Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2017/01053

 

Т.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00960 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2017/01171 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Т.Л-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа, хариуцагч Н.Б-, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т.Л- нь Н.Б-тэй 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 8 000 000 төгрөгийг 15 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж, барьцаанд нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж 134а тоот 63 м.кв хашаа, байшинг барьцаалж, нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлийн төлбөр, 5 сарын хүү төлөөгүй байна. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл 8 000 000 төгрөг, хүү 4 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөгийг хариуцагч Н.Б-ээс гаргуулж өгнө үү. Зээлдэгч гэрээний үүргээ тогтоосон хугацаанд зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй байх тул үндсэн зээл 8 000 000 төгрөг, нэг сарын хүү 1 200 000 төгрөг бөгөөд зээлдэгч нэг сарын хүү төлж, 5 сарын хүү 6 000 000 төгрөг, алданги өдрийн 40 000 төгрөгийг 107 хоногоор тооцоход 4 280 000 төгрөг болох бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги 4 000 000 төгрөг болж байна.

Иймд үндсэн зээл 8 000 000 төгрөг, хүү 6 000 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээ байгуулж, эхний нэг сарын хүүг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүүг хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч 12 000 000 төгрөгөө төлж барагдуулна. Сарын 15 хувийн хүүг хэт өндөр гэж үзэж байгаа учраас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүг багасган тооцож өгнө үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00960 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Б-ээс 18 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Л-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206 950 төгрөг, 110 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 50 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Т.Л-д буцаан олгож, хариуцагч Н.Б-ээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 247 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Л-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Б- зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн барьцаа хөрөнгө болох Н.Б-ийн өмчлөлийн 000383855 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204068538 дугаартай Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж, 134а тоотод байрлах 63 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах газар өмчлөх эрхийн 000322020 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-2204023427 дугаартай 700 м.кв газрыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2017/01171 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00960 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Б-ээс 15 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Л-д олгосугай” гэж, 2 дахь заалтад “247 950” гэснийг “233 950” гэж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, “4” гэснийг “3” гэж дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Б-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Иргэний хуулийн 282.2 дахь хэсэг “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэжээ. Энэхүү хэм хэмжээний нөхцөл болох гепотиз нь хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдох шаардлагыг хангаж шүүх хүүг багасгахаар хуульд заасан. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” мөн хуулийн 38.1 дахь хэсэгт зохигчид хэн аль нь нотлох үүрэг хүлээдэг. Талуудын гэрээгээр тохиролцсон хүү нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтойгоор тогтоогдсон нотлох баримт хэрэгт авагдаагүй.Мөн шүүх зээлийн гэрээний хүүг ямар зах зээлийн жишигт тооцож багасгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй зээлдүүлэгчийн эрх, хууль ёсны ашигт сонирхлыг зөрчиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх мөн нотлох баримтын үндсэн дээр гарах хуулийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн 210/МА2017/01017 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                         ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас эрх зүйн маргаан үүссэн гэж зөв дүгнэн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-т заасан зохицуулалтыг хуульд нийцүүлэн тайлбарлан хэрэглэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Л- нь хариуцагч Н.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд буюу үндсэн зээл, хүү, алдангид нийт 18 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу алдангид холбогдох хэсгийг зөвшөөрөөгүй, хүүгийн хэмжээг багасгах талаар шүүхэд хүсэлт гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчид 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Н.Б- нь нэхэмжлэгч Т.Л-гаас 8 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 6 сарын хугацаагаар, сарын 15% хүүтэйгээр зээлсэн байх ба үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5%-ийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан байна \хх-ийн 4 дүгээр тал\.

Анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 8 000 000 төгрөг, хүүд 6 000 000 төгрөг, алдангид 4 000 000 төгрөг нийт 18 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх зээлийн хүүгийн хэмжээг хэт өндөр гэж үзэн, багасгаж, хүүд 3 200 000 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1., 282.2.-т зааснаар зээлийн гэрээний  талууд хүүг хэлэлцэн тохиролцож тогтоох боловч хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болдог байна.

Талуудын тохирсон хүүгийн хэмжээ тодорхой, хариуцагч зээлийн хүүг багасгах талаар шүүхэд хүсэлт гаргасан байх тул маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн эрх зүйн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-т заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2017/01171 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.      

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН