| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 106/2019/0768/Э |
| Дугаар | 149 |
| Огноо | 2021-03-24 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., 23.2.1., |
| Улсын яллагч | О.Мөнхбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 149
Э.Т д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хишигсүрэн, Ц.Цэлмэг, хохирогч Б.Нямдаваа, хохирогч М.Замбагабалын өмгөөлөгч Б.Борхүү, хохирогч “Лотус финанс” ББСБ-ын төлөөлөгч Б.Бадрах, түүний өмгөөлөгч Г.Оюунтуяа, хохирогч “Өү энд Би Эн” ХХК-ын төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 843 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар магадлалтай, Э.Т д холбогдох 1905 00852 0463 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч М.Замбагабалын өмгөөлөгч Б.Борхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Э.Т
Э.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Лотус Финанс” ББСБ-ыг залилж, 330.000.000 төгрөг авсан гэх хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Э.Т-г үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “Залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 7 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнийг 5.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-д заасныг баримтлан арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоног хорих ялаар тэнцүүлэн тооцож 11 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар түүнд оногдуулсан 7 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 11 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 7 жил 11 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Иргэн Н.М, Я.Э нарыг иргэний хариуцагчаар татсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Э.Т-с 2.372.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Ө-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар “Өү Энд Би Эн” ХХК-ийн захирал Б.О-г иргэний хариуцагчаар татаж, түүнээс нийт 77.000.000 төгрөг гаргуулж хохирогч Г.М-д 10.000.000 төгрөг, хохирогч М.З-д 30.000.000 төгрөг, хохирогч Ц.Ө-т 37.000.000 төгрөг тус тус олгож, хохирогч Б.О-н шүүгдэгч Э.Т-с нэхэмжилсэн 82.277.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч Д.Т-с нийт 22.039.610 төгрөг гаргуулж хохирогч М.З-д 539.610 төгрөг, хохирогч Б.Н-д 21.500.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд хохирогч М.Замбагабалын өмгөөлөгч Б.Борхүү гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “Лотус финанс” ББСБ-ын зүгээс гаргасан гомдолд дүгнэлт хийж, хүлээн авсан, бусад этгээдийн гомдол, тайлбарт дүгнэлт хийгээгүй нь хэт нэг үндэслэлд төвлөрсөн, хэргийг гомдолд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянасан гэх боловч, уг агуулгаасаа зөрсөн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт нь хэрэгт цугларсан ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа, хэрэгт цугларсан ямар нотлох баримтыг үнэлж, анхан шатны шүүхийн үнэлсэн нотлох баримтаас зөрүүтэй, нийцэхгүй байгаа талаар тодорхойгүй, дүгнэлт хийгээгүй. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй, эсхүл нэмэлт ажиллагаа хийх талаар ямар нэг байдлаар дүгнээгүй нь хэргийг шүүхийн шатанд шийдвэрлэх боломжтой гэж ойлгохоор ба анхан шатны шүүх үйл баримтад буруу дүгнэлт хийсэн бол давж заалдах шатны шүүх зөвтгөн, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой байтал хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь давж заалдах шатны шүүхийн ач холбогдол, мөн чанарт нийцэхгүй байна.
Сүүлийн жилүүдэд шүүх, эрх зүйн маргааны төрлөөр, дагнан мэргэшиж байгаа боловч энэ нь тухайн чиглэлээс бусад чиглэлийн шүүхийн шийдвэр нь хүчингүй, эсхүл шүүхийн шийдвэрийг бусад шүүх нь хүлээн авахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байх ямар ч хууль зүйн боломжгүй. Өөрөөр хэлбэл: Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсад шүүх эрх мэдлийг гацхүү шүүх хэрэгжүүлнэ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.3 дугаар зүйлд тухайн гэмт хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүх, прокурорын шийдвэр хүчин тоголдөр байгаа гэж тус тус хуульчлан, зааж өгсөн. Үүнээс үзэхэд “Лотус финанс” ББСБ-ын нэхэмжлэлийн дагуу Э.Т-с төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гарсан, уг шийдвэр нь хүчин төгөлдөр.
Төлбөр мөнгийг хэн төлөх нь тодорхой, үүнийг шүүх шийдвэрлэсэн. Харин эрүүгийн шүүх зөвхөн Э.Т-н үйлдлийн талаар ямар дүгнэлт хийх нь шүүхийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал ба энэ талаар анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн, харин давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн уг дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байгаа бол нотлох баримтаа дурдаж, эсрэг дүгнэлт хийх нь давж заалдах шатны шүүхэд хуулиар эрх нь олгогдсон. Нэгэнт анхан шатны шүүх хуулийн хүрээнд дүгнэлтээ хийсээр байтал дахин дүгнэлт хий гэх агуулгаар буцааж байгаа нь шүүхийн бие даасан, хараат бус байдалд халдаж байгаа агуулга юм.
Иргэний хэргийн шүүх Э.Т-н үйлдлийн талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй, төлбөл зохих төлбөрийг төлүүлэх шийдвэр гаргасан. Миний үйлчлүүлэгчийн зүгээс тухайн хэргийг шуурхай шийдвэрлүүлэх чин хүсэлтэй байгаа ба уг хэрэг нь маш их хугацааг авсан олон дахин эргэж буцсан, энэ хэрээр хохирогч нарын хохирлын хэмжээ дам байдлаар өсөж, иргэний шүүхэд итгэх итгэлийг алдагдуулсан нөхцөл байдалтай байгааг дурдах нь зүйтэй. Энэ хэрэгт өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хэргийг заавал, зайлшгүй дахин хэлэлцүүлэх, эсхүл нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах ноцтой зөрчил байхгүй гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буруу дүгнэлт хийсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол шат шатны шүүх нь залруулах бүрэн боломжтой гэж үзэж байгаа тул хэргийг буцаахгүйгээр эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хишигсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Бид анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү. “Лотус финанс” ББСБ иргэний шүүхээр хэргээ шийдвэрлүүлсэн бөгөөд одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэлмэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Бидний зүгээс хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэр зарим асуудлаар хууль зүйн үндэслэлтэй гарсан. Харин давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлгүй байна. “Лотус финанс” ББСБ-ын хохиролтой холбоотой иргэний шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байхад эрүүгийн хэрэгт хамааруулж шийдвэрлэх боломж байхгүй. Бидний зүгээс шүүгдэгчийн үйлдэл, гэм бурууд маргахгүй хэдий ч хэргийн зүйлчлэлд маргаж байна. Учир нь залилах гэмт хэргийг байнга үйлдсэн гэдэг нь амьдралын хэвшил болсон, бусдын эд хөрөнгийг хууль бус аргаар өөрийн болгодог, олсон орлогоо гэр бүлдээ зарцуулсан шинжтэй байдаг. Харин Э.Т-н хувьд нэг удаагийн алдаатай үйлдэл нь хэд хэдэн хүнийг залилсан мэтээр ойлгогдож хэргийн зүйлчлэл хүндэрсэн. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж өгнө үү” гэв.
Хохирогч “Лотус финанс” ХХК-ийн өмгөөлөгч Г.Оюунтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан хэргийг шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл нь зөвхөн иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэж гэмт хэрэгт тооцохгүй байх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үздэг. Бид хуурамч бичиг баримт ашиглаж явсныг мэдэх боломжгүй ба гэрээ хийсний дараа үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн үйлдэлд хариуцлага тооцоогүй, мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой дурдагдсан. Иймд анхан шатны шүүхийн тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогч “Өү энд Би Эн” ХХК-ийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Өү энд Би Эн” ХХК-ийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасныг дэмжиж байна. Хохирогч “Өү энд Би Эн” ХХК нь энэ хэргийн улмаас 5 байраа битүүмлүүлж өнөөдрийг хүртэл хохирсоор явна. Э.Т-н үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 82.277.200 төгрөгийг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх дүгнэлт хийхгүйгээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б.О-с 77.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь 6 тоотод М.З 16 сар үнэгүй амьдарсан бөгөөд 24.000.000 төгрөгийн хохирол учирсан. Мөн 27 тоотод 22 сарын турш хүн амьдруулсан бөгөөд тухайн байрнуудад засвар хийх зардал нэмэгдэж гарсан. Э.Т-н хууль бус үйлдлийн улмаас 5 байраа түгжүүлсэн ба тухайн байруудыг бусдад зарж, зээлээ хаах, ажилчдын цалинг тавих боломжгүй болсон тул иргэн н.Жаргалаас мөнгө зээлсэн бөгөөд зөвхөн зээлийн хүүд 56.000.000 төгрөг төлсөн байдаг. Бид холбогдох бүх баримтуудыг бүрдүүлж, нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зөв” гэв.
Прокурор О.Мөнхбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Т-г залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосож, үргэлжилсэн үйлдлээр нийт 1.465.579.110 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, нэг үйл баримт бүхий эрх зүйн маргааныг иргэний хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул “Лотус финанс” ББСБ-г хохирогч гэж үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэж, “Лотус Финанс” ББСБ-ыг залилж, 330.000.000 төгрөг авсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Харин дээрх асуудлаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдал, үйл баримтад нийцсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хүн, хуулийн этгээд нь хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн талаар аль шүүх эхэлж гомдол гаргуулж шийдвэрлүүлсэн, уг шийдвэр нь хүчин төгөлдөр болсон эсэхээс үл хамааран тухайн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх нь Э.Т-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна түүнд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үздэг болно.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эсхүл эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг билээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Т-н “Лотус финанс” ББСБ-г залилж 330.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянахдаа бусад нотлох баримттай харьцуулах, эх сурвалжийг магадлах аргаар шалгасны эцэст хэргийн үйл баримтыг тогтоох үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэнийг хүчингүй болгож мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй болжээ.
Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, түүнийг нөхөн төлж барагдуулсан эсэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын түвшинг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэх, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул уг нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон байвал зохино.
Түүнчлэн тодорхой гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь бусад салбар эрх зүйн хэм хэмжээ, шүүхийн шийдвэр, факт зэргээс үл харгалзан хэрэгжих албадлага агуулсан хэм хэмжээний зохицуулалт бөгөөд Э.Т-н хувьд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж шүүхийн шийдвэр гарсан гэх асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байх, үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.
Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 843 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч М.З-н өмгөөлөгч Б.Борхүүгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН