Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 171

 

 

Б.Л-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, хохирогч нарын өмгөөлөгч П.Батжаргал, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Ч.Атарболд, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 96 дугаар магадлалтай, Б.Л-т холбогдох 1818004780316 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Атарболд, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвд харилцааны менежэр ажилтай байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хорооллын 9-21 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 28 дугаар байрны 7 тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, О овогт Б.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1962 оны 10 сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Нотариатын тойрогт нотариатч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт И.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх прокуророос И.Э-од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Б.Л-ийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний буюу 291,685,500 /хоёр зуун ерэн нэгэн сая зургаан зуун наян таван мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

тус зүйл, хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Л-ийн цагдан хоригдсон болон ял эдэлсэн 313 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Төрийн банкнаас 105,642,913 төгрөгийг гаргуулж,

13,000,000 төгрөгийг хохирогч Н.А-д, 6,525,000 төгрөгийг хохирогч Ц.А-д, 21,500,000 төгрөгийг хохирогч П.А-д, 5,201,700 төгрөгийг хохирогч Б.Б-т, 5,100,000 төгрөгийг хохирогч Г.Б-д, 8,200,000 төгрөгийг хохирогч Ч.Б-д, 2,469,500 төгрөгийг хохирогч О.Б-д, 6,000,000 төгрөгийг хохирогч Ц.О-д, 1,146,713 төгрөгийг хохирогч Г.Т-т, 2,500,000 төгрөгийг С.С-т, 17,000,000 төгрөгийг хохирогч Ч.Ц-д, 17,000,000 төгрөгийг хохирогч А.Ч-т тус тус олгуулах,

Шүүгдэгч Б.Л-ээс 186,945,770 төгрөг 63 мөнгө гаргуулж, иргэний хариуцагч Төрийн банкинд 135,642,913 төгрөг, 13,000,000 төгрөгийг хохирогч Ч.А-д, иргэний нэхэмжлэгч Голомт банкинд 38,302,587 төгрөг 63 мөнгийг тус тус олгуулж, хохирогч О.Б, иргэний нэхэмжлэгч Төрийн банк нар нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.8, 56 дугаар зүйлийн 1.10-т зааснаар хохирогч Ш.О, Д.Б, А.У нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2003008618 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаалсан Голомт банкны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн БГ4305115294 дугаартай ипотекийн зээлийн гэрээ, мөн Г.А, Х.Э нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2003003956 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцыг барьцаалан Төрийн банкны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 140900383676 зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч Ш.О, Д.Б, А.У нарт олгохыг Голомт банкинд, Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч П.А, Х.Э нарт тус тус олгохыг “Төрийн банк” ХХК-нд тус тус үүрэг болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-т зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Дархан-Уул Шүүхийн тамгын газрын барьцааны мөнгө хадгалах Төрийн сангийн 100190005350 тоот данснаас 1,353,520 төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгож, үлдэх 646,480 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

 

Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Л-ийн өмгөөлөгч Г.Буянбадрал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн, үндэслэлгүйгээр хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг ноцтой зөрчсөн. Б.Л-ийг 15 удаагийн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ яллах дүгнэлтэд тусгагдаагүй, яллагдагчаар татаагүй 16 дахь үйлдэл болох хохирогч П.А-н 21,500,000 төгрөгийг залилсан гэх шинэ үйлдэлд буруутгасан. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.А-д 21,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татсан байсан бол өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэргийн шинжтэй эсэх талаар мэтгэлцэж оролцох боломжтой байсан. Хохирогч П.А зээлийн гэрээтэй холбоотой төлбөрийг өөр этгээдээр барагдуулна гэдгээ мэдүүлсэн байдаг. Хяналтын шатны шүүхээс хохирлын хэмжээг зөвтгөн шийдвэрлэвэл гэмт хэргийн хохирол, нийгмийн аюулын шинжид нөлөөлөх учир шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Атарболд, Б.Цолмон-Эрдэнэ нар нь хяналтын шатны шүүхэд “...Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг бүхэлд нь хянаж, өмгөөлөгчийн гомдлыг хэлэлцсэнгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд хэргийн нөхцөл байдалтай нийцэхгүй байхад давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Шүүхүүд Иргэний хуулийн 497.1, 498.1, 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Төрийн банкнаас 105,642,913 төгрөгийг гаргуулж, нэр бүхий 12 хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн нь хэргийн байдалтай нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Эрүүгийн процессын хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-т “өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан байтал шүүхээс Б.Л-ийн гэмт үйлдлийн улмаас учирсан хохирлыг төрийн банкнаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүх хуралдааны явцад Төрийн банкны оролцоогүй, банкинд мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй байдлаар бусдыг залилсан үйлдлүүд хэлэлцэгдсэн байхад шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй, шүүгдэгчийн бусдыг залилсан үйлдэлд Төрийн банк оролцоотой, буруутай мэтээр дүгнэж, хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулж, хохирол барагдуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх шүүгдэгчийн үйлдэл тус бүрт бодит дүгнэлтийг хийгээгүйн улмаас бүх үйлдлийг нэг шинжтэй мэтээр явцуу дүгнэлт хийж, Төрийн банкнаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн.

Б.Б, Г.Т, О.Б, Ц.О нар нь шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдэх нөхцөл байдлыг өөрсдөө бүрдүүлж, шүүгдэгчтэй үгсэн хуйвалдах замаар мэдсээр байж зориудаар банкнаас зээлийн үнийн дүнгээс илүү дүнтэй зээлийн материалыг Төрийн банкинд бүрдүүлж өгсөн, улмаар Төрийн банкнаас илүү авсан мөнгөө шүүгдэгчид шилжүүлэн өгч байгаа үйлдлийн улмаас банк хохироод байгаа юм. Энэ талаар эдгээр хохирогч нар нь тодорхой мэдүүлж, банкнаас өөрсдийн нэрээр авсан зээлээс шүүгдэгчид өгсөн, энэ мөнгийг банкинд буцаан төлөөгүй гэдгээ тайлбарласан байхад шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэрэг гэж үзвэл Төрийн банктай байгуулаад буй зээлийн гэрээнүүд нь гэмт хэрэг үйлдэх арга хэрэгсэл болж байгаа тул тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болох нь зүй ёсны асуудал боловч шүүхүүд энэ талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл дээд дурдаж буй үйлдлүүдийн дунд банкинд бодит хохирол учраад байхад иргэний хариуцагч гэж дүгнэж буй нь үндэслэлгүй юм.

Шүүгдэгч нь албан тушаалын байдлаа ашигласан, нэр барьж ямар нэгэн ашигтай байдлыг бий болгохоор амласан, залилсан үйлдэл гаргасан талаар нэг ч баримт хэрэгт авагдаагүй. Тэрээр хувь хүнийхээ хувьд мөнгө зээлдсэн, өмчлөлдөө шилжүүлэн авсан үйлдлийг дан ганц хохирогч нарын мэдүүлгийг үндэслэн албан тушаалын байдлаа ашиглаж залилсан гэж үзэх нь учир дутагдалтай. Шүүхүүд шүүгдэгчийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж явцуу хүрээнд дүгнэлт хийж, Төрийн банкнаас нийт 30,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр гаргуулахаар шийдвэрлээд байна.

С.С, П.А, Г.Б, Ч.Б, Ч.Ц, Ц.А нарыг хуурч эд хөрөнгийг нь залилан авч буй үйлдлүүдэд хэлбэрийн хувьд албан тушаалын байдлаа ашиглаж амлалт өгч буй мэт харагддаг боловч эдгээр амлалтууд нь хууль бус шинжтэй байсан, мөн хохирогч нар нь өөрсдөө илтэд болгоомжгүй хандсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

Уг хэрэгт Төрийн банкнаас холбогдох баримтуудыг буюу нэр бүхий иргэдтэй байгуулсан зээлийн гэрээг процессын хуульд заасан журмын дагуу эх, хуулбар хувиар аваагүй, зээлийн төлбөрийг хэн хэрхэн барагдуулж байсан эсэх, тодруулах ажиллагаа хийгдээгүй, авсан зээлийг ямар зориулалтаар ашигласан, зээлийг авч ашигласан үйлдэлд шүүгдэгчийн үйлдэл оролцоо бий эсэх, банк харилцагч нарын хоорондын харилцааг нэг бүрчлэн тодруулаагүй зэрэг асуудлуудад мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай.

Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана уу” гэх агуулга бүхий гомдлыг хамтран гаргажээ.

 

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Атарболд шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Энэ хэрэг хоёр дахь удаагаа Улсын Дээд шүүхээр хянагдаж байна. Анхан шатны шүүхээс Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу ажиллагаа хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх үйлдэл тус бүрээр ялгаж дүгнэлт хийгээгүй буюу Улсын Дээд шүүхийн тогтоолыг ёсчлон биелүүлсэн асуудал бий. Хохирогч гэх хүмүүс нь өөрсдөө гэмт хэрэг үйлдэх боломжийг бүрдүүлсэн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан. Гэтэл хохирогч гэх хүмүүс нь тухайн гэмт хэрэгт бодит байдлаар туслалцаа үзүүлж, “Төрийн банк” ХХК-ийг хохироосон. Ямар нэгэн байдлаар албан тушаалын байдлаа ашигласан мэт харагдах боловч тухайн амлалтууд нь хууль бус шан харамжийн шинжтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдоно. Дээрх нөхцөл байдлуудад анхан болон давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй, “Төрийн банк” ХХК буруутай, мөнгөтэй гэх байдлаар хандаж бүх хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үнэн зөв, бодит дүгнэлт хийж, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Төрийн банк энэ хэргийн иргэний хариуцагч, нэхэмжлэгч, хохирогч эсэхийг эргэлзээгүйгээр тогтоогоогүй, шүүхээс бодит дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй. Зарим хохирогч Б.Л-тэй санаа нэгдэж Төрийн банкны эсрэг үйл ажиллагаа явуулж, зээл авсан нөхцөл байдал байсан. Иймд хэргийг прокурорт буцааж, хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоож өгнө үү” гэв.

 

Хохирогч Г.Б, А.Ч нарын өмгөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь миний үйлчлүүлэгч Г.Б хуурамч нотлох баримт гаргаж өгөөгүй. Гэтэл тухайн үед зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Б.Л нь Г.Б-ын гараар бичсэн хүсэлтийг засаж 17,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ нөхцөл байдал нь залилан мэхлэх гэмт хэргийн арга болох нь тогтоогдсон. Хохирогч А.Ч-ын хувьд 17,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан ба Б.Л түүний нэмж зээл авах хүсэлтийг судлах явцдаа бэлнээр авч ирсэн мөнгийг зээлд хийхгүйгээр өөрөө ашигласан. Б.Л нь нэр бүхий хохирогч нарт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хохирол учруулсан нь тогтоогдсон. Төрийн банк нь Б.Л-ийн төлөх ёстой 5 сая төгрөгийг Г.Б-ын өмчлөлийн орон сууцнаас гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар Төрийн банкнаас хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцсэн. Иймд иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор А.Золзаяа хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Л нь Төрийн банканд харилцааны менежерээс ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 15 удаагийн үйлдлээр 291,685,500 төгрөгийг залилсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байна. Дээрх үйл баримтад анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг танилцуулж байна. Иргэний хариуцагчийн хувьд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хоёр шатны шүүх шүүгдэгч Б.Л нь Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэсэн боловч хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэхдээ шүүгдэгчийн үйлдэл бүрт иргэний хариуцагчаар татагдах этгээд бий эсэхийг зөвөөр тогтоон төлбөр хариуцуулах эрх зүйн үндэслэлийг тогтоохгүйгээр хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэж урьд гаргасан алдаагаа давтсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан холбогдох зүйл, заалтыг баримтлаж гэм буруутай этгээдийн бусдад учруулсан хохирлыг төлүүлэх шалтгааныг тогтоох нь  иргэний хариуцагч, аж ахуй нэгжээс бусдад учруулсан гэм хорын хохирол, төлбөрийг ялгамжтай байдлаар гаргуулахад чухал ач холбогдолтой билээ. 

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх заалтад “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан бөгөөд уг заалтад заасан шаардах эрх үүсэхийн тулд “тухайн иргэн, ажилтан нь ажил олгогчийн хараа хяналтанд түүний хүлээлгэсэн үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн байх” үндсэн урьдач нөхцөлийг хангасан байхыг хууль тогтоогч шалгуур үзүүлэлтээ болгожээ.

 

Дээр дурдсан “үүргээ гүйцэтгэх явцад” гэдгийг хөдөлмөрийн гэрээнээс үүссэн үүргээс гадна үйлдвэрлэлийн болон зайлшгүй шаардлагатай ажил үүргийн үйл явцтай нь холбоотой ажил олгогчийн зүгээс хүлээлгэсэн чиг үүрэг, заавар чиглэлийг хэрэгжүүлж буй процесс гэж ойлгоно.

 

Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааны явцад ажил олгогч нь ажилтнаа сонгон авах, хяналт тавих, зохицуулах, удирдан чиглүүлэх үүрэгтээ хайнга хандсан үйлдлийнхээ төлөө иргэний хариуцагчаар татагдан гэм буруутай хэмээн хариуцлага хүлээдгээрээ бусад үүргийн харилцаануудаас онцлогтой юм.

 

            Харин ажилтан нь байгууллага, ажил олгогчоос олгосон чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан хэмжээ хязгаараас хальж, бие даан үйл ажиллагаа хэрэгжүүлсэн, энэ нь ажил олгогчид мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй нөхцөл байдалд түүний бусдад учруулсан гэм хор, хохирлын хариуцлагыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх ерөнхий заалтыг үндэслэн ажил олгогчоос бүхэлд нь гаргуулах нь уг зохицуулалтыг хавтгайруулсан, өрөөсгөл шийдэл болно.

 

Энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад шүүгдэгч Б.Л нь Төрийн банкны харилцааны менежерээр ажиллаж, тухайн байгууллагын албан өрөөнд үйл ажиллагаа явуулж буй нь хохирогчдын залилан мэхлэгдэхэд хүргэсэн хүчин зүйлсийн нэг мөн боловч тэдгээрийн эд хөрөнгөө шүүгдэгчид өгч буй үйлдлийн үндсэн шинж чанарыг бүхэлд нь илэрхийлэхгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь зарим нэр бүхий үйлчлүүлэгчидтэй харилцахдаа Төрийн банкнаас олгосон чиг үүрэг, харилцааны менежерийн ажил үүргийн хуваарьт тусгагдаагүй буюу банкны нэрийн өмнөөс бус урьдын танил, хувийн харилцаанд тулгуурлан харилцан тохиролцсоны үндсэн дээр хохирогчид нь банкнаас олгох зээлийн дүнгээс илүү дүнг гаргуулан авч тодорхой хэсгийг нь банканд бус шүүгдэгчид шилжүүлж буйгаа бүрэн ухамсарласан байх бөгөөд эдгээр үйл явцыг Төрийн банк мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзнэ.

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан гэм хорын хариуцлагыг ажил олгогч хүлээхтэй холбоотой харилцаа үүсээгүй, шаардах эрхийн урьдач нөхцөлүүд бүрдээгүй байх тул бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээдээр уг гэм хорыг хариуцан арилгуулах нь зүйтэй.

 

2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 407 дугаар хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын тухайд шүүгдэгч Б.Л нь энэ хэргийн зарим нэр бүхий хохирогчидтой албан тушаалын байдлаа ашиглан бусдыг төөрөгдүүлж, Төрийн банкны нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж буй мэтээр харилцаж, тэднийг залилсан байх тул эдгээр хохирогчдод учирсан гэм хорын хохирлын зарим хэсгийг ажил олгогч буюу Төрийн банкаар хариуцан арилгуулахаар анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

Гэтэл шүүхүүд шүүгдэгч Б.Л-ийн харилцааны шинж чанар, хохирол, хор уршиг тус бүрт эрх зүйн оновчтой дүгнэлт хийлгүйгээр хохирол, төлбөр бүрийг ажил олгогч Төрийн банкаар буюу гэм буруугүй татвар төлөгч, хадгаламж эзэмшигчдийн эд хөрөнгөөс гаргуулахаар өргөсгөн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

 

Иймд уг гэмт хэргийн хор уршиг, хохирол төлбөрийг гэм буруутай этгээд болон ажил олгогчоос дээр дурдсан үндэслэлээр ялгамжтай байдлаар гаргуулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэх тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

  1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 96 дугаар магадлалыг хүчингүй болгож, Б.Лт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

  1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Атарболд, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                        ШҮҮГЧ                                           С.БАТДЭЛГЭР

                                                                               Ч.ХОСБАЯР

    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН