Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/02160

 

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/02160

 

Х.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах, даргалж, шүүгч Ц.Ац, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2023/02930 дугаар шийдвэртэй,

 

Х.Дгийн нэхэмжлэлтэй,

Ч.Б, Б.Н, Б.Г нарт тус тус холбогдох,

 

Орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Х.Д нь орон сууцны өмчлөлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр олж авсан болохыг тус тус тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ч.Б, Б.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ац, хариуцагч Б.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин, хариуцагч Ч.Б, Б.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Х.Дгийн охин нь Япон улсад байхдаа тус улсын иргэн Н /N/-д Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, - байрны -, 3 өрөө байрны урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг Х.Д нь тэтгэврийн хуримтлалаасаа төлж дуусган тус байрыг 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр - дугаарт бүртгүүлэн өөрийн нэр дээр авч, хууль ёсны өмчлөгч болсон.

1.2. Н нь “тус байранд Б.Н, түүний нөхөр Ч.Б гэх хүмүүс амьдарч байгаа, шууд гарах ёстой” гэж хэлсний дагуу тус орон сууцад очоод энэ орон сууцыг худалдан авснаа хэлээд 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “байр албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэл гаргасан.

1.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Нгийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Хан-Уул дуүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, - байр, -, - дугаар улсын бүртгэлийн дугаартай, - тоот Х.Дгийн өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Б.Нгийн нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгах тухай захиргааны хэрэг үүссэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус захиргааны хэрэгт Х.Д нь гуравдагч этгээдээр оролцсон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаар  шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0398 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Магадлалд гаргасан Б.Нгийн гомдлыг Улсын дээд шүүх 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 414 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Б.Н нь гомдол гаргасны дагуу Улсын дээд шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 134 дүгээр “Гомдлыг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хэвээр үлдээх” тухай шүүхийн тогтоол гаргаж, энэхүү захиргааны хэрэг шийдвэрлэгдсэн.

1.4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00865 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүх дээр үүссэн маргааныг шийдвэрлэж дууссаны дараа энэхүү орон сууцыг албадан чөлөөлөх иргэний хэргийг шийдвэрлэнэ гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

1.5. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр үүссэн Х.Д, Л.А, Н нарт холбогдох иргэний хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэхүү захирамжинд хариуцагч нар гомдол гаргасан боловч тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШТ2019/00001 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.

1.6. Б.Н, Ч.Б нар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н болон Ж.О нарт холбогдуулж орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

1.7. Нэхэмжлэгч Х.Д нь өөрийн худалдан авсан орон сууцаа өмчлөгчийн хувиар ашиглаж чадахгүй хохирч байна. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, - байр, - орон сууцыг Ч.Б, Б.Н, Б.Г нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Б.Н нь Япон Улсын иргэн Нтай 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, -ны -од байрлах, - улсын бүртгэлийн дугаартай, 74.7 м.кв талбайтай орон сууцыг 70,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд гэрээний үүргээ бүрэн биелүүлж, 2013 оны 4 дүгээр сард төлбөрийг бүрэн төлж дуусгасан.

2.2. Нгаас өөрийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэн өгөхийг шаардахад “банкны барьцаанд байгаа” гэсэн шалтгаанаар шилжүүлэн өгөөгүй тул Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Н болон түүний орчуулагч Ж.О нарт холбогдуулан гэрээний үүргээ биелүүлсэнд тооцож, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн газарт өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж, илүү төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх иргэний хэрэг үүсгэж, Улсын дээд шүүхээс Гадаад хэргийн яамаар дамжуулан холбогдох ажиллагааг хийсэн боловч Япон Улсын дээд шүүхээс Монгол Улсын дээд шүүхийн хүсэлтийг хүлээн авч, эрх үүрэг тайлбарлах боломжгүй гэх хариуг ирүүлсэн.

2.3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хангаж, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/00083 тоот шийдвэрээр түүнийг эрэн сурвалжилсан. Гэтэл Н нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдмэгцээ, уг иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Х.Д гэх хүнд дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн байна.

2.4. Б.Н, Ч.Б нар төлбөрийг бүрэн төлсөн орон сууцыг Х.Д гэх хүн өөрийн нэр дээр шилжүүлэн авсныг мэдмэгцээ Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхэд Х.Дд олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж, хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 414 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан.

2.5. Б.Н, Ч.Б нар 2018 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.А, Х.Д нарт холбогдуулан тэдний хооронд байгуулагдсан 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Улмаар Нг хамтран хариуцагчаар татсан боловч түүний оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2.6. Уг маргаан хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.Дгийн нэхэмжлэлтэй Б.Н, Ч.Б, Б.Г нарт холбогдох маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай хэрэг хянан шийдвэрлэгдэж байсан. Б.Н, Ч.Б нарын зүгээс маргаан бүхий орон сууцыг Х.Д худалдан авсан гэх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай маргаан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс уг хүсэлтийг хүлээж авалгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1335 тоот шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/01618 тоот тогтоолоор хэвээр үлдээсэн. Б.Н, Ч.Б нар боломжит бүх арга хэмжээг авч, холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж ирсэн боловч Нгийн оршин суугаа хаяг тодорхойгүй шалтгаанаар уг маргаан хянан шийдвэрлэгдэх боломжгүй байна.

Иймд дээрх орон сууцыг хууль ёсны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу үнийг бүрэн төлж, уг орон сууцыг худалдан авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч Б.Н, Ч.Б нарын сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Б.Нийгүүсурэн нь Япон улсын иргэн Нтай 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, - байрны - орон сууцыг 70,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд урьдчилгаа төлбөрт тухайн өдрөө 14,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 56,000,000 төгрөгийг сар бүр 2,000,000 төгрөгөөо төлж барагдуулан, 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцож бүрэн төлж барагдуулсан.

Орон сууц худалдан авч төлбөрийг Б.Н, Ч.Б нар Нгийн эзэмшлийн “Голомт банк” ХХК дахь - тоот дансанд шилжүүлж байсан бөгөөд төлбөр тооцоо бүрэн дууссан. Н нь “банкны барьцаанд байгаа, барьцаанаас сулласны дараа шилжүүлж өгнө” гэх шалтаг хэлсээр орон сууцыг шилжүүлж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Б.Н, Ч.Б нар уг орон сууцыг гэрээний дагуу зохих үүргээ биелүүлсэний үндсэн дээр шударгаар олж авсан.

3.2. Гэтэл Л.А нь Нгаас авсан итгэмжлэлийн дагуу маргаан бүхий орон сууцыг Х.Дд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэр шилжүүлсэн байх боловч уг гэрээний дагуу төлбөр төлсөн баримтгүй байна.

Түүнчлэн Б.Н нь Х.Дгаас 5 жилийн өмнө буюу Нтай орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнийхээ дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулан, анх гэрээ байгуулсанаас хойш уг орон сууцанд тасралтгүй амьдарч байна.

Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, - байрны - хаягт байрлах 74.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгч Б.Н, Ч.Б нар болохыг тогтоож, Х.Дг үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан болохыг тогтоож өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж байгаа бөгөөд мөн орон сууцны гэрчилгээг үндэслэлгүйгээр олж авсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Х.Д нь хариуцах этгээд биш тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Дгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, - - хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.Б, Б.Н, Б.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж - байр - хаягт байрлах 74.7м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Х.Д нь орон сууцны өмчлөлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр олж авсан болохыг тогтоолгох тухай хариуцагч Б.Н, Ч.Б нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дүгэр зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ч.Б, Б.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Нгийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн бичиг нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт юм. Уг бичиг нь “Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар хуулбар үнэн” гэх тамга болон нотариатын хуулбар үнэн баталсан тэмдгээс өөр ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй. Япон, монгол хэл дээр бичигдсэн хоёр бичиг ирсэн боловч ижил агуулгатай эсэх, үнэн зөв орчуулга эсэх нь тодорхойгүй. Япон, монгол бичгийн аль нь эх хувь болох нь тодорхойгүй, хэн орчуулсан нь тодорхойгүй. Цаашилбал орчуулга эсхүл хоёр хэл дээр хоёр өөр зүйл бичиж явуулсан эсэх нь ч тодорхойгүй баримт юм. Мөн япон эсхүл монгол хэл дээр үйлдэгдсэн эсэх нь тодорхойгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт “...Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бухий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна” гэж заасан байдаг. Харин анхан шатны шүүхийн үнэлээд байгаа дээр дурдсан баримт нь уг шаардлагыг хангаагүй байна.

6.2. Н, нэхэмжлэгч Х.Д, гэрч Ж.О, өмгөөлөгч М.Ац нар нь нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээдүүд бөгөөд давж заалдах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолын үндэслэлд тааруулж зориуд зохиомлоор үйлдэж ирүүлсэн, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтад үндэслэж шүүх шийдвэрээ гаргасан.

Өөрөөр хэлбэл, Япон улсын иргэн Н нь нэхэмжлэгч Х.Дгийн өмгөөлөгч М.Ацээр дамжуулан Монгол Улсын шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан хариуцагч Ч.Б, Б.Г нараас төлбөр мөнгө нэхэмжилж, шүүхийн шийдвэр гаргуулж, улмаар шийдвэр гүйцэтгэлийн журмаар бүрэн барагдуулж авсан байдаг. Харин хариуцагч Б.Н, Ч.Б нар нь Нд холбогдуулан нэхэмжлэл гаргахаар оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болдог бөгөөд Н, Х.Д нарын өмгөөлөгч М.Ац “би энэ асуудлаар итгэмжлэл аваагүй учраас шийдүүлэх боломжгүй” гэх тайлбарыг өгдөг.

Гэсэн атал өмгөөлөгч М.Ац нь Нтай холбогдоод Х.Дгийн талд ашигтай байж болохуйц баримтыг зориуд үйлдүүлэн авч, хэрэгт хавсаргуулж байна. Үүнээс харахад Н, нэхэмжлэгч Х.Д, гэрч Ж.О, өмгөөлөгч М.Ац нар нь нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээдүүд гэдэг нь тодорхой харагдаж байна.

Харин Б.Н, Ч.Б нар нь орон сууц худалдан авахаар 78,000,000 төгрөгийг бүрэн төлж, шударгаар эд хөрөнгө олж авсан атлаа орон сууцаа өөрсдийн нэр дээр шилжүүлэх боломжгүй, хууль ёсны дагуу олж авсан гэдгээ шүүхээр тогтоолгох боломжгүй, Нтай холбоо тогтоох ямар ч боломжгүй нөхцөл байдалд орон эрх нь зөрчигдсөөр олон жилийн нүүр үзэж байна.

Түүнчлэн Н нь 103,0 сая төгрөгөөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдсан гэх бичиг нь огт үндэслэлгүй, зохиомол гэдэг нь дараах байдлаар нотлогдож байна.

Япон Улсад төдийгүй Монгол Улсад үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахдаа төлбөр төлсөн баримтыг үйлддэг. Ялангуяа Япон Улсад төлбөр мөнгөтэй л холбоотой бол бэлнээр төлбөрөө төлсөн ч заавал бичгээр баримт үйлддэг. Гэтэл Н болон Э.Бм нарын хооронд мөнгө шилжүүлсэн, хүлээж авсан гэх ямар ч объектив нотлох баримт байхгүй байх ба яг хэдэн оны хэдэн сарын хэдэнд хэрхэн төлбөрийг төлсөн нь тодорхойгүй, тухайн үеийн иений ханш хэд байгаад түүнийг монгол төгрөгөөр хэдэн төгрөгт тооцож авсан нь тодорхойгүй байхад хэргийн нөхцөл байдалд тааруулан 73,0 сая төгрөг гэж бичсэн нь үндэслэлгүй субъектив зүйл болохыг нь нотолж байна.

Мөн Япон Улсын иргэн нь гадаадад үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан тохиолдолд татвар төлдөггүй ч үл хөдлөх эд хөрөнгө худалдсан тохиолдолд тухайн орлогоосоо заавал татвар төлдөг бөгөөд татвар төлсөн байдал нь тухайн хүний тухайн жилийн орлогын баримт болж, уг баримтыг японы захиргааны байгууллагууд төлбөр мөнгөний асуудал дээр объектив баримт болгон гаргуулж авдаг. Гэтэл Н нь 103,0 сая төгрөгөөр уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан орлогынхоо татварын баримтыг хавсаргаагүй байдал нь ор үндэслэлгүй зохиомол бичвэр гэдгийг нь нотолж байна.

6.3. Нэхэмжлэгч Х.Д нь 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Нтай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг ба харин хариуцагч Б.Н нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр орон сууцны төлбөр төлж дуусгах тухай баталгааны гэрээ байгуулж, гэрээ байгуулсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй илээр эзэмшиж байгаа болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбараар хангалттай нотлогддог. Өөрөөр хэлбэл, Б.Н нь маргаан бүхий орон сууцыг Х.Дгаас түрүүнд буюу 5 жилийн өмнө гэрээ байгуулж, гэрээний үүргээ шударгаар биелүүлж, эд хөрөнгийг гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байсан. Гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусаад Нгаас орон сууцны өмчлөлийг шилжүүлж авахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дараагаар Х.Д нь уг орон сууцыг маргаантай гэдгийг мэдсээр байж худалдах, худалдан авах гэрээг хийсэн байдаг.

6.4. Гэрчийн өгсөн мэдүүлэг нь бичгийн нотлох баримтаар давхар нотлогдох ёстой байтал уг хэрэгт эсрэгээрээ гэрчийн өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ, уг гэрээний дагуу орон сууцны төлбөрийг гэрээнд заасан Нгийн “Голомт банк” ХХК дахь дансанд төлсөн баримтуудаар болон Н, Х.Д нарын хооронд байгуулагдсан гэрээ, Нгийн нэхэмжлэлтэй Б.Гт холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн тогтоолоор тодорхой няцаагдаж байдаг.

Шүүхийн шийдвэрт гэрч Ж.Оийн мэдүүлгийг иш татсан бөгөөд иргэн Ж.О нь Н болон Х.Д нартай нэгдмэл ашиг сонирхолтой, Нг удаа дараа хэлцэлд төлөөлж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн 21.1-д заасныг сануулсаар байтал мөнгөн дүнг будилуулан зориуд худал мэдүүлэг өгсөн бөгөөд гэрээний дүн 70,000,000 төгрөг болохыг зөвшөөрч гарын үсэг зурсан, орчуулагчийн хувиар гарын үсэг зурсан зэрэг баримтаар үгүйсгэгдэж байгааг анхаарч үзээгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Ж.Оийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцээгүй, хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдээгүй буюу гэрч асуухад оролцсон хариуцагч Б.Н, Ч.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагч Б.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин нар гэрчийн мэдүүлэг, бичгээр гарсан тэмдэглэлтэй зөрүүтэй гэж үзэн гарын үсэг зураагүй.

6.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ацийн зүгээс хариуцагч Ч.Баас орон сууцны үнэд шилжүүлсэн 26,000,000 төгрөгийг Б.Гийн хамтран ажиллах гэрээний үүрэгт шилжүүлсэн хэмээн Нгийн нэхэмжлэлтэй Б.Гт холбогдох иргэний хэрэг дээр маргаж байсан ч үүнийг дээрх хэрэгтэй огт хамааралгүй болохыг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн явагдаж дууссан. Нгийн нэхэмжлэлтэй Ч.Бт холбогдох иргэний хэрэг дээр мөн шүүх эцэслэн шийдээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн явагдаж дууссан. Ч.Бт холбогдох Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/01211 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжид ямар, ямар шилжүүлэг, гүйлгээг оруулан тооцсон талаар тодорхой дурдсан ба үүнд хариуцагчийн орон сууцны төлбөр төлсөнтэй маргаад байгаа гүйлгээнүүдтэй давхацсан гүйлгээ огт байдаггүй.

Ийнхүү Н, Б.Нгийн гэр бүлийн гишүүдтэй холбоотой бусад маргаанууд бүгд шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдээд, шийдвэр гүйцэтгэлүүд ч дуусч хаагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Н болон түүний гэр бүлийн гишүүд Нд нэг ч төгрөгийн өглөг байхгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс "...олон зээлийн төлбөртэй гэж маргаж байгааг хариуцагч тал няцааж, үгүйсгэж тайлбарлаж чадахгүй байх тул шүүх Б.Нг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, төлбөрийг төлж дуусгасан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй байна. Учир нь орон сууцны төлбөрт төлөгдсөн гэж маргаж байгаа 70,000,000 төгрөг нь бусад маргаантай огт хамааралгүй болох нь хэрэгт цугларсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол, захирамжуудаар болон Нгийн “Голомт банк” ХХК дахь дансны хуулга, хариуцагч нараас гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримтуудаар хангалттай нотлогдож, тогтоогдсон байдаг.

Үүнээс үзэхэд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээгээр маргаан бүхий орон сууцыг Х.Д 30,000,000 төгрөгөөр худалдаж аваагүй нь тодорхой байх бөгөөд охин н.Бм нь Япон Улсад байхдаа Нд төлбөр төлж байсан гэх боловч энэ талаар нотлох баримтын шаардлага хангасан баримт байхгүй, Х.Д нь өөрөө 30,000,000 төгрөг төлсөн гэх боловч энэ талаар мөн нотлох баримтын шаардлага хангасан бодитой баримт огт байхгүй юм. Иргэний хуулийн 112 дугаар зүйл 112.1 дэх хэсэгт “...Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөнөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлсөнөөр өмчлөх эрх шилжинэ ...” гэж зааснаар Х.Д нь шударгаар уг орон сууцны өмчлөх эрхийг олж авсан эсэх, эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн эсэхэд дүгнэлт огт хийгээгүй. Уг орон сууцыг маргаантай гэж мэдсээр байж зах зээлийн үнээс хэд дахин доогуур үнээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, төлбөр төлсөн баримтгүй атлаа өөрийн нэр дээр шилжүүлэн авсан Х.Дг өмчлөх эрхийг шударгаар олж авсан өмчлөгч гэж үзэх боломжгүй юм.

2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч Х.Дгаас “...30,000,000 төгрөг гэж гэрээнд бичсэн байна, та тайлбартаа 103,000,000 төгрөг гэсэн. Тэгвэл тэр талаар холбогдох баримт байгаа юу? Хүүхдүүд чинь үүнтэй холбоотой баримтуудыг явуулдаг уу?” гэхэд нэхэмжпэгч “Манай хүүхэд Япон Улсад мөнгийг өгдөг байсан. Нгийн компанид ажилладаг учраас цалингаасаа өгдөг байсан" гэж хариулсан байдаг.

Нэхэмжлэгч Х.Д нь Нгаас нийт хоёр орон сууцыг зах зээлийн үнээс хэт бага үнээр үнэлж 2 өрөө орон сууцыг 15,000,000 төгрөгөөр, маргаан бүхий 3 өрөө орон сууцыг 30,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан байдаг. Н нь өөрийн орон сууцыг худалдахаар бусадтай гэрээ хийсэн атлаа мэдэгдэлгүйгээр бусдад хямд үнээр шилжүүлэх ажиллагаа хийсэн үйлдэл нь Б.Н, Ч.Б нарын эрхийг хохироох зорилготой хийсэн үйлдэл бөгөөд Нд орон сууцны үнэ 70,000,000 төгрөгөө бүрэн төлсөн атлаа одоо мөнгө ч байхгүй, орон сууц ч байхгүй, гудамжинд хөөгдөж гарах хэмжээнд хүрээд байна. Харин Н нь нэхэмжлэгч Х.Дгийн өмгөөлөгч М.Ац, н.Баднайсүрэн, гэрч Ж.О нараар дамжуулан хариуцагч Ч.Б, Б.Г нарт холбогдуулан нэхэмжлэл гарган Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлсэн, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгүүлсэн.

Н нь Б.Н, Ч.Б нарын гэрээний дагуу төлбөрөө төлж дууссан тул өмчлөлд шилжүүлэн авах нэхэмжлэл гаргасны дараа өөрийн нэр дээрх хоёр орон сууцаа хоёуланг нь Х.Дгийн өмчлөлд шилжүүлж, Монгол Улсын иргэдэд итгэмжлэл олгон Ч.Б, Б.Г нарт холбогдуулан 2010-2014 онд байгуулсан хэлцэл хэмээн мөнгө нэхэмжилж нэхэмжлэл гаргасан байдаг. Уг хэргүүд дээр бүгдэд нь нэхэмжлэгч Х.Дгийн өмгөөлөгч М.Ац, н.Байднайсүрэн нар Нгийн өмгөөлөгчөөр оролцсон байдаг. Түүнчлэн хариуцагч Б.Нгээс Нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Нд гардуулахад туслалцаа үзүүлэхээр очсон Б.Нгийн өмгөөлөгчид гэрч Ж.Оийн хуульчийн холбооны сахилгын хороонд гаргасан гомдолын хуралд хүртэл Х.Дгийн өмгөөлөгч Н.Баднайсүрэн оролцсон байдаг. Үүнээс харахад Х.Д уг орон сууц маргаантай, түүнтэй холбогдуулан Б.Н Нд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдээгүй байх огт боломжгүй юм.

Гэвч Х.Д нь үнэхээр орон сууцныхаа үнийг төлөөд худалдан авсан бол Нгаас төлсөн мөнгөө эргүүлэн шаардах байсан гэтэл өнөөдрийг хүртэл бүтэн 7 жилийн хугацаанд ийм шаардлага тавьж байсан удаа байдаггүй.

Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2021/01219 дугаар тогтоолын хянавал хэсэгт “...Дээрх тайлбараас үзвэл зохигч хэн аль нь тус орон сууцыг худалдаж авсан, худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөгч болсон гэж маргах ба худалдагч нь Япон улсын иргэн Н /N/ гэх нэг этгээд байна. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах тус тус үүрэгтэй. Зохигч маргаж буй объектын өмчлөлийн талаар маргаж байх тул дээрх гэрээ хуулийн дагуу хэрэгжсэн эсэхийг нягтлах нь зүйтэй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Үүний тулд өмчлөгч нь хууль ёсны байх, эзэмшил хууль бус болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх учиртай....” гэж, Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/01618 дугаар тогтоолын хянавал хэсэгт “...Маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч нар 2011 онд худалдаж авахаар Япон Улсын иргэн Нтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, энэ үеэс эзэмшиж эхэлсэн ба төлбөрийг төлж дуусгасан боловч Н нь янз бүрийн шалтаг хэлж, өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байгаа гэж маргасан, харин нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн үйл баримт тогтоогджээ. Иргэний хуулийн 106 дугаар зуйл 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул хариуцагч нарын эзэмшил хууль бус тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай. Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1... 40.2.-т заасан үүргээ биелүүлээгүйгээс хариуцагчийн эзэмшил хууль бус эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ... ” гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг.

Х.Д нь 30,0 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн боловч 103,0 сая төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарладаг. Мөн гэрээний дагуу үнийг төлсөн эсэх нь эргэлзээтэй. Түүнчлэн худалдан авсан хөрөнгөө хүлээж авах үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогддог.

Үүнээс үзэхэд хэрэв анхан шатны шүүх Нгийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр маргаануудыг шийдвэрлээгүй, Н, Б.Н нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн биелэлт хангагдсан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байгаа бол Нгийн төлөөлөгч н.А, Х.Д нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг биелэгдсэн эсэхэд ч үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй юм.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн дурьдаад Нгийн нэхэмжлэлтэй Б.Гт холбогдох иргэний хэрэгт шүүхийн журмаар ОӨУБЕГ-аас ирүүлсэн баримтаар уг маргааны зүйл болсон орон сууцны хөрш хаалга болох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр/17041/Туул гол гудамж, - байрны 26 тоот орон сууцыг Х.Д нь 15,000,000 төгрөгөөр худалдан авсан баримт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан.

6.5. Сөрөг нэхэмжлэлийн талаар. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар Нтай байгуулсан гэрээний дагуу мөнгөн төлбөрийг бүрэн төлсөн болох нь баримтаар нотлогдож байх тул Б.Н, Ч.Б нар нь мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэснээр уг орон сууцны өмчлөгч юм.

Эзэмшил, өмчлөл өөрөө хууль ёсны байх үйл баримт бүрэн тогтоогдож байхад хууль бус эзэмшлийн асуудал яригдах нь хууль зүйн боломжгүй юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь ямар ч үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч Б.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 30,000,000 төгрөгийн гэрээ хэлцэл хийж би худалдан авч, нөгөө тал худалдсан нь Улсын бүртгэлийн газрын бүртгэгчийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, өмнө авагдсан нотлох баримтууд хоорондоо уялдаа холбоогүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

8.1. Гадаад улсад байгаа консулын газар, Элчин сайдын яаманд нотариатын үйлдэл хийх эрхийг хуулиар олгосон байдаг. Хуульд заасны дагуу төлбөр төлсөн баримт монгол, япон хэлээр цахимаар ирсэн нь хуулийн шаардлага хангасан нотлох баримт юм. Япон болон монгол хэл дээр орчуулагдсан материал учир Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийг баримтлах үндэслэлгүй.

8.2. Х.Д нь намайг өмгөөлөгчөөр авсныг нэгдмэл ашиг сонирхолтой гэж ярих үндэслэлгүй, миний хөдөлмөрлөх эрхэд халдаж байна гэж үзэж байна.

8.3. Х.Д 30,000,000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээ хийж 2 хувийн татвар төлсөн. Япон Улсын иргэн тухайн улсдаа татвар төлөх асуудал нь яригдана.

8.4. 2011 онд гэрээ байгуулахдаа мөнгө төлнө гэсэн боловч төлөөгүйн улмаас гэрээг цуцалсан талаар гэрч мэдүүлдэг. Төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Гэрч худал мэдүүлэг өгсөн гэж ярих нь үндэслэлгүй.

8.5. Х.Д нь “орон сууцыг 103,000,000 төгрөгөөр авсан. 30,000,000 төгрөгийг тэтгэврийн зээл авч би өөрөө төлсөн. Үлдэгдэл мөнгийг манай хүүхэд Япон улсад Нгийн компанид ажилладаг тул цалингаасаа төлдөг байсан” гэж тайлбарладаг. Шүүх Н нь энэ хэрэгт ямар хамаарал бүхий этгээд вэ гэдгийг тогтоох талаар дүгнэсэн. Х.Д нь хөрөнгө худалдан авахаа мэдэгдэхэд 7 хоногийн дотор гарна гэж хариуцагч тал хэлсэн байсан.

8.6. Хэрэгт олон шүүхийн шийдвэр байдаг ч бүгд хариуцагчийн нэхэмжлэлийг хангаагүй байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Х.Д нь хариуцагч Ч.Б, Б.Н, Б.Г нарт тус тус холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч орон сууцны өмчлөгчөөр, мөн Х.Д нь орон сууцны өмчлөлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр олж авсан болохыг тус тус тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3.1. Япон Улсын иргэн Н нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын иргэн Л.Ад итгэмжлэл олгосон байх ба уг итгэмжлэлд өөрийг нь төлөөлж Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ Туул голын гудамж - байрны -, 74.7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдах, холбогдох гэрээнд гарын үсэг зурах, лавлагаа авах бүрэн эрхийг олгожээ.

Энэ итгэмжлэлийг үндэслэн Л.А нь Нг төлөөлж Х.Дтай 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээгээр Нгийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, - байрны -, 3 өрөө орон сууцыг Х.Дд 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцожээ. Нийслэлийн улсын бүртгэлийн газар - орон сууцны өмчлөх эрхийг Х.Дгийн нэр дээр бүртгэж, түүнд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн - тоот гэрчилгээ олгосон байна. /1 хх-ийн 245-248, 2хх-ийн 1-2 дахь тал/ 

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

3.2. Дээрх гэрээний 2.2-т гэрээний үнийг төлсөн гэж тэмдэглэсэн байна. Мөн Н болон Э.Бм нар 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Байрны төлбөр барагдуулсан тухай бичиг” гэх баримт үйлдсэн байх ба уг баримтад “Япон улсын иргэн Н миний бие Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул голын гудамж - байрны -од байрлах 3 өрөө орон сууцыг нийт 103,000,000 төгрөгөөр Э.Бмд худалдсан болно. 2015 оноос 2016 оны хооронд бэлнээр 2,680,000 иен, сар бүр 150,000 иен төлж барагдуулсан ба нийт 1,800,000 иен, өөрөөр хэлбэл 73,000,000 төгрөгийг иенээр хүлээн авч, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг Э.Бм ээж Х.Д нь Л.Ад төлж дуусаад “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Улмаар 2016 оны 03 сарын 22-ны өдөр бүх тооцоо дуусаж тухайн орон сууцыг Э.Бмгийн ээж Х.Дд шилжүүлж өгсөн болно” гэжээ. Энэ баримтад Монгол Улсаас Япон улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт гэрчлэх үйлдэл хийгдсэн талаар дарагдсан тэмдэг уншигдахгүй боловч “монгол улсын дипломат төлөөлөгчийн газар хуулбар үнэн” гэж тэмдэг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасантай нийцснээс гадна Япон улсад суугаа Элчин сайдын яам нотариатчийн үүрэг гүйцэтгэгч үйлчлүүлэгчийн боловсруулсан баримт бичгийг гэрчилж 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бүртгэлийн 1589-т бүртгэсэн тухай тэмдэглэлээр дээр баримт үйлдэгдсэн байдал давхар нотлогдож байна. 

Хариуцагч тал уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй байна. Түүнээс гадна уг баримт гадаад хэлээр бичигдээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт зааснаар орчуулагчаар монгол хэл дээр орчуулагдсан байх шаардлагагүй.

Харин хэрэгт баримтаар япон хэл дээр үйлдсэн бичиг авагдсан, уг баримтад Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарагдсан байх боловч уг баримтад орчуулга хийгдээгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, япон болон монгол хэл дээр нэг баримт үйлдэгдсэн гэж шууд дүгнэх боломжгүй.

Иймд монгол хэл дээр үйлдэгдсэн “Байрны төлбөр барагдуулсан тухай бичиг” гэх баримтыг эх баримт гэж тооцож үнэн зөв гэж үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцэх тул дээрх хоёр баримтын аль нь эх хувь болох нь тодорхойгүй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт зааснаар гадаад хэл дээрх баримт орчуулагдсан байна гэснийг зөрчсөн гэх агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримтын шаардлага хангаагүй баримт гэх гомдол үндэслэлгүй.

 

3.3. Дээрхээс дүгнэвэл худалдан авагч Х.Д нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнэ төлөх үүргээ, мөн хуулийн 206 дугаар зүйлд зааснаар зохих ёсоор гүйцэтгэсэн байх тул түүнд холбогдох орон сууцны эзэмшлийг үндэслэлгүйгээр олж авсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгсон нь зөв болжээ.

 

3.4. Хувийн эрх зүйн гэрээнд худалдагч тал Х.Д болон Нгийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан М.Ац нар нэг ашиг сонирхолтой байхыг нийтийн эрх зүй хүрээнд ашигладаг хууль зүйн нэр томъёо болох “нэгдмэл ашиг сонирхол бүхий” этгээд гэж дүгнэхгүй бөгөөд “нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүдийн хийх хэлцэлд хуулиар тавих хязгаарлалт” үйлчлэхгүй болно. Харин Ж.О нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн статустай оролцож байгаа бөгөөд тэрээр өгсөн мэдүүлэгтээ хариуцлага хүлээх учиртай тул түүний мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгч болон өмгөөлөгч М.Ацтэй ашиг сонирхол нэг гэж дүгнэхгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

3.5. Худалдах, худалдан авах гэрээ байгуулсантай холбоотой Монгол болон Япон улсад татвар төлсөн эсэх байдал уг гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй, гэрээний эрх зүйн маргаан шийдвэрлэхэд нөлөөлөх хүчин зүйл болохгүй. 

 

4.1. Б.Н болон Н нар 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Орон сууцны төлбөр төлж дуусгах тухай баталгааны гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр маргаан бүхий орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдах, урьдчилгаанд 14,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 56,000,000 төгрөгийг 28 сарын хугацаанд сар бүр 2,000,000 төгрөг 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулмагц орон сууцны өмчлөх эрхийг Б.Нд шилжүүлэхээр тохиролцсон байх боловч улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгээгүй байна.

 

4.2. Энэ гэрээний дагуу хариуцагчийн төлсөн төлбөрийн талаар дүгнэлт хийх боломжгүй гэж анхан шатны шүүх алдаатай дүгнэснийг залруулах боломжтой. 

 

4.3. Гэрээнд “урьдчилгаа болох 14,000,000 төгрөгийг төлөв” гэж бичигдсэн тул худалдан авагч талыг уг мөнгөн хөрөнгийг төлсөн гэж үзнэ. Харин үлдэгдэл 56,000,000 төгрөгийг төлснөө хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй. Гэрээнд орон сууцны үнийг “Голомт банк” ХХК-ийн - тоот дансанд шилжүүлэхээр тохиролцжээ. Энэ дансанд “Н орлого” гэсэн агуулгаар 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөг, 2012 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөг,    2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөг, нийт 28,000,000 төгрөгийг төлсөн гэж дүгнэхээр байна.

Харин мөн дансад “Баас орлого” гэсэн 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 10,000,000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 10,000,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 3,000,000 төгрөг нийт 27,000,000 төгрөгийг орон сууцны үнэд төлсөн гэж дүгнэхгүй. Учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 183/ШШ2018/01211 дүгээр захирамжид нэхэмжлэгч Н нь Ч.Баас зээлийн гэрээний үүрэгт 75,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба ийнхүү шаардахдаа Ч.Бийг нийт 117,000,000 төгрөгийн зээл авсан, үүнээс 41,500,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан байдалтай харьцуулан дүгнэвэл дээр дурдсан “Баас орлого” гэж тодорхойлж Нд шилжүүсэн мөнгөн хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох орон сууцны үнэд төлсөн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Иймд Б.Н нь орон сууны үнэд 42,000,000 /14,000,000+28,000,000/ төгрөгийг төлсөн худалдах, худалдан авах гэрээний үүргийг гэрээнд заасан хугацааны дотор төлөх үүргээ зөрчжээ. 

 

4.3. Түүнчлэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/01972 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 784 дүгээр магадлал,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/00083 дугаар шийдвэр, 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 сарын сарын 06-ны өдрийн 221/МА2017/0398 дугаар магадлал,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00865 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1335 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын  шатны шүүх хуралдааны  2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/01618 дугаар тогтоол

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01828 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1981 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2018/00088 дугаар тогтоол,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01839 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2101 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны  2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/00211 дүгээр тогтоол,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар  сарын 18-ны өдрийн  183/ШШ2018/01711 дүгээр шийдвэр,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2092 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2019/000306 дугаар тогтоолуудаар тус тус хариуцагч нараас Нд орон сууцны үнэ төлсөн талаарх үйл баримт тогтоогдоогүй байна.

 

5. Н өөрийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Х.Дд шилжүүлснээр Х.Нгийн орон сууц эзэмших эрх дуусгавар болжээ.  Худалдах, худалдан авах гэрээний үнэ төлөх үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээнд зааснаар өмчлөх эрхийг Х.Н олж авах боломжгүй болжээ. Иймд  Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжихээр тохиролцсон боловч үнэ бүрэн төлөгдөөгүй тул Х.Нд өмчлөх эрх шилжээгүй байх тул уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.  

 

6. Иймд нэхэмжлэгч Х.Д нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

7. Гэрч Ж.Оийн мэдүүлэг хэрэгт авагдсан, шүүх гэрчид Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасныг тайлбарлаж, хууль сануулсан байх ба тус мэдүүлэг нь худал болохыг тогтоогоогүй байна.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2023/02930 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,323,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.БАДРАХ

                                           

              ШҮҮГЧИД                                     Ц.Ац

                                                                                             

         Э.ЗОЛЗАЯА