| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Амарсайхан |
| Хэргийн индекс | 182/2017/00982/И |
| Дугаар | 001/ХТ2018/00460 |
| Огноо | 2018-03-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2018/00460
Ш.Ц-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/01710 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2017/02398 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Ш.Ц-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдох,
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтан-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч Ж.Цэрэннадмид нь сонгон шалгаруулалтад тэнцэж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/151 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажилласан. Энэ хугацаанд багш, ажилчдыг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, идэвхи зүтгэл гаргаж ажилласны үр дүнд сургуулийн сургалт, урлаг, спорт хүмүүжлийн ажлын чанар жил тутам ахиж, манай сургууль 2015 онд Тэргүүний сургууль-иар, 2017 онд Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар, 2017 оны 01 дүгээр сарын 06-нд Нийслэлийн боловсролын газрын даргын Хүндэт өргөмжлөлөөр тус тус шагнагдаж байсан.
2016 онд манай сургуулийн 10 жилийн ой тохиосонтой холбогдуулан хэд хэдэн ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэхээр зорилт болгон ажилласны дотор сургуулийн засвар, тохижилтын ажил байсан. Багш нар болон эцэг эх, төгсөгчдийн зүгээс сургуулийнхаа ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар бүтээлч санал, санаачлага гарч байсан тул 2016 оны 04 дүгээр сарын 06-нд сургуулийн эцэг эхийн зөвлөлийн хурал болж сургуулийн анги танхимын урсгал засвар, тохижилтын ажилд сурагч бүрийн эцэг эхчүүдээс 10 000 төгрөг гаргаж хандивлах шийдвэр гаргасан. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бүх багш ажилчдын нэгдсэн хурлыг хуралдуулсан. Дээрх эцэг эхчүүдийн зөвлөлийн хурал, багш ажилчдын нэгдсэн хурлын шийдвэрүүдийн дагуу багш, ажилчид болон сурагчдын эцэг эхчүүдээс 21 780 716 төгрөг, төсвөөс 14 800 000 төгрөг төвлөрснийг сургуулийн урсгал засвар, тохижилтын ажлуудад зарцуулсан болно.
Гэтэл гэнэт 2017 оны 03 дугаар сарын 07-ны үдээс хойш захирлын ажлыг хүлээлцүүлэх, хүлээн авах ажлын хэсэг гэж 4 хүн сургууль дээр ирж тус сургуулийн захирал надад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тухай Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг танилцуулж, тамга битүүмжлэн яваад, 3 хоногийн дараа Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаар захирамжийн үндэслэл болох Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 107 дугаар сургуулийн захирал Ш.Ц-ын нэр дээр ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн талаар илтгэх хуудас гэх 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн баримтыг миний хүсэлтээр надад танилцуулсан. Илтгэх хуудас болон Нийслэлийн засаг даргын захирамжийг миний бие хүлээн зөвшөөрөөгүй. Тус сургуульд багшаар ажиллаж байсан Ч.Урантогос, Д.Баатардорж нарыг миний ажил үүрэгтэй холбогдуулан төр захиргааны байгууллагад хандсан нь өс хонзонгийн сэдэлттэй байсаар байхад холбогдох ажлын хэсэг, тэр тусмаа Нийслэлийн боловсролын газар нөхцөл байдлыг үндэслэлтэйгээр судлан дүгнэлт гаргалгүй Нийслэлийн Засаг даргад санал оруулж, Ажлаас халах хэмжээний сахилгын шийтгэл ногдуулах захирамж гаргуулсныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Учир нь дээрх ажлын хэсэг ажилласнаас хойш буюу 2016 оны жилийн эцсийн балансын тайлан, мэдээтэй холбогдуулан хуулийн дагуу манай сургуулийн санхүүгийн бичиг баримтад Нийслэлийн аудитын газраас хяналт шалгалт хийсэн боловч ямар нэг санхүүгийн зөрчил байгаа эсэх талаар дүгнэлт гаргаагүй болно. Ер нь дүүргээс манай сургууль дээр хийгдсэн шалгалт ямар нэг удирдамжгүй, миний санал дүгнэлтийг сонсоогүй, шалгалтын байдлыг танилцуулаагүй Хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн. Мөн намайг ажлаас халах шийдвэр гаргахдаа намайг сонсож, тайлбар баримт гаргуулах боломжоор хангалгүй Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, 13.3, 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтуудыг зөрчсөн. Ажлаас халахдаа улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон гэсэн үндэслэлийг заасан боловч улсын байцаагчийн дүгнэлт нь өөр байдаг.
Иймд дээрх нөхцөл байдал, холбогдох баримтуудыг үндэслэн Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл төлүүлж, баталгаажилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/423 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан тус дүүргийн Боловсролын хэлтэс, тус дүүргийн 117 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцан, хяналт тавьж ажилласан. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль 52 дугаар зүйлийн 52.1, 8 дугаар зүйлийн 8.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлж хуулийн хүрээнд хийгдсэн шалгалт юм. Дээрх ажлын хэсгийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тайлан болон бусад баримтуудыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн захирал Ш.Ц-ыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар 2017 ажпаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ш.Ц-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасны дагуу байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол гэрээг дуусгавар болгон, цуцлах үндэслэл болох бөгөөд ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж ажлаар халахаар заасан. Ш.Ц- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7, БСШУСайд, Сангийн сайдын 2008 ноы 56/64 дүгээр тушаал Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрмийн 2.8, 3.6, Засгийн газрын 2016 оны Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын 1, 2.2, Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмын 2.6, Хөдөлмөрийн гэрээний 6.2.6 дахь заалтуудыг зөрчсөн. Илтгэх хуудас 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр танилцуулагдаж, 02 дугаар сарын 13-ны өдөр ажлаас халсан шийдвэр гарсан.
Иймээс иргэн Ш.Ц-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Ш.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/01710 дугаар шийдвэрээр Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/20 захирамжийг хүчингүй болгон, Ш.Ц-ыг 107 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан Нийслэлийн засаг даргын тамгын газраас 4 902 218 төгрөгийг гаргуулж Ш.Ц-ад олгож, Ш.Ц-ад олгох мөнгөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжинд хариуцагчаас 93385 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2017/02398 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/01710 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Ц- нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэж тус тус нэмж, 1, 2, 4 дэх заалтаас “Монгол улсын” гэсэн үгийг хасч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг Дарга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурджээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудасны 2 дугаар мөрөнд “2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр багш ажилчдын хурал болж, сургуулийн 10 жилийн ойг тэмдэглэх эсэх, сургууль, ангийн засварыг хэрхэх талаар хэлэлцэж, сургуулийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр, багш нар 2 дугаар улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллаа хандивлах, ангийн засварыг өөрсдөө хийх, сурагчдаас 10 000 төгрөг, үүний 3 000 төгрөгийг ангийн засварт, 7000 төгрөгийг ойд хандив болгон авахаар шийдвэрлэжээ. Улмаар багш, ажилчид сургуулийн ойг тэмдэглэхэд хандив өгөхийг зөвшөөрч баримт үйлдсэн, сурагчдын ангийн засвар, хандивын мөнгийг эцэг, эхийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн, түүнчлэн нэг айлын хэд хэдэн сурагчийн зөвхөн нэгээс мөнгийг авсан, зарим санхүүгийн бололцоо муутай хүүхдийг үүнд хамруулаагүй тухай гэрчүүд мэдүүлж байна.” гэснээс үзэхэд хандив гэж үзэх боломжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл хандив нь сайн дурын үндсэн дээр албадлагын болон тэгшитгэсэн хураасан шинжгүй, гагцхүү хандивлагчийн хүсэл сонирхолд нийцэж сайн дураараа өгсөн байхыг хэлэх бөгөөд Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно.” 40 дүгээр зүйлийн 40.7-д “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно” гэснийг зөрчиж байгаа нь тогтоогдож байна. Гэтэл үүнийг анхан шатны шүүх “...албадлагын шинжтэй болсон нь харагдахгүй байна” гэж хэт нэг талыг барьж дүгнэсэн нь нотлох баримтуудыг баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй гэж үзэж байна.
Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “Боловсролын байгууллага нь улсын төсөв, хөрөнгө оруулалт, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс оруулах сургалтын төлбөр, дүрэмд заасан үйл ажиллагаанд зориулсан хандив, зээл, боловсролын байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг санхүүгийн эх үүсвэртэй байна”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4-т “төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх”, 25 дугаар зүйлийн 25.7-д “Тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийг тайлагнана.” гэж заасан бөгөөд Төсвийн шууд захирагч нь хандив, тусламжийн мөнгийг бэлнээр захиран зарцуулах эрхийг хууль, тогтоомжоор болон ажил олгогчийн зүгээс олгоогүй бөгөөд санхүүгийн болон дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон. Гэтэл шүүх “...хандивын мөнгө нь ажил олгогчийн ажилтанд хариуцуулж өгсөн мөнгө, эд зүйл бишийн гадна байгууллагад, түүний хамт олонд хохиролтой байдал гаргаагүй байна” гэж дүгнэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг буруу тайлбарлан дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Сургуулийн захирал нь сургуулийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах эд хариуцагч бөгөөд тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрх мэдлийг Нийслэлийн өмчийн газартай гэрээ байгуулан авсан удирдах албан тушаалтан юм. Өөрөөр хэлбэл тодорхой зориулалт чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан юм. Сургуульд өгсөн хандив тусламж, өөрийн үйл ажиллагааны орлого нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд сургуулийн захирал дур мэдэн бэлнээр захиран зарцуулах эрхгүй болохыг Аудитор, Санхүүгийн хяналтын улсын байцаагч Ш.Болормаа дүгнэсэн байдаг.
Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь хөдөлмөрлөх явцдаа өөрт ногдуулсан үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй зэргээр, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, дүрмийг зөрчсөн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй учраас сахилгын зөрчил гэж үзнэ. Нэхэмжлэгч Ш.Ц- нь нэхэмжлэлийн шаардлага дээрээ хариуцагчийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Засаг дарга гэж тодорхойлсон гэтэл шүүх хуралд нийслэлийн Засаг даргын тамгын газрыг хариуцагчаар оролцуулаагүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, 28 дугаар зүйлийн 28.3-т “Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй” гэснийг тус тус зөрчсөн гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар хандсан. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна.” гэснийг зөрчин нэхэмжлэлийг гардуулаагүй, 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасныг зөрчсөн ба эдгээр нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмыг зөрчсөн ба давж заалдах шатны шүүх уг алдааг залруулах арга хэмжээ аваагүйгээр хэргийн оролцогчийн хуульд заасан эрх хязгаарлагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээний зарчим хангалттай хэрэгжээгүй, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Ш.Ц- нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б\20 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлагыг тавьжээ \хх-ийн 2 дугаар тал\. Хариуцагч тал дээрх шаардлагад хариу тайлбар өгч, нэхэмжлэлийг татгалзсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Ц- 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх ба “намайг ажлаас үндэслэлгүй халсан, ... хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа тул ажил, хөдөлмөр эрхэлж чадаагүй эхний 2 сарын цалин болох нийт 1 497 900 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргаж байна” гэжээ \хх-ийн 66 дугаар тал\. Энэхүү нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийн хувийг шүүх хариуцагч талд гардуулаагүй улмаар шаардлагын талаар мэтгэлцэх боломжийг нь үгүйсгэжээ.
Харин шүүх нэхэмжлэгчийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай” нэртэй, “намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан, ... миний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа тул эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тодруулж гаргаж байна” гэсэн агуулгатай хүсэлтийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч талд гардуулсан байна \хх-ийн 101, 106 дугаар тал\.
Ийнхүү нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гардуулахаас өмнө шүүх шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 182\Ш32017\08040 дугаартай, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжаар шүүх хуралдааны товыг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цагт хийхээр товлосон байжээ. Нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гардуулсан баримтад зааснаар шүүх хариуцагчийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хариу тайлбар ирүүлэх үүрэгтэйг заасан атлаа мөн өдөр шүүх хуралдаан хийсэн нь талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарласан алдаатай болжээ.
Хариуцагч тал нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байх боловч энэ нь шүүхийн зүгээс хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах хуульд заасан үүргийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Дээрх байдлаас дүгнэж үзвэл, зохигч эрх зүйн маргааны гол зүйлийн талаар бүрэн мэтгэлцсэн, маргааны үйл баримт хангалттай тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг анхаараагүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 168 дугаар зүйлийн 168.1.3., 168.3.-т заасан шаардлагыг зөрчжээ.
Нэхэмжлэгч Ш.Ц- нь 107 дугаар сургуулийн захирал, төсвийн шууд захирагчийн хувьд сургуулийн 10 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулахдаа их хэмжээний бэлэн мөнгө төвлөрүүлсэн, төрийн сангийн дансаар дамжуулж захиран зарцуулах, анхан шатны санхүүгийн баримт хөтлөх, кассын тайлан гаргах зэрэг ажиллагааг зохих журмаар хэрэгжүүлээгүй гэх аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн тайлан, ажлын хэсгийн илтгэх хуудас зэрэгт туссан зөрчил ямар баримтаар үгүйсгэгдэж байгаа нь тодорхой бус байх ба зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна.
Түүнчлэн, сургуулийн 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг орон нутгийн засаг захиргаанаас олгосон төсвийн хэмжээнд бус харин түүнээс давуулах, эцэг, эхчүүдээс албан журмаар хандив авах бодит ямар шаардлага байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Шүүх тухайн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ сургуулийн хэрэгцээний зайлшгүй шаардлагад бусдаас хандив авах боломж болон төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгох зарчмыг зааглан ялгах талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай болно.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/01710 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2017/02398 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН