Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00734

 

Б--ын иргэн В- /W2/-гийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны 184/ШШ2024/00416 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б--ын иргэн В-гийн хариуцагч “Б-” ХХК, “Б-” ХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлөх, олох байсан орлого 170,000,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагч талын гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С /цахимаар/, гуравдагч этгээд “Т- ББСБ” ХХК-ийн төлөөлөгч О.Мэндсайхан, түүний өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Б--ын иргэн В- нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу “Т- ББСБ” ХХК-аас 977,96 м.кв талбайтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, барилга, 10,000 м.кв талбайтай, газар зэргийг хуульд заасны дагуу худалдан авсан. Энэхүү үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх хууль ёсны дагуу шилжсэн. Б--ын иргэн В- нь газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авсан боловч тус барилга болон газар дээр хариуцагч нар үйл ажиллагаа явуулж байна. Нэхэмжлэгчийн хувьд худалдан авсан өдрөөсөө эхлэн тус газар болон барилгыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч чөлөөлөөгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нарын хууль бус эзэмшлээс газар болон барилгыг чөлөөлүүлж өгнө үү. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 34 сарын хугацаанд олох байсан орлого 170,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

           

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нар нь гуравдагч этгээд “Т- ББСБ” ХХК-тай хэд хэдэн зээлийн гэрээг байгуулсан. Хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөг зээлсэн байдаг. Урьд нь зээлийн гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, зээл болон барьцааны гэрээг баталгаажуулах зорилгоор газар болон барилгын өмчлөх, ашиглах эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн байсан. Гуравдагч этгээд нь тухайн хөрөнгүүдийг бусдад худалдах эрхгүй, манай компани зээлээ төлж дуусаад хөрөнгүүдийг буцаан авах тохиролцоотой байсан. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2021 оны 3 дугаар сарын 22-ны 184 дугаартай шийдвэр нь талуудын хооронд байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээтэй холбоотой болно. Өөр этгээдүүдийн хооронд хийгдсэн гэрээтэй адилтган, олох ёстой байсан орлого нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээд “Т- ББСБ” ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчтай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан. Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул талууд харилцан тохиролцож, гэрээний хугацааг сунгасан. Гэвч зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлээ төлөхийг удаа дараа шаардсаны дагуу хариуцагч 2 компанийн захирал уулзсан. Ингэхдээ өөрийн эд хөрөнгийг эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлж өгье, өр авлагаа хаая гэдэг яриа гарсан. Бидэнд 6 сарын хугацаа өгөөч, энэ хугацаанд бид төлбөрөө өгч чадахгүй бол танай өмчлөлд очно гэж хэлж байсан. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулан, хариуцагч нар нь зээлийн барьцаа хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд үл маргах журмаар шилжүүлсэн. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар барьцааны хөрөнгүүдийг захиран зарцуулах эрх манай байгууллагад шилжсэн тул тухайн газрыг зарж борлуулна гэдгээ хэлтэл хариуцагч компани өвлийн улирал байсан тул эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулъя гэсэн. 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан. Эхний сарын төлбөрийг төлсөн. Үүнээс хойш гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй. Нэхэмжлэгч В- нь эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тул дээрх газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Б--ын иргэн W2-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, “МТ” ШТС-ын зүүн талд байрлах, 10,000 м.кв талбайтай, нэгж талбарын 18628308882943 дугаартай, ашиглах эрх бүхий газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201030361 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Тахилт /18240/ товчооны зам гудамж, - тоот хаягт байрлах, 977,96 м.кв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилгыг хууль бус эзэмшлээсээ чөлөөлөхийг хариуцагч “Б-” ХХК болон “Б-” ХХК-д даалгаж, хариуцагч “Б-” ХХК, “Б-” ХХК-иас 170,000,000 /нэг зуун далан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,148,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,148,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

           

5. Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх 170,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2021/007- дугаар шийдвэрийг үндэслэл болгосон. Гэтэл энэ хугацаанд хариуцагчийн зүгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гуравдагч этгээд, нэхэмжлэгчийн хоорондын байгуулсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан, өмчлөх эрх, гэрээний эрх зүйн үр дагавар тодорхой болоогүй байхад дээрх хугацааг хамруулан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байдаг. Гуравдагч этгээд “Т- ББСБ” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний нөхцөлийг үндэслэл болгон түрээсийн төлбөрт 170,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. “Т- ББСБ” ХХК-тай байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан. Мөн шүүх Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх зохицуулалтыг хэрэглээгүй.

5.а.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т зааснаар эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх хуулийн зохицуулалттай байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 140,400 төгрөг төлсөн нь дээрх хуульд нийцээгүй. Энэ талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхий 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2022/01394 дугаартай магадлалд заасан. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх ажиллагааг биелүүлэхгүйгээр шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

5.б.Анхан шатны шүүх тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт нотлох баримтаар хариуцагч ХХК-иудийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг бүрдүүлэх ажиллагаа хийхгүйгээр шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээгээр маргаан бүхий хөрөнгийг шилжүүлэн авсан. Гэвч хариуцагч нар өнөөдрийг хүртэл хөрөнгийг шилжүүлж өгөхгүйгээр эзэмшиж, ашигласаар ирсэн. Өмнө нь шүүхээр тогтоогдсон үйл баримтыг дахин хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч тал “улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлсөн нь үндэслэлгүй” гэж гомдол гаргасан байдаг. Эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэл гаргаагүй, эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэл гаргасан учраас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлсөн нь хуульд нийцсэн. Хариуцагчид байгаа бичиг баримтыг шүүх нотлох баримтаар гаргуулаагүй гэж тайлбарладаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар талууд өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Шүүх хуулийн дагуу хэргийг шийдсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд “Т- ББСБ” ХХК-ийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч тус газрыг бүтэн 7 жил үнэ төлбөргүй ашигласан нь тогтоогдсон. Өмнөх шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д тус тус зааснаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүх хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзсан. В- нь маргаан бүхий хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэдэг нь удаа дараагийн шүүхийн шийдвэр, магадлалуудаар тогтоогдож байгаа хариуцагч талын гомдол үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчтэй санал нэг байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч В- нь хариуцагч “Б-” ХХК, “Б-” ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, “МТ” ШТС-ын зүүн талд байрлах, 10,000 м.кв талбайтай, нэгж талбарын 18628308882943 дугаартай, ашиглах эрх бүхий газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201030361 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Тахилт /18240/ товчооны зам гудамж, - тоот хаягт байрлах, 977,96 м.кв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилгыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлого 170,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч В- нь гуравдагч этгээд “Т- ББСБ” ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан маргаан бүхий барилга, газрыг худалдан авч, өмчлөх болон ашиглах эрхийн гэрчилгээ  нэхэмжлэгч В-гийн нэр дээр гарсан болох нь худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, ашиглах эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /1хх-ийн 7, 10, 120-р тал/

 

4.Хариуцагч “Б-” ХХК, “Б-” ХХК нь нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “гуравдагч этгээд “Т- ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар маргаан бүхий барилга, газрын эрхийг тус компанид түр шилжүүлсэн, “Т- ББСБ” ХХК нь манай өмчлөлийн хөрөнгийг бусдад худалдах эрхгүй” гэх агуулгаар тайлбарласан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэгч В-, гуравдагч этгээд “Т- ББСБ” ХХК нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

4.а.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/00859 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2023/01121 дугаар магадлалаар дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /3хх-ийн 101-110-р тал/

 

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий барилга болон газрын эрх шилжих үндэслэл болсон худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар урьд шүүхийн шийдвэр гарсан байх бөгөөд уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

 

4.б.Анхан шатны шүүх нэхэмжлэгч В-г барилга болон газрын эрхийг шударгаар олж авсан гэж дүгнэн, маргаан бүхий 10,000 м.кв талбайтай газар, 977,96 м.кв талбайтай барилгыг хариуцагч “Б-” ХХК, “Б-” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэхдээ өмчлөгчийн шаардах эрхийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

5.Олох ёстой байсан орлого 170,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд маргаан бүхий барилга болон газрыг хариуцагч “Б-” ХХК, “Б-” ХХК бодитоор эзэмшиж буй үйл баримт тогтоогдсон.

 

5.а.Нэхэмжлэгч В- нь хариуцагч “Б-” ХХК, “Б-” ХХК-д холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд маргаан бүхий газар болон барилгыг ашигласны төлбөрийг нэг сарын 5,000,000 төгрөгөөр тооцож, нийт 227,500,000 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

5.б.Тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2021/007- дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1019 дугаар магадлалаар дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Энэхүү шийдвэр, магадлалаар нэхэмжлэгч В-гийн олох ёстой байсан орлогыг нэг сарын 5,000,000 төгрөг гэж дүгнэхдээ “Т- ББСБ” ХХК, “Б-” ХХК-ийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан эд хөрөнгө хөлсөх гэрээнд заасан үнийн дүнг үндэслэл болгосон байна. /2хх-ийн 77-84, 182-184-р тал/

 

5.в.Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 34 сарын хугацаанд олох байсан орлого 170,000,000 төгрөгийг хариуцагч “Б-” ХХК, “Б-” ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцсэн, энэ талаарх хариуцагч талын гомдол үндэслэлгүй.

 

5.г.Харин анхан шатны шүүх хөлслүүлэгчийн эрх, үүрэг шилжсэн нөхцөл байдлыг анхаараагүйгээр үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирлын талаар зохицуулсан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсгийг тогтоох хэсэгт баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад ашиглах эрх бүхий газрыг W2-ийн өмчлөлийн гэж, хоёр дахь заалтад нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн дүнг буруу бичсэн алдаа гаргасныг тус тус залруулах нь зүйтэй.

 

6.Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасан журмын дагуу улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй, мөн шүүх хариуцагч нарын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг бүрдүүлэх ажиллагааг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэх агуулгыг заасан. Гэвч 2 дугаар хавтаст хэргийн 143-144 дүгээр талд хариуцагч компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байхаас гадна иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь холбогдох нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй болно.

 

6.а.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч В- нь барилга болон газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлого 170,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид нийт 1,148,400 төгрөгийг төлсөн байна. /1хх-ийн 2-3, 3хх-ийн 129-р тал/.

 

6.б.Хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой аливаа хүсэлт гаргаагүй, энэ талаар байр сууриа илэрхийлсэн гэх байдал тогтоогдоогүйгээс гадна хариуцагч нарын өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрсөн агуулгаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн жишгээр тооцон төлсөн байх тул энэ талаарх хариуцагч талын гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулахаар тогтов.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны 184/ШШ2024/00416 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын “... 227 дугаар зүйлийн 227.4 ...” гэснийг “297 дугаар зүйлийн 297.1” гэж, “... өмчлөлийн ...” гэснийг хасаж,

 

2 дахь заалтын “... 1,148,200 ...” гэснийг “1,148,400” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б-” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,149,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭБИШ

 

                           ШҮҮГЧ                                  Д.ЗОЛЗАЯА

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ