Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00621

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00621

 

 

Т.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2021/02908 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Гын хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан П ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан орон сууцны захиалгат ажлын гэрээ, Т ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан орон сууцны зээлийн гэрээнээс тус тус татгалзаж, уг гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, урьдчилгаа төлбөрт төлсөн 216,528,987 төгрөг гаргуулах үндсэн, зээлийн гэрээний үүрэгт 492,790,144.43 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны зээлийн гэрээ, орон сууцны захиалгат ажлын гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.7 дах хэсэгт заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, урьдчилгаа төлбөрт төлсөн 216,528,987 төгрөгийг Т ХХК-аас гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Т.Г нь П ХХК-ийн барьсан Хан-Уул дүүргийн 8-р хороо, ..... хаягт байрлах орон сууцны 4 байр 13 тоот 150 м.кв талбайтай орон сууц, 2 ширхэг автомашины зогсоолыг 490,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Урьдчилгаа төлбөрт 49,000,000 төгрөг төлж, үлдэх төлбөр 441,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээл авах замаар шийдвэрлүүлсэн. П ХХК нь Ттай хамтран ажиллах гэрээ байгуулж тус компанийн барьсан орон сууцанд хөрөнгө оруулалтын зээл олгож, тус орон сууцыг ажилчдын дунд урамшуулал зарлаж худалдан борлуулсан. Нэхэмжлэгч тус орон сууцыг банкны ажилтан санал болгосны үндсэн дээр худалдан авсан. Тухайн үед орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг 2015 онд гаргаж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. Өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Тнаас удаа дараа шаардсан боловч шийдвэрлэж өгөөгүй. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргахад Тны 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 386 тоот албан бичгээр тус зээлээр авсан орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх үүргийг №517 тooт батлан баалтын гэрээний дагуу П ХХК хүлээх бөгөөд Т өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлдэгчийн нэрийн өмнөөс батлан даагчид барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар удаа дараа шаардлага тавьж ирсэн гэдэг. Нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцны газар дээр байгаль орчны яамнаас аялал жуулчлалын бүсд үйл ажиллагаа явуулахаар газрын гэрчилгээ авсан байсан. Т нь аялал жуулчлалын тусгай бүсэд орон сууц, барилга барьж болохгүй гэдгийг мэдсээр байж шинэ бүтээгдэхүүн гаргаж, ажилчдын дунд урамшуулал зарлан нэхэмжлэгчид тус орон сууцыг худалдан борлуулж, зээл олгох замаар шийдвэрлэсэн. Энэ нь Тны Зээлийн үйл ажиллагааны журмын 2-р бүлгийн 11.2.3, 11.2.4 дэх заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл зээлийн төлбөрт 38,654,865 төгрөг, зээлийн хүүд 128,875,122 төгрөг, урьдчилгаа төлбөрт 49,000,000 төгрөг, нийт 216,528,987 төгрөг төлсөн. Гэтэл Т ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах боломжгүй орон сууц гэдгийг мэдсээр байж 216,528,987 төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгүүлсэн нь банк авлагаа барагдуулахын тулд зориуд зохион байгуулсан ажиллагаа юм. Т ХХК 2013 онд П ХХК-д барилгын угсралтын зориулалтаар их хэмжээний зээл олгосон. 2014 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, орон сууцуудыг банкны зээлээр борлуулах гэрээг байгуулсан. П ХХК-ийн зээлийг төлүүлэхээр Т ХХК-ийн гүйцэтгэх захирал 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр А/363 дугаар Хөтөлбөр батлах тухай тушаалаар П ХХК-ийн чанаргүй зээлийн өрийг төлүүлэх маркетингийн хөтөлбөрийг баталсан ба хоёр этгээд үгсэн тохирч иргэдэд хөнгөлөлттэй зээл олгосон нэрээр П ХХК-ийн өглөг, Т ХХК-ийн авлагыг барагдуулах хууль бус тохиролцоо хийж, тус компанийн өглөгийг Т.Г руу шилжүүлсэн. Тус орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй. Иймд гэрээний үүрэг биелэгдээгүй тул нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус тус гэрээнээс татгалзаж, орон сууц, автозогсоолыг хүлээн авах тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч хүлээж аваагүй байна. Нэхэмжлэгч нь орон сууцны зээлийн гэрээ, орон сууц захиалгат ажлын гэрээнээс Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзсан тул мөн хуулийн 227.1, 205.7 дах хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, урьдчилгаа төлбөрт төлсөн 216,528,987 төгрөгөө гаргуулна гэжээ.  

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Т.Г, Т.М нар 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Т ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 441,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 capын хугацаатай зээлдэн авсан. Үүргийн гүйцэтгэлд зээлээр худалдан авч байгаа .... дүүргийн ..... хороо ...... хаягт байрлах 4-р байрны 13 тоот 150 м.кв талбайтай орон сууц, 2 автомашины зогсоолыг батлан даалтын гэрээгээр тухайн орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгч болох "П" ХХК батлан даасан.  Уг зээлийн гэрээг байгуулах үндэслэл нь Т.Г, батлан даагч П ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн орон сууцны захиалгат ажлын гэрээ байсан. Гэрээний дагуу Т ХХК тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг хугацаатай, хүүтэй, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нэхэмжлэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээсэн. Банк зээлийн мөнгөн хөрөнгийг хугацаандаа шилжүүлж гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Орон сууцны захиалгат ажлын гэрээний 1.6, 3.1, батлан даалтын гэрээний 2.2.2, 4.2-т зааснаар зээлдэгч талын худалдан авч байгаа орон сууцыг барьж ашиглалтанд бүрэн оруулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргах үүргийг П ХХК хүлээсэн. Банк үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах үүрэг хүлээгээгүй. П ХХК нь Т ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс маргаан үүссэн. Улмаар банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг тус компанид удаа дараа мэдэгдэхэд барилгын ажлыг 100 хувь гүйцэтгэж дуусгасан тухай, Улсын комисст тухайн орон сууцыг хүлээлгэн өгч байгаа, үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг гаргуулахаар хандаж байгаа талаарх мэдээллийг ирүүлсээр байсан. Мөн тухайн барилгын газрын маргаантай асуудлаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан талаар албан бичиг ирүүлсэн. Нэхэмжлэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлтэд банкны зүгээс хариу хүргүүлж байсан. Банк зээлдэгчид зээл олгохдоо ямар нэгэн байдлаар хууран мэхлэж төөрөгдүүлэх замаар зээл олгоогүй, банкны ажилтан нарт олгодог нөхцлөөр нэхэмжлэгчид зээл олгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд: Т ХХК, Т.Г, хамтран зээлдэгч Т.М нарт 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 тоот зээлийн гэрээгээр 441,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, 1 сарын 0,67 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар олгосон. Нэхэмжлэгчийн худалдан авсан ..... дүүргийн .... дугаар хороо ...... хаягт байрлах 4 дүгээр байрны 13 тоот 150 м.кв талбайтай орон сууц, 2 автомашины зогсоолыг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн батлан даалтын гэрээгээр барилгын ажлыг гүйцэтгэгч П" ХХК батлан даах үүрэг хүлээсэн. 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Т.Гэрэл-Од, батлан даагч П ХХК орон сууцны захиалгат ажлын гэрээг байгуулсан.Т ХХК зээлийн гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Орон сууцны захиалгат ажлын гэрээний 1.6. 3.1, батлан даалтын гэрээний 2.2.2, 4.2-т зааснаар орон сууцыг барьж ашиглалтад бүрэн оруулах, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх үүргийг П ХХК хүлээсэн. Зээлдэгч нар зээл олгосноос хойш үндсэн зээлд 40,661,668.82 төгрөг, зээлийн хүүд 128,914.938.29 төгрөг төлсөн. 2017 оноос хойш зээлийн төлбөрөө төлөөгүй. Зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч төлөөгүй. Иймд Т ХХК, Т.Г нарын байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 517 тоот зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 492,790,144.43 төгрөг гаргуулна гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Т ХХК 441,000,000 төгрөгийг Т.Гын дансанд хийсэн даруйдаа П ХХК-ийн өглөгийг хаасан бичилт хийсэн. П ХХК-ийн өглөг, Т ХХК-ийн авлага багассан. 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Т ХХК болон П ХХК-ийн байгуулсан аамтран ажиллах гэрээний 2.2.2-т заасны дагуу Т ХХК нь П ХХК-аар барилгыг дуусгуулан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авах үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нь Т ХХК, П ХХК-д дутуу баригдсан, улсын комисс хүлээж аваагүй байрыг хүлээн авахыг бичгээр мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. Т ХХК-аас 2013 онд П ХХК-д барилгын угсралтад зориулж их хэмжээний зээл олгосон. 2014 онд Т ХХК, П ХХК хамтран ажиллах гэрээг байгуулж, банк нь өөрсдийн харилцагч төлбөрийн чадвар бүхий иргэдийг судлан зээл авах санал өгсний нэг нь Т.Г байсан. П ХХК-ийн зээлийг төлүүлэхээр Т ХХК-ийн гүйцэтгэх захирал 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/363 дугаар хөтөлбөр батлах тушаалаар тус компанийн чанаргүй зээлийн өрийг төлүүлэх маркетингийн хөтөлбөрийг баталж хэрэгжүүлсэн. Нэхэмжлэгч нь орон сууцны зээлийн гэрээг Т ХХК-ийн ажилтны санал болгосны дагуу байгуулсан ба Т авлагаа барагдуулахын тулд зориуд зохион байгуулсан ажиллагаа, хоёр этгээд нь үгсэн тохирч иргэдэд хөнгөлөлттэй зээл олгосон нэрээр П ХХК-ийн өглөг, Тны авлагыг барагдуулсан атлаа орон сууцыг Т.Год хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Улсын комисс хүлээж аваагүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй орон сууцыг ашиглах нь хуулиар хориотой бөгөөд нэхэмжлэгч байргүй, мөнгөгүй болж хохирсон. Т.Г нь Т ХХК, П ХХК-д удаа дараа үүргээ биелүүлэхийг шаардсан боловч арга хэмжээ аваагүй учир 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ, орон сууцны захиалгат ажлын гэрээнээс татгалзсан. Нэхэмжлэгчид зээлдүүлсэн гэх мөнгө Тны дансанд орсон бөгөөд нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүү төлөх хуулийн болон бодит үндэслэл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Шүүх: Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4, 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч Т ХХК-иас 216,528,987 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Год олгож, нэхэмжлэгч Т.Гоос 492,790,144.43 төгрөг гаргуулах тухай Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу П ХХК-иас ирээдүйд орон сууц болон автомашины хоёр зогсоолыг өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах тухай нэхэмжлэгч Т.Гын эрхийг Т ХХК-д буцаан шилжүүлж,  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,240,595 төгрөгийг улсын орлогод үлдээж, түүний илүү төлсөн 2,433,150 төгрөгийг улсын төсвөөс, 1,240,595 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Т.Год тус тус олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

6.1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд,

6.1.а. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ зохигчдын маргааны зүйлийг зөв тодорхойлоогүй.

Талуудын хоорондын харилцаа зээлийн гэрээнээс үүсэлтэй бөгөөд банк 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч Т.Г, Ж.М нарт 441,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй олгосон ба зээлдэгч нар уг зээлээр орон сууц худалдан авч өнөөдрийг хүртэл амьдарч байна. Зээлийн гэрээний талаар талууд маргаагүй. Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдах үеийн нөхцөл байдал хэвээр байгаа. Зохигчдын хооронд анх зээлийн гэрээ байгуулагдах үед зээлээр орон сууц худалдан авах, зээл олгох хүсэл зориг байсан, энэ нь өнөөдрийг хүртэл хэвээр байгаа ба тухайн орон сууц Тны өмчлөлд биш, гуравдагч этгээдийн барьцааны зүйл байсан. Иргэний хуулийн 205.1 дэх хэсэгт зааснаар Т.Г Т ХХК-аас 216,528,987 төгрөг авах бол Т.Г банканд юу буцааж өгөх юм. Худалдаж авсан орон сууц нь гуравдагч этгээд П ХХК-ийн өмч мөн.

Нэхэмжлэгч нь Т ХХК-ийн зээлээр орон сууц худалдан авах гол үндэслэл болсон 2014 оны 12 дугаар сард П ХХК-тай байгуулсан орон сууц захиалгат ажлын гэрээг дүгнээгүй. Тухайн гэрээ хүчинтэй тул орон сууцыг ямар үндэслэлээр Тийг эзэмших эрхтэй гэж үзсэн нь тодорхойгүй байдлыг бий болгосон. Зээлийн гэрээнд орон сууцыг улсын комисс авах, барилгын ажлыг дуусгах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргах, гэрчилгээг гаргахыг Тнаас шаардах эрх үүргийг заагаагүй, гэрээний аль нэг талд эрх олгож, үүрэг хүлээлгээгүй байдаг. Гэрээнд заагаагүй эрх, үүргийг үндэслэн гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь буруу.

6.1.б. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмчийн эзэн П ХХК-ийг оролцуулаагүй.

6.2 Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

6.2.а. Т нь зээлдэгч Т.Гын 2014 оны 12 дугаар сард П ХХК-тай байгуулсан орон сууц захиалгат ажлын гэрээг үндэслэн түүнд 441,000,000 төгрөгийн зээл олгосон. Банк гэрээнд заасан үүргээ биелүүлж мөнгөн хөрөнгийг олгосон боловч зээлдэгч нар үүргээ биелүүлэхгүй зээл, хүүгийн төлбөрийг төлөхгүй банкинд эрсдэл учруулсан. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас шаардах эрхтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Т.Г 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Т ХХК-тай байгуулсан орон сууцны зээлийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр П ХХК-тай байгуулсан орон сууцны захиалгат ажлын гэрээнээс тус тус татгалзаж, гэрээний урьдчилгаа болон зээлийн төлбөрт төлсөн 216,528,987 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч Т ХХК эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 492,790,144 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмчийн эзэн П ХХК-ийг оролцуулах байсан гэх гомдлыг хангах үндэслэлтэй.

Хэрэгт Т ХХК, П ХХК-ийн хоорондын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн барилга угсралтын зориулалтаар зээл олгох тухай зээлийн гэрээ, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах тухай барьцааны гэрээ, 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ...... дүүрэг .... хороо ....... зам дагуу байрлах П хотхоны 4, 5-р барилгуудын орон сууцуудыг банкны зээлээр борлуулах тухай хамтран ажиллах гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Т.Г, П ХХК-ийн .... дүүргийн ..... хороо, ...... хаягт байрлах орон сууцны 4-р байрны 13 тоот 150 м.кв талбайтай байр, 2 автомашины зогсоолын ажлыг гүйцэтгэх гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Т ХХК, Т.Г, Т.М нарын байгуулсан орон сууц худалдан авах зориулалтаар 441,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай зээлдүүлэх тухай орон сууцны зээлийн гэрээ, уг зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн банкны өмнө хүлээх үүргийг зээлээр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зээлдэгчийн нэр дээр гарах хүртэл зээлийн гэрээний үүргийг батлан даах тухай Т ХХК, П ХХК-ийн хоорондын батлан даалтын гэрээнүүд нотлох баримтаар авагдсан байна. /1хх7-12, 58-64, 2хх98-107/

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ П ХХК-тай тус компанийн барьсан .... дүүргийн ..... хороо ..... хаягт байрлах 150 м.кв талбайтай орон сууц, 2 ширхэг автомашины зогсоолыг 490,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээг байгуулж, төлбөрийг Тнаас зээл авч төлсөн боловч одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй, улсын комисс хүлээж аваагүй, халаалт байхгүй, гадна болон дотор засал дутуу хийгдсэн, дуусаагүй барилгын гүйцэтгэлтэйгээр П ХХК-ийн өмчлөлд бүртгэлд бүртгэлтэй байгаа, Т ХХК болон П ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, урьдчилгаа болон зээлд төлсөн төлбөрөө буцааж авна гэж тайлбарласан. /2хх166, 2хх205/

4.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд П ХХК-ийг оролцуулаагүй атлаа тогтоох хэсгийн 2 дах заалтаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу П ХХК-аас ирээдүйд орон сууц болон автомашины хоёр зогсоолыг өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах нэхэмжлэгч Т.Гын эрхийг Т ХХК-д буцаан шилжүүлсүгэй гэж түүнд хамааралтай шийдвэрийг гаргасан нь буруу. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь П ХХК орон сууц захиалах бариулах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй шууд хамааралтай, зээлийн гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар нь П ХХК-ийн эрх ашигт нөлөөлөхөөр байна.

4.б. Зохигчдын хэн аль нь П ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргаагүй боловч шүүх энэ талаар талуудаас тодруулж, мэтгэлцүүлэх ажиллагааг хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, П ХХК-д хамааралтай эрх зүйн үр дагавар бүхий харилцааг шийдвэрлэхэд тус компанийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2021/02908 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,621,901 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД  Г.ДАВААДОРЖ  

А.МӨНХЗУЛ