Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2019/0576

 

“Д с н” НҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Н.Хонинхүү, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0520 дугаар шийдвэртэй, “Д с н” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0520 дугаар шийдвэрээр:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Д с н” НҮТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Э н а” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч “Д с н” НҮТББ-ын 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 05/14 тоот газар ашиглах тухай хүсэлт болон Богдхан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн санал хүргүүлэх тухай 396 дугаар албан бичигт тусгагдсан 10 солбицлын цэг бүхий 7,01 га газрыг нэхэмжлэгчид ашиглуулахыг хариуцагчид даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Д с н” НҮТББ, гуравдагч этгээд “Э н а” ХХК-ийн газар ашиглах хүсэлт, холбогдох материалыг хуульд заасны дагуу дахин хянан үзэж, сонголт хийн дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалын “Э н а” ХХК-д холбогдох хэсгийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д давж заалдах гомдолдоо: “ ... Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, үйл баримтын талаар дутуу дүгнэлт хийсэн, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь харьцуулан үнэлээгүй, дутуу, бодит байдлаас гуйвуулан үндэслэлгүйгээр үнэлж, дүгнэлт хийсэн, нотлох баримтаар үнэлээгүй баримтыг юуг үндэслэн няцаасан үндэслэлээ шийдвэртээ тодорхойлж тусгаагүй, шүүх шаардлагатай нотлох баримтуудыг төрийн байгууллагуудаас шаардаж, цуглуулах үүргээ гүйцэт биелүүлээгүй, хариуцагч болон бусад байгууллагаас нотлох баримт гаргуулах тухай албан тоотыг явуулж хүргүүлсэн атлаа тэдгээр баримтуудыг холбогдох газруудаас гаргуулж авч үнэлээгүй.

Улсын дээд шүүхийн 2017 оны 353 дугаар тогтоолын заалтуудыг бүрэн хэрэгжүүлээгүй.  Хариуцагч эрх хэмжээгээ зөв хэрэгжүүлсэн эсэхэд шүүхийн зүгээс хяналт тавих учиртай гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй, гуравдагч этгээдүүдийн хүсэлтийг хангаж, газар ашиглах шийдвэр олгосон шийдвэр нь хууль бус юм.

Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 608 дугаар актыг сайдын тушаалгүй, түр орлон гүйцэтгэх эрхгүй субъект үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Анхан шатны шүүх өөр хоорондоо маш зөрүүтэй, зөрчилтэй бичгийн баримтуудын хоорондын уялдаа холбоог нягталж, үнэн зөв талаас нь дүгнэж, хариуцагч эрх хэмжээгээ зөв хэрэгжүүлсэн эсэхэд огт хяналт тавиагүй байна.

Гуравдагч этгээдийн гэрээ албажаагүй, гэрээ хийгдээгүй болохыг 2 жилийн дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/42 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн газрын албанаас гэрээ байгуулагү байна. гэсэн нотлох баримтыг анхан шатны шүүхээс мушгин гуйвуулж, тус албан бичгийн нотолгооны ач холбогдлыг үгүйсгэж, гэрээтэй байна гэж нотлогдохгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Хариуцагчаас Тусгай хамгаалалттай газар нутгийг түр ашиглах журамд заасан хяналт тавих үүргээ огт биелүүлээгүй, мөрдөөгүй болох нь гуравдагч этгээд өнөөдрийг хүртэл гэрээ байгуулаагүй, тус журамд хуулийн дагуу 2 жил үйл ажиллагаа  явуулаагүй бол ... тус заасан байхад гуравдагч этгээд ашиглаж буй газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болох нь шүүхээс явуулсан 2 удаагийн газрын үзлэгээр тогтоогдож байна.

Газрын төлбөрийг улирал бүр төлсөн байх хуультай байхад тооцоо нийлсэн акт өнөөдрийг хүртэл байхгүй байна. Жил бүрийн тайлангаа ирүүлэх шаардлагыг гуравдагч этгээд огт биелүүлээгүй, тайлангаа ирүүлээгүй. Байгаль орчны нарийвчилсан болон ерөнхий үнэлгээг хийлгэх заалтыг гуравдагч этгээд хэрэгжүүлээгүй, аялал жуулчлал явуулах батлагдсан эскиз зургийг гуравдагч этгээд батлуулаагүй.

Ийнхүү эдгээр маш олон ноцтой зөрчлүүдээр гуравдагч этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох хууль зүйн үндэслэл тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс хариуцагчийн хууль бус үйлдлийг шийдвэртээ тодорхой зааж тусгасан хэдий ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д зааж, хариуцагч гуравдагч этгээд нарт хууль бус боломжийг олгож, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хариуцагчаас шаардсан нотлох баримтыг гаргуулж чадаагүй болох нь хамгаалалтын захиргаанаас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1399 дугаар албан бичгээр тус гуравдагч этгээдийг шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байна гэж тодорхойлсон болохыг үндэслэж, анхан шатны шүүхээс явуулсан 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1/6512 дугаар албан бичгээр шаардсан баримтаа аваагүй, нөхцөл байдлыг тодруулах, нотлох үүргээ биелүүлээгүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн 2017.11.08-ний өдрийн 1/12155 дугаар албан бичигт шүүхээс шаардсан баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй 19 сар хүлээлгэж өнөөдрийг хүргэж байна.

Нэхэмжлэгчээс тухайн газарт оруулсан хөрөнгө оруулалтаар хохирох нөхцөл байдал үүссэн гэж, зөрчигдсөн гэж үзэж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо тодорхойлсон бөгөөд Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч хуулийн этгээд маргаан бүхий газарт хөрөнгө оруулалт хийсэн болохыг заасан хэдий ч анхан шатны шүүхээс бодит нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Гуравдагч этгээд “Э н а” ХХК-ийн төлөвлөж байгаа ажлыг хийсэн байна гэсэн шийдвэртээ ямар баримтыг үндэслэж дүгнээд байгааг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэхэмжлэгчийн маргаж буй  үндэслэлүүдийг нотлох, няцаах баримтуудыг авах шаардлагатай гэж заасан ч Анхан шатны шүүх шаардсан нотлох баримтуудыг авч чадахгүй байгаагаа зөвтгөж нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэж байгаа нь хариуцагч болон гуравдагч этгээд “Э н а” ХХК-д үйлчилсэн дутуу материалаа нөхөж бүрдүүлэх боломж олгосонд гомдолтой байна.

Шүүхийн шаардсан нотлох баримтууд хавтаст хэрэгт бүрэн авагдсан, яамнаас нотлох баримтыг авч байсан ба шүүгч өөрийн биеэр ирж үзлэг хийж нотлох баримтыг цуглуулан авч байсан болно гэх хариу өгсөнд гомдолтой байна.

Хариуцагч эрх хэмжээгээ зөв хэрэгжүүлээгүй, тусгай хамгаалалттай газар нутагт хяналт тавих үүргээ биелүүлээгүй, ТХГН-ийн газар ашиглуулах түр журмыг мөрдөөгүй, газар ашиглах хүсэлтэд ялгавартай хандаж эс үйлдэхүйгээрээ хохироосоор байгааг анхан шатны шүүхээс нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрх олж авах, хүсэлтээ шударгаар шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж 0520 дугаар шийдвэртээ заасан мөртлөө, нөгөө талаас гуравдагч этгээдэд газар ашиглуулах хариуцагчийн шийдвэрийн үндэслэлийг няцаасан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхгүй орхигдуулж өмнөх магадлал тогтоолоор хийх шаардлагатай заалтыг хэрэгжүүлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Харин хариуцагчаас Богд хан уулын дархан цаазат газрын 369 дугаар захиргааны актыг шийдвэрлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар няцаагддаг.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь тодорхойгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн атлаа шийдвэр нь үндэслэл бүхий болоогүйд гомдолтой байна.

Нэхэмжлэгчээс маргаж буй газартаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хөрөнгө оруулалт хийсэн болох нь тогтоогдогч шүүх бодит үнэлэлт огт өгөөгүйд гомдолтой байна. 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд хариуцагч тал хуульд заасан журмын дагуу хариу хүргүүлээгүйгээс болж нэхэмжлэгч цаг хугацаа, хөрөнгөөрөө хохирсон байна, нэхэмжлэл гаргах нь зөв байна гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүхээс тус дүгнэлтийн итгэл үнэмшилд үнэлэлт өгсөнгүйд гомдолтой байна.

Хариуцагчийн эрх хэмжээгээ зөв хэрэгжүүлж чадаагүй хууль зөрчсөн талаар тогтоогдсон баримт болох Авлигатай тэмцэх газраас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05/5261 дүгээр хариуцагчид Хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.11-д заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц нөхцөл байдлыг бий болгож байна. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн хуулийн этгээдэд давуу байдалд олгох олгохоор амлах бусдын эрхийг хязгаарлах гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна гэсэн албан шаардлага бүхий нотлох баримтын ач холбогдол үр дагаврыг зөв үнэлээгүй.

Анхан шатны шүүх байгаа төслийг байхгүй төсөлтэй харьцуулан үзсэн нь шударга бус байна.

Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд хандаж өмнөх магадлал тогтоолын бүрэн хэрэгжүүлээгүй талаар хавтаст хэрэгт авагдсан баримтыг хариуцагчаас гаргуулахыг хүссэн хүсэлтийг хангаагүй, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүйд гомдолтой байна.

Мөн манай байгууллагын хөрөнгө оруулж 661.181.120 төгрөгийг үнэ бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн хохирлын хэн, яаж хариуцах асуудлыг шүүх хуулийн дагуу шийдвэрлэж, маргааныг нэг мөр эцэслэн шийдвэрлээгүйд гомдолтой байна. Манай байгууллагын эрх, ашгийг хуулийн дагуу хамгаалж, нотлох баримтад үндэслэн шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж шүүхэд хандаад 4 жил болж, чирэгдэлгүй, шуурхай асуудлыг үнэн зөв шударга шийдэж чадахгүй байгааг онцгойлон анхаарна гэдэгт итгэж байна.

Иймээс анхан шатны шүүхээс тухайн хэргийн нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг үнэн зөв тодорхойлоогүй, маргааны үйл баримтын талаар дутуу үнэлж дүгнэн, магадлал тогтоолын заалтыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв  тайлбарлан холбогдох нотлох баримтуудыг цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх нь зүйтэй байх тул манай гомдлыг хангаж шийдвэрийг өөрчилж, хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “… Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нотлох зарчим, 34 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх зохицуулалтыг анхан шатны шүүх зөрчсөн тухайд:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч төрийн бус байгууллага нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилго, чиглэлгүй, улсын тэмдэгтийн хураамж, газрын төлбөр төлөх санхүү эдийн засгийн чадамжгүй, гадаад улсын шашны байгууллагатай татварын бүртгэл нь давхцалтай, яаманд ирүүлсэн аялла жуулчлалын төсөл нь стандарт шаардалга хангахгүй гэдэг нь илтэд ойлгомжтой байсан. Энэ бүхэн нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа, төрийн бус байгууллагын дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

2.Хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн, зөрчсөн тухайд:

          Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “... Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж тус хуулийн 33.2-д “... тусгай хамгаалалттай газар нутагт гаадаад улсын хуулийн этгээд олон улсын биагууллага, гадаадын иргэн харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэж, мөн тус хуулийн 36.2-д “... тухайн газрыг хоёр буюу этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ...”, 36.3-д “... аялал, жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах материалллаг баазыг олон улсын стандарт түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ” гэж тус тус заасныг шүүх зөрчиж байна.

          Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 209 оны 98 дугаар сарын 27-ны өдрийн 0520 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн “... нэхэмжлэгч “Дулаан сэтгэл” ТББ, “Э н а” ХХК-ийн газар ашиглах хүсэлт, холбогдох материалыг хуульд заасны дагуу дахин хянн үзэж, сонголт хийн дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Э н а” ХХК-д холбогдох хэсгийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүх маргаан бүхий актыг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлсэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа аль хэсгийг хангаж, аль хэсгийг хэрэгсэхгүй богосон нь ойлгомжгүй болсон байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлуудыг хангахгүй орхилоо.

          1. Нэхэмжлэгч “Д с н” НҮТББ-ын 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газарт ашиглах хүсэлт гаргасан 7,01 га газраас 2,3 га газар нь маргаан бүхий Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар /Хавсралт 2-ийн 34-т/ “Э н а” ХХК-д 4,01 га газрыг ашиглуулсантай давхцсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүх энэхүү нөхцөл байдлыг анхааралгүй уг тушаалыг бүхэлд нь түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн хүрээнээс хэтэрсэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчжээ.

Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Учир нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн дархан цаазат газарт ашиглах хүсэлт гаргасан  70100 м.кв, 40000 м.кв газрууд нь бүхэлдээ давхцаагүй, 23000 м.кв нь давхцсан гэх бөгөөд хариуцагч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2-д “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ”, 3-д “Аялал, жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ” гэж тус тус заасны дагуу давхцсан хэсэгт нөхцөл байдлыг тодруулж сонголт хийж шинэ акт гаргахаар байна. Харин нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн ашиглахыг хүссэн газрын давхцаагүй хэсэгт явуулах үйл ажиллагааг харьцуулж сонголт хийх үндэслэлгүй.  

2. Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас нэхэмжлэгч “Д с н” НҮТББ-ын хүсэлтэд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10/6964 дүгээр албан бичгээр “баримт бичгийн бүрдэл хангаагүй, МNS 6426:2013 стандартыг баримталж байгаа” талаар, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09/731 дүгээр албан бичгээр “Уорлд тревэл” ХХК-ийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлыг зохих газарт хандах талаар татгалзсан хариу өгсөн байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд энэхүү татаглзсан хариуг эс зөвшөөрч шүүхэд “даалгах” нэхэмжлэл гаргасан байхад шүүх дээрх татгалзсан шийдвэрт “шалтгаанаа тодорхой заагаагүй, нэхэмжлэгчийн хүсэлтийг бүрэн шийдвэрлээгүй” талаар зөв дүгнэсэн атлаа шийдвэрийн Тогтоох хэсэгт уг татгалзсан шийдвэрийг хэрхэн шийдвэрлэснийг болон нэхэмжлэлийн “... хүсэлт болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаар албан бичигт тусгагдсан 7,01 га газрыг ашиглуулахыг хариуцагчид даалгах” шаардлагын аль хэсгийг хангасан, хэрэгсэхгүй болгосноо тусгаагүй тул тодорхойгүй үлджээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга болон давж заалдах гомдол, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн газартай давхцаагүй үлдэх 5 га газарт 663181600 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, нэхэмжлэгч хохирох нөхцөл байдал үүссэн бодит нөхцөл байдлыг үнэлээгүй гэх зэргээр хөрөнгө оруулалт хийсэн газрыг ашиглуулахыг даалгах үндэслэлээ тайлбарлажээ.

Тухайн хүсэлт гаргасан газарт ашиглах эрх үүсээгүй, явуулах үйл ажиллагаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан дархан цаазат газарт явуулж болох үйл ажиллагаа, 12 дугаар зүйлд заасан хориглох үйл ажиллагаанд хамаарах эсэх нь тодорхойгүй, дархан цаазат газарт барилга байгууламж барих зөвшөөрөл олгогдоогүй байхад нэхэмжлэгч хөрөнгө оруулалт хийсэнд хариуцагчийг буруутгаж, газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй. Үүнээс гадна хамгаалалтын захиргааны 396 дугаар албан бичиг нь хүсэлт гаргасан газар нь бусад газар ашиглах зөвшөөрөлтэй этгээдийн газартай давхцалгүйг тодорхойлсон байх ба бусдын хүсэлт гаргасан газартай давхцаагүйг тодорхойлоогүй бөгөөд дархан цаазат газарт 7,01 га газар ашиглах эрх олгох үндэслэл болохгүй тул энэ талаарх нэхэмжлэл, гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд дээрх хариуцагчийн нэхэмжлэгчийн хүсэлтэд тодорхой шалтгаан заалгүй татгалзсан шийдвэрийг  хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлтийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11, 12 дугаар зүйл, 33, 36 дугаар зүйлд заасны дагуу зохих журмаар шийдвэрлэхийг даалгаж, үлдэх “7.01 га газар ашиглах эрх олгохыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрт тодотгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв. 

          3. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын бусад үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч гомдолдоо Хамгаалалтын захиргааны 608 тоотыг эрхгүй этгээд үйлдсэн болох нь тогтоогдсон, хууль бус албан бичигт үндэслэн гуравдагч этгээд “Э н а” ХХК-д газар ашиглах эрх олгосон байхад шүүх энэ талаар үнэн зөв дүгнэлт өгөөгүй гэжээ.

          Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 608 дугаар албан бичиг нь нэхэмжлэгчид өгсөн 396 дугаар албан бичигтэй адил “Э н а” ХХК-ийн хүссэн газар нь бусад ашиглагч нарын газартай давхцалгүй болохыг тодорхойлсон байх бөгөөд энэ нь ашиглах зөвшөөрөл бүхий газартай давхцаагүйг илэрхийлсэн байх тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д заасан газар ашиглуулахыг зөвшөөрсөн санал гэж үзэхгүйгээс гадна тухайн үед нэхэмжлэгчид газар ашиглахыг зөвшөөрсөн шийдвэр байгаагүй тул түүний эрх, ашиг сонирхлыг нь хөндөөгүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт биш байх тул үүнийг үнэлээгүй нь шийдвэрт нөлөөлөөгүй байна. 

          Мөн гомдолд “Э н а” ХХК-д “Баруун богины аманд” гэж байршлийг, “Эко ногоон дэлхий” ХХК гэж, газрын хэмжээ 40,1 гэх мэтээр зааж хүсэлт, газар ашиглуулах гэрчилгээ зэрэгт зөрүүтэй байхад “Буруу бичсэн” гэх хариуцагчийн хяналтгүй үйл ажиллагааг үнэлээгүй, байршил зөрүүтэй байдалд дүгнэлт хийгээгүй гэх боловч хэрэгт авагдсан баримтуудад заасан солбицол, хэргийн оролцогчдын тайлбар, нэхэмжлэгчийн тухайн газрыг өөрийн хүсэлт болгосон газартай давхцсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан зэрэг байдлаар байршлийн хувьд зөрүүтэй гэж үзэхээргүй байх тул гомдлыг хангах боломжгүй.

          “Э н а” ХХК-тай гэрээ байгуулаагүй, 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт байхгүй, байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, эскиз зураг батлуулаагүй зэрэг газар ашиглуулах түр журмыг зөрчсөн, газар ашиглах эрх дуусгавар болох ноцтой зөрчил байхад анхан шатны шүүх хариуцагч гуравдагч этгээдэд боломж олгож, ашиг сонирхлын зөрчилтэй шийдсэн” гэжээ.

          Нэхэмжлэгч нь “Э н а” ХХК-ийн газар ашиглах хүсэлт болгосон газартай өөрийн хүсэлт болгосон газар нь давхцалтай байхад Э н а ХХК-д ашиглуулсан гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан, харин газар ашиглах эрхээ хэрхэн хэрэгжүүлсэнтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй, энэ талаар захиргааны байгууллагаас шийдвэр гараагүй тул газар ашиглуулах эрхийг эдлүүлэхтэй холбоотой үйл ажиллагаатай холбоотой баримт цуглуулах, түүнийг үнэлэх шаардлагагүй байна.

          Шүүхээс дээд шатны шүүхийн магадлал, тогтоолд заасан “Э н а” ХХК-ийн газар ашиглах зориулалт, төсөл, холбогдох баримтыг шаардсан атлаа 19 сар гаргуулж аваагүй нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй, авч чадахгүй байгаагаа зөвтгөж нэмж судлах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж Э н а ХХК-д дутуу материалаа нөхөн цуглуулах боломж олгосон” гэжээ.

          Шүүх “Э н а” ХХК-ийн төсөл, тухайн газар дээр төлөвлөсөн үйл ажиллагаатай холбоотой материалыг удаа дараа шаардсан боловч хариуцагч ирүүлээгүй байх тул байхгүй баримтыг цуглуулах ойлголт байхгүй бөгөөд тус компани болон нэхэмжлэгч ТББ-ын хүсэлт гаргасан газар нь бүхэлдээ давхцаагүй, нэхэмжлэгчийн хүсэлтийг бүрэн шийдвэрлээгүй зэрэгтэй холбоотойгоор шүүх маргаан бүхий актыг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгасан байх тул Э н а ХХК-д боломж олгосон гэж үзэхээргүй байна.

          Иргэдийн төлөөлөгчийн цаг хугацаа хөрөнгөөрөө хохирсон, нэхэмжлэл гаргах нь зөв гэсэн дүгнэлтэд үнэлэлт өгөөгүйд гомдолтой гэжээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3, 104 дүгээр зүйлийн 104.1, 104.2-т зааснаар иргэдийн төлөөлөгч хэргийн үйл баримтын талаар дүгнэлтээ бичгээр гаргаж, шүүх хуралдаанд уншиж сонсгох үүрэгтэй бөгөөд шүүх уг дүгнэлтийг шүүх зөв буруу гэж үнэлж дүгнэх эрхгүй.

          Мөн гомдолд Авлигатай тэмцэх газраас ... давуу байдал олгохоор амлах бусдын эрхийг хязгаарлах гэж заасныг зөрчсөн гэх албан шаардлага бүхий баримтын ач холбогдол үр дагаврыг зөв үнэлээгүй гэх боловч авлигатай тэмцэх газрын 2017 оны 6 дугаар сарын 21-ний 05/5261 дүгээр албан бичиг нь “Уорлд тревэл” ХХК-д газар ашиглуулсантай холбоотой байгаагаас гадна шүүх захиргааны үйл ажиллагааны талаар гаргасан нэхэмжлэлийн хүрээнд нотлох баримт цуглуулж, маргаж байгаа захиргааны үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх, эсхүл шүүхийн судлах цар хүрээнээс хэтэрсэн бол захиргааг дахин шинэ акт гаргахыг даалгаж захиргааны хэргийг хянан шийдвэрлэдэг тул уг албан бичгийг захиргааны хэргийн нотлох баримтаар шууд үнэлэх боломжгүй.

          Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

4.  Хариуцагч талын давж заалдах гомдлын тухайд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолоо “... нэхэмжлэгч аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгогүй, тэмдэгтийн хураамж, газрын төлбөр төлөх эдийн засгийн чадамжгүй, гадаад улсын шашны байгууллагын татварын бүртгэл нь давхцалтай, ирүүлсэн төсөл нь стандарт шаардлага хангаагүй нь илт ойлгомжтой байсан. ... яам шалган тогтоосон байхад шүүх дахин шинэ акт гаргах ёстой гэж үзсэн нь хуулийг илтэд зөрчиж байна” гэжээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлтэд татгалзсан хариу өгөхдөө дээрх шалтгаануудыг заагаагүй, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж тодорхой хариу өгөөгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.