Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 42

 

М.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, хохирогч З.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1300 дугаар магадлалтай, М.С, П.С, Б.Э нарт холбогдох 1805037490841 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч З.Нгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Цорос овогт М.С,

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Сартуул овогт П.С,

3.Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Э.

Шүүдэгч М.С нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч П.С, Б.Э нар нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Сыг ганцаараа болон бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэн бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөн эдийн баялгийг захиран зарцуулах эрх олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн, шүүгдэгч П.С, Б.Э нарыг бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч М.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Б.Э, П.С нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

шүүгдэгч Б.Э, П.С нарт оногдуулсан 5.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч М.Ст Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 30 хоног хорих ялтай дүйцүүлэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялтай нэгтгэж, түүний биечлэн эдлэх 1 жил 30 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

хохирогч З.Н нь олох байсан ашиг, эд хөрөнгөөс хүртэх байсан үр шимийг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, хохирогч З.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогч З.Н гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад нийт 124.470.000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүхээс бодит хохирол 75.000.000 төгрөг гэж үзсэн... Б.Э, М.С нар нь бүлэглэн эхнэр нөхөр мэтээр зохион байгуулалттайгаар намайг залилан 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн М.С, П.С хоёр нь бүлэглэн зохион байгуулалттайгаар надаас 35.000.000 төгрөг залилан авч нийт 75.000.000 төгрөгийн хохирол учруулсан...

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх шаардлагатай хуулийн зохицуулалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдал” гэж үзэхээр хуульчилсныг хэрэглээгүй. Дээрх хуулийн заалтыг хэрэглээгүйгээс болж хэрэгтнүүдэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэн, хэрэглэх ёсгүй байсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан М.Ст оноосон хорих ялыг 50 хувиар хөнгөрүүлэн шийдвэрлэсэн. Мөн энэ гэмт хэргийн холбогдогч Б.Э, П.С нарыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэн ял шийтгэл оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1300 дугаар магадлалаар хэвээр үлдээн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 1300 дугаартай магадлалыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянаж Б.Э, П.С нар оноосон торгох ял, М.Ст оноосон хорих ялыг дахин шалгаж эдгээр хүмүүсийн үйлдэлд тохирох шийтгэлийг оноож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 2.2-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн үйлдлийн арга, нийгмийн аюулын шинж чанар, төрөл хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж дүгнэлт хийж, ял шийтгэлийг оногдуулсан байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж үйлдсэн талаар дүгнэлт хийсэн. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг хэлсэн саналдаа: “Прокурорын дүгнэлтийг дэмжиж байна. Шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч З.Нгийн гаргасан гомдлыг үндэслэн М.С, П.С, Б.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.С нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 17 дугаар байрны 1004 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хуурамчаар үйлдэж,

улмаар Б.Этай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хуурамч гэрчилгээг барьцаалан хохирогч З.Нгаас 40.000.000 төгрөгийг, мөн П.Стой бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 17 дугаар байрны 1004 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хуурамч гэрчилгээг барьцаалан хохирогч З.Нгаас 35.000.000 төгрөгийг тус тус залилан авсан, 

мөн шүүгдэгч М.С нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Эыг “Чех улсын визэнд ороход банкны баталгаа хэрэгтэй байна” гэж хуурч 37.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч М.Сын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болон Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Э, П.С нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугийн хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч М.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Э, П.С нарт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч М.Ст оногдуулсан ялуудыг нэгтгэж, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 30 хоног хорих ялаар тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч М.С, П.С, Б.Э нар нь хуурамч баримт бичиг ашиглан, зээлийн гэрээний харилцааг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон тул нэр бүхий шүүгдэгч нарын хохирогч З.Нтай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй бөгөөд хохирогчийн нэхэмжилсэн зээлийн хүү, алдангийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

Харин хохирогч З.Н энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан нь зөв байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ялын хэмжээг нэмэгдүүлж тогтоох эрх хэмжээ хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй тул хохирогч З.Нгийн гаргасан “... Б.Э, П.С нар оноосон торгох ял, М.Ст оноосон хорих ялыг дахин шалгаж эдгээр хүмүүсийн үйлдэлд тохирох шийтгэлийг оноож өгнө үү” гэх гомдлыг хангах боломжгүй.

Иймд хохирогч З.Нгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1300 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч З.Нгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                    Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН