Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2021/01219

 

   

Х.Дулмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02436 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 118 дугаар магадлалтай,

 

Х.Дулмаагийн нэхэмжлэлтэй,

Ч.Батхуяг, Б.Нийгүүсүрэн, Б.Ганхөлөг нарт холбогдох,

 

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 74.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Ч.Батхуяг, Б.Нийгүүсүрэн, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, хариуцагч Ч.Батхуяг, Б.Нийгүүсүрэн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагч Б.Ганхөлөгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Дулмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Дулмаа миний төрсөн охин Байгалмаа нь Япон улсад байхдаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 57 дугаар байрны 27 тоот, 3 өрөө орон сууцыг Япон улсын иргэн Нишино Ёошимасад урьдчилгаа төлбөрийг нь төлж, Х.Дулмаа миний бие тэтгэврийн хуримтлалаасаа үлдэгдэл 30,000,000 төгрөгийг төлж дуусган тус байрыг 2016.03.22-ны өдөр Ү-2206017701 дугаарт бүртгүүлэн өөрийн нэр дээр авч, хууль ёсны өмчлөгч нь болсон. Нишино Ёошимаса нь тус байранд Б.Нийгүүсүрэн, түүний нөхөр Ч.Батхуяг гэх хүмүүс амьдарч байгаа шууд гарах ёстой гэж хэлсний дагуу тус байранд очоод энэ байрыг худалдан авснаа хэлээд чөлөөлж өгнө үү гэхэд үгийн зөрүүгүй хаалгаа хаасан. Тэр ч байтугай Х.Дулмаа надад холбогдуулж, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст байрны асуудлаар гомдол гаргаж шалгуулсан. Уг байрны маргааны асуудлаар охиноороо дамжуулж Ё.Нишинод хэлүүлэхэд ...наад хүмүүс чинь байр худалдаж авна гээд төлбөрөө төлөөгүй, гэр бүлээрээ надаас зээлийн гэрээ болон хамтран ажиллах гэрээний дагуу мөнгө зээлээд төлөхгүй байгаа. Тиймээс гэрээ нь цуцлагдсан. Байрнаас гарах ёстой гэж тайлбарласан. Ийнхүү анх миний бие 2016.07.22-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан байр албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргахад тус шүүх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Нийгүүсүрэнгийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 57 дугаар байр, 27 тоот, Ү-2206017704 дугаар улсын бүртгэлийн дугаартай, 000143271 тоот Х.Дулмаа миний өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Б.Нийгүүсүрэнгийн нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгах тухай захиргааны хэрэг үүссэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар тус захиргааны хэрэгт Х.Дулмаа миний бие гуравдагч этгээдээр оролцож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.10-ны өдрийн 256 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.06.06-ны өдрийн 221/МА2017/0398 дугаар магадлалаар хэвээр үлдсэн, магадлалд Б.Нийгүүсүрэнгийн гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд шүүхээс 2017.09.19-ний өдрийн 414 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжид Б.Нийгүүсүрэн нь гомдол гаргасны дагуу Монгол Улсын Дээд шүүхээс 2017.10.09-ний өдрийн 134 дүгээр Гомдлыг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хэвээр үлдээх тухай шүүхийн тогтоол тус тус гарч, энэхүү захиргааны хэрэг нь нэг мөр шийдвэрлэгдсэн. Ийнхүү захиргааны хэргийн 3 шатны шүүх нь Б.Нийгүүсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хугацаанд эдгээр хүмүүс миний өмчлөлийн байранд амьдарсаар байсан тул би хоёр дахь удаагаа 2017.12.26-ны өдөр байр албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018.04.09-ний өдрийн 183/ШШ2018/00865 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нар байр албадан чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцэж байх үед Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.Дулмаа, Л.Алтанзул, Нишино Ёошимаса нарт холбогдуулж, маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, Л.Алтанзул Х.Дулмаа бид хоёрын хооронд хийгдсэн байр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгүүлсэн байсан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Баянзүрх дүүргийн иргэний шүүх дээр үүссэн маргааныг шийдвэрлэж дууссаны дараа энэхүү байр албадан чөлөөлөх иргэний хэргийг шийдвэрлэнэ гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Дээрх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр үүссэн Х.Дулмаа, Л.Алтанзул, Нишино Ёошимаса нарт холбогдох иргэний хэргийг тус шүүхийн шүүгч нь хянаад 2018.11.27-ны өдрийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэхүү захирамжид хариуцагч нар гомдол гаргасан боловч тус шүүхийн 2018.12.21-ний өдрийн 101/ШТ2019/00001 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн. Б.Нийгүүсүрэн, Ч.Батхуяг нар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нишино Ёошимаса болон Ж.Одончимэг нарт холбогдуулж байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Х.Дулмаа миний бие өөрийн худалдан авсан байраа өмчлөгчийн хувиар ашиглаж чадахгүй байгаагаас гадна дээрх захиргааны хэрэгт өмгөөлөгчид 3,000,000 төгрөг, иргэний хэрэгт өмгөөлөгчид 2,000,000 төгрөгийг тус тус төлж хөрөнгө мөнгөөрөө давхар хохирч байна. Хариуцагч нар нь бусдын өмчлөлийн байранд ийнхүү 3 жил гаруй хугацаанд ямарваа нэгэн шалтаг тавьж, удаа дараа шүүхэд хандах зэргээр хугацаа авч өмчлөгч миний эрхийг зөрчсөөр байна. Сүүлд дахин тус байран дээрээ очиход Б.Нийгүүсүрэн, Ч.Батхуяг нар нь амьдрахаас гадна түүний төрсөн хүү болох Б.Ганхөлөг нь хамт амьдарч байсан. Энэхүү иргэдийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлоо Х.Дулмаа миний бие цаашдаа шаардах болно. Иймд Х.Дулмаа миний бие дээрх үндэслэлээр гурав дахь удаагаа энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа тул Ч.Батхуяг, Б.Нийгүүсүрэн, Б.Ганхөлөг нарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 57 дугаар байр, 27 тоот байрыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ганхөлөг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний ээж Б.Нийгүүсүрэн нь 2011.10.21-ний өдөр Япон улсын иргэн Нишино Ёошимасатай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр. Туул гол гудамж, 57 дугаар байр, 27 тоотод байрлах Ү-2206017704 улсын бүртгэлийн дугаартай 74,7 м.кв орон сууцыг 70,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Улмаар Б.Нийгүүсүрэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрийг 2013 оны 4 дүгээр сард бүрэн төлж дуусгасан тул Нишино Ёошимасагаас өөрийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэн өгөхийг шаардахад банкны барьцаанд байгаа гэсэн шалтгаанаар нэр шилжүүлэн өгөхгүй байсан тул арга буюу 2015.03.12-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд Нишино Ёошимаса болон түүний орчуулагч Ж.Одончимэг нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан. Миний ээж Б.Нийгүүсүрэн нь хууль ёсоор уг үл хөдлөх хөрөнгийг олж авсан тул өмчлөгчөөр тогтоолгохоор удаа дараа шүүхэд хандаж байсан боловч Нишино Ёошимасагийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр эцэслэн шүүхээр шийдвэрлэж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Нишино Ёошимаса нь Япон улсаас Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй өмгөөлөгч нарт итгэмжлэл олгон миний аав Ч.Батхуяг болон Б.Ганхөлөг надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж байсан бөгөөд дээрх хэргүүд бүгд шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэгдэж дууссан. Япон улсын иргэн Нишино Ёошимаса нь Б.Нийгүүсүрэнг шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдмэгцээ уг иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2016.03.22-ны өдөр үрьд нь өөрийн хамтран амьдрагч эмэгтэй болох Э.Оюумаагийн ээж Х.Дулмаа гэх хүнд дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн. Б.Нийгүүсүрэн нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 байрны 27 тоотод байрлах, Ү-2206017704 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хууль ёсны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу үнийг бүрэн төлж, уг орон сууцыг авсан. Иймд Б.Ганхөлөг би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Батхуяг, Б.Нийгүүсүрэн нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Нийгүүсүрэн нь 2011.10.21-ний өдөр Япон улсын иргэн Нишино Ёошимасатай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 байрны 27 тоотод байрлах Ү-2206017704 улсын бүртгэлийн дугаартай, 74,7 м.кв талбайтай орон сууцыг 70,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд уг гэрээний дагуу бид үүргээ бүрэн биелүүлж, 2013 оны 4 дүгээр сард төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Ингээд Нишино Ёошимасагаас өөрийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэн өгөхийг шаардахад банкны барьцаанд байгаа гэсэн шалтгаанаар нэр шилжүүлэн өгөхгүй байсан тул арга буюу 2015.03.12-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд Нишино Ёошимаса болон түүний орчуулагч Ж.Одончимэг нарт холбогдуулан гэрээний үүргээ биелүүлсэнд тооцож, уг маргааны зүйл болсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн газарт өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж, илүү төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэрээ байгуулсны дараа Нишино Ёошимаса нь байрны үнэ огцом нэмэгдэж байна, би та нарт хүүгүй зээлээр орон сууцаа зарж байгаа гэж тайлбарласан тул 8,000,000 төгрөгийг гэрээний үнээс илүү төлсөн болно. Уг нэхэмжлэлд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэж, Улсын дээд шүүхээс Гадаад хэргийн яамаар дамжуулан холбогдох ажиллагааг хийсэн боловч Япон улсын Дээд шүүхээс Монгол улсын дээд шүүхийн хүсэлтийг хүлээн авч, эрх үүрэг тайлбарлах боломжгүй гэх хариуг ирүүлсэн тул хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр Нишино Ёошимасад холбогдох хэргийг тусгаарлаж, Ж.Одончимэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Бид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нишино Ёошимасаг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хангаж, 2016.06.16-ны өдрийн 183/ШШ2016/00083 тоот шийдвэрээр түүнийг эрэн сурвалжилсан. Гэтэл Нишино Ёошимаса нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдмэгцээ, уг иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2016.03.22-ны өдөр урьд нь өөрийн хамтран амьдарч байсан Э.Оюумаагийн ээж Х.Дулмаа гэх хүнд дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн. Нишино Ёошимаса нь орон сууцыг бусдад худалдаж, шилжүүлж буй бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд Х.Дулмаа гэдэг хүний зүгээс байр авна гэж ирж үзэж харж байсан удаа огт байхгүй. Сүүлд 2016 оны 7 дугаар сард Х.Дулмаа нь гэнэт гарч ирэн миний байрыг суллаж өг, би энэ байрны өмчлөгч байна гэх болсон. Ингээд Б.Нийгүүсүрэн, Ч.Батхуяг нар нь өөрсдийн төлбөрийг нь бүрэн төлсөн орон сууцыг Х.Дулмаа гэх хүн өөрийн нэр дээр шилжүүлэн авсныг мэдмэгцээ Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхэд Х.Дулмаад олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.10-ны өдрийн 256 тоот шүүхийн шийдвэрээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, маргаан бүхий байрыг өмчлөх эрхтэй гэдгээ харьяалах шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой, улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчсөн асуудал тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр давж заалдах шатны шүүхээр хэвээр үлдэж, хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн 2017.09.19-ний өдрийн 414 тоот шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Дараа нь Б.Нийгүүсүрэн, Ч.Батхуяг нар нь 2018 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Алтанзул, Х.Дулмаа нарт холбогдуулж тэдний хооронд байгуулагдсан маргаан бүхий орон сууцыг буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ гудамж, 57 дугаар байрны 27 тоот хаягт байрлах орон сууцыг худалдах, худалдан авах 2016.03.22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг шүүх хүлээн аваад 2018.03.26-ны өдрийн 101/Ш32018/05638 тоот шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Ингээд нэхэмжлэгч нарын зүгээс Япон улсын иргэн Нишино Ёошимасаг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2018.09.07-ны өдрийн 101/Ш32018/15479 тоот шүүгчийн захирамжаар Нишино Ёошимасаг хамтран хариуцагчаар татсан. Гэтэл 2018.11.27-ны өдрийн 101/Ш32018/20107 тоот шүүгчийн захирамжаар Нишино Ёошимасагийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг захирамжид нэхэмжлэгч нарын зүгээс гомдол гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2018.12.21-ний өдрийн 101/ШТ2019/00001 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Уг маргаан хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.Дулмаагийн нэхэмжлэлтэй, Б.Нийгүүсүрэн, Ч.Батхуяг, Б.Ганхөлөг нарт холбогдох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоотод орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай маргаан хянан шийдвэрлэгдэж байсан. Б.Нийгүүсүрэн, Ч.Батхуяг нарын зүгээс маргаан бүхий орон сууцыг Х.Дулмаа нь худалдан авсан гэх орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай маргаан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс уг хүсэлтийг хүлээж авалгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.08-ны өдрийн 1335 тоот шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дээд шүүхийн 2018.11.13-ны өдрийн 001/ХТ2018/01618 тоот тогтоолоор хэвээр үлдээжээ. Энэ мэт байдлаар Б.Нийгүүсүрэн, Ч.Батхуяг нар боломжит бүх арга хэмжээг авч, холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж ирсэн боловч Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн оршин суугаа хаяг тодорхойгүй шалтгаанаар уг маргаан хянан шийдвэрлэгдэх боломжгүй нэг ёсондоо гацаанд орсон. Иймд Б.Нийгүүсүрэн нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 байрны 27 тоотод байрлах, Ү-2206017704 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хууль ёсны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу үнийг бүрэн төлж, уг орон сууцыг худалдан авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Нийгүүсүрэн, Ч.Батхуяг нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Нийгүүсүрэн нь 2011.10.21-ний өдөр Япон улсын иргэн Нишино Ёошимасатай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот орон сууцыг 70,000,000 зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Уг худалдах, худалдан авах гэрээгээр орон сууц худалдаж авсны урьдчилгаа төлбөрт тухайн өдрөө 14,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 56,000,000 төгрөгийг сар бүр 2,000,000 төгрөгөөр төлж барагдуулан 2014.01.21-ний өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон хэдий ч хугацаанаасаа өмнө бүрэн төлж барагдуулсан. Орон сууц худалдан авсны төлбөрийг Б.Нийгүүсүрэн, Ч.Батхуяг нар нь Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн Голомт банкинд эзэмших 1605013644 тоот дансанд шилжүүлж байсан бөгөөд төлбөр тооцоо бүрэн дууссан. Гэтэл Нишино Ёошимаса нь банкны барьцаанд байгаа, барьцаанаас сулласны дараа шилжүүлж өгнө гэх шалтаг хэлсээр байрыг шилжүүлж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Б.Нийгүүсүрэн, Ч.Батхуяг нар нь уг орон сууцыг шударгаар, гэрээний дагуу зохих үүргээ биелүүлсний үндсэн дээр шударгаар олж авсан үл хөдлөх хөрөнгө юм. Гэтэл Л.Алтанзул нь Япон улсын иргэн Нишино Ёошимасагаас авсан итгэмжлэлийн дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 74.7 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг Х.Дулмаад 2016.03.22-ны өдөр 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж нэр шилжүүлсэн байдаг. 2014 онд орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийснээс хойш Б.Нийгүүсүрэн би өнөөдрийг хүртэл тасралтгүй амьдарч байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хэн нэгэн хүн уг орон сууцыг худалдан авахаар үзэж сонирхож байсан удаа байхгүй. Гэтэл Х.Дулмаа уг орон сууцыг огт орж үзэж байгаагүй хирнээ гэнэт өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэх үндэслэлээр өмчлөгч болсон тул орон сууцыг чөлөөлөхийг шаардсан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 дугаар байрны 27 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шийдвэрлэхэд шударга өмчлөгч хэн бэ гэдэг асуудал зайлшгүй хөндөгдөх юм. Б.Нийгүүсүрэн нь Х.Дулмаагаас 5 жилийн өмнө Нишино Ёошимасатай орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнийхээ дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулан, анх гэрээ байгуулснаас хойш уг орон сууцанд тасралтгүй амьдарч байгаа хүн юм. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 74.7м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгч Б.Нийгүүсүрэн, Ч.Батхуяг нар болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Дулмаа, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд буюу сөрөг нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр тогтоол, шүүгчийн захирамж байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02436 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Дулмаагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 байрны 27 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206017704 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.Батхуяг, Б.Нийгүүсүрэн, Б.Ганхөлөг нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг баримтлан үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцохооргүй байх тул Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 74.7м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг тухай хариуцагч Ч.Батхуяг, Б.Нийгүүсүрэн нарын сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Ч.Батхуяг, Б.Нийгүүсүрэн нарт олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 118 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02436 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,323,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ч.Батхуяг, Б.Нийгүүсүрэн, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.17-нь өдрийн 118 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.13-ны өдрийн 183/ШШ2019/02436 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 57 дугаар байр, 27 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2206017704 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.Батхуяг, Б.Нийгүүсүрэн, Б.Ганхөлөг нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй..., уг шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...хариуцагч Ч.Батхуяг, Б.Нийгүүсүрэн нарын сөрөг нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь тогтоох хэсгийнхээ 1 дэх заалтаар ...шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйл 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй... гэж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.23-ны өдрийн 183/ШШ2019/02436 дугаартай шийдвэрт Хан-Уул дүүргийн 15-р хороо, үйлдвэр, Туулын гудамж 57 дугаар байр 27 тоот орон сууцаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэрийн удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсэгт нэг ч дурдаагүй, уг шаардлагыг дүгнээгүй орхигдуулсан процессын буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн алдаа гаргасан байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг алдааг дэмжиж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасныг баримтлан уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Шүүх нэгэнт хүлээн авсан сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүрд эрх зүйн дүгнэлт өгч, шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд ийнхүү шийдвэрлээгүй, анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шаардлагыг давж заалдах шатны шүүх шийдвэрлэх боломжгүй бөгөөд уг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг залруулах боломжгүй юм. Бид анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн үндэслэлд тулгуурлан давж заалдах шатны гомдлын үндэслэлийг дэвшүүлэн мэтгэлцэх боломж эрхийг минь хязгаарласан төдийгүй, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/02436 дугаартай шийдвэр илт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байхад Давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4-д шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа гэж заасан бөгөөд шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөөгүй тул гомдол гаргахад шийдээгүй шаардлагатай холбоотой гомдлын агуулгыг бичиж чадаагүй бөгөөд давж заалдах шатны шүүхэд мэтгэлцээн явагдаагүй болохыг дурдах нь зүйтэй. Анхан шатны шүүх шийдвэрлээгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг давж заалдах шатны шүүх шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй төдийгүй, урьдаас хөтөлбөргүй үнэн гэх хандлагаар хандаж байгаагийн илэрхийлэл юм. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.17-ны өдрийн 118 дугаартай магадлалын хянавал хэсэгт ...дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Нийгүүсүрэн, Ч.Батхуяг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв... гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.3 дахь хэсэгт Давж заалдах болон хяналтын шатны шүүх зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон буюу өөрчилсөн тохиолдолд гомдол гаргагчаас тухайн шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тухайн шатны шүүгчийн захирамжаар буцаан олгоно... гэж заасан байтал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан хэрнээ хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн нь мөн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Хоёр. Хууль хэрэглээний талаар.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

2.1. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, улмаар тус шүүх 2017.04.10-ны өдрийн 256 дугаартай шийдвэрээр Б.Нийгүүсүрэн, Ч.Батхуяг нарын Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр /17041/ Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот, Ү-2206017704 улсын бүртгэлийн дугаартай 00014327 тоот гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Б.Нийгүүсүрэнгийн нэр дээр бүртгэхийг даалгах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Ийнхүү дээрх үйл баримтаар хариуцагч нарт Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хууль ёсоор эзэмшил үүсээгүй, тэдгээрийн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч гэж үзэх боломжгүй, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр /17041/ Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот хаягт байршилтай, 74,7 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай Ү-2206017704 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нъ Х.Дулмаа байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв /шүүхийн шийдвэрийн 8-р тал/... гэж дүгнэсэн байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар ...гэрээний үүргээ биелүүлж, төлбөрийг төлж дуусгасан... гэж, гэрч Ж.Одончимэг ...Нишино Ёошимаса энэ байрыг 70,000,000 төгрөгөөр Б.Нийгүүсүрэнд худалдахаар гэрээ байгуулах ажиллагаанд би орчуулагчаар оролцсон ... 2013.05.20-нд 120-иод сая төгрөгийн яриа яригдсанаас хойш энэ гэрээ дуусгавар болсон, хамгийн сүүлд 2013.04.21-ны өдөр 2,000,000 төгрөг төлж, нийт 38,000,000 төгрөг төлсөн гэж тус тус зөрүүтэй тайлбарласан тул шүүх Б.Нийгүүсүрэнг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, төлбөрийг төлж дуусгасан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна /шүүхийн шийдвэрийн 7 дугаар тал/... гэж дүгнэсэн байна. Үүнээс харахад анхан шатны шүүх хариуцагч Б.Нийгүүсүрэн, Ч.Батхуяг нарыг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хууль ёсоор эзэмшил үүсээгүй гэж дүгнэсэн атлаа мөн шийдвэрийнхээ 7 дугаар талд авагдсан үндэслэх хэсэгтээ төлбөрийг төлж дуусгасан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна гэжээ. Төлбөрийг бүрэн төлж дуусгасан эсэхэд дүгнэлт хийгээгүй атлаа хууль бусаар эзэмшиж байгааг хэрхэн яаж тогтоогоод байгаа нь ойлгомжгүй байна. Гэтэл гэрчийн өгсөн мэдүүлэг нь бичгийн нотлох баримтаар давхар нотлогдох ёстой байтал харин уг хэрэгт эсрэгээрээ гэрчийн өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ, уг гэрээний дагуу орон сууцны төлбөрийг гэрээнд заасан Нишино Ёошимасагийн Голомт банкин дахь дансанд төлсөн баримтуудаар /2хх- 111-125 дугаар тал, 2хх- 172-174 дүгээр тал/ болон Нишино Ёошимаса, Дулмаа нарын хооронд байгуулагдсан гэрээ, Нишино Ёошимасагийн нэхэмжлэлтэй Б.Ганхөлөгт холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн тогтоолоор тодорхой няцаагдаж байдаг. Шүүхийн шийдвэр болон магадлалд гэрч Ж.Одончимэгийн мэдүүлгийг иш татсан бөгөөд иргэн Ж.Одончимэг нь Нишино Ёошимаса болон Х.Дулмаа нартай нэгдмэл ашиг сонирхолтой, Нишино Ёошимасаг удаа дараа хэлцэлд төлөөлж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн 21.1-д заасныг сануулсаар байтал мөнгөн дүнг будлиулан зориуд худал мэдүүлдэг бөгөөд гэрээний дүн 70,000,000 төгрөг болохыг зөвшөөрч гарын үсэг зурсан, орчуулагчийн хувиар гарын үсэг зурсан зэрэг баримтаар үгүйсгэгдэж байгааг анхаарч үзээгүй байна. Түүнчлэн Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2 дугаар хавтаст хэргийн 169-171 дүгээр талд авагдсан гэрч Ж.Одончимэгийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцээгүй, хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдээгүй буюу гэрч асуухад оролцсон хариуцагч Б.Нийгүүсүрэн, Ч.Батхуяг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагч Б.Ганхөлөгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин нар гэрчийн мэдүүлэг, бичгээр гарсан тэмдэглэлтэй зөрүүтэй гэж үзэн гарын үсэг зураагүй /2хх-171 дүгээр тал/ тэмдэглэлийг шийдвэрийнхээ гол үндэслэл болгосон байтал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг уг асуудалд үнэн зөв дүгнэлт хийсэн гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Алтанцэцэг, Баднайсүрэн нарын зүгээс хариуцагч Ч.Батхуягаас орон сууцны үнэд шилжүүлсэн 26,000,000 төгрөгийг Б.Ганхөлөгийн хамтран ажиллах гэрээний үүрэгт шилжүүлсэн хэмээн Нишино Ёошимасагийн нэхэмжлэлтэй Б.Ганхөлөгт холбогдох иргэний хэрэг дээр маргаж байсан бөгөөд үүнийг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлээд дууссан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.18-ны өдрийн 183/ШШ2018/01711 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс хариуцагч нь хамтран ажиллах гэрээний үүрэгт 2012.10.29-ний өдөр 10,000,000 төгрөг, 2013.01.21-ны өдөр 6,000,000 төгрөг, 2013.02.22-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлсөн гэх боловч нэхэмжлэгчийн Голомт банкны дансны хуулгаар 2012.10.29-ний өдөр 10,000,000 төгрөгийг орлого Батхуягаас, 2013.01.21-ны өдөр 6,000,000 төгрөгийг Батхуягаас орлого, 2013.02.22-ны өдөр 10,000,000 төгрөгийг Батхуягаас орлого гэж тус тус шилжүүлсэн байх тул хариуцагчийн хамтран ажиллах гэрээний үүрэгт төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв... гэсэн байдаг /1-р хавтаст хэргийн 141а тал, шүүхийн шийдвэрийн 8-р тал/. Шийдвэрийг Улсын дээд шүүхийн 2019.03.07-ны өдрийн 001/ХТ2019/00306 дугаартай тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Уг иргэний хэргийн 2018.10.01-ны өдрийн 2099 дугаартай магадлалд /1-р хавтаст хэргийн 144 хуудас, магадлалын 4 дүгээр талд/ ...нэхэмжлэлд дурдсан 2012.10.29-ны өдрийн 10,000,000 төгрөг, 2013.01.21-ны өдрийн 6,000,000 төгрөг, 2013.02.22-ны өдрийн 10,000,000 төгрөгийг Ч.Батхуягаас шилжүүлсэн нь хамтран ажиллах гэрээний төлбөр биш, аав, ээж хоёр маань Ёошимасагаас 3 өрөө орон сууцыг зээлээр худалдаж авсан түүний төлбөр байсан... гэж тус тус авагдсан байна. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчид болон гэрч Б.Нийгүүсүрэнгийн гэр бүлийнхэн Нишино Ёошимасад өр төлбөртэй гэдэг боловч Нишино Ёошимаса, Б.Нийгүүсүрэнгийн гэр бүлийн гишүүдтэй холбоотой маргаанууд бүгд шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдээд дууссан. Хавтаст хэрэгт авагдсан Нишино Ёошимасагийн Голомт банкны дансны хуулга болон хариуцагч нарын зүгээс гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримтуудаар уг орон сууцны үнэ болох 70,000,000 төгрөг төлөгдсөн болох нь тодорхой харагддаг. /Төлбөр төлсөн байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэддүгээр талд авагдсан болохыг хүснэгтээр хяналтын журмаар гаргасан гомдолд хавсаргав/.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Дулмааг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1. 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Х.Дулмаа байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн гэж үзжээ. Мөн шийдвэрийнхээ үндэслэлдээ ...нэхэмжлэгч Х.Дулмаа ...миний охин н.Байгалмаа нь Япон улсад байхдаа Хан-Уул дүүргийн 15-р хороо, 57 дугаар байр 27 тоот, 3 өрөө байрыг Япон улсын иргэн Нишино Еошимасад урьдчилгаа төлбөрийг төлж, ХДулмаа миний бие тэтгэврийн хуримтлалаасаа үлдэгдэл 30,000,000 төгрөгийг төлж дуусган тус байрыг өөрийн нэр дээр авч, хууль ёсны өмчлөгч болсон... гэж нэхэмжлэгчийн тайлбарласныг үндэслэл болгожээ. Үүнээс үзэхэд 2016.03.22-ны өдөр байгуулсан маргаан бүхий орон сууцыг Х.Дулмаа 30,000,000 төгрөгөөр худалдаж аваагүй нь тодорхой байх бөгөөд охин н.Байгалмаа нь Япон улсад байхдаа Нишино Ёошимасад төлбөр төлж байсан гэх боловч энэ талаар баримт байхгүй, Х.Дулмаа нь өөрөө 30,000,000 төгрөг төлсөн гэх боловч энэ талаар мөн баримт огт байхгүй юм. Иргэний хуулийн 112 дугаар зүйл 112.1 дэх хэсэгт ...Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжинэ... гэж зааснаар Х.Дулмаа нь шударгаар уг орон сууцны өмчлөх эрхийг олж авсан эсэх, эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн эсэхэд дүгнэлт огт хийгээгүй. Уг орон сууцыг маргаантай гэж мэдсээр байсан хирнээ зах зээлийн үнээс хэд дахин доогуур үнээр орон сууц худалдах худалдан авах гэрээ хийж, нэг төгрөг төлсөн ч баримтгүй хэрнээ өөрийн нэр дээр шилжүүлэн авсан Х.Дулмааг өмчлөх эрхийг шударгаар олж авсан өмчлөгч гэж үзэх боломжгүй юм. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч Х.Дулмаагаас ...30,000,000 төгрөг гэж гэрээнд бичсэн байна, та тайлбартаа 103,000,000 төгрөг гэсэн. Тэгвэл тэр талаар холбогдох баримт байгаа юу? Хүүхдүүд чинь үүнтэй холбоотой баримтуудыг явуулдаг уу?... гэхэд нэхэмжлэгч ...Манай хүүхэд Япон улсад мөнгийг өгдөг байсан. Нишино Ёошимасагийн компанид ажилладаг учраас цалингаасаа өгдөг байсан... гэж хариулсан байдаг. /2хх-240 дүгээр тал/ Гэтэл хэрэгт энэ талаар буюу төлбөр төлсөн талаар болон нэхэмжлэгчийн хүүхдүүд Япон улсад ажиллаж төлсөн ямар ч баримт авагдаагүй байдаг. Нэхэмжлэгч Дулмаа нь Япон улсын иргэн Нишино Ёошимасагаас нийт 2 ширхэг орон сууцыг зах зээлийн үнээс хэт бага үнээр үнэлж худалдан авсан байдаг. 2 өрөө орон сууцыг 15,000,000 төгрөгөөр, маргаан бүхий 3 өрөө орон сууцыг 30,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан байдаг. Япон улсын иргэн Нишино Ёошимаса нь өөрийн орон сууцыг худалдахаар бусадтай гэрээ хийсэн атлаа мэдэгдэлгүйгээр бусдад хямд үнээр шилжүүлэх ажиллагаа хийсэн үйлдэл нь Монгол улсын иргэн Б.Нийгүүсүрэн, Ч.Батхуяг нарын эрхийг хохироох зорилготой хийсэн үйлдэл бөгөөд Япон улсын иргэн Нишино Ёошимасад орон сууцны үнэ 70,000,000 төгрөгөө бүрэн төлсөн атлаа одоо мөнгө ч байхгүй, орон сууц ч байхгүй, гудамжинд хөөгдөж гарах хэмжээнд хүрээд байна. Харин Япон улсын иргэн Нишино Ёошимаса нь нэхэмжлэгч Дулмаагийн өмгөөлөгч Алтанцэцэг, Баднайсүрэн, гэрч Ж.Одончимэг нараар дамжуулан хариуцагч Ч.Батхуяг, Б.Ганхөлөг нарт холбогдуулан нэхэмжлэл гарган Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлэн одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгүүлж байна. /2хх- 174 дүгээр тал/ Үүнээс гадна Япон улсын иргэн Нишино Ёошимаса нь Б.Нийгүүсүрэн, Ч.Батхуяг нарын гэрээний дагуу төлбөрөө төлж дууссан тул өмчлөлд шилжүүлэн авах нэхэмжлэл гаргасны дараа өөрийн нэр дээрх хоёр орон сууцаа хоёуланг нь Х.Дулмаагийн өмчлөлд шилжүүлж, Монгол улсын иргэдэд итгэмжлэл олгон Ч.Батхуяг, Б.Ганхөлөг нарт холбогдуулан 2010-2014 онд байгуулсан хэлцэл хэмээн мөнгө нэхэмжилж нэхэмжлэл гаргасан байдаг. Уг хэргүүд дээр бүгдэд нь нэхэмжлэгч Х.Дулмаагийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, Байднайсүрэн нар Нишино Ёошимасагийн өмгөөлөгчөөр оролцсон байдаг. Түүнчлэн хариуцагч Б.Нийгүүсүрэнгээс Нишино Ёошимасад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Нишино Ёошимасад гардуулахад туслалцаа үзүүлэхээр очсон Б.Нийгүүсүрэнгийн өмгөөлөгчид гэрч Ж.Одончимэгийн хуульчийн холбооны сахилгын хороонд гаргасан гомдлын хуралд хүртэл Х.Дулмаагийн өмгөөлөгч Н.Байднайсүрэн оролцсон байдаг. Үүнээс хархад Х.Дулмаа уг орон сууц маргаантай, түүнтэй холбогдуулан Б.Нийгүүсүрэн Нишино Ёошимасад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдээгүй байх огт боломжгүй юм. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх Нишино Ёошимасагийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр маргаанууд шийдвэрлэгдээгүй, Нишино Ёошимаса, Б.Нийгүүсүрэн нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн биелэлт хангагдсан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байгаатай адил Нишино Ёошимасагийн төлөөлөгч Алтанзул, Х.Дулмаа нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэг биелэгдсэн эсэхэд ч үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй юм. Мөн нэхэмжлэгчийн дурдаад байгаа хэрэгт нэхэмжлэл нь авагдсан Нишиж Ёошимасагийн нэхэмжлэлтэй Б.Ганхөлөгт холбогдох иргэний хэрэгт шүүхийн журмаар ОӨУБЕГ-аас ирүүлсэн баримтаар уг маргааны зүйл болсон орон сууцны хөрш хаалга болох Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр /17041/ Туул гол гудамж, 57 дугаар байрны 26 тоот орон сууцыг Х.Дулмаа нь 15,000,000 төгрөгөөр худалдан авсан баримт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан. Түүнчлэн нэхэмжлэгч Х.Дулмаа нэхэмжлэл гаргахдаа болон шүүх хуралдаан дээр өөрийн оршин суугаа хаягаа Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр ХД, 84-46 тоот гэсэн боловч Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр /17041/ Туул гол гудамж, 57 дугаар байрны 26 тоот орон сууцанд оршин суудаг гэдэг.

2.2 Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т ...Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ... гэж заасан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдоно гэж үзэн хүлээн авч, нэхэмжлэгчийн төлөөлөгчид гардуулах ажиллагааг гүйцэтгэсэн. Сөрөг нэхэмжлэл нь 62 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан байхаас гадна шүүх хүлээн авахдаа 73 дугаар зүйлийн 73.2-д заасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл нь эзэмшил хууль ёсны гэж маргаж, өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх уг шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдоно гэж үзэж хүлээн авч, гардуулах ажиллагаа хийсэн. Гэтэл шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлд хамаарахгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар Япон улсын иргэн Нишино Ёошимасатай байгуулсан гэрээний дагуу мөнгөн төлбөрийг бүрэн төлсөн болох баримтаар нотлогдож байх тул Нийгүүсүрэн, Батхуяг нар нь мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэснээр уг орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Эзэмшил, өмчлөл өөрөө хууль ёсны байх үйл баримтыг бүрэн тогтоогдож байхад хууль бус эзэмшлийн асуудал яригдах нь хууль зүйн боломжгүй юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь ямар ч үндэслэлгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.13-ны өдрийн 183/ШШ2019/02436 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.17-ны өдрийн 118 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х.Дулмаа нь Ч.Батхуяг, Б.Нийгүүсүрэн нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 74.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргаж буй орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хоёр шатны шүүх зохигчийн маргаж буй үйл баримтыг үндэслэл бүхий тогтоогоогүйгээс хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бүрэн гүйцэд үнэлээгүй байх тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн эсэхэд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Тухайлбал, нэхэмжлэгч Х.Дулмаа нь ...маргаж буй орон сууцыг Япон Улсын иргэн Нишино Ёошимаса /Nishino Yoshimasa/-гаас худалдан авч, 2016 онд өмчлөгчөөр бүртгэгдсэн... гээд, 2016.03.22-ны өдөр бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 57 байрны 27 тоот хаягт байршилтай 74.7 м.кв талбайтай гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000485345 дугаартай гэрчилгээг үндэслэл болгосон бол хариуцагч нь уг орон сууцыг Нишино Ёошимаса /Nishino Yoshimasa/-гаас 2011 онд худалдан авахаар тохирч, мөн үеэс эзэмшиж эхэлсэн, орон сууцны төлбөрийг 2011 оноос хойш төлж, дуусгасан гэх тайлбар хэлж, төлбөр төлсөн дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлж тус тус өөрсдийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж маргасан байна.

 

Дээрх тайлбараас үзвэл зохигч хэн аль нь тус орон сууцыг худалдаж авсан, худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөгч болсон гэж маргах ба худалдагч нь Япон Улсын иргэн Нишино Ёошимаса /Nishino Yoshimasa/ гэх нэг этгээд байна.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах тус тус үүрэгтэй.

 

Зохигч маргаж буй обьектын өмчлөлийн талаар маргаж байх тул дээрх гэрээ хуулийн дагуу хэрэгжсэн эсэхийг нягтлах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Үүний тулд өмчлөгч нь хууль ёсны байх, эзэмшил хууль бус болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх учиртай.

 

Маргаантай үйл баримт тогтоогдоогүй байхад шүүх улсын бүртгэл үнэн зөв гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй тул шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Иймд хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02436 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 118 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Ч.Батхуяг, Б.Нийгүүсүрэн, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн нарын гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Нийгүүсүрэнгээс 2020.02.12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,323,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД