Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/01299

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00982 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1224 дүгээр магадлалтай,

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Х.О-д холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 49.106.190 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуягийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир, нарийн бичгийн дарга С.Баяртуяа нар оролцов.

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.О- нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2105004996 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 30.000.000 төгрөгийн зээлийг орон сууц барьцаалсан шуурхай зээлийн зориулалтаар 36 сарын хугацаатай жилийн 42 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 49.106.190,68 төгрөгийн өртэй болоод байна. Иймд зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл 29.964.539,18 төгрөг, 18.274.264,02 төгрөгийн үндсэн хүүний үлдэгдэл, 867.387,48 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл нийт 46.459.775,11 төгрөг, 6.000 төгрөгийн нотариатын зардал, нийт 49.106.190,68 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.О- шүүхэд гаргасан тайлбартаа: Х.О- би 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2105004996 тоот зээлийн гэрээ байгуулан 30.000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй авсан. Зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нийтдээ 9.417.300 төгрөгийг Аинд төлсөн. Анаас нэхэмжилсэн 49.106,190,68 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үлдэгдэл үндсэн зээл 29.964.539,18 төгрөг, хүү нь 12.796.175,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 867.387,48 төгрөг, нийт 42.760.714,44 төгрөг байхаар байна. Иймд Аны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00982 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Х.О-ээс 48.238.803 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Аригбанк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 867.387 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Х.О- шүүхийн шийдвэрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын ШШГЕГ-ын 24А байрны 10 тоотод орших, 48.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204036157 дугаартай, нэг өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403.481 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.О-ээс 399.144 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1224 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00982 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “48.238.803 төгрөг” гэснийг “47.456.110 төгрөг”, “867.387 төгрөг” гэснийг “782.693 төгрөг” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “399.144 төгрөг” гэснийг “395.230 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х.О-ийн төлсөн 399.144 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуяг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/000982 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1224 дугаартай магадлалыг эс зөвшөөрч анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр.магадлал нь тоо тооцооллын алдаатай, нотлох баримтад үндэслээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр боллоо гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч “А” ХХК-н шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаар зээлийн үндсэн хүүгийн төлөх хэмжээ болон ямар хугацааг хамарсан хүүний үлдэгдэл болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотолж чадаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд өөр өөрсдийн тооцоолол гаргаж нотолж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн “Зээлийн дансны хуулга” гэх бичиг баримтад хариуцагч Х.О-ийн зээлийн төлбөр болон хүүнд нийт 9.417.300 төгрөг төлсөн болон зээлийн үндсэн үлдэгдэл 29.964.539 төгрөг байгаа нь харагдаж байгаа боловч үндсэн хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол огт байхгүй байгаа юм. Улсын Дээд Шүүхийн 2008.12.21 -ны өдрийн 53-р тогтоолоор батлагдсан тайлбарын 2-р зүйлийн 2.2-т зааснаар зээлийг ашиглавал зохих хугацаагаар гэрээнд заасан хэмжээгээр төлөх үнийг үндсэн хүү гэж тодорхойлсон: Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан 2105004996 тоот зээлийн гэрээний 1,2-т заасан зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарь /хавсралт №01/ заасан нийт 24 сарын хугацаанд төлөхөөр тогтоосон нийт үндсэн хүү 17.264.805 төгрөгөөс хариуцагч Х.О- нь 9.379.823 төгрөгийн үндсэн хүү төлсөн байгаа тул үлдэгдэл 7.884.982 төгрөгийн үндсэн хүү төлөх үлдэгдэлтэй байна. Дээрх байдлыг үндэслэн тооцвол Х.О- нь үндсэн зээлийн үлдэгдэл 29.964.539 төгрөг, хүү 7.884.982 нэмэгдүүлсэн хүү 1.576.996 төгрөг нийт 39.426.517 төгрөг төлөхөөр байна.

Иймд шийдвэр, магадлалд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх уг алдааг илрүүлж, залруулах арга хэмжээ аваагүй нь буруу байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.  

“Ариг” банк ХХК нь Х.О-д холбогдуулан зээлийн үлдэгдэл 29.964.539 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 18.274.264 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 867.387 төгрөг буюу нийт 46.459.775 төгрөгийг нотариатын зардал 6.000 төгрөгийн хамт гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлээс 42.760.714 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрөхдөө “...9.417.300 төгрөг төлсөн...” гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 48.238.803 төгрөгийн шаардлагыг хангахдаа нэхэмжлэгч зээлийн төлбөрт 49.106.190 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж дүгнэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 47.456.110 төгрөг гаргуулж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэлд дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч нийт 46.465.775 төгрөг нэхэмжилсэн байхад хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн шаардаагүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлээгүй шаардлагыг шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шаардлагад нийцсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.   

Түүнчлэн нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр хийх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан. Анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн  “...зээлийн төлбөрийг хэрхэн тооцсон баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах” хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

Дээр дурдсанаар үзвэл нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, хэрэгт цугларсан баримтын хэмжээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00982 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1224 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа 2017 оны 07 дугаар сарын 16-ны 101/ШЗ2017/12261 дүгээр шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ