Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01757

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01757

 

 

Б.... Б.. р... ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2023/01423 дугаар шийдвэртэй,

Б.... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М...ХХК-д холбогдох,

Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, .... дүгээр хороололд байрлах М... ХХК-ий...н барилгын талбайд байгаа бетон зуурмагийн үйлдвэр, 2 ширхэг контейнер болон үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабортарийн тоног төхөөрөмжийг хариуцагч компанийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц.. хариуцагчийн өмгөөлөгч Б.Б.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М..нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь М... ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, .... дүгээр хороололд байрлах М... ХХК-ийн барилгын талбайд байгаа бетон зурмагийн үйлдвэр, 2 ширхэг контейнер болон үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмжийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардсан.

1.1. Б... ХХК нь 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр "М... ХХК"-аас зарласан "Hyatt Regency" олон улсын зочид буудал барих тендерт оролцоод Л.... ХХК-тай 2 жилийн хугацаанд 48,000 м.куб бетон зуурмаг нийлүүлэхээр болсон.

БНСУ-аас Бетон зуурмагийн үйлдвэрийг худалдан авч, оруулан ирсэн юм. Гэрээнд заасны дагуу үйлдвэр болон лабораторийг М... ХХК-ийн эзэмшлийн газарт барьж суурилуулан, бетон зуурмагийг баригдаж буй барилгад шууд нийлүүлэхээр тохирсон.

Тус компани нь БНСУ-н "S...Co" компанитай 2011 оны 12 дугаар сарын 10-нд "Бетон зуурмагийн үйлдвэр болон тоног төхөөрөмж худалдан авах гэрээ, 2012 оны 01 дүгээр сарын 20-нд "Лабораторийн эд анги ба сэлбэг хэрэгсэл худалдан авах гэрээ" тус тус байгуулан нийт 657,780,817 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг худалдан авч, оруулж ирсэн.

Мөн уг үйлдвэрийг М.... ХХК-ийн хашаанд суурилуулахтай холбоотой зардал гарсан бөгөөд манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийн тулд компанийн өөрийн хөрөнгөнөөс ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө, зардал гаргасан юм.

1.2. Гэтэл Л...ХХК болон М..." ХХК нар нь 2012 оны 05 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд нийт 10,843.9 м.куб бетон зуурмаг худалдан авч, Л... ХХК болон М..." ХХК нарын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсаны улмаас цаашид бетон зуурмаг үйлдвэрлэх боломжгүй болсон.

1.3. Гэрээ цуцлагдсаны улмаас 2013 оны 12 дугаар сараас хойш тус үйлдвэрт бетон зуурмаг үйлдвэрлэх боломжгүй болсны улмаас манай компани ихээхэн хэмжээний хохирол хүлээсэн. Хохирол барагдуулах талаар удаа дараа Л... ХХК-д албан бичгээр мэдэгдэж байсан бөгөөд 2014 оны сүүлээр М..." ХХК-ийн газарт суурилуулсан үйлдвэрээ буцаан авахаар хандахад 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Л... ХХК-аас ирүүлсэн албан тоот бичигт Л...ХХК барилгын компани нь М..." ХХК компанитай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээ цуцлах болсон талаар мэдэгдэл хүлээж авсан ... барилгын талбайд суурилуулсан үйлдвэрээ буцаан авахыг хүсье..." гэсэн тул манай компанийн зүгээс үйлдвэрээ авахаар М..." ХХК-ийн барилгын талбайд очиход харуул хамгаалалтын ажилтан нар нь биднийг оруулахгүй, үйлдвэрийг буцааж өгөхгүй гэсэн.

Манай компанийн зүгээс М..." ХХК-аас үйлдвэрээ буцааж авах талаар 2015 оноос хойш олон тооны албан бичгийг хүргүүлсэн боловч М..." ХХК-ийн зүгээс ирүүлсэн хариу албан бичигт ... манай компанийн хэрэгжүүлж буй төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан Л...ХХК нь 2014 оны 12 дугаар сард гэрээгээ зөрчин барилгын талбайд байгаа уг зүйлсийг албан ёсоор хүлээлгэж өгөлгүй орхин явсан тул хуулийн маргаан үүссэн болно. Бидний зүгээс хуулийн байгууллагын зөвлөмжийн дагуу барилгын талбайд байсан бүх эд зүйлсийг лацдаж, битүүмжлэн өөрийн харуул хамгаалалтыг байрлуулсан ба өөрийн эзэмшлийн эд зүйлсийг ч авах, ашиглах боломжгүй болоод байна. Иймд дээрх хуулийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл барилгын талбайгаас ямарваа эд зүйлсийг дур мэдэн гаргах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна... гэсэн тул өөрийн өмч болох бетон зуурмагийн үйлдвэрээ М..." ХХК-аас авч, ашиглаж чадахгүй, хуулиар олгогдсон өмчлөх эрх зөрчигдөн өнөөдрийг хүрлээ.

Иймд Хан-Уул дүүргийн ....-р хороо, .....-р хороололд байрлах М..." ХХК -ийн барилгын талбайд байгаа манай компанийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэрийг М..." ХХК-ийн хууль бус эзэмшлээс, манай компанид гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2011 онд М...." ХХК-ийн хэрэгжүүлж байсан М.... төслийн гүйцэтгэгчээр Солонгос улсын хуулийн этгээд Л... ХХК ажиллаж байсан бөгөөд бетон зуурмагийн ажлыг гүйцэтгэхээр туслан гүйцэтгэгч Б... ХХК ажилласан.

Тус бетон зуурмагийн ажил гүйцэтгэж эхлэх үед Л... ХХК-ийн зүгээс бидэнтэй харилцан тохиролцож, Бетон зуурмагийн үйлдвэрийг манай компанийн эзэмшлийн талбай дээр угсарч суурилуулсан.

2.2. 2014 оноос М..." ХХК болон Л...ХХК-уудийн хооронд маргаан гарч Сингапурын олон улсын Арбитрын шүүхээр 2017 онд шийдвэрлэгдсэн. Тус маргааны үеэр Л... ХХК нь М..." ХХК-аас туслан гүйцэтгэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Бетон зуурмагийн үйлдвэрийг шаардсан бөгөөд Арбитрын шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.3. Бетон зуурмагийн үйлдвэрийн өмчлөгч нь "Б..." ХХК мөн эсэх талаар эргэлзэх нотлох баримт хэрэгт байна. Нэхэмжлэгч 2011, 2012 оны үед S...Со компаниас авч байсан үйл баримтаа ярьж байна.

Манай компани энэ тоног төхөөрөмжийг хууль бусаар олж авсан зүйл байхгүй.

Арбитрын шийдвэрт энэ асуудлаар шүүхийн дүгнэлт хийгдсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороололд байрлах М... ХХК-ийн барилгын талбайд байгаа бетон зурмагийн үйлдвэр, 2 ширхэг контайнер болон үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабортарийн тоног төхөөрөмжийг М... ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,446,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3,446,860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.... ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлээгүй, гэрээний тохиролцоог гэрээний үг үсэг, талуудын хүсэл зоригийг үл хэрэгсэн өөрийн үзэл бодлоор тодорхойлсон. Б... ХХК болон Л... ХХК-ийн хооронд байгуулагдсан "Төлбөр тооцооны тохиролцооны гэрээ"-гээр бетон зуурмагийн үйлдвэр болон бетон зуурмагтай холбоотой үлдэгдэл тооцоогоо талууд хийж дуусгасан байгаа нь тодорхой харагддаг.

Тус гэрээний дагуу Б... ХХК бүх төлбөрөө хүлээж авсан гэдэгтэй маргадаггүй. Гэтэл анхан шатны шүүх тус "Төлбөр тооцооны тохиролцооны гэрээ" болон түүнтэй холбоотой үйл баримтуудыг огт үнэлж дүгнэлгүйгээр хариуцагчийн тайлбарыг үгүйсгэсэн. Гэрээний ерөнхий нөхцөлийн 7.7-д үйлдвэрийн өмчлөлийн асуудлыг тохиролцсон тохиролцоо байгаа.

Бетон зурмагийн үйлдвэр гэрээг хэрэгжиж байх үед аль хэдийн М... ХХК газарт баригдсан. Үүнтэй талууд маргадаггүй. Энэ үйл баримт нь М... ХХК, Л... ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний ерөнхий нөхцөлийн 7.7-н а) хэсэгт заасны дагуу "үйлдвэр талбайд байршсанаар захиалагчийн өмч болно" гэсэн заалтын дагуу М...ХХК өмчлөх эрх бий болсон.

Нэхэмжлэгч Б... ХХК нь Л... ХХК-ийн туслан гүйцэтгэгч бөгөөд М... ХХК-тай аливаа байдлаар гэрээ хийгээгүй, гэрээний харилцаа үүсээгүй.

Гэтэл шүүхээс М... ХХК болон Б..ХХК-уудын хооронд үүсээгүй гэрээний үүргийг нотлохыг шаардсан.

Аливаа төсөлд ерөнхий гүйцэтгэгч бүх зардал, ашгаа тооцоод материал, ажиллах хүчний үнийн саналаа захиалагчид өгч урьдчилан батлуулдаг ба түүнд нь нэмэлт, өөрчлөлт орох бол тусдаа процессоор дахин ажиллагаа хийгдээд явдаг. Энэ процессоо ч гэрээндээ заадаг жишигтэй (Variation and Adjustment гэдэг). Тухайн үед төслийн үнийн саналыг Л.. ХХК ямар аргачлалаар тооцон батлуулж, түүнд нь бетон зуурмагийн үйлдвэрийн өртөг ямар дүнгээр, хэрхэн яаж шингэсэн гэдгийг захиалагч тооцоолох, нотлох боломжгүй, ийм ч үүрэггүй.

Оруулж ирсэн үйлдвэрээ Л... ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн хүрээнд М... ХХК-ийн талбайд суурилуулсан. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-т зааснаар өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэнд тооцох ба тус хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т зааснаар ийнхүү шилжсэнээр эд хөрөнгийн өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч "Б..." ХХК нь хариуцагч "М..." ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, ... дүгээр хороололд байрлах "М.... ХХК-ийн эзэмшил талбайд байгаа бетон зуурмагийн үйлдвэр, 2 ширхэг контейнер, үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмжийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн талаар:

2.а. Хариуцагч "М... ХХК нь 2011 онд Хиатт Реженси (Hyatt Regency) Зочид буудлын барилгын төсөл хэрэгжүүлэхээр гүйцэтгэгчээр "Л..." ХХК-ийг шалгаруулан гэрээ байгуулж, зочид буудлын барилгын ажлыг бүхэлд нь хариуцуулан хэрэгжүүлэхээр тохиролцсон, "Л..." ХХК-ийн Монгол дахь "Л..." ХХК нь "Б..." ХХК-тай Бетон зуурмагийн үйлдвэр, бетон зуурмаг нийлүүлэх гэрээг 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулжээ.

2.б. Гэрээгээр "Б..." ХХК нь БНСУ-ын "С..." ХХК-тай Бетон зуурмагийн үйлдвэр болон тоног төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулж, эд хөрөнгийг худалдан авч, төсөл хэрэгжиж буй "М.. ХХК-ийн хашаанд суурилуулан, үйл ажиллагаа явуулж байсан боловч "Л..." ХХК болон "М.... ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ цуцлагдаж, үйлдвэр "М... ХХК-ийн эзэмшлийн газар дээр үлдсэн үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон.

2.в. "Б..." ХХК нь Хиатт Реженси (Hyatt Regency) Зочид буудлын барилгын төсөл хэрэгжүүлэх төсөлд ерөнхий гүйцэтгэгч "Ло..." ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан тухайд талууд маргаангүй.

2.г. "М..." ХХК, "Л..." ХХК-ийн хооронд 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод Хиатт Реженси Монголиа Улаанбаатар "Hyatt Regency Mongolia, Ulaanbaatar" нэртэй зочид буудлын барилгын ажлын 1 дүгээр үе шатанд гүйцэтгэх 109,379,000 ам.долларын үнэ бүхий гэрээ байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж байгаад 2014 оноос талуудын хооронд маргаан гарч, гэрээ цуцлагдсан, гэрээ цуцлагдсантай холбоотойгоор талууд уг маргааныг 2017 онд Сингапурын олон улсын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

2.д. Энэхүү хэрэг нь Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс хянагдсан байх бөгөөд тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2022/00034 тоот тогтоолд арбитрын шийдвэрийн орчуулга бүрэн хэмжээгээр авагдаагүй талаар дурдсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сингапурын Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг хариуцагч бүрэн эхээр нь хэрэгт гаргасан байна.

 

3. Зохигч уг маргаан өмнө нь Арбитрын шүүхээр шийдвэрлэгдсэн эсэх, хариуцагч "М..." ХХК-ийн Бетон зуурмагийн үйлдвэр,тоног төхөөрөмжийг эзэмшиж байгаа эзэмшил хуульд нийцэх эсэхэд маргаж байна.

3.а. Нэхэмжлэгч "Б.." ХХК нь хариуцагч "М..." ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэр, 2 ширхэг контейнер, үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмжийг эзэмшиж байгаа эзэмшил хууль бус гэж тодорхойлжээ.

Хариуцагч уг эд хөрөнгийг хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр эзэмшиж байвал түүний эзэмшил хууль бус болох юм.

3.б. Хариуцагч тал бетон зуурмагийн үйлдвэр, 2 ширхэг контейнер, үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмжийг гэрээний дагуу олж авсан, үнийг "Л..." ХХК-д төлсөн, талуудын хооронд гэрээтэй холбоотой маргаан үүсч, Сингапурын Олон улсын Арбитрын шүүхээр тухайн хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болж эцэслэн шийдвэрлэгдсэн, одоо тооцоо байхгүй, нэхэмжлэгч "Б..." ХХК-тай гэрээний харилцаа байхгүй гэж маргажээ.

3.в. Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ. Үүнд:

2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээ /2хх 106-108/, 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Бетон зуурмагийн үйлдвэрийн гэрээ /2хх 104/, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээ, Гэрээг хугацаанаас өмнө цуцалснаас үүдэх төлбөрийн тооцоолол, Batch plant угсралтын зардал /1хх202-206/, Сингапурын Олон Улсын Арбитрын төвийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 215 дугаар Эцсийн шийдвэр /1хх111-117/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /1хх 36-40/ зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагдсан.

"М...." ХХК, "Л..." ХХК-ийн хоорондын гэрээг цуцалсантай холбоотойгоор Л... ХХК болон Б... ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гэрээг 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр цуцалж, төлбөр тооцооны гэрээг байгуулсан.

Тус төлбөр тооцооны гэрээнд Л....ХХК-аас Б... ХХК-ийн нийт хохиролд 949,717 ам.долларыг өгөхөөр тохиролцсон.

Тус төлбөр тооцооны гэрээгээр Л... ХХК болон Б... ХХК нарын хоорондын өөрөөр хэлбэл, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын хоорондын хохирол төлбөрийн асуудал дуусгавар болж тохиролцсон байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах юм. Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээний 3 дугаар зүйлд дээрх 949,717 ам.долларын төлбөр нь үндсэн гэрээг цуцалснаас үүдэн Б.... ХХК-д үүссэн бүхий л хохиролд хамаарна, дээрхи төлбөрийн хэмжээнээс хэтэрсэн бүхий л хохирлыг нэхэмжлэхгүй гэж тохиролцжээ.

Сингапурын Олон Улсын Арбитрын төвийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 215 дугаар эцсийн шийдвэрээс үзэхэд ерөнхий гүйцэтгэгч Л... ХХК нь захиалагч "М..." ХХК-иас гэрээ цуцлагдсанаас учирсан хохирол шаардсан. Уг хохирлын үнийн дүнд Б... ХХК-ийн нийлүүлсэн бетон зуурмагийн үйлдвэрийн зардал орсон байна. Лотте инженеринг энд констракшн" ХХК болон "Монголын алт МАК" ХХК нарын харилцан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3.г. Хэдийгээр Сингапурын Олон Улсын Арбитрын төвийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 215 дугаар эцсийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, уг шийдвэр нь хэргийн тал болох Л... ХХК, "М... ХХК нарын хооронд хүчинтэй, тэдний хувьд маргаан дуусгавар болсон ч гэсэн Л. ХХК, Б... ХХК нарын.. хоорондын Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээ хүчин төгөлдөр байна.

Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээгээр үндсэн гэрээг цуцалснаас үүдэн Б... ХХК үүссэн бүхий л хохирлын асуудлыг шийдвэрлэсэн, хавсралтаар гэрээ цуцалснаас үүдэх төлбөрийн тооцоолол, Batch plant-ыг нүүлгэн шилжүүлэлтээс үүдсэн хохирол, угсралтын зардлыг тус тус тодорхойлж, төлбөр барагдуулах хугацааг тогтоосон байх тул "М..." ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэр, 2 ширхэг контейнер, үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмжийг эзэмшиж байгаа эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй.

Л... ХХК-аас нэхэмжлэгчид төлөх төлбөрийн үүрэгт тоног төхөөрөмжийн өртөг, үндсэн суурилуулалтын зардал, элс, хайрганы талбай суурилуулах, batch plant, excavator тус бүрийн тээврийн зардал болон гаалийн татвар, угсралтын зардал, хохирлын дүн зэргийг хамааруулан тохиролцож, тооцоолсон.

Л... ХХК, М...ХХК-ийн хоорондын гэрээний ерөнхий нөхцөлийн 7.7-д ...Үйлдвэрийн болон материалын бүрдэл бүр нь аливаа барьцаа, шаардлагаас ангид байдлаар захиалагчийн өмч болно: а/ талбайд байршсанаар... гэжээ./2хх 187/

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн эзэмшил хууль бус байх, нэхэмжлэгч өмчийн эзэн буюу өмчлөгч байх урьдчилан нөхцөл хангагдаагүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3.д. Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно.

Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэж заасан.

Бетон зуурмагийн үйлдвэрийг төсөл хэрэгжүүлэхэд зориулан худалдан авсанд талууд маргаагүй бөгөөд төсөл буюу гэрээ хэрэгжээгүй цуцлагдсаны үр дагавар буюу хоорондын тооцоогоо ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нар Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээгээр дуусгавар болгосон байхад анхан шатны шүүх бетон зуурмагын үйлдвэрийн үнэ уг зочид буудлыг барих төсөвт суусан, гэрээний дагуу төлбөрийг төлсөн болох нь баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нотлох үүргээ биелүүлээгүй, хариуцагчийг татгалзлаа нотлоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2023/01423 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул М...ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороололд байрлах М.... ХХК-ийн барилгын талбайд байгаа бетон зуурмагийн үйлдвэр, 2 ширхэг контейнер болон үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабортарийн тоног төхөөрөмжийг хариуцагч компанийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай Бат Бэх ремикон ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,446,860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ш.ОЮУНХАНД