Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0400

 

2019 оны 07 сарын 31 өдөр           Дугаар 221/МА2019/0400                          Улаанбаатар хот

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Е, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0317 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Э, А.Ө нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0317 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ********* дугаартай акт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын үйлдсэн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24/0000226 дүгнэлтийн нэмэлт хавсралтад “А” ХХК-ийн хуурамчаар бичиж худалдсан НӨАТ-ын падааны тооцоо хүснэгтийн 19 дэх мөрөнд 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******** дугаартай падаанаар “Б” ХХК-д 124,993,000.00 төгрөгийн хий бичилт хийсэн тухай тэмдэглэсэн.

Уг дүгнэлтийг эрүүгийн 201301000498 хэргийн дугаартайгаар шалгаж Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1441 прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Б” ХХК-ийг хамруулсан болох нь Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2/1227 тоот албан бичгээр нотлогдсоор байтал анхан шатны шүүхийн шийдвэрт “хариуцагч маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ НӨАТ-ын падаан нь жинхэнэ боловч хий бичилт хийгдсэн, зарлагын болон орлогын баримтуудын утга зөрүүтэй, “А” ХХК нь бодитойгоор үйл ажиллагаа явуулдаггүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч эн талаараа хангалттай нотлоогүй хэмээн дүгнэсэн” нь үндэслэлгүй байна.

Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана” гэж зааснаар татвар төлөгч нь татвараа өөрөө тодорхойлж, өөрөө тайлагнадаг.

Харин Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1-д “татвар төлөгч татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэн татварын ногдлоо өөрөө үнэн зөв тодорхойлон төлөх нөхцөлийг бүрдүүлж, нягтлан бодох бүртгэлийг тогтмол хөтөлж, татварын тайлангаа хугацаанд нь гарган тушааж, татвараа төлж буй эсэхийг тогтоох” зорилгоор мөн хуулийн 47.1-д зааснаар татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгадаг.

Татварын улсын байцаагч хяналт шалгалтаар зөрчил илэрсэн бол Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.2.6-д зааснаар татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн аль нэг эрх зүйн баримт бичгийг үйлддэг.

Дээрх хуулийн заалтын дагуу нэр бүхий татварын улсын байцаагчид “А” ХХК нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичиж эрх бүхий байгууллагаар шалгуулан шийдвэрлүүлсэн, мөн “Б” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэх заалтыг зөрчсөн нь тогтоогдож хуулийн хариуцлага хүлээлгэсэн.

Иймээс шүүхийн шийдвэрийн “А” ХХК нэхэмжлэгч компанийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж тайлагнасан болох нь ... нотлогдсон. ... “А” ХХК-ийн тухайд нэхэмжлэгч компанийн худалдан авалтыг тайлагнасан гэж харьяалах дүүргийн татварын хэлтсээс тодорхойлсон нь маргаан бүхий актын үндэслэл эргэлзээтэй гэж дүгнэхэд хүргэж байна гэх үндэслэл нь үгүйсгэгдэж байна.

Татвар төлөгчийн бүрдүүлсэн анхан шатны баримтад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001 он/ 7 дугаар зүйлийн 7.5-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно” гэх шаардлага тавигддаг.

Гэтэл “Б” ХХК-ийн 124,993,000.00 төгрөгийн анхан шатны баримтууд нь үг үсгийн алдаатай, агуулгын хувьд зөрүүтэй байсан, мөн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тус компанийн захирал Т.Е-тэй хийсэн ярилцлагын тэмдэглэлд “Ажил гүйцэтгэсэн гэрээ нь тамгагүй гэрээ байсан” гэж анхан шатны баримтын шаардлага хангаагүй баримт өгснийг нотолсоор байтал шүүх “хариуцагч нэхэмжлэгч компани болон “А” ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байгуулсан “ажил гүйцэтгэх гэрээ”-ээр барилгын суурийн нүх ухах, тээвэрлэх ажлыг гүйцэтгүүлэхдээ нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болох орлогын ордер тасалбарт “машин механизм, түлш, шатахуун, түрээс”, бэлэн мөнгөний зарлагын баримтад “суурийн ажил, тээвэр болон түлшний зардал”, маргаан бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр барилгын машин түрээс, түлш гэх мэт зөрүүтэй бичсэн нь бодитой ажил гүйцэтгэсэн гэж үзэхээргүй байна гэх тайлбар нь үндэслэлгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь алдаатай байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд гаргасан 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0317 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ********* дугаар актаар ““А” ХХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бичсэн ******** тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 113,630,000.00 төгрөгийн бараа борлуулсан мэтээр бичсэн боловч Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газар шалган дээрх ажил гүйлгээ хийгдээгүй гэж тогтоосон” гэж дүгнэн актаар тогтоосон татварын төлбөрт 18,772,017.00 төгрөг төлүүлэхээр тогтоосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******** тоот падаанд 124,993,000 төгрөгийг “барилгын машин түрээс, түлш”-нд “А” ХХК-д төлсөн гэж бичжээ. Уг төлбөрийг нэхэмжлэгч 2012 оны 04 дүгээр улирлын кассын тайландаа тайлагнажээ.

Нэхэмжлэгчээс “манай компани нь 2012 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс “БСИЖМН” ХХК-ийн туслах гүйцэтгэгчээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хороолол барих гэрээ байгуулан ... 13 барилгын суурийн газар шорооны ажлыг “А” ХХК-аар гүйцэтгүүлж төлбөрийг бэлэн мөнгөөр өгсөн ... ажил хийж гүйцэтгүүлэн ажлын хөлс төлөхөд “А” ХХК ******** тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бичиж өгсөн” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн “А” ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд “барилгын суурийн нүх ухах, тээвэрлэх ажлуудыг гүйцэтгэхээр” тусгагдсан, мөн өдрийн нэхэмжлэгчийн бэлэн мөнгөний зарлагын баримтад “суурийн ажлын тээвэр, түлшний зардал” гэж, “А” ХХК-ийн орлогын баримтад “машин механизм, түлш шатахуун түрээс”, зарлагын баримтад “машин түрээс, түлш шатахуун” гэх зэргээр ажил, үйлчилгээний нэр зөрүүтэй тусгагдсан байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийг хийгдээгүй ажил үйлчилгээнд хий төлбөр төлснөөр баримт бүрдүүлсэн гэж буруутгах үндэслэл биш байна.

Учир нь хэрэгт авагдсан “Б...” ХХК-ийн Улаанбаатар хотын 7, 14 дүгээр хороололд барилгын ажил гүйцэтгэсэн тайлангаас үзвэл нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн 14, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хороолол барих барилгын суурийн ажлыг бодитоор гүйцэтгүүлсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчээс “А” ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... орон сууцны зориулалттай барилгын суурийн нүх ухах, тээвэрлэх” ажил гүйцэтгэхээр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, улмаар 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын ******** дугаар падаанаар 113,630,000 төгрөгийг, нэмэгдсэн өртгийн албан татварт 11,363,000 төгрөг нийт 124,993,000 төгрөг төлснөөр тайлагнасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006 оны) хуулийн[1] 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасантай нийцсэн байна.

Учир нь дээрх  акт гаргах үндэслэл болсон ““А” ХХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бичсэн ******** тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 113,630,000.00 төгрөгийн бараа борлуулсан мэтээр бичсэн боловч Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газар шалган дээрх ажил гүйлгээ хийгдээгүй гэж тогтоосон” гэх буюу Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 74 дүгээр зүйлийн[2] 74.1-д заасны дагуу татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх зөв дүгнэж, маргаан бүхий актыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт маргаан бүхий актыг хэдэн онд батлагдсан Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нийцээгүй гэж үзэн хүчингүй болгосноо орхигдуулсан байх тул залруулсан өөрчлөлт оруулав.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0317 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Татварын ерөнхий хуулийн” гэсний дараа“(2008 оны)”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн” гэсний дараа (2006 оны) гэж тус тус нэмж өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ?журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ

 


[1] Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон.

[2] Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар тус зүйлийг өөрчлөн найруулсан.