Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00403

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00403

 

 

************гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/03464 дугаар шийдвэртэй,

************гийн нэхэмжлэлтэй, **********, *********, ******** нарт холбогдох,

Хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 байр, 27 тоот хаягт байрлах, 74.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 байр, 27 тоот хаягт байрлах, 74.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, ************ нь орон сууцны өмчлөлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан болохыг тогтоолгох тухай **********, ********* нарын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, хариуцагч ********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, хариуцагч *********, ********** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ************гийн охин Байгалмаа нь Япон улсад байхдаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 57 дугаар байрны 27 тоот, 3 өрөө байрыг Япон улсын иргэн Нишино Ёошимасад урьдчилгаа төлбөрийг нь төлж, ************ тэтгэврийн хуримтлалаасаа үлдэгдэл 30,000,000 төгрөгийг төлж дуусган, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ү-2206017701 дугаарт бүртгүүлэн өөрийн нэр дээр авч, хууль ёсны өмчлөгч болсон.

Нишино Ёошимаса нь тус байранд **********, түүний нөхөр ********* гэх хүмүүс амьдарч байгаа шууд гарах ёстой гэж хэлсний дагуу очоод энэ сууцыг худалдан авснаа хэлээд чөлөөлж өгнө үү гэхэд үгийн зөрүүгүй хаалгаа хаасан. Тэр ч байтугай ************д холбогдуулж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст сууцны асуудлаар гомдол гаргаж шалгуулсан.

Уг сууцны маргааны асуудлаар охиноороо дамжуулж Ё.Нишинод хэлүүлэхэд ...наад хүмүүс чинь байр худалдаж авна гээд төлбөрөө төлөөгүй, гэр бүлээрээ надаас зээлийн гэрээ болон хамтран ажиллах гэрээний дагуу мөнгө зээлээд төлөхгүй байгаа. Тиймээс гэрээ нь цуцлагдсан. Байрнаас гарах ёстой гэж тайлбарласан.

Ийнхүү анх 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргахад тус шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд **********гийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох сууцны ************гийн өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг **********гийн нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгах тухай захиргааны хэрэг үүссэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар тус захиргааны хэрэгт ************ нь гуравдагч этгээдээр оролцож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0398 дугаар магадлалаар хэвээр үлдсэн, магадлалд **********гийн гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд шүүхээс 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 414 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан.

Уг захирамжид ********** нь гомдол гаргасны дагуу Монгол Улсын Дээд шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 134 дүгээр Гомдлыг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хэвээр үлдээх тухай шүүхийн тогтоол тус тус гарч, энэхүү захиргааны хэрэг нэг мөр шийдвэрлэгдсэн.

Ийнхүү захиргааны хэргийн 3 шатны шүүх нь **********гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хугацаанд эдгээр хүмүүс байранд амьдарсаар байсан тул хоёр дахь удаагаа 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00865 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нар байр албадан чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцэж байх үед Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ************, Л.Алтанзул, Нишино Ёошимаса нарт холбогдуулж, маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, Л.Алтанзул ************ бид хоёрын хооронд хийгдсэн байр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгүүлсэн байсан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс Баянзүрх дүүргийн иргэний шүүх дээр үүссэн маргааныг шийдвэрлэж дууссаны дараа энэхүү байр албадан чөлөөлөх иргэний хэргийг шийдвэрлэнэ гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

Дээрх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр үүссэн ************, Л.Алтанзул, Нишино Ёошимаса нарт холбогдох иргэний хэргийг тус шүүхийн шүүгч нь хянаад 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэхүү захирамжид хариуцагч нар гомдол гаргасан боловч тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШТ2019/00001 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.

**********, ********* нар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нишино Ёошимаса болон Ж.Одончимэг нарт холбогдуулж сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч ************ нь худалдан авсан байраа өмчлөгчийн хувиар ашиглаж чадахгүй байгаагаас гадна дээрх захиргааны хэрэгт өмгөөлөгчид 3,000,000 төгрөг, иргэний хэрэгт өмгөөлөгчид 2,000,000 төгрөгийг тус тус төлж хөрөнгө мөнгөөрөө давхар хохирч байна.

Хариуцагч нар нь бусдын өмчлөлийн байранд ийнхүү 3 жил гаруй хугацаанд ямарваа нэгэн шалтаг тавьж, удаа дараа шүүхэд хандах зэргээр хугацаа авч өмчлөгч миний эрхийг зөрчсөөр байна. Сүүлд дахин тус байран дээрээ очиход **********, ********* нар нь амьдрахаас гадна түүний төрсөн хүү болох ******** нь хамт амьдарч байсан. Энэхүү иргэдийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлоо ************ миний бие цаашдаа шаардах болно. ************ миний бие дээрх үндэслэлээр 3 дахь удаагаа энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Иймд *********, **********, ******** нарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 57 дугаар байр, 27 тоот орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч **********, ********* нарын татгалзал, тайлбарын агуулга: ********** нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн Нишино Ёошимасатай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 байрны 27 тоотод байрлах Ү-2206017704 улсын бүртгэлийн дугаартай, 74.7 м.кв талбайтай орон сууцыг 70,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлж, 2013 оны 04 дүгээр сард төлбөрийг бүрэн төлж дуусгасан.

Бидний зүгээс орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж дууссан тул Нишино Ёошимасагаас өөрийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэн өгөхийг шаардсан боловч банкны барьцаанд байгаа гэсэн шалтгаанаар нэр шилжүүлэн өгөхгүй байсан тул арга буюу 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд Нишино Ёошимаса болон түүний орчуулагч Ж.Одончимэг нарт холбогдуулан гэрээний үүргээ биелүүлсэнд тооцож, уг маргааны зүйл болсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн газарт өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж, илүү төлсөн 8 сая төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Гэрээ байгуулсны дараа Нишино Ёошимаса нь байрны үнэ огцом нэмэгдэж байна, би та нарт хүүгүй зээлээр сууцаа зарж байгаа гэж тайлбарласан тул 8 сая төгрөг гэрээний үнээс илүү төлсөн болно. Уг нэхэмжлэлийн дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэж, Улсын дээд шүүхээс Гадаад хэргийн яамаар дамжуулан шүүхийн даалгавар хүргүүлсэн боловч Япон улсын Дээд шүүхээс Монгол Улсын Дээд шүүхийн хүсэлтийг хүлээн авч, эрх үүрэг тайлбарлах боломжгүй гэх хариуг ирүүлсэн байдаг. Ингээд хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр Нишино Ёошимасад холбогдох хэргийг тусгаарлаж, Ж.Одончимэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Гэтэл Нишино Ёошимаса нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдмэгцээ, уг иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр урьд нь өөрийн хамтран амьдарч байсан Э.Оюумаагийн ээж ************ гэх хүнд дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн байдаг. Нишино Ёошимаса нь орон сууцыг бусдад худалдаж, шилжүүлж буй талаар бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд ************ гэдэг хүний зүгээс байр авна гэж ирж үзэж харж байсан удаа огт байхгүй. Сүүлд 2016 оны 07 дугаар сард ************ нь гэнэт гарч ирэн миний байрыг суллаж өг, би энэ байрны өмчлөгч байна гэх болсон. Бидний зүгээс удаа дараа өмчлөл шилжүүлж авахаар шүүхэд хандаж байсан боловч Нишино Ёошимаса нь Монгол улсад оршин суудаггүй, оршин суугаа хаяг тодорхойгүй тул нэхэмжлэл гардуулах боломжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нишино Ёошимасаг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хангаж, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/00083 тоот шийдвэрээр түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гарсан.

Ингээд **********, ********* нар нь өөрсдийн төлбөрийг нь бүрэн төлсөн орон сууцыг ************ гэх хүн өөрийн нэр дээр шилжүүлэн авсныг мэдмэгцээ Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхэд ************д олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 256 тоот шүүхийн шийдвэрээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, маргаан бүхий байрыг өмчлөх эрхтэй гэдгээ харьяалах шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой, улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчсөн асуудал тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр давж заалдах шатны шүүхээр хэвээр үлдээж, хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 414 тоот шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан.

Дараа нь **********, ********* нар нь 2018 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Алтанзул, ************ нарт холбогдуулж тэдний хооронд байгуулагдсан маргаан бүхий орон сууцыг буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ гудамж, 57 дугаар байрны 27 тоот хаягт байрлах орон сууцыг худалдах, худалдан авах 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг шүүх хүлээн аваад 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 101/Ш32018/05638 тоот шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Ингээд нэхэмжлэгч нарын зүгээс Япон улсын иргэн Нишино Ёошимасаг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 101/Ш32018/15479 тоот шүүгчийн захирамжаар Нишино Ёошимасаг хамтран хариуцагчаар татсан. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/Ш32018/20107 тоот шүүгчийн захирамжаар Нишино Ёошимасагийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг захирамжид нэхэмжлэгч нарын зүгээс гомдол гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШТ2019/00001 тоот захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Уг маргаан хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ************гийн нэхэмжлэлтэй, **********, *********, ******** нарт холбогдох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоотод орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай маргаан хянан шийдвэрлэгдэж байсан. **********, ********* нарын зүгээс маргаан бүхий орон сууцыг ************ нь худалдан авсан гэх орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай маргаан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс уг хүсэлтийг хүлээж авалгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1335 тоот шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/01618 тоот тогтоолоор хэвээр үлдээжээ.

Энэ мэт байдлаар **********, ********* нар боломжит бүх арга хэмжээг авч, холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж ирсэн боловч Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн оршин суугаа хаяг тодорхойгүй шалтгаанаар уг маргаан хянан шийдвэрлэгдэх боломжгүй нэг ёсондоо гацаанд орсон.

********** нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоотод байрлах Ү-2206017704 улсын бүртгэлийн дугаартай 74.7 м.кв орон сууцыг хууль ёсны дагуу худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу үнийг бүрэн төлж уг орон сууцыг авсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ********ийн татгалзал, тайлбарын агуулга: ********** нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн Нишино Ёошимасатай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр. Туул гол гудамж, 57 дугаар байр, 27 тоотод байрлах Ү-2206017704 улсын бүртгэлийн дугаартай 74.7 м.кв орон сууцыг 70,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Улмаар ********** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрийг 2013 оны 04 дүгээр сард бүрэн төлж дуусгасан тул Нишино Ёошимасагаас өөрийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэн өгөхийг шаардахад банкны барьцаанд байгаа гэсэн шалтгаанаар нэр шилжүүлэн өгөхгүй байсан тул арга буюу 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд Нишино Ёошимаса болон түүний орчуулагч Ж.Одончимэг нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан. Миний ээж ********** нь хууль ёсоор уг үл хөдлөх хөрөнгийг олж авсан тул өмчлөгчөөр тогтоолгохоор удаа дараа шүүхэд хандаж байсан боловч Нишино Ёошимасагийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр эцэслэн шүүхээр шийдвэрлэж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Нишино Ёошимаса нь Япон улсаас Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй өмгөөлөгч нарт итгэмжлэл олгон миний аав ********* болон ******** надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж байсан бөгөөд дээрх хэргүүд бүгд шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэгдэж дууссан. Япон улсын иргэн Нишино Ёошимаса нь Б Нийгүүсүрэнг шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдмэгцээ уг иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үрьд нь өөрийн хамтран амьдрагч эмэгтэй болох Э.Оюумаагийн ээж ************ гэх хүнд дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн. ********** нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 байрны 27 тоотод байрлах, Ү-2206017704 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хууль ёсны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу үнийг бүрэн төлж, уг орон сууцыг авсан. Иймд ******** би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч **********, ********* нарын сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ********** нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн Нишино Ёошимасатай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот орон сууцыг 70,000,000 төгрөгөөр тохиролцож, зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Уг худалдах, худалдан авах гэрээгээр орон сууц худалдаж авсны урьдчилгаа төлбөрт тухайн өдрөө 14,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 56,000,000 төгрөгийг сар бүр 2,000,000 төгрөгөөр төлж барагдуулан 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон хэдий ч хугацаанаасаа өмнө бүрэн төлж барагдуулсан. Орон сууц худалдан авсны төлбөрийг **********, ********* нар нь Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн Голомт банкинд эзэмших 1605013644 тоот дансанд шилжүүлж байсан бөгөөд төлбөр тооцоо бүрэн дууссан. Гэтэл Нишино Ёошимаса нь банкны барьцаанд байгаа, барьцаанаас сулласны дараа шилжүүлж өгнө гэх шалтаг хэлсээр байрыг шилжүүлж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. **********, ********* нар нь уг орон сууцыг шударгаар, гэрээний дагуу зохих үүргээ биелүүлсний үндсэн дээр шударгаар олж авсан үл хөдлөх хөрөнгө юм. Гэтэл Л.Алтанзул нь Япон улсын иргэн Нишино Ёошимасагаас авсан итгэмжлэлийн дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 74.7 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг ************д 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 30,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж нэр шилжүүлсэн байдаг. 2014 онд орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийснээс хойш ********** би өнөөдрийг хүртэл тасралтгүй амьдарч байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хэн нэгэн хүн уг орон сууцыг худалдан авахаар үзэж сонирхож байсан удаа байхгүй. Гэтэл ************ уг орон сууцыг огт орж үзэж байгаагүй атлаа гэнэт өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэх үндэслэлээр өмчлөгч болсон тул орон сууцыг чөлөөлөхийг шаардсан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 дугаар байрны 27 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шийдвэрлэхэд шударга өмчлөгч хэн бэ гэдэг асуудал зайлшгүй хөндөгдөх юм. ********** нь ************гаас 5 жилийн өмнө Нишино Ёошимасатай орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнийхээ дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулан, анх гэрээ байгуулсанаас хойш уг орон сууцанд тасралтгүй амьдарч байгаа хүн юм. ************ нь Нишино Ёошимасад 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр маргаан бүхий орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний дагуу ямар нэгэн төлбөр төлсөн баримт байдаггүй. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 74.7м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгч **********, ********* нар болохыг тогтоож, ************г үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд буюу сөрөг нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр тогтоол, шүүгчийн захирамж байх тул, мөн байрны гэрчилгээг үндэслэлгүйгээр олж авсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, тодорхойгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 57 дугаар байр, 27 тоот хаягт байрлах 74.7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ************гийн нэхэмжлэлийг, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, ************ нь орон сууцны өмчлөлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр олж авсан болохыг тогтоолгох тухай хариуцагч **********, ********* нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,015,900 /507,950+507,950/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 5 дахь хэсэгт ********** нь Япон улсын иргэн Нишино Ёошимаса нар нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр. Орон Сууцны төлбөр төлж, дуусгах тухай баталгааны гэрээ" байгуулж Хан-уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр туул гудамж, 57-р байрны 27 тоот 3 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч төлбөрийг бүрэн төлж дуусгасны дараа **********д орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэн өгөхөөр харилцан тохирсон байна гэх дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талын зүгээс энэ үйл баримтын талаар маргаж байсан. Тухайлбал, хариуцагч нар нь энэ үйл баримтын талаар талууд маргаагүй гэсэн Нишино Ёошимасад шүүхийн шийдвэрээр одоог хүртэл өр төлбөртэй байдаг энэ өр төлбөрөө төлж дуусгаагүй тухай баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Л.Алтанзул гэх хүнд олгосон итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэгч ************д 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн байдаг. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ итгэмжлэл болон үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч Нишино Еошимасагийн хүсэл зоригийг хэрхэн тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхтэй гэж заасанчлан Нишино Ёошимаса нь өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулж ************д худалдсан байна. Иргэний хуулийн 183-р зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд үндэслэнэ гэж заасан байдаг. Нэхэмжлэгч ************ нь маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгч мөн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байгаа билээ. Иргэний хуулийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ************ нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө хариуцагч нарын хууль бус эзэмшлээс шаардсан. Гэтэл бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн байраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байхад шүүх үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна. Хариуцагч нар нь өмнөх өмчлөгчтэй эд хөрөнгийн тухай маргаантай байсан бол өмнөх өмчлөгч Нишино Ёошимасатай маргаан үүсгэх ёстой харин нэхэмжлэгч ************тай ямар нэгэн байдлаар маргаан үүсгэх ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талын байр сууринаас хандаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч **********, ********* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байгаа бол хэрхэн өмчилсөн нь хууль ёсны байх шаардлагатай. Гэтэл эзэмшил хууль бус, өмчлөл нь хууль ёсны болох нь нотлогдоогүй. Нэхэмжлэгчийн зүгээс н.Байгалмаа ажлын хөлснөөс төлсөн, үлдсэнийг тэтгэврийн зээлээр төлсөн гэж тайлбарлах нь үндэслэлгүй. Учир нь ************гийн нэг ч төгрөг төлсөн баримт байхгүй. Харин *********, ********** нараас анхны худалдагч Ё.Нишинод байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөр төлсөн баримтууд хэрэгт авагдсан байгаа. Уг байрыг Ё.Нишинод худалдан авмагц тухайн байрыг ашиглалтад оруулсан цагаас эхлэн өнөөдрийн хүртэл байрыг эзэмшиж байгаа. Нөгөө талаас, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, өмнө өмгөөлөгчөөр ажиллаж байсан н.Батнаасүрэн нар Ё.Нишиногоос итгэмжлэл авч н.Батхуягт холбогдуулж олон хэрэг үүсгэж, янз бүрийн төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд удаа дараа энэ төлбөрийг төлөөгүй, Ё.Нишиноо төлөх ёстой байсан гээд тайлбарладаг. Гэтэл харилцаанд хамааралгүй болох хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэрэгт авагдсан байгаа. Мөн өмнө анхан болон давж заалдах шатны шүүхээс өмчлөгч болох нь тогтоогдож байсан гэж тайлбарласан. Өмчлөгч болохыг тогтоож байсан. ************гийн охин н.Байгалмаа Ё.Нишинод ажилладаг, өөрсдөө ч гэсэн төлбөр мөнгөө нэхэмжлэх бүрэн боломжтой. Гэтэл бидний зүгээс Ё.Нишинод холбогдох бүхий л боломжийг ашиглаж холбогдож чадахгүй хохиролтой байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны дагуу гарсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Үүнтэй холбоотой дүгнэлтүүдийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ шийдвэрийн 14,15 дахь хэсэгт маш зөв тусгаж дүгнэсэн. Иймээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээрээ үлдэж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Гэрээ байгуулсан, төлбөр төлсөн гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан тайлбараар уг гэрээ хэлцлийг хууль ёсны байх шаардлагыг хангаагүйг давхар нотолж байгаа. Бодит гэрээ биш болох нь тайлбараар нотлогдож байгаа. Мөн өмнө ажиллаж байсан, тэтгэврийн хуримтлалаар төлж байсан талаар нэг ч баримт байхгүй. Уг Ё.Нишинод, ************ нарын хэрэгт өмгөөлөгч нар ажиллаж байсан гэдэг нь байнга дурдагддаг асуудал. Хоёрдугаарт, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй талаар нэхэмжлэгч талын гаргасан тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Ё.Нишинод байгуулсан гэрээг үнэлэх боломжгүй гэсэн агуулгаар дүгнэсэн. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч ************ нь хариуцагч **********, *********, ******** нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 байр, 27 тоот хаягт байрлах, 74.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч талаас эс зөвшөөрч хариуцагч **********, ********* нар нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 байр, 27 тоот хаягт байрлах 74,7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, ************ нь орон сууцны өмчлөлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр олж авсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 57 байрны 27 тоот хаягт байршилтай 74,7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн 000485345 дугаартай гэрчилгээг үндэслэл болгосон бол хариуцагч нь уг сууцыг Нишино Ёошимаса /Nishino Yoshimasa/-гаас 2011 онд худалдан авахаар тохирч, мөн үеэс эзэмшиж эхэлсэн, орон сууцны төлбөрийг 2011 оноос хойш төлж дуусгасан гэж маргажээ.

Бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардан нэхэмжлэх эрхийн урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгч өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус буюу хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй байх ёстой юм.

 

3. Нэхэмжлэгч тал сууцны үнийг төлж өмчлөгч болсон, улсын бүртгэлтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн, хариуцагч тал хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр түүний өмчлөлийн сууцыг эзэмшиж байгаа талаар давж заалдах журмаар гомдол гаргажээ.

3.а. Улсын Дээд шүүхийн тогтоолд Япон улсын иргэн Нишино Ёошимаса /Nishino Yoshimasa/-ийн гэрээтэй холбоотой асуудлыг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх бөгөөд тус ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон талаар дүгнэж байсан./3хх23-33/ Дээрх ажиллагааг анхан шатны шүүх тодруулаагүй байна.

3.б. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Япон улсын иргэн Нишино Ёошимаса /Nishino Yoshimasa/-д хариуцагч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хэдэн төгрөгийн өглөгтэй, өртэй байсан талаарх лавлагаа гаргуулахаар хэргийн оролцогчоос хүсэлт гаргахад, анхан шатны шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн нотлох баримт цуглуулах эрхийг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, талууд гэрээний дагуу төлбөрөө төлсөн, төлөөгүй талаар маргаантай байхад дээрх нотлох баримт нь үйл баримтыг тодруулахад ач холбогдолтой байх боломжтой юм.

 

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/03464 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД