| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 160/2017/0046/Э |
| Дугаар | 473 |
| Огноо | 2020-09-16 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 473
Б.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Э.Ганбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.М, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 717 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох 201515000435 дугаартай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор П.Нямцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 8,160,834 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ц-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор П.Нямцэцэг бичсэн эсэргүүцэлдээ “...давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.О-н мэдүүлэг /1хх-ийн 77-78/, насанд хүрээгүй гэрч Б.Н-н мэдүүлэг /1хх-ийн 102/, насанд хүрээгүй гэрч М.Ж-н мэдүүлэг /1хх-ийн 103/, насанд хүрээгүй гэрч З.А-н мэдүүлэг/1хх-ийн 105/, насанд хүрээгүй гэрч Ц.Б-н мэдүүлэг /1хх-ийн 106/, насанд хүрээгүй гэрч Ц.Г-н мэдүүлэг /1хх-ийн 108/, насанд хүрээгүй гэрч Т.Д-н мэдүүлэг /1хх-ийн 112/, насанд хүрээгүй гэрч Г.С-н мэдүүлэг /2хх-ийн 222/-ээр гэрчүүд цагдаагийн газарт хамт байгаагүй боловч хохирогч өөрөө цагдаагийн газарт болсон асуудлын талаар ярьсныг гэрчилж байгаа учир ач холбогдолтой юм. Харин гэрч Ч.О/1хх-ийн 92/, Ж.М /1хх-ийн 93/, Б.Э /1хх-ийн 94/, Э.А /1хх-ийн 95/, Н.Т /1хх-ийн 96/ нар нь “...манай өрөөнд байсан албан хаагч нараас Ц.Г гэдэг хүүхдийг цохиж зодсон, зүй бус харьцаж цохисон зүйл болоогүй...” гэж мэдүүлсэн байх боловч мэдүүлэг өгсөн гэрчүүд Б.Б-тэй ямар хамааралтай, ямар байдалтай мэдүүлэг өгч байгаа шалтгааныг шүүх шийдвэр гаргахдаа харгалзаж үзээгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт Б.Б талийгаачийн хажууд очиж байгаа нь 4 дүгээр камерын 16 цаг 51 минут 44 секундийн бичлэгт, хаалгаар гарч ирж байгаа нь 9 дүгээр камерын 16 цаг 51 минут 59 секундийн бичлэгт бичигдсэн ба дээрх хугацаанд талийгаачтай хамт камерын бичлэгт орохгүй хэсэгт байх боловч Б.Б биеийн хүчний хөдөлгөөн хийж байгаа нь түүний хөл ухарч гишгэж байгаа хөдөлгөөнөөс харагдаж байна. Мөн талийгаач тухайн цаг хугацаанаас өмнөх бичлэгүүд дээр болон хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр ямар ч зовуургүй байсан болох нь тогтоогдож байх ба түүнээс хойш бичлэгүүд дээр доош сууж байгаа болон гадагшаа гарахдаа доголох зэргээр клиник шинжүүд илэрч байгаа нь харагдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудад үндэслэн.тэдгээрийн ач холбогдол, харилцан хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар дүгнэлт хийж шийдвэр гаргах ёстой. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболдын 151 тоот дүгнэлт /1 хх-н 134-135/, шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлэг /1хх-ийн 195-196/, шинжээч эмч Ө.Сарангэрэл, Н.Туяа, Ц.Бадрал нарын 976 тоот дүгнэлт /2хх-ийн 248- 249/, шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мэдүүлэг /2хх-ийн 145-146/, шинжээч эмч Т.Амартүвшин, Г.Энхбаатар, Т.Чимэд-Очир, Б.Батцолмон, С.Батзориг нарын 1131 тоот дүгнэлт /4хх-ийн 1-5/, шинжээч нарын 1161 дугаартай дүгнэлт /5хх-ийн 182/, шинжээч эмч Б.Ариунзулын дүгнэлт /15хх-ийн 183-184/ зэрэг дүгнэлтүүдээс үзэхэд дээрх гэмтлийг авсан тохиолдолд толгой эргэх, дотор муухайрах шинж тэмдэг тэр даруй илрэх ба цааш ухаан алдах хүртлээ тодорхой хугацаанд үргэлжилж болно гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл Б.Б нь хохирогч Ц.Г-ийн толгой руу олон удаагийн давтамжтай цохисон санаатай үйлдлийн улмаас тархины хажуугийн ховдлын цус харвалт үүсч улмаар тархины комд орж нас барсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд амь хохирогч нь нас барахаасаа өмнө насанд хүрээгүй гэрч нарт гэмтэл учруулсан субъектийг шууд заасан гэж үзэж байна. Хохирогч олон удаагийн давтамжтай цагдаад зодуулсан талаар мэдүүлсэн мэдүүлэг, түүний биед учирсан гэмтлийн клиник шинжүүдээс харахад цагдаагийн газарт байх хугацаандаа үхэлд хүргэсэн гэмтлийг авсан байх боломжтой болох нь тогтоогдсон байна. Мөн давж заалдах шатны шүүх цагдаагийн албан хаагчдын мэдүүлгийг ямар үндэслэлээр үгүйсгэсэн талаар дүгнэлт хийж чадаагүй. Хохирогч ангийнхаа хүүхдүүдэд “цагдаад балбуулсан” гэж хэлснээс үзэхэд олон удаагийн давтамжтай толгой руугаа цохиулсан гэж ойлгогдож байна. Насанд хүрээгүй гэрч нарын дээрх мэдүүлгийг ямар учраас эргэлзээтэй гэж дүгнэсэн талаар тайлбарлаагүй. Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.М шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийг олон жил, олон газар дамжуулж, н.Б, н.Ж нарын үйлдлийг хангалттай шалгасан бөгөөд тэднийг амь хохирогчийн үхэлд буруугүй болохыг тогтоосон. Анхан шатны шүүх тус хэргийг үйлдсэн этгээдийг зөв тогтоож, тохирсон ял оногдуулсан. Зөвхөн насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж гэм буруутайд тооцсон гэж байгааг ойлгохгүй байна. Учир нь амь хохирогч “Хан хөгшин” гэх нэртэй дэлгүүрийн эзэн Б.О-т цагдаад зодуулсан талаараа хэлсэн болохыг мэдүүлсэн байгаа. Мөн ангийнхаа хүүхдүүдэд болсон үйлдлийн талаар хэлсэн. Насанд хүрээгүй гэрч М.Ж, З.А, Ц.Б, Ц.Г нар нь худал мэдүүлж, цагдааг гүтгэх шаардлага байсан эсэхийг анхаарах хэрэгтэй. Миний хувьд дээрх гэмт хэргийг Б.Б үйлдсэн гэх итгэл, үнэмшилтэй байдаг. Б.Б хэргийн бодит байдлыг тогтооход санаатай саад учруулж байсан. Өөрийн санаачилгаар хүмүүсийг мэдүүлэг өгөхийг шахаж шаардаж явсан, мөрдөн байцаалтад оролцсон, насанд хүрээгүй гэрч Г.С-н мэдүүлэг өөрчлөгдөхөд нөлөөлсөн зэрэг асуудлаар олон удаа гомдол гаргаж байсан. Б.Б-н үйлдлийг шүүхээс ашигтайгаар шийдвэрлэхэд хүний амь нас хохирсон хэргийг шалгах боломж үйлдэх эсэхийг анхаарч шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад бодитой дүгнэлт хийж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн. Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Прокурорын бичсэн эсэргүүцэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. Ц.Б нарын 4 хүн амь хохирогчид хүч хэрэглэж зодсон нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. Мөн сидинд хийсэн үзлэг, цагдаагийн албан хаагч нарын мэдүүлэг зэргээр тус өрөөнд амь хохирогчид хүч хэрэглэсэн үйлдэл болоогүй болох нь хангалттай тогтоогддог. Амь хохирогч цагдаагийн өрөөнд байхдаа дотор нь муухайрч, сууя, гаръя гэж байснаас үзэхэд гэмтлийн клиник шинж илэрсэн байх боломжтой. Тус хэрэгт 9 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд гэмтлийн клиник шинж илрэх, амь насаа алдах цаг хугацааг тодорхойлох боломжгүй гэдгийг хангалттай дүгнэсэн. 17 секундэд амь хохирогч үхэлд хүрэх гэмтэл авах боломжийг дүгнэх боломжгүй, зөвхөн таамаглал юм. Б.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан зүйл байхгүй. Тэрээр эрүүгийн төлөөлөгч, гэмт хэрэг илрүүлэх үүрэг бүхий субъект учраас удирдах албан тушаалтнаас авсан үүргийнхээ дагуу ажиллагаа хийсэн. Харин насанд хүрээгүй гэрч нар нь тухайн цаг хугацаанд цагдаагийн хэлтэст болсон үйл баримтыг нүдээр хараагүй учраас тэдний мэдүүлэг дамжмал нотлох баримт юм. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учир хэвээр үлдээх үндэслэлтэй. Анхан шатны шүүх насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Амь хохирогч насанд хүрээгүй гэрч нартай тархины гэмтэл авсны дараа уулзсан учир түүний хэлсэн зүйлсийг үнэн зөв гэж үзэх боломжгүй нөхцөл байдал үүснэ. Тийм учраас насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэлтэй. Насанд хүрээгүй гэрч нар нь амь хохирогчоос биеийн байдлыг нь асуухдаа хөтөлсөн байдлаар асуухад нь хариулсан болохоос биш болсон үйл явдлын талаар тодорхой ярьсан зүйл байхгүй. Мөн Б.Б амь хохирогчийн толгойд цохисон гэх үйлдэл нотлогдоогүй учир давж заалдах шатны шүүх шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн. Харин н.Б, н.Ж нарын хохирогчийг цохисон үйлдэл нь нотлогдож тогтоогдсон буюу амь хохирогч цагдаагийн өрөөнд байхдаа дотор нь муухай болж, сууя, гаръя гэж байсан нь тархины гэмтлийн анхны шинж тэмдэг юм. Тархины гэмтлийг авсны дараа тодорхой хугацаанд үйлдэл хийх боломжтой. Харин тархины ховдолд цус харвасан тохиолдолд үйлдэл, хөдөлгөөн хязгаарлагдана. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хяналтын шатны шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор П.Нямцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.
Прокуророос Б.Б-г 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16:28:32 цагаас 17:27:44 цагийн хооронд Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэст бусдын гар утас, эд зүйлийг дээрэмдсэн хэрэгт сэрдэгдсэн 17 настай Ц.Г-г ажлын өрөөндөө толгой руу нь олон удаагийн давтамжтай цохисноос Ц.Г нь тархины хажуугийн ховдлын цус харвалтын улмаас комд орж нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хавтаст хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх зарчмыг хангаж чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Мөн давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцээгүй, Б.Б-г буруутгах үндэслэл, нотлох баримт хангалттай цуглараагүй, үйл баримт эргэлзээтэй хэмээн үндэслэлтэй дүгнэсэн атлаа хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах ёстой байтал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний алдаатай, оновчгүй шийдвэр болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай зохицуулалт нь мөрдөгч, прокуророос хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн шалгаж, хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг гүйцэт бүрдүүлж, хэргийг шүүхэд шилжүүлсний эцэст хэрэгт цугларсан баримтуудаар хэргийн үйл баримтыг бодитой тогтоож чадаагүй, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутайг хөтөлбөргүй тогтоож, эрх зүйн дүгнэлт хийхэд эргэлзээ үүссэн тохиолдолд сая тэдгээрт ашигтайгаар буюу гэм буруугүйд тооцож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалт юм.
Харин нотлох баримтын бүрдлийг эс хангах, шаардлагатай бүх ажиллагааг хийхгүй байдлаар мөрдөн байцаалтыг дутуу дулимаг явуулсан тохиолдолд шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх зарчмыг шүүх баримтлах нь хэргийн үйл баримт буюу жинхэнэ байдлыг гуйвуулах байдлаар гэмт этгээдэд ял завших боломж олгох эрсдэлтэй. Хэргийн үйл баримт тогтоогдсон эсхүл эс тогтоогдсон тухай дүгнэлт байхаас бус шүүгдэгчид ашигтай үйл баримтын хувилбар гэж байх боломжгүй юм.
Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс Б.Б-г цагаатгаж шийдвэрлэх нотлох баримтын дараагийн үндэслэл болох мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч нарын өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг эргэлзээтэй гэж үзэж нотлох баримтаар тооцоогүй нь нотлох баримтын эх сурвалжийг үнэлэх талаар алдаа гаргасан гэж үзнэ. Гэрч нар хэргийн талаарх мэдээ, мэдээллийг шууд хохирогчоос авсан болохоо зөрүүгүй илэрхийлсэн нь гэрч тухайн хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон шалтгаанаа бодитой тайлбарлах шаардлагыг хангасан гэж үзэхээр байна. Гэрчийн зөвхөн нүд үзсэн үйл баримтаас гадна найдвартай эх сурвалжаас сонссон, дамжуулан авсан, судлан олсон баримт сэлтийг ч хэргийн ач холбогдол бүхий нотлох баримтад тооцох ёстой. Хэд хэдэн гэрчийн мэдүүлгүүдийг дээрх шалтгаанаар хассан нь шүүгдэгчийг гэм буруугүй болохыг урьтал болгон цагаатгах талын нотлох баримтад хэт тулгуурласан гэж дүгнэхээр байна.
Нэр бүхий насанд хүрээгүй гэрч нар нь гэмт хэрэг гарсан байж болзошгүй цаг хугацаанд амь хохирогчтой хамт цагдаагийн газарт очоогүй, нүдээр үзээгүй боловч амь хохирогч нь болсон үйл явдлаас хэсэгхэн хугацааны дараа биед учирсан зовуур, шаналгааны улмаас товч байдлаар өөрийн эрүүл мэндэд ямар этгээдүүд халдсан болохыг гэрч нарт мэдээлснийг нотолгооны ач холбогдлыг сулруулах нөхцөл байдлууд бий эсэхийг бодитой тооцон үзсэний эцэст зохих ёсоор үнэлж дүгнэх ёстой атал нэг эх сурвалжтай, зөрүүгүйгээр өгсөн хэд, хэдэн гэрчийн мэдүүлгүүдийг огт ач холбогдолгүй, эргэлзээтэй гэж үзсэн нь хэт нэг талыг баримталсан шинжтэй байна.
Үүнээс гадна уг хэрэгт шүүгдэгч Б.Б-ээс гадна С.Б, Л.М, Б.Ж, Ц.Б нар шалгагдаж, тэдгээр нь амь хохирогчид ямар нэгэн байдлаар биеийн хүч үзүүлсэн, зодсон болох нь тогтоогдсоноор чухам хэний үйлдлээс хохирогч амь хохирсон талаар талуудын хооронд маргаан гарч хэрэгт онцгой ач холбогдол бүхий нөхцөл байдал үүссэн байхад шүүх үүнийг үндэслэл, нотолгоо гаргаж таслан шийдвэрлэхийн оронд үл анзаарах, ач холбогдол өгөхгүй байх байдлаар анхааран үзээгүй байгаа нь ноцтой үр дагавар үүсгэх эрсдэлтэй байна. Зарим яллагдагч нарын гэм буруугийн талаар үндэслэл султай дүгнэлт хийснээр бусад сэжигтэн, яллагдагч нарын эрх зүйн байдлыг баттай нотлох баримтад тулгуурласан үндэслэл, шалтгаангүйгээр эрс дордуулж болзошгүйг анхаарах нь зүйтэй.
Эцэст нь энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6 дахь заалт буюу гэмт хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй гэсэн үндэслэлүүдээр шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор П.Нямцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 717 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг прокурорт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН