Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2018/0663/З |
Дугаар | 221/МА2019/0292 |
Огноо | 2019-05-23 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2019/0292
|
|
|
“М э” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0218 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М э” XХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0218 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 тоот албан бичиг /захиргааны акт/-ийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нь Сангийн яамны гомдол хянасан тухай 6-1/3165 дугаар шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу эцсийн шийдвэр байх, үнэлгээний хорооны шийдвэрт тендерт оролцогчдоос гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ оролцогчдын тендерийн материалыг бүхэлд нь хянан үзэж шийдвэрлэх ёстой гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1. “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх”, 34.2. “Нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2. “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг тус тус хангаагүй гэж үзэж байна.
1. Тендерт оролцогчдоос гаргасан гомдлыг хянан үзэхдээ тухайн тендер шалгаруулалтад оролцсон компаниудын материалыг бүхэлд нь хянан үзэх боломжгүй бөгөөд гомдлын үндэслэлд заасны дагуу гомдлын агуулга, хүрээнд тендерийн материалыг хянан үзэж шийдвэрлэдэг.
2. “Э ү” ХХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 22-нд зарласан “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэх” ХХ-2018/15-002 дугаар тендерийн багц-8-д оролцсон “Д” ХХК, “М э” ХХК, “Г н” ХХК, “Т” ХХК-иас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана” гэж заасны дагуу үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан.
Дээрх компаниудаас гаргасан гомдлыг хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу холбогдох баримт материалд үндэслэн хянан үзэхэд “Даяанч өлгий” ХХК-иас “Бараа нийлүүлэх тендерийн баримт бичгийн 18.2-ын (г)-д заасан шалгуурыг хангаагүй гэж, “Т” ХХК, “М э” ХХК-иас MNS 5620-2006 стандарт бүхий тохирлын гэрчилгээтэй тендерээс тохирлын гэрчилгээ ашиглалтын заавартай нийцэхгүй байна гэж, “Г н” ХХК-иас техникийн тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж тус тус татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байсан тул тендер шалгаруулалтын наймдугаар багцын үнэлгээг хууль журмын дагуу дахин үнэлгээ хийхийг захиалагчид 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/3165 албан бичгээр хүргүүлсэн.
Хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан эцсийн шийдвэр гэдэг ойлголт нь тендерт оролцогчид өмнө нь шийдвэрлэсэн асуудлаар дахин гомдол гаргаж байгаа бол тухайн гомдлыг хянан үзэх боломжгүй буюу эцсийн шийдвэр гэдэг агуулгаар ойлгогдоно. Харин маргаан бүхий захиргааны актаар өмнө нь нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар бус тендерийн материалд дахин үнэлгээ хийсэн үнэлгээний хорооны шийдвэрт өөр асуудлаар гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл “Д” ХХК-аас ирүүлсэн дээж нь тохирлын гэрчилгээ болон ашиглалтын заавартайгаа нийцэхгүй гэж, “Т” ХХК-аас ирүүлсэн 3 төрлийн дээж нь тохирлын гэрчилгээтэй нийцэхгүй гэж, “М” ХХК-иас тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн 18.2 (г)-д заасан шалгуур үзүүлэлт, ТӨХ-ийн 4.3-д заасан шаардлагыг хангаагүй гэж тус тус татгалзсан захиалагчийн шийдвэрт хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу дахин гомдол гаргасан тул гомдлыг хянан үзэж 6-1/4347 дугаар албан бичгээр холбогдох хариуг хүргүүлсэн.
Иймд маргаан бүхий Сангийн яамны 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 дугаар захиргааны акт нь хуулийн дагуу гарсан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0218 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
“Э ү” ХК-иас “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан бөгөөд уг тендер сонгон шалгаруулалтад “Д” ХХК, “М э” ХХК, “Г н” ХХК, “Т” ХХК, “М” ХХК нар оролцож, тендер сонгон шалгаруулалтыг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нээж, тендерийн үнэлгээний хороо 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж, тендерийн багц 8-д “М” ХХК-ийн тендерийг хамгийн сайн гэж үнэлж шалгаруулсан байна.
Харин дээрх тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд “Д” ХХК, “М э” ХХК, “Г н” ХХК, “Т” ХХК нар гомдол гаргасны дагуу Сангийн яам уг тендер сонгон шалгаруулалтыг хянаад “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн “М”-ийн тендерээс татгалзсан тухай Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/3165 албан бичгийг захиалагч “Э ү” ХК-д хүргүүлжээ.
Улмаар захиалагч нь Сангийн яамны мэдэгдлийн дагуу тендерийн үнэлгээг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дахин явуулж, “М э” ХХК-ийн тендерийг “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг багц 8-д “хамгийн сайн” тендерээр шалгаруулж, 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулах эрхийг олгосон мэдэгдлийг нэхэмжлэгч “М э” ХХК-д хүргүүлсэн байна.
Гэтэл тендерт оролцогч “Т” ХХК, “Д” ХХК, “М” ХХК-иас гомдол гаргасан гэж үзэж, “...тендер шалгаруулалтын 8 дугаар багцын үйл ажиллагааг хүчингүй болгож, ... дахин нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн Сангийн яамны 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 дугаар албан бичиг нь нэхэмжлэгч “М э” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянах эрхтэй. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэж заажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хуулийн зохицуулалтаас үзэхэд 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “М э” ХХК-д гэрээ байгуулах эрхийг мэдэгдсэн, “Э ү” ХК-иас “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хүчинтэй хугацаа 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дууссан бөгөөд тендер шалгаруулах хүчинтэй хугацаа дууссанаас хойш маргаан бүхий Сангийн яамны 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 дугаар албан бичгийг захиалагчид хүргүүлсэн хариуцагчийн үйлдэл нь хуульд нийцэхгүй гэж үзлээ.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР