Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00514

 

С- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/04213 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С- ХХК-ийн хариуцагч Ж- ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 1,846,678,508 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн өмгөөлөгч Э.У, гуравдагч этгээд Б- ХХК-ийн төлөөлөгч А.Г-, өмгөөлөгч А.Ариунтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Д- GMBH компани, Монгол Улсын Ж- ХХК-тай замын битум худалдах, худалдан авахаар тохиролцож, 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулан, тус гэрээний үндсэн дээр 2013 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт хэлцэл №2 гэрээгээр 440 хүртэлх м.тн замын битумыг нийлүүлэхэ, нэг м.тн-ыг 895 ам.доллараар, бүгд 393,800 ам.доллараар худалдах, худалдан авахаар тохиролцсон байна. Нэмэлт №2 гэрээгээр нийлүүлсэн барааны төлбөр төлөгдөж дууссан. Үүний дараа буюу 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт №3 гэрээг байгуулж, ПБВ-90 маркийн замын битумыг 1,680 м.тн хүртэлх хэмжээгээр нэг м.тн бүрийг 865 ам.доллараар, нийт 1,453,200 ам.доллараар худалдахаар тохиролцсон. Тус гэрээний дагуу 1536.6 м.тн битумыг Ж- ХХК-ийн нэрээр ОХУ-аас ачиж илгээснийг тус компани хүлээн авч, ажилтан А.Г- барааг хүлээн авсныг баталгаажуулах бичигт бараа хүлээн авсныг баталгаажуулан 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гарын үсэг зурж, Ж- ХХК-ийн тамгыг дарж, Д- GMBH компанид албан ёсоор хариу мэдэгдсэн байна. С- ХХК нь тус гэрээний үүргийг шаардах эрхийг гэрээгээр шилжүүлсэн авсан. Нийт 1,329,159 ам.долларын үнэ бүхий бүгд 1,536.6 метр тонн битумыг Ж- ХХК хүлээн авсан нь баталгаажсан. Нэмэлт хэлэлцээр №3-аар нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг Ж- ХХК-ийн ерөнхий захирал Т.М- нь 2014 оны 02 дугаар сарын 12, 14-ний өдрүүдэд Хотын гаалийн газарт албан бичиг хүргүүлж, бараа бүтээгдэхүүнийг Б- ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрөл олгохыг мэдэгдсэнээр Б- ХХК барааг бүтээгдэхүүнийг хүлээн авсан гэдэг. Б- ХХК бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэн авсан гэсэн үндэслэлээр Ж- ХХК төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй. Нийлүүлсэн барааны төлбөр нь Ж- ХХК-ийн нэрээр тус компаниас төлөгдөж байсан. Иймд Ж- ХХК-д нийлүүлсэн барааны төлбөрийн үлдэгдэл 467,159 ам.долларыг талуудын байгуулсан гэрээний 10.1-т заасны дагуу алданги болох 233,580 ам.долларын хамт нийт 700,739 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн Монголбанкнаас зарласан ханш 2,635.33 төгрөгөөр хөрвүүлэн 1,846,678,508.87 төгрөгийг хариуцагч Ж- ХХК-аас гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь Д- GMBH компанитай 1, 2 дугаар гэрээг байгуулан гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Б- ХХК-ийн захирал А.Г- нь Ж- ХХК-ний нэрийг ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт 03 тоот гэрээг байгуулж, уг гэрээгээр тохирсон нөхцөл нь Ж- ХХК-тай хийсэн гэрээний гол нөхцөлийг 100 хувь бүрэн тусгасан. А.Г- нь Б- ХХК-ийг үүсгэн байгуулж, шинэ компанийн нэрийн өмнөөс гэрээ хийхэд бэрхшээлтэй бөгөөд өмнө харилцаатай байсан Ж- ХХК-ийн нэрийг ашиглан, 3 тоот гэрээг байгуулсан. Ж- ХХК-ийн хийсэн гэх дээрх гэрээг ерөнхий захирал Т.М- мэдээгүй, Ж- ХХК нь энэ 03 тоот гэрээгээр ямар ч бараа хүлээн аваагүй. Бидэнд мэдэгдэхгүйгээр хүлээн авахын тулд Б- ХХК-ийн нэрийн өмнөөс гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон НӨАТ-ын татварт нийт 359,128,532.39 төгрөгийг төлж, 78 ширхэг 20 тоннын чингэлэгтэй 1536,6 метр тонн битумыг хүлээн авсан байна. Үүнээс 349,780,206.10 төгрөгийг Б- ХХК-ийн харилцах данснаас, 9,348,326.28 төгрөгийг өөрийн касснаас бэлнээр төлсөн нь Улаанбаатар хотын Гаалийн газраас ирсэн баримт бичигт байдаг. Ж- ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 тоот нэмэлт гэрээг байгуулаагүй, уг гэрээний дагуу ямар ч ачаа хүлээн аваагүй бөгөөд тус ачааг А.Г-ын үүсгэн байгуулсан Б- ХХК хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Гуравдагч этгээд Б- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Т.М- нь А.Г-ад Ж- ХХК-д ажиллах саналыг тавьж, хамтран ажиллаж эхэлсэн. Компанийг 50/50 хувь эзэмших аман тохиролцоотой байсан бөгөөд миний хувьд итгэлцлийн үүднээс нэрээ шилжүүлээгүй байсан. Компанийн бүх шийдвэр, үйл ажиллагааг хоёулаа хамтарч шийдэж явдаг байсан. Т.М- захирал н.Балчиндорж гэдэг Германы компанийг төлөөлж байгаа хүнийг ажил дээр авч ирээд битум авч, намайг хариуцан ажиллуулахаар болсон. Тухайн үед Д- GMBH компани болон Ж- ХХК-ийн хооронд байгуулсан гэрээн дээр гүйцэтгэх захирал А.Г- гэж гарын үсэг зурсан. Гүйцэтгэх захирлаар ажиллах эрхийг нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилтээр нотолж байна. Гаалийн бүрдүүлэлтийг Б- ХХК-ийн нэрээр хийж байсан боловч Монроуд ХХК-аас орж ирсэн мөнгөөр гаалийн тооцоог төлсөн байсан. Гэрээний төлбөрт 2013 оны 09 дүгээр сард 2 удаа 100,000 ам.долларын төлөлт хийгдсэн. Мөн 246,000 ам.долларын төлбөр төлсөн баримтууд гаргаж өгсөн байгаа. Энэ баримтууд Монроуд ХХК-аас мөнгө орж ирсэн баримттай давхцаж байгаа. Тэгэхээр 1,536,6 тонны төлбөр орж ирэхэд Ж- ХХК өмнөх төлбөртөө тооцуулж байсан учраас энэ гэрээг хүлээн зөвшөөрч байсан. Бодит үйлдлээр төлбөрийг өөртөө шилжүүлж аваад өмнөх өр төлбөртөө тооцуулж байгаа нь Ж- ХХК энэ гэрээний талаар мэдэж байсан А.Г-ыг төлөөлүүлж байсан гэдгийг харуулж байна. Улаанбаатар гаалийн газраас ирсэн баримтууд дээр захирал Т.М- гарын үсэг зурж зөвшөөрөл олгохыг хүссэн байдаг. 03 тоот гэрээний хүрээнд өр төлбөртэй байгааг Ж- ХХК хариуцна гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ж- ХХК-аас 1,846,678,508 төгрөг гаргуулах тухай С- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,391,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн төдийгүй, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс тус шийдвэрийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргаж байна. Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүнийг агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба талуудын хооронд байгуулсан гэрээнүүдэд талууд хүсэл зоригоо гарын үсгээрээ баталгаажуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна гэж дүгнэсэн атлаа замын битумыг Б- ХХК нь гаалийн бүрдүүлэлт хийж барааг хүлээн авсан болох нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын баримтуудаар тогтоогдож байна гэжээ. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцлийг анхаарч үзэлгүй энэхүү дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний гол нөхцөл нь Д- GMBH компани бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотод хүргэхээр биш харин Инкотермс 2010 нөхцөлийн дагуу Монгол Улс, DAP Сүхбаатар руу барааг нийлүүлэх үүрэг хүлээсэн байсан. /1xx 25 дугаар тал/. Харин худалдан авагч талд Сүхбаатараас Улаанбаатар хотруу тээвэрлэх, Улаанбаатар хотод ирсэний дараа бусад компанид тухайн барааг шилжүүлж худалдах эрх нь нээлттэй байсан Тийм ч учраас экспортын бичиг баримтууд, ачааны бичиг баримтууд Ж- ХХК-ний нэрээр хаяглагдан ачигдсан байсан. / 2хх 30-35, 47-48, 54-65 гм/. Тухайлбал энэхүү нөхцөлийн гол агуулга бол худалдагч нь гэрээнд заасан хугацааны дотор тээврийн хэрэгслээс буулгахад бэлэн болсон ачаа барааг худалдан авагчийн нэрлэсэн цэгт хүлээлгэж өгөх ачаа барааг экспортлоход шаардагдах лиценз, бусад баримт бичгүүдийг бүрдүүлэх, экспортын гаалийн бүрдүүлэлт, татвар хураамжийг хариуцах, нэрлэсэн газар хүртэл ачаа бараанд учирч болох алдагдал, эвдрэл гэмтлийн эрсдэлийг хариуцах, нэрлэсэн хугацаанд ачаа барааг нэрлэсэн цэгээс хүлээн авах, нэрлэсэн цэгээс хүлээн авснаас хойшхи хүртэлх тээвэрлэлтийг хариуцах юм. Харин худалдан авагч нь гэрээнд заасан ачаа бараатай бүх зардлыг хариуцах, ачаа барааны үнийг төлөх, ачаа барааг импортлоход шаардагдах лиценз, зөвшөөрөл, бусад баримт бичгүүдийг бүрдүүлэх, импортын гаалийн бүрдүүлэлт, татвар хураамжийг бүрэн хариуцах үүргийг тус тус хүлээдэг. Ж- ХХК барааг Улаанбаатар хотод ирсний дараа Б- ХХК-д шилжүүлэн өгсөн байсан. Ачаа барааг Улаанбаатар хотод ирсний дараа Ж- ХХК тухайн барааг бусдад шилжүүлэх эсэх, тухайн барааны импортын бүрдүүлэлтийг бусад компаниар хийлгэх, бусад компани импортын татвар хураамжийг төлөх зэрэг нь худалдагч талд хамааралтай асуудал биш юм. Бараа хүлээж авсныг баталгаажуулах бичиг /1хх 32-36/, /1xx 42-45/, /хх 50-53/. Нэмэлт хэлэлцээр №3-ийн дагуу битумыг нийлүүлсний дараа тухайн бүтээгдэхүүнийг хүлээн авсныг баталгаажуулан нийт 3 удаа Ж- ХХК-аас бараа хүлээж авсныг баталгаажуулах бичгийг мөн л гүйцэтгэх захирал А.Г- гэж гарын үсэг зуран, тамга дарагдсан бичгийг ирүүлж байсан байдаг. Гэтэл шүүх энэ баримтыг огт үнэлээгүй. Битум Улаанбаатар хотод ирсний дараа Ж- ХХК-ийн Ерөнхий захирал Т.М- нь Улаанбаатар хотын Гаалийн газарт хандан гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтийг 7 удаа өгч ачааг Б- ХХК-д шилжүүлсэн байдаг. Ж- ХХК-ийн нэрээр төлөгдөж байсан баримтуудыг шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бүрэн дүүрэн үнэлээгүй. Эдгээр банкны баримтууд нь Ж- XXК-ийн нэрээр битумын төлбөрт гэж төлөгдөж байсан төлбөрийн баримтууд байсан. Мөн тухайн үед төлөгдөж байсан бүх төлбөрүүд компанийн данс бус бэлнээр банкинд тушаагдаж байсан учир Ж- ХХК-ийн төлбөрөөс хасаж тооцсон байдаг.

5.а.А.Г- нь Ж- ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулсан ба А.Г-ын байгуулсан дээрх гэрээний дагуу Ж- ХХК нь замын битумын үнийг төлсөн. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийг анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай талаас нь дүгнээгүй. Ж- ХХК нь гэрээ байгуулах эрхийг А.Г-ад олгоогүй тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.5, 67.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу маргааны үйл баримтад дүгнэлт хийх ёстой байсан. Нөгөөтэйгүүр, Ж- ХХК нь А.Г-ын өмнө байгуулсан 2 гэрээг хүчин төгөлдөр хэмээн хүлээн зөвшөөрч, битум хүлээн авч үнийг төлсөн атлаа төлбөр төлөгдөөгүй гэрээг А.Г- байгуулах эрхгүй хэмээн тайлбарлаж, анхан шатны шүүх талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй хэмээн дүгнэсэн нь шударга ёсны болон итгэл хамгаалах зарчимд нийцэхгүй юм. Ж- ХХК нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.2 дах хэсэгт зааснаар 1536.6 м.тн замын битумыг хүлээн авсан тул битумыг өөрөө авч ашиглах, эсхүл бусдад шилжүүлэх эсэх нь Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан авагч Ж- ХХК-ийн эрх юм. Анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглээгүйн улмаас хариуцагч Ж- ХХК-ийг 1536,6 м.тн битум хүлээн аваагүй хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр, Д- GMBH компани нь 1536,6 м.тн замын битумыг Б- ХХК-д шилжүүлэх үндэслэл огт байхгүй, гэрээ хэлцэл хийгдээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Д- GMBH болон Б- ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөл нь 1680 м.тонн бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах харилцааг зохицуулах гэрээ байсан. Ж- ХХК болон Д- GMBH компанийн хооронд байгуулсан гэрээнүүд хооронд тохирдог. Уг гэрээний дагуу 1,536,6 м.тн ачаа бараа гааль дээр ирсэн. Тухайн ачааг Б- ХХК хүлээн авсан нь тогтоогдсон. Энэ нь 3-р хэргийн 187-189 дэх талд авагдсан. А.Г- нь Ж- ХХК-д тээврийн ахлах менежерээр ажиллаж байсан Б- ХХК- хувьцааг дангаараа эзэмшиж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс Ж- ХХК 8 удаагийн гүйлгээгээр 800 гаруй ам.доллар төлсөн гэж тайлбарладаг. Баримтаас харахад Ж- ХХК-ийн нэрийн өмнөөс эсхүл А.Г- өөрөө гарын үсэг зурж, төлбөр төлсөн баримтууд байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байр шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээрээ үлдээж өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд Б- ХХК-ийн тайлбарын агуулга: Би Ж- ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өнөөдрийн маргаж байгаа гэрээнээс бусад маш олон ажилд гарын үсэг зурж, гүйцэтгэх захирлаар ажилласан. Гэтэл өнөөдөр тээврийн ахлах менежер болгож, хариуцлагаас мултарч байгаа юм шиг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Энэ гэрээтэй холбоотой гэрээний 1, 2 дугаар нөхцөлд орж ирсэн ачаануудыг Ж- ХХК хүлээн авсан тул Ж- ХХК-аас нэхэмжлэх нь үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч С- ХХК нь хариуцагч Ж- ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 1,846,678,508 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

4.ХБНГУ-ын Д- GMBH /Dw oil trading GMBH/ компани нь хариуцагч Ж- ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Д- GMBH компани нь 100,000 хүртэлх метр.тонн замын битумыг худалдах, Ж- ХХК нь худалдан авсан барааны төлбөрийг нэхэмжлэхийн дагуу борлуулагчийн дансанд ам.доллараар шилжүүлэхээр тохиролцсон байна. /1хх-ийн 20-24-р тал/

 

4.а.Дээрх гэрээний талууд 2013 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт №2 гэрээ байгуулж, худалдагч Д- GMBH компани нь 90/130 маркийн, 1 м.тн нь 895,00 ам.долларын үнэ бүхий 440 хүртэлх м.тн битумыг Инкотермс 2010 нөхцөлийн дагуу Монгол Улс DAP Сүхбаатар руу тээвэрлэх, худалдан авагч Ж- ХХК нь барааг тээвэрлэснээс хойш 60 хоногийн дараа нэхэмжлэлийн дагуу төлбөрийг 100 хувь төлөх, /3хх-ийн 213-214-р тал/

 

4.б.Мөн 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт №3 гэрээ байгуулж, худалдагч Д- GMBH компани нь ПБВ 90 маркийн, 1 м.тн нь 895,00 ам.долларын үнэ бүхий 1680 м.тн битумыг Инкотермс 2010 нөхцөлийн дагуу Монгол улс DAP Сүхбаатар руу тээвэрлэх, худалдан авагч Ж- ХХК нь барааг тээвэрлэснээс хойш 180 хоногийн дараа нэхэмжлэлийн дагуу төлбөрийг 100 хувь төлөхөөр тус тус тохиролцсон буюу талууд нийт 3 удаа гэрээ байгуулжээ. /1хх-ийн 25-26-р тал/. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

 

4.в.Эхний хоёр гэрээний төлбөр төлөгдсөн, харин нэмэлт №3 гэрээний дагуу худалдагч Д- GMBH компани нь нийт 1536,6 м.тн битум нийлүүлснээс худалдан авагч Ж- ХХК нь 862,000 ам.долларыг төлж, үлдэгдэл 467,159 ам.доллар буюу 1,231,118,127.47 төгрөгийг төлөөгүй гэх үндэслэлээр алданги 615,560,381.4 төгрөгийн хамт нийт 1,846,678,507.87 төгрөгийг Ж- ХХК-аас шаардсан. /4хх-ийн 16-19-р тал/

 

5.Худалдагч Д- GMBH компани нь нэмэлт №3 гэрээний дагуу нийт 1536,6 м.тн битум нийлүүлсэн болох нь бараа хүлээн авсныг баталгаажуулах бичиг, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, хариуцагч Ж- ХХК-аас Гаалийн газарт хүргүүлсэн албан бичиг, төлбөрийн баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /1хх-ийн 35-58, 2хх-ийн 20, 29, 67, 167, 182, 205, 210-241-р тал/

 

5.а.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул худалдагч нь борлуулсан бүтээгдэхүүний үнийг хариуцагч Ж- ХХК-аас шаардах эрхтэй.

 

6.Худалдагч тал болох Д- компани нь С- ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 04/2018 тоот шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу С- ХХК нь Ж- ХХК-аас 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 04/2018 тоот гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт №3 гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл болон алдангийг шаардсан нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасанд нийцэж байна. /1хх-ийн 5-8-р тал/

 

7.Хариуцагч Ж- ХХК татгалзалдаа Д- GMBH компанитай байгуулсан 3 удаагийн гэрээ болон бараа хүлээн авсныг баталгаажуулах баримтад гарын үсэг зурсан А.Г- нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй Ж- ХХК-ийн тамга тэмдгийг дур мэдэн ашигласан, тус гэрээний дагуу манай компани битум хүлээн аваагүй гэж тайлбарлажээ. Гэвч А.Г- нь гэрээ байгуулагдах цаг хугацаанд хариуцагч Ж- ХХК-д ажиллаж байсан болох нь талуудын тайлбар, А.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал зэргээр тогтоогдсон байна. /3хх-ийн 5-р тал/

 

7.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг бөгөөд гуравдагч этгээд Б- ХХК-ийн төлөөлөгч буюу Д- GMBH компанитай байгуулсан 3 удаагийн гэрээнд хариуцагч Ж- ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан А.Г- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Ж- ХХК-ийн захирал Т.М- бид хоёр 2005 оноос эхлэн хамтран ажилласан бөгөөд бүх асуудал итгэлцлийн үндсэн дээр явдаг байсан, Д- GMBH компаниас авсан битумын төлбөрийг Ж- ХХК хариуцах ёстой гэж, /6хх-ийн 8-р тал/,

 

7.б.Хариуцагч Ж- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ж- ХХК нь Д- GMBH компанитай гэрээ байгуулсан, хэлцэлд гарын үсэг зурсан гэж гэрээ байгуулсан үйл баримтыг зөвшөөрч тайлбар гаргажээ. /6хх-ийн 13-р тал/

 

7.в.Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ж- ХХК-ийг төлөөлөн А.Г- гэрээнд гарын үсэг зурж, бараа хүлээн авсныг баталгаажуулсан бичгийн баримт үйлдсэн байх тул компанийг төлөөлөх эрхгүй этгээдтэй хэлцэл хийсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

7.г.Түүнчлэн, хариуцагч Ж- ХХК нь нэхэмжлэлд дурдсан битумыг Б- ХХК хүлээн авсан тул үнийг тус компани хариуцах ёстой гэж татгалзлын нэг үндэслэлээ тайлбарлаж байх боловч хариуцагч Ж- ХХК нь 2014 оны 02 дугаар сард Оросын Холбооны Улсаас импортоор ирсэн битум бүхий ачаатай чингэлгүүдийг Б- ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрөл олгоно уу гэх агуулга бүхий албан бичгүүдийг Улаанбаатар хот дахь Гаалийн газарт хүргүүлсэн байна. /2хх-ийн 20, 29, 67, 167, 182, 205-р тал/.

7.д.Дээрх албан бичгүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч талаас тус албан бичгүүдийг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ. /5хх-ийн 60/. Гэвч хариуцагч Ж- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс тус албан бичгүүд дээр маргахгүй, хүлээн зөвшөөрнө гэх тайлбарыг шүүхэд гаргасан байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой. /5хх-ийн 63-р тал/

 

7.е.Худалдагч Д- GMBH компанийн илгээсэн бараа бүтээгдэхүүнийг хариуцагч Ж- ХХК-ийн хүсэлтээр Б- ХХК хүлээн авсан нь хариуцагч Ж- ХХК-ийг гэрээний дагуу үүссэн төлбөрийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Учир нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг ба хариуцагч Ж- ХХК нь худалдан авсан битумын үнийг төлөх үүргийг Д- GMBH компанийн өмнө гэрээгээр хүлээсэн байх тул шаардах эрхийг шилжүүлэн авсан нэхэмжлэгч С- ХХК нь нэхэмжлэлийг Ж- ХХК-д холбогдуулан гаргасан нь үндэслэлтэй.

 

7.ё.Нөгөө талаар, Д- GMBH компани болон гуравдагч этгээд Б- ХХК нь тусдаа замын битум худалдах гэрээтэй, тус гэрээний дагуу үүссэн өр, төлбөрийн асуудлыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2868 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 235 дугаар магадлалаар шийдвэрлэсэн байх тул уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм. /4хх-ийн 201-212-р тал/.

 

8.Хариуцагч Ж- ХХК нь Д- GMBH компаниас 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт №3 гэрээний дагуу авсан битумын үнэ /1536,6 м.тн х 865 $ = 1,329,159$/-г бүрэн төлсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй хэдий ч нэхэмжлэгч С- ХХК нь нэхэмжлэлдээ хариуцагч Ж- ХХК-ийг 862,000 ам.доллар төлсөн гэж тайлбарласан. Иймд уг төлбөрийг хасаж, үлдэх 467,159 ам.долларыг үүрэг үүсэх үеийн ханш 2,635.33 төгрөгөөр тооцвол, нийт 1,231,118,127.47 төгрөгийн үүрэг хариуцагч Ж- ХХК-д үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

8.а.Алданги 233,580 ам.доллар буюу 615,560,381.4 төгрөг гаргуулах шаардлагын тухайд 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн үндсэн гэрээний 10.1-т худалдан авагч хүлээн авсан барааны төлбөрийг хугацаа хоцроосон тохиолдолд борлуулагчид төлөгдөөгүй үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 хувийн алданги төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасанд нийцсэн байна.

 

8.б.Иймд нэхэмжлэгч С- ХХК нь хууль буюу гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч Ж- ХХК-аас нийт 1,846,678,507.87 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С- ХХК-д олгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/04213 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Ж- ХХК-аас нийт 1,846,678,507.87 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С- ХХК-д олгосугай. гэж,

 

2 дах заалтын ... үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч Ж- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 9,391,342 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С- ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч С- ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,391,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Г.ДАВААДОРЖ