэн урвуулж ашигласан үйлдлийг зөвтгөж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шинжээчдийн /Хх4-82-90-д авагдсан/ шинжээчдийн дүгнэлтийг бодит байдлаас гуйвуулж, хууль зөрчиж, шийдвэрийн үндэслэлээ болгосон нь учир дутагдалтай байгаад гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүхийн 320 дугаар магадлалд гуравдагч этгээд “Ут” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2016/180 гэрээнд ашиглах газрын нийт талбайг 9.3 га гэсэн нь ямар учиртай болохыг тодруул гэсэн заалтаар хэргийг буцаасан. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас 2008 оны 283 дугаар тушаалаар 797 тоот гэрчилгээ олгогдож “Ут” ХХК Богинын аманд 30 га ашиглах гэрээний хугацаа дууссан, /Хх1-45 3/2070 тоот 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр, Хх7-116-119 2016/180 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр/, хариуцагч, гуравдагч этгээд нараас шүүхэд удаа дараа гэрчилгээ нь сунгагдсан бол гэрээний хугацаа дууссан эсэх нь хууль зөрчөөөгүй мэтээр тайлбарлаж, шүүхээс гурван талд гэрээнд ач холбогдол өгөөгүй, гэрээгүйгээр газар ашиглаж болно гэж зөвтгөж хууль зөрчиж, хууль бус үндэслэлийг гаргаж байгаад гомдолтой байна.

Хариуцагч гуравдагч этгээд “Ут” ХХК-ийн газар ашиглах гэрчилгээ, гэрээнд  2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А/220 тушаалаар 30 га газрыг 9.3 га газар болгосон талаар илтэд гуйвуулан дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь Улсын Дээд шүүхээс хариуцагч эрх хэмжээгээ зөв хэрэгжүүлсэн эсэхэд шүүхээс хяналт тавих учиртайг тогтоолдоо тодорхой зааж өгөөд байхад асуудлын үндсийг нь мухарлаж нягталж шалгаагүйд гомдолтой. Өөрөөр хэлбэл, “Ут” ХХК-ийн 797 тоот гэрээний хугацаа дуусч сунгагдаагүй, мөн хугацааны газрын төлбөр төлөгдөөгүй, газар ашигласны тайланг ирүүлээгүй зэрэг маш ноцтой зөрчилтэй байхад хариуцагчаас 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр А/220 дугаар тушаал гаргасан нь хууль бус болохыг дүгнэж үнэлээгүйд гомдолтой байна.

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн /Хх6-61/ А/40 дүгээр тушаалаар гуравдагч этгээд “Ут” ХХК-ийн 20.5 га газар ашиглах эрхийг бүхэлд нь цуцалсан нь үндэслэлтэй болох нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн тогтоол, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоолоор тус тус хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд гарсан. Энэхүү нөхцөл байдал нь тус маргаанд гуравдагч этгээд “Ут” ХХК эрх зүйн чадамжгүй болохыг нотолж байна. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 128//ШШ2018/0171 шийдвэрээр  гуравдагч этгээд “Ут” ХХК нь газар ашигласны төлбөрт 1.3 тэрбум төгрөг төлөх зөрчилтэй болох нь тогтоогдсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарчхаад байхад тус нотлох баримтыг бодитой үнэлээгүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс /Хх7-116-119/ 2016 оны 180 гэрээний дагуу гуравдагч этгээд “Ут” ХХК-аас 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл газрын төлбөр төлсөн эсэхийг нотлох баримтыг хариуцагчаас шаардаж гаргуулах үүргээ биелүүлээгүйд гомдолтой байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан нөхцөл байдлын талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрчүүдийн мэдүүлэгт огтч ач холбогдол өгч үнэн зөв бодитой талаас нь харьцуулан үнэлэлт өгөөгүйд гомдолтой байна. Учир нь гэрч Ц.Д /Хх7-181/ “солбицлыг сайд тушаал гаргаж өөрчлөх эсэхийг сайд шийддэг, хамгаалалтын захиргааны саналыг үндэслэнэ, зөвхөн сайдын тушаалаар орлон гүйцэтгэнэ ...” гэсэн гэрчийн мэдүүлгийг тус маргааныг үнэн зөвөөр шийдвэрлэхэд огт үнэлээгүйд гомдолтой байна. Гэрч Ч.Б /Хх7-192/ “Ут” ХХК маш том буюу 30 га газартай. Бид шат дараалан цуцалж байгаа. 20 гаруй га газрын эрхийг нь цуцалсан. “Ут” ХХК-тай 7-8 иргэн шүүхээр маргаж байгаа. Нэгэнт танай барилга барьсан учир газрыг олгоё гэж хэлж байсан. Түр орлон гүйцэтгэгчид сайдын тушаал гарна.

Хариуцагчийн эрх хэмжээгээ зөв хэрэгжүүлж чадаагүй хууль зөрчсөн талаар тогтоогдсон баримт болох Хх5-73,74, Авилгатай тэмцэх газраас 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05/5261 тоотоор хариуцагч гуравдагч этгээд “Ут” ХХК газар ашиглахтай холбоотой зөрчлийг арилгах хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай тус тоотод “Ут” ХХК-д давуу эрхийг олгосон газрын төлбөр төлөөгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.11-д заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц нөхцөл байдлыг бий болгож байна. Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгох олгохоор амлах бусдын эрхийг хязгаарлах гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна гэсэн албан шаардлага бүхий нотлох баримтын ач холбогдол үр дагаврыг зөв үнэлээгүй шийдвэртээ тусгаагүйд гомдолтой байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 78, 74 тоотыг нотлох баримтаар огт үнэлээгүй.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 6/78 тоотод гуравдагч этгээд “Ут” ХХК нь түүний охин компаниуд нь 2016 оны 7 дугаар сарын 7-ний өдрийн А/220 дугаар тушаалаар газар ашиглах эрхээ шилжүүлсэн нь 2011 оноос эхлэн мөрдөгдөж буй улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байхад төлөгдөөгүй болох нотлох баримтыг шүүхээс үнэлсэнгүй.

Хариуцагчаас анхан шатны шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02/290 тоотоор гуравдагч этгээд “Ут” ХХК болон түүний охин компаниуд нь 2016 оны ашиглах эрхээ авснаас хойш 2 жил өнгөрсөн байна. Эдгээр 7 компани нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу газрын төлбөрөө бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол цуцлах үндэслэлтэй болно гэсэн. Газар ашиглах эрхийг хүчингүй болгодог учраас дээрх компаниудын газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлтэй гэсэн албаны баримтад шүүхээс огт үнэлээгүй.

Хариуцагчаас 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 02/1532 албан тоотоор Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдын зөвлөх Б.Э-ийн нэр дээр гуравдагч этгээд “Ут” ХХК болон түүний нэр бүхий 7 охин компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон бичгийн баримтад шүүхээс ач холбогдол өгч, бодитой үнэн зөв талаас нь тус нотлох баримтыг үнэлсэнгүй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхан шатны шүүхэд хандаж 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2/701 тоотоор гуравдагч этгээд “Ут” ХХК- шүүхийн шийдвэрээр 1.7 тэрбум төгрөгийг гаргуулах тухай бичгийн баримтыг ирүүлсэн хэдий ч анхан шатны шүүхээс тус баримтыг үнэлж өр төлбөртэй иргэн аж ахуйн нэгжид тусгай хамгаалалттай газар ашиглуулахыг хориглоно гэсэн түр журмыг мөрдөхийг зөрчсөн хариуцагч болон гуравдагч этгээдийн талаар огт дүгнэлт хийсэнгүй.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 02-01/872 тоотоор хариуцагчид гуравдагч этгээд “Ут” ХХК нь ашиглаж байгаа газрынхаа эргэлтийн цэгийг устгасан нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр заалт /эзэмшиж, ашиглаж байгаа газартаа геодезийн цэг, тэмдэгт болон эдлэн газрын хил заагийн тэмдэглээсийг гэмтээх, устгах, зохих зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлэх/-ийг зөрчиж байна ... гэсэн улсын байцаагчийн дүгнэлтийг нотлох баримтаар огт үнэлээгүй.

Хариуцагч зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг гаргуулахаар анхан шатны шүүхээс шаардсан хэдий ч шаардсан баримтууд хугацаа алдсан, огт ирүүлээгүй болох нь ... баримтуудаар нотлогдох буюу шүүхээс шаардсан баримтууд дутуу бүрэн ирүүлээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 01/5400 тоотод хариуцагч хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх суурь зарчмыг ноцтой зөрчиж эрх мэдлээрээ далайлгаж шүүхийн ажиллагаанд хүнд суртал гаргаж шүүхэд хөндлөнгөөс нөлөөлж, нотолгооны ач холбогдолгүй баримт шаардлаа, наад маргаан чинь төрийн албаны маргаан биш гэх сэтгэгдлээр хандсанаас шүүх шаардсан нотлох баримтаа олж аваагүйд хүрсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас энэхүү албан бичгээрээ цаашид гаргаж өгөх нотлох баримт байхгүй болохоо илэрхийлсэн. Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарт илтэд ялгавартай хандаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудын нотолгооны ач холбогдолд бус хариуцагч, гуравдагч этгээд нарын үндэслэлгүй субъектив тайлбарт үндэслэж хэргийг хянасанд гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0746 дугаар шийдвэр нь хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв талаас үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтаар огт үнэлээгүй шалтгаанаа болон няцаасан үндэслэлээ шийдвэртээ тусгаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолыг бүрэн хэрэгжүүлээгүй, шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй, зохих дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Д с” нийгэмлэгээс 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын аманд дахь 7.1 га газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах хүсэлт гаргасан байна.  

Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 353 дугаар тогтоолоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргаан бүхий газрыг ашиглах талаарх нэхэмжлэгчийн түрүүлж өгсөн хүсэлтэд татгалзсан хариу болон нэхэмжлэгчийн дараа хүсэлтээ өгсөн болон гуравдагч этгээд болох “Э н а” ХХК-ийн хүсэлтийг хангаж газар ашиглах эрх олгосон хариуцагчийн шийдвэрийн үндэслэл нь бодитой бөгөөд хууль ёсны эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай” гэж дүгнэжээ.

Гэтэл анхан шатны шүүх “шаардлагад нийцсэн материал ирүүлсэн эсэхийг хянаж, дүгнэх эрх нь зөвхөн дээрх асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллагад хадгалагдаж байгаа бөгөөд баримт бичгийн бүрдэл дутуу, стандартад нийцсэн материал ирүүлээгүй үндэслэлээр газар ашиглах зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй, ... тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах тухай шийдвэрийг ... энэхүү асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргах бөгөөд хүсэлт ирүүлсэн этгээдийн материалд үнэлэлт өгч шийдвэрлэх эрх нь зөвхөн дээрх төрийн захиргааны байгууллагад хадгалагдаж байна” гэж дүгнэн нэхэмжлэгчийн маргаж буй асуудал буюу нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлтэд татгалзсан хариу өгсөн, гуравдагч этгээд “Эко ногоон дэлхий” ХХК-д газар ашиглуулахаар шийдвэрлэсэн, “Ут” ХХК-ийн газрын солбицол өөрчилсөн шийдвэрүүд нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, тус шийдвэрүүд нь ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгаа талаар нотлох баримт цуглуулж, шаардлагатай ажиллагааг бүрэн хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагчийн шийдвэрийн үндэслэл нь хууль тогтоомжид нийцсэн, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хүсэлтийг зөв үнэлж шийдвэрлэсэн эсэхэд холбогдох нотлох баримтыг үндэслэн дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх үүсээгүй, эрх нь зөрчигдөөгүй этгээдийн шаардсанаар гуравдагч этгээдийн газар ашиглах эрх хууль ёсны эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй ... шаардах эрх үүсээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээд нь гуравдагч этгээд “Ут” ХХК-ийн ашиглаж буй газрын кадастрын солбицлыг өөрчилсөн, гуравдагч этгээд “Э н а” ХХК-д газар ашиглуулах шийдвэрүүд гарахаас өмнө маргаж буй газрыг ашиглах талаар хүсэлтээ гаргасан нь тогтоогдсон байх тул газар ашиглах эрх олж авах уг хүсэлтээ шийдвэрлүүлэх талаар маргах эрхтэй байна.

1. Гуравдагч этгээд “Ут” ХХК-д Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс Богины аманд 30 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг зөвшөөрч, тус тусгай зөвшөөрлийн хугацааг 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 5 жилийн хугацаагаар сунгаж, мөн сайдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар тус компанийн 30 га газраас 20.7 га газрын газар ашиглах эрхийг нэр бүхий компаниудад шилжүүлэн, “Ут” ХХК нь 9.3 га газар ашиглах эрхтэй[1] үлдсэн бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр газар ашиглах гэрчилгээний хавсралтад өөрчлөлт оруулснаар нэхэмжлэгчийн ашиглахаар хүсэлт гаргасан газартай “Ут” ХХК-ийн ашиглах эрхтэй 9.3 газар 23102 м.кв хэмжээгээр давхацсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.

Нэхэмжлэгчээс сайдын тушаал шийдвэргүйгээр гуравдагч этгээд “Ут” ХХК-ийн газар ашиглах 797 тоот гэрчилгээний хавсралт дахь 30 га газрын кадастрын анхны эргэлтийн цэг, тэмдэг буюу солбицлуудыг 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрчилсөн нь хууль бус байсан болохыг тогтоолгохоор шаардсан. Гэтэл нэхэмжлэлийн уг шаардлагыг нотлох баримтууд хэрэгт авагдаагүй гэж үзэхээр байна. Тухайлбал, хариуцагчаас гуравдагч этгээд “Ут” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний солбицлуудыг өөрчлөхдөө өөрчилж буй солбицлоор олгогдох газар нь бусад газар ашиглагч нарын ашиглаж буй газартай давхацсан эсэхийг хэрхэн шалгаж, тогтоосны үндсэн дээр солбицлыг өөрчилсөн нь тодорхойгүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын  газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Б-аас 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ч-т хүргүүлсэн 09/72 дугаар[2] албан бичгээс үзвэл “газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгах, орц, гарц гаргах, газрын кадастрын зурганд өөрчлөлт оруулах, солбицол өөрчлөх ... тохиолдолд хариуцсан газрын хамгаалалтын захиргаа нь тодорхойлолт гарган Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх ёстой” гэжээ. Иймд газрын кадастрын зургийн солбицолд өөрчлөлт оруулах эрх хэмжээ хэнд олгогдсон, ямар журмын дагуу зохицуулагдах ёстой, хариуцагчийн үйл ажиллагаа хуулиар зөвшөөрөгдсөн эсэхийг тогтоох нь зүйтэй байна.

2. Гуравдагч этгээд “Э н а” ХХК 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан Хан-Уул дүүрэг Богины аманд 4 га газар ашиглах хүсэлт гаргасан байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 608 тоот албан бичгээр “Э н а” ХХК-ийн хүсэлт гаргасан 4 га талбай бүхий газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий талбайтай давхцалгүй болохыг тодорхойлжээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар гуравдагч этгээд “Э н а” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газар Баруун Богины аманд 4.01 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах зөвшөөрөл олгожээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ”, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3 дугаар зүйлийн 3.7-д “Тусгай хамгаалалттай газар нутагт  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглахаар санал гаргаж буй газрууд давхацсан тохиолдолд төслүүдэд нь хяналт шинжилгээ хийж байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний зардал, үр өгөөжийн байдал зэргийг харгалзан сонголт хийнэ” гэж тус тус заажээ.

Хариуцагчаас маргаан бүхий газарт нэхэмжлэгчид бус гуравдагч этгээд “Э н а” ХХК-д газар ашиглах зөвшөөрөл олгосон үндэслэлээ хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн ирүүлсэн төслүүдээс сонголт хийсэн гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, төслүүдийг хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь гуравдагч этгээд “Э н а” ХХК-аас өмнө буюу 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах хүсэлт гаргаж, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 396 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан 7.01 га газар нь бусад газар ашиглагч нарын газартай давхцалгүй болохыг тодорхойлсон. Гэтэл гуравдагч этгээд “Э н а” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар газар ашиглахыг зөвшөөрсөн атал 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 10/6964 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хариу хүргүүлэхдээ “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахаар ирүүлсэн бичиг баримтын бүрдэл дутуу байгаа” гэсэн үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэжээ.

Иймд хариуцагчаас нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлт нь хууль, журамд заасан ямар шаардлагыг хангаагүй, бүрдэл дутуу гэж үзсэн, гуравдагч этгээд “Э н а” ХХК-ийг ямар шаардлагыг хангасан гэж үзэж газар ашиглуулахаар шийдвэрлэсэн талаар тодруулах нь зүйтэй. Мөн уг шийдвэр үндэслэлтэй байсан эсэхийг нотлох баримтуудыг авах, хариуцагчийн дээрх үйл ажиллагаа нь Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3 дугаар зүйлийн 3.2-т “Шаардлага хангаагүй тохиолдолд татгалзсан шалтгаан, үндэслэлийг тодорхой бичсэн албан тоотыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ажлын 15 хоногийн дотор явуулна. Дээрх шалгуурыг бүрэн хангасан тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлнэ” гэж заасанд нийцсэн эсэх талаар холбогдох нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй байна.

3. “Э н а” ХХК-аас 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 15/12 тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутгийн Баруун Богины ам нэртэй газарт 4.01 га талбайг ашиглах 2015/757 тоот газар ашиглах гэрчилгээ олгогдсон тул газар ашиглах гэрээ байгуулах хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан байна. Хэрэгт авагдсан 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2015/065 дугаар гэрээнд “Э н а” ХХК нь маргаан бүхий газар буюу Богины аманд бус Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд, ашиглах талбайн хэмжээ 4.01 га, 40.1 га зэргээр нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлүүдийг нотлох, няцаах баримтууд тухайлбал “Э н д” ХХК газар ашиглаж байгаа эсэх, ашиглаж байгаа бол газрын байршил, хэмжээ, гурван талт гэрээ зэрэг нотлох баримтуудыг авах нь хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

4. Нэхэмжлэгчээс тухайн газарт оруулсан хөрөнгө оруулалтаар хохирох нөхцөл байдал үүссэн гэж зөрчигдсөн гэж үзэж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо тодорхойлсон бөгөөд Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч хуулийн этгээд маргаан бүхий газарт 2018 оны 7 дугаар сарын байдлаар 663,181,600 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоосон байна. Иймд маргаан бүхий газарт оруулсан нийт хөрөнгийн дээрх хэмжээ нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн өөрийн хөрөнгө мөн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол мөн гэж үзэх үндэслэлтэй эсэх талаар холбогдох нотлох баримтуудыг авах нь зүйтэй байна.

Иймд энэхүү магадлалд дурдсан дээрх ажиллагааг хийсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0726 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

 


[1] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 552 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 499 дүгээр тогтоолоор газар ашиглах эрх дуусгавар болсон.

[2] Хэргийн 1 дүгээр хавтас, 80-р тал