Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00817

 

 

 

 

 

2024 04 19 210/МА2024/000817

 

 

ххххх-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/00768 дугаар шийдвэртэй,

 

ххххх-ийн нэхэмжлэлтэй,

ххххх-д холбогдох,

 

Дулаан халаалт, цэвэр, бохир ус, усан хангамж, харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээний төлбөрт 172,321,309 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ххххх нь ххххх-ийн барьсан Хан-Уул дүүрэг, 3 хороо, С.Шаравын гудамж хаягт байрлах, хххххы 41А, 41Б, 41В блок бүхий 241 айлын орон сууцны дулаан цэвэр бохир ус, усан хангамж гадна, дотно харуул хамгаалалт, цахилгаан узель, нэгдсэн тоолуур цэвэрлэгээ зэрэг ажил үйлчилгээг 00178 тоот тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тус компанитай байгуулсан гэрээний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцан ажилласан.

1.2. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс халаалт дулааны үйлчилгээг дагнан хариуцаж Дулааны цахилгаан станцтай гэрээтэй ажилласан. ххххх-ийн удирдлагуудтай удаа дараа уулзаж, санхүүд сар бүр төлбөрийн нэхэмжлэл бичиж хүргүүлсэн ба тус компанийн нягтлан бодогчтой тооцоо нийлж өглөг, авлагаа тулгаж байсан боловч ашигласан ажил үйлчилгээний төлбөрөө төлөхгүй хохироож байна.

1.3. ХХХ нь ххххх-ийн хүсэлтээр 41А, 41Б, 41В блок бүхий 240 айлын орон сууцуудыг дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг хххх-тай байгуулж, манайхтай байгуулсан гэрээг дуусгавар болгосон.

1.4. Дээрх ажиллагаа нь ххххх-ийн хүсэлтээр хийгдсэн ба талуудын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Орон сууцны ашиглалтыг шилжүүлэх гэрээ-ний 1.2-д ххххх нь орон сууцны барилгын ил, далд инженерийн шугам засварын ажлыг барилгын баталгаат 3 жилийн хугацаанд бүрэн хариуцан ажиллана гэж үүрэг хүлээсэн, барилгын баталгаат хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дуусна.

1.5. Иймд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл лифт ашигласан болон Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 38,785,095 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дулааны төлбөрийн зөрүү 8,710,799.28 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ххххх, ххххх-ийн ус, дулааны төлбөрт тооцоо хийж акт үйлдэж зөрүү 3,280,526.20 төгрөг, хххххы 41А, 41Б, 41В байрнуудын 241 айлын цахилгааныг улсад хүлээлгэн өгөх ажлыг компанийн хүсэлт шийдэгдсэн. Тус ажил цахилгааны шит болон цоож, материал, ажлын хөлсөнд 4,690,840.82 төгрөг, эдгээр зардлууд нь нийтдээ 55,467,261.30 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ус, дулааны төлбөр 81,514,708.35 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх усны төлбөр 28,044,339 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх узелийн засварын материал болон ажлын хөлсний 7,295,000 төгрөг, нийт 172,321,308.64 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 491 дүгээр зүйлийн 491.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Монгол улсад мөрдөгдөж байгаа эрчим хүчний зохицуулах хуулийн дагуу усны зохицуулах хорооноос баталсан үнэ тарифын дагуу цэвэр, бохир усны төлбөр, хэрэглээний ус халаасны төлбөр төлөх үүргээ биелүүлсээр ирсэн. Үндэслэлгүй үнийн дүн нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2.2. Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ашиглалтын болон дулааны төлбөр 55,467,261.30 төгрөг нэхэмжилсэн. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх дулааны төлбөр 81,514,708.35 төгрөг, нийт 136,981,965 төгрөг болж байна. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх усны төлбөр 28,044,399 төгрөг, засварын зардал 7,295,000 төгрөг, нийт 172,321,308.65 төгрөг болж байна. Гэтэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа СӨХ-ны төлбөр 38,000,000 төгрөг, засварын зардал, дулааны төлбөр гэж яриад байгаа нь 2016 онд ус дулааны талаар тооцоо хийхэд яаж тооцсон талаар өөрөө эргэлзээтэй, үйл баримт бодит байдалтай нийцэхгүй байна. Дулааны төлбөр өндөр дүн гаргаж байна. Нэхэмжлэгч нь УБДЦС-тай тоолуураар тооцоо хийгээд айлуудыг м.кв-аар тооцож төлбөрөө авч зөрүүнээс ашгаа олдог гэж байгаа нь эрчим хүчний зах зээлийн салбарын зарчим биш. Монгол Улсын Засгийн газраас баталсан дүрэмд тоолууртай тохиолдолд тоолуураар тооцно, тоолуургүй бол м.кв-аар тооцно гэсэн зохицуулалт байдаг. Гэтэл тоолууртай эсэхээс үл хамаарч, бүх айлаас төлбөр авч болохгүй. Узельд хийдэг засварын зардал тухайн тарифт хамаардаг. Эзэмшлийн заагаар хангагч үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд тухайн байрны узель, гадна шугам сүлжээг дулааны зардал зэргийг өөрийн үйл ажиллагаанд тарифт тусгуулснаар санхүүжиж явдаг. Хэрэглэгчийн байшин дотор байгаа шугам өөрөө нийтийн өмч гэж үздэг учраас айл өөрөө засуулна. Босоо шугамыг солих тохиолдол СӨХ хариуцдаг. Хэрэгт байгаа баримтаас харахад ххххх-ийн өмчлөлийн шугамыг засварласан байна. Эрчим хүчний тухай хуулийн 31.1.11-т хангагч үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд хэрэглэгч өөрийн барилгын үзел шугамыг шилжүүлж өгөх үүрэг хүлээдэг. ххххх эзэмшиж үйлчилгээ үзүүлж байгаа. Хуульд заасны дагуу барилга байгууламж барьсан бол хангагч компани баланс шилжүүлж өгөх үүрэг хүлээдэг. Балансад шилжүүлж өгснөөр тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаар тариф батлуулаад элэгдлээ тооцоо засвараа хийгээд явдаг. Одооны байрууд дулааныг хаах партай учраас хаадаг. Хоосон айлуудыг хасаад тооцдог. Босоо шугамаас том паар хаагдаж байгаа учраас нарийн шугам халдаг учраас дулааны төлбөрийг тооцдог. Усыг тоолуурын заалтын дагуу шаардах ёстой. Зөвхөн суурь үнийг шаарддаг.

2.3. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 28,000,000 төгрөгийн ус гарах боломжгүй. Хэдэн байр хоосон байсныг тооцоод суурь үнээ нэхэмжилвэл манайх төлөх боломжтой. Нарийвчилсан тооцоо гаргаагүй. Нэхэмжлэгчээс өгсөн нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй. Мэргэжлийн байгууллагад хандаад УБДЦС-аас ямар хэмжээ, үнээр тооцсон, хэдий хэмжээний ус авсан гэх мэтчилэн мэдээллийн үндсэн дээр тооцоог мэргэжлийн байгууллагаар гаргуулаад гарч ирсэн төлбөрийг төлөх боломжтой. Бидний өмнөөс төлсөн гэдгийг нотлох хэрэгтэй.

2.4. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд нэхэмжлэх бичих боломжтой. Төлчихсөн төлбөрийг нэхэмжлээд байгаа бол төлсөн баримтаа хэрэгт өгөөгүй, дандаа нэхэмжлэхүүд байна. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ус, дулааны төлбөр 81,000,000 төгрөгийн ус дулааныг яаж тооцсон талаарх задаргаа байхгүй, төлбөр төлсөн баримтгүй байна.

2.5. Мөнгө олгохыг хүссэн баримтуудад ххххх бэлэн мөнгө олохыг хүсээд ххххх ашиглалтын төлбөр гэдэг нэртэйгээр н.Эрхэмболор мөнгийг хүлээж авсан баримтууд байна. Эдгээр баримтуудыг үзэхэд, ххххх-аас ашиглалтын төлбөрөө аваад цаашаагаа төлж байсан тайлбарууд нотлогдож байна. Төлбөрийн даалгавар буюу мөнгийг төл гэсний дагуу төлөөд явсан. Нийт төлсөн дүнг тооцохоор 80,000,000 төгрөг болно. 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ төлбөрийн даалгаврыг авч хасагдаагүй байна. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаа байхад 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлбөр төлсөн баримт байна. 2016 оны 09 дүгээр сарын 20, 2016 оны 07 дугаар сарын 27, 2016 оны 08 дугаар сарын 11, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэх мэт мөнгө олгохыг хүссэн баримтууд байна. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нэгдсэн нэхэмжлэх гарын үсэгтэй, гарын үсэггүй маш олон нэхэмжлэхүүдийг нотлох баримт гэж үзэхгүй байна.

2.5. Манай өмнөөс төлсөн бол баримтаа гаргаж өгөөгүй учраас төлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна. Манайхыг төлбөрөө төлөөгүйгээс болж тусгай зөвшөөрлөө цуцлуулах хэмжээнд хүрсэн гэж байна. ххххх 2017 онд тусгай зөвшөөрлөө авсан. Узельтэй холбоотой засварыг ххххх хангах үйл ажиллагаа эрхэлж байгаа бол өөрсдөө хариуцах үүрэгтэй байсан. Өмчлөлдөө шилжүүлж авч байж үйл ажиллагаа явуулна. Өмчлөлдөө шилжүүлж аваагүй бол хэрэглэгчийн шугам тоноглолыг ашигласан тухай байгууллага хэрэглэгчид шимтгэл төлөх үүрэгтэй. Эрчим хүчний тухай хууль, дүрэм журам хэрэгжих ёстой. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээгээр узелийн тоног төхөөрөмжийг өөрсдийн өмчлөлд шилжүүлээд засвар үйлчилгээ хийж байгаа бол зардлыг өөрсдөө хариуцах ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан баримтаар шийдвэрлэх боломжгүй. Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлээ тодорхойлж байгаа бол нотлох ёстой. Хэдэн төгрөгийг ххххх-ийн өмнөөс ямар компанид төлсөн гэдгийг нотлох үүрэгтэй. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд заасныг тодорхойлсон хүрээнд нотлох баримтгүй учраас шаардлага үндэслэлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 491 дүгээр зүйлийн 491.6 дахь зүйлд заасныг баримтлан хариуцагч ххххх-иас 47 764 623 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ххххх-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 123,392,686 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ххххх-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 019 556 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Монь-Ивээл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 396 773 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ххххх-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчаас 47,764,623 төгрөгийг гаргуулж гэснээс 11,985,840 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Шүүх 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 001 тоот Орон сууцны ашиглалтыг шилжүүлэх гэрээний 1.2 дахь заалтын тохиролцоог дурдаад 3 жилийн баталгаат хугацаанд гарсан зардал болох 7,925,000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй гэж буруу дүгнэсэн. Учир нь тухайн гэрээ нь хүчингүй болсон. Талууд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хамтран ажиллах гэрээ-г шинээр 6 сарын хугацаагаар байгуулсан байдаг. Иймд тус гэрээ 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөн хугацаа дуусч, дуусгавар болсон. Иймд хүчингүй болсон гэрээний заалтыг үнэлж, төлбөр төлөх үндэслэлтэй гэсэн нь буруу юм.

4.2. Гэрээний хугацаа дууссан тул маргаан бүхий орон сууцнуудын ашиглалт, үйлчилгээг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хххх буюу өөр гуравдагч компани хариуцаж эхэлсэн бөгөөд холбогдох журмын дагуу үйлчилгээний хүрээндээ бүртгүүлэх хүсэлт гаргаж УБЦТС ТӨХК-тай гэрээ байгуулан ус, дулаанаар хангаж эхэлсэн. Иймд уг цаг хугацаанд ххххх ямар нэгэн үйлчилгээ, засвар огт хийх үндэслэлгүй, хийгээгүй юм.

4.3. ххххх нь узелийн тохируулгыг зөв хийгээгүй, мэргэжлийн ажиллах хүчингүй, ашиглалт үйлчилгээг огт хийгээгүйгээс шалтгаалж орон сууцны дамжуулах, шугам сүлжээг хххх нь аваарын байдалтай хүлээж авсан байдаг ба уг компани нь тохируулга, засвар үйлчилгээг хийсэн. Хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 02, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн кассын зарлагын ордер нь хххх-ийн хийж гүйцэтгэсэн ажилд хамааралтай зардал болно. Иймд дээрх 7,925,000 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй юм.

4.4. Мөн шүүх хариуцагчаас хххххы 41A, 41Б, 41B байрнуудын 241 айпын цахилгааны шитний түлхүүр, цоож хийсэн материал, ажлын хөлсөнд гарсан 4,690,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж буруу дүгнэжээ.

Учир нь, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болгон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж, 147.2 дахь хэсэгт орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар уйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана гэж тус тус заасан тул ххххх нь оршин суугчдын дундын өмчлөлийн цахилгааны шитний цоож, түлхүүрний зардлыг хариуцах үндэслэлгүй юм.

Мөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн, усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана гэж заасны дагуу цахилгааны шит нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө юм. Иймд уг зардлыг оршин суугчдад хуваарилж, төлүүлэх ёстой болно. Хариуцагч нь шижээчийн дүгнэлтээр тогтоосон 35,778,782 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар маргаагүй юм. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 11,985,840 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ххххх нь хариуцагч ххххх-д холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл лифт ашигласан болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 38,785,095 төгрөг,

2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дулааны төлбөрийн зөрүүд 8,710,799 төгрөг,

2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс талуудын ус, дулааны төлбөрт тооцоо хийж акт үйлдэхэд гарсан зөрүү 3,280,526 төгрөг,

хххххы 41А, 41Б, 41В байрнуудын 241 айлын цахилгааныг улсад хүлээлгэн өгөх ажил, цахилгааны шит болон цоож, материал, ажлын хөлсөнд 4,690,840 төгрөг,

2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ус, дулааны төлбөр 81,514,708 төгрөг,

2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх усны төлбөр 28,044,339 төгрөг,

2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх узелийн засварын материал болон ажлын хөлсний 7,295,000 төгрөг, нийт 172,321,308 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх дараахь үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Хариуцагч ххххх нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, С.Шаравын гудамж хаягт байрлах хххххы 41А, 41Б, 41В дугаар орон сууцны барилгаас 84 айлын барилга байгууламжийг 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2013/22 дугаар, 161 айлын барилгыг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2015/20 дугаар Улсын комиссын актаар ашиглалтад оруулсан. /2хх 85-91/

3.2. ххххх нь 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 001 дугаартай Орон сууцны ашиглалтыг шилжүүлэх гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 001 дугаартай Хамтран ажиллах гэрээ-ээр дээр дурдсан 41А, 41Б, 41В дугаар байрны 241 айлын орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ, хоолойн гадна болон дотор шугам, узелийн тоног төхөөрөмж, СӨХ-ны үйл ажиллагааг ххххх-д шилжүүлсэн. /2хх-ийн 37-40, 64/

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5. Хариуцагч ххххх-д холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл лифт ашигласан болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 38,785,095 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дулааны төлбөрийн зөрүүд 8,710,799 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс талуудын ус, дулааны төлбөрт тооцоо хийж акт үйлдэхэд гарсан зөрүү 3,280,526 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх усны төлбөр 28,044,339 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч ххххх-ийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба энэ шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

6. Хариуцагч ххххх-д холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ус, дулааны төлбөрт 81,514,708 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч Баатадулаан хан ХХК шаарджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагаас 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх дулааны эрчим хүчний төлбөрт 35,778,782 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэрх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхтэй нийцсэн, үндэслэл бүхий болжээ. Учир нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/1331 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлтэд маргаан бүхий 41А, 41Б, 41В дугаар орон сууцны барилгаас борлогдоогүй орон сууцны 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дулааны төлбөр 35,778,782 төгрөг байна гэсэн нь шинэ байрны дулааны тооцоо гэх баримтад заасан жагсаалттай нийцсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Энэ талаар хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй.

7. Харин хариуцагч ххххх-д холбогдуулан хххххы 41А, 41Б, 41В байрнуудын 241 айлын цахилгааныг улсад хүлээлгэн өгөх ажил, цахилгааны шит болон цоож, материал, ажлын хөлсөнд 4,690,840 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх узелийн засварын материал болон ажлын хөлсний 7,295,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч ххххх-ийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

7.1. Тодруулбал, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ххххх болон ххххх нарын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-ний 2.1-д Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 6 сар байх бөгөөд гэрээний хэрэгжилтийг дүгнэж байна гэж заажээ. /2хх 37-40/ Иймд дээрх орон сууцнуудын ашиглалт, үйлчилгээг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хххх буюу нэхэмжлэгчээс өөр компани хариуцаж байсан бөгөөд шүүхийн үндэслэл болгосон 2017 оны 12 дугаар сарын 02, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн кассын зарлагын ордер нь хххх-ийн хийж гүйцэтгэсэн ажилд хамааралтай байна. /2хх 82/

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлсэн гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч дээрх талуудын хооронд үүрэг үүссээгүй буюу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулав.

Мөн анхан шатны шүүх шүүх нэхэмжлэгчийг хариуцагчийн даалгаваргүйгээр цахилгааны шитэнд түлхүүр хийсэн ажил, материалын хөлсөнд 4,690,840 төгрөгийн зардал гаргасан гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлаж хэрэглэснийг залруулах боломжтой гэж дүгнэлээ. Учир нь цахилгааны шитэнд түлхүүр хийх үүрэг ххххх-д хамаарахгүй юм. Иймд уг ажил бодитой хийгдсэн бол үр шимийг хүртэж буй этгээдэд холбогдуулж шаардлага гаргах учиртай.

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч ххххх-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 35,778,783 төгрөгийг хангаж, үлдэх 136,542,526 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Дээрхээс гадна, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, шийдвэрийн үндэслэх хэсэгт ..нийт 48,394,623 төгрөгийг хангаж, үлдэх 124,556,658.22 төгрөгийг хангах үндэслэлгүй байна... гэж тусгасан атлаа шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...47,764,623 төгрөгийг гаргуулж, ....үлдэх 123,392,866 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж өөр өөр дүнгээр тусгасан байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/00768 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ххххх-аас 35,778,783 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ххххх-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 136,542,526 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дах заалтын 396 773 гэснийг 336,844 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,724 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА