Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 1879

 

     “Хаан брой” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

       иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/00561 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хаан брой” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч

Хариуцагч Монгол банкинд холбогдох

           

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 598 989.83 ам.доллар буюу 1 196 398 326.8 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

 

“Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж  

Хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр

Хариуцагч Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганбаяр, М.Нинжбадгар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Хаан брой” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хаан брой” ХХК нь “Хадгаламж банк” ХХК-иас  2005 оны  12 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/140  тоот  гэрээгээр 1 081 000 ам.доллар зээлж авсан. Тус зээлтэй холбоотой асуудлаар зээлийн хүүгийн төлөлтөд тооцоогүй орхигдуулсан 598 989.83 ам.долларыг төлсөн баримтаар хавсаргаж, шалгуулах хүсэлт хүргүүлсэн. Уг албан бичгийн хариуд “Хадгаламж банк” ХХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Г.Атармаагийн гарын үсэг бүхий 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12/2-689 тоот албан бичиг ирсэн боловч зээлийн хүүг орхигдуулсан төлөлтийг зээлийн үлдэгдэлд тооцсон, эсвэл эс тооцсон талаар хариу өгөөгүй. Компанийн захирал С.Отгонбаатар 1 081 000 ам.долларын зээлийн барьцаанд тусгаарласан 3 сая ширхэг хувьцаа нэг бүрийг 900 төгрөгөөр тооцож 2 700 000 000 төгрөгийн зээл авсан мэтээр зээл дээр нэмж тооцсон, Монгол шуудан банкинаас 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр авсан 550 000 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн тооцоог огт оруулалгүй орхигдуулсан байна. Нэхэмжпэгч 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10/04 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээний зээлийн төлбөрийн үлдэгдэл дүн болон 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/4-5121 тоотоор ирүүлсэн зээлийн үлдэгдэл 7 383 166 426.24 төгрөгийн зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан бөгөөд энэ нь балансын гадуурх дансны хуулгаар ирүүлсэн зээлийн тооцооллуудтай тохирохгүй, зөрүүтэй байсан тул зээлийн хүүгийн тооцооллуудыг дахин тооцож үзэхэд 154 342 120.65 төгрөгийн 11 812.08 ам.долларын илүү төлөлттэй тооцоо гарч байгаа юм. Энэ нь Аудитын тухай болон Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Сангийн яамнаас аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “Актив аудит” ХХК-ийн 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн тайланд хийсэн аудитын зөвлөмж, мөн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хараат бус аудиторын зөвлөмжөөр бүрэн тогтоогдож байна.

Мөн “Хадгаламж банк” ХХК-иас 2007 онд авсан 600 000 ам.долларын зээлийн тооцоог “Хадгаламж банк” ХХК болон “Хаан брой” ХХК-ийн хооронд 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 598 989.83 ам.долларын үлдэгдэлтэй гаргаж, зээлийн хүүнд төлсөн 65 503 ам.долларыг зээлийн эргэн төлөлтөд тооцолгүй орхигдуулсан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар Монгол банк түүний Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 598 989.83 ам.долларыг шаардаж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд өмнө үүссэн зээлийн харилцаа буюу түүний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч “Хаан брой” ХХК нь бүрэн биелүүлсэн. Харин хариуцагч зээлийн эргэн төлөлтийн тооцоонд алдаа гаргаж илүү төлбөр авсан. Зээлийн тооцоонд төлсөн төлбөрийг орхигдуулснаас хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэлгүй 598 989.83 ам.долларыг үндэслэлгүй илүү авсан. Энэ нь хариуцагчийг бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан үйлдэл болох нь илт байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Монгол банк түүний “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь “Хаан брой” ХХК-ийн шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх эрх бүхий этгээд мөн юм. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2 дахь хэсэгт “бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй” байдлыг хуульчилсан боловч “Хаан брой” ХХК-ийн хувьд 598 989.83 ам.долларыг хариуцагч “Хадгаламж банк” ХХК-д шилжүүлээгүй, харин хариуцагч нь тус нэхэмжилж байгаа мөнгийг бидэнд мэдэгдэлгүй авсан юм. Өөрөөр хэлбэл бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр буюу эзэмшснээс үүссэн үүрэгт хамаарч байна. Шүүх хуралдааны явцад Монгол банк уг төлбөрийг хариуцах боломжгүй гэдэг нь харагдлаа. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч “Хадгаламж банк" ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 598 989.83 ам.доллар буюу 1 196 398 326.8 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, түүний өмгөөлөгч Д.Гантөмөр нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар аливаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Нэхэмжлэгчээс Монгол шуудан банк болон “Хаан брой” ХХК-ийн хооронд 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ/140 тоот зээлийн, иргэн С.Отгонбаатарын Монгол шуудан банктай 2007 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан 80 тоот зээлийн гэрээний үүргийг болон эдгээр гэрээнүүдийг үндэслэн Хадгаламж банк болон “Хаан брой” ХХК, “Бамбарууш сервис” ХХК-ийн захирал С.Отгонбаатар нарын хооронд 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан 10/04 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ”-ний үүргийг шаардаж байна. Тус гэрээний 2.1-т зааснаар талууд гэрээ байгуулах өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт өр төлбөрийг 3 285 822 ам.доллар, 2 253 396 961 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тооцоо нийлэн хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэгчээс дээрх гэрээнүүдтэй холбоотой төлбөр тооцоо дуусгавар болсныг хүлээн зөвшөөрч дараах баримтуудыг үйлдэж байсан. Үүнд: Хадгаламж банкны төлбөр авлагын хэлтсийн захирал, ахлах хуульч Ц.Улаанцэцэг болон “Хаан брой” ХХК-ийн захирал С.Отгонбаатар, иргэн С.Отгонбаатар нарын хооронд 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж актанд 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10/04 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ”-г дүгнэж буюу нийт 3 285 822 ам.доллар буюу 2 253 396 961 төгрөгийн үлдэгдлийг тооцоо нийлэн хүлээн зөвшөөрч гэрээг дуусгавар болгосон. Хадгаламж банкны төлбөр авлагын хэлтсийн захирал, ахлах хуульч Ц.Улаанцэцэг болон “Хаан брой” ХХК-ийн захирал С.Отгонбаатар нарын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тооцоо нийлж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүлээлцсэн тухай актыг үйлдсэн ба тус актанд зээлийн болон барьцааны гэрээ, өмчлөх эрх шилжүүлэх гэрээтэй холбогдуулан аль нэг тал аливаа маргаан гаргахгүй бөгөөд төлбөр тооцоо бүрэн дууссан болохыг харилцан зөвшөөрч гарын үсэг зурсан. Ийнхүү тооцоо нийлэн гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсний дараа дээрх гэрээнүүдтэй холбоотой шаардлага гаргах үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцох үндэслэлтэй. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд дурдсан төлбөрийн тооцооны зөрүүг шалгуулах хүсэлтийг 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1а/12-03 дугаартай албан бичгээр Хадгаламж банкинд гаргаж Тусгай активын хэлтсийн захирал Г.Атармаагийн 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12/2-689 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн. Мөн Хадгаламж банкны Дотоод хяналтын газрын захирал М.Бэлэгт нь 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Т-2-3582 дугаартай албан бичгээр тус компанийн гаргасан гомдлын дагуу “Хаан брой” ХХК болон иргэн С.Отгонбаатартай холбоотой зээл, хүүний тооцооллыг шалгахад банкны зүгээс төлбөр илүү суутгаагүй харин 122 468 696 төгрөгийн хүүгийн төлбөр дутуу авсан бөгөөд нэхэмжлэгчийн тооцооллоор илүү төлсөн гэх төлбөр үндэслэлгүй байх тул буцаан олгох боломжгүйг мэдэгдсэн. Уг хариуг өгсөн өдөр буюу 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин гомдол, санал гаргаагүй байна.

Дээр дурдсан Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийн зохицуулалтаас үзэхэд Хадгаламж банкнаас хамгийн сүүлд хариу өгсөн 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш тоолж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дууссан ба нэхэмжлэгчээс шүүхэд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А153 дугаар тушаалаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч банкны эрх хүлээн авагч томилогдсон. Мөн өдрийн А157 дугаар тушаалаар Хадгаламж банк ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. Банкны эрх хүлээн авагчаас үндэсний өдөр тутмын Өдрийн сонины 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 239(4566) дугаарт Хадгаламж банк ХХК-иас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд тогтоосон тухай нийтэд мэдээлсэн. Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон Хадгаламж банкнаас авлагатай этгээдүүдийн нэхэмжлэлийг хангах төлбөрийн дарааллыг тогтоосон. Дээр дурдсан хугацаанд “Хаан брой” ХХК нь авлагатай этгээдийн нэхэмжлэлийг ирүүлээгүй. Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд өөрчлөгдсөнөөр хөөн хэлэлцэх хугацаа тоолох журамд өөрчлөлт орох үндэслэлгүй тул хөөн хэлэлцэх хугацааг тайлбарын нэг, хоёрдугаар хэсэгт дурдснаар тооцох үндэслэлтэй. Нэхэмжлэгчээс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1а/15-126 дугаар албан бичгээр нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргасан нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн буюу нэхэмжлэл гаргахад саад болсон бодит нөхцөл байдлыг харгалзан үзэх учиртай. “Хаан брой” ХХК-ийн Ерөнхий захирал 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээс түр чөлөөлөгдсөн гэх боловч тус хугацаанаас өмнөх хугацаанд нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

... 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх, буцаан  шилжүүлэн  авах №2008/01 дугаартай гэрээ  байгуулагдаж 865 856 000 төгрөгийн өр төлбөрт тооцон шилжүүлэх, уг гэрээгээр заасан хуваарьт хугацаанд өр төлбөрийг барагдуулсан тохиолдолд банк уг хөрөнгийг захиран зарцуулах эрхтэйгээр худалдаж төлбөрийг барагдуулах талаар талууд харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Уг гэрээнд зээл төлөх эцсийн хугацааг 2008 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэж заасан боловч зээлдэгч гэрээний үүргийг биелүүлээгүй учир 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гүйцэтгэх захирлын 326 дугаар тушаалаар Ү-2203009785 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханш 2 771 808 690 төгрөгөөр тооцож үндсэн хөрөнгөнд бүртгэсэн. Зээлдэгч 2011 оны 11 дүгээр сарын 14д 865 856 000 төгрөгийн төлбөр хийсэн тул 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар 865 856 000 төгрөгийг данснаас хасч 1 905 952 690 төгрөгийн гарз гарч уг дүнгээр зээлдэгч хөнгөлөлт эдэлсэн. 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн эрсдлийн хорооны хурлын шийдвэрээр 171 689 ам.долларын хүү, 323 162 497 төгрөгийн хүүг тус тус балансын гадуурх нэмж хуримтлагдсан хүүнээс зарлагадаж нийт 549 055 431 төгрөгийн /2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ханш/ хүүгийн хөнгөлөлт тус тус үзүүлж байсан. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол банк, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол банкны ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийн дагуу 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А-153 дугаар албан тушаал гарган Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаар Ч.Аварзэдийг томилсон. Банкны тухай хуулийн 55 дугаар зүйлд банкны удирдлагын бүрэн эрхийг банкны эрх хүлээн авагчид шилжүүлэн банкны эрх хүлээн авагч хуулийн дагуу холбогдох арга хэмжээг бүрэн эрхийн дагуу бие даан хэрэгжүүлэхээр заасан. Энэ иргэний хэрэгт Монгол банкийг хариуцагчаар татсан бөгөөд уг асуудал нь Монгол банкинд хамааралгүй, хууль зүйн үндэслэлгүй. Банкны тухай хуульд зааснаар “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид хамааралтай. Иймд Монгол банк энэ хэргийн хариуцагч биш байх тул нэхэмжлэлийн Монгол банкинд холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1‑т зааснаар хариуцагч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 542 268.02 ам доллар буюу 1 083 104 452.42 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хаан брой” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 68 533.89 ам доллар буюу 136 886 850.53 төгрөгийг, хариуцагч Монгол банкинд холбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож,  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Хаан брой” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 6 240 850 /3.170.650+3.000.000+70.200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 100 908 төгрөгийг буцааж, хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 5 573 472 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хаан брой” ХХК-нд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

“Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй, хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2, 75.2.1-т тус тус заасан. Нэхэмжлэгчээс гэрээний үүргийн дагуу шаардлага гаргасан нь дараах байдлаар нотлогдоно. Үүнд: Монголшуудан банк болон "Хаан брой" ХХК-ийн хооронд 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 317140 тоот зээлийн гэрээ байгуулагдаж гэрээгээр 1 081 000 ам.долларыг сарын 1.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгчээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул талуудын хооронд 2010 оны 12 сарын 23-ны өдөр 10/04 дугаартай "Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ" байгуулагдсан. Тус гэрээний 2.1-т зааснаар талууд гэрээ байгуулах өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт өр төлбөрийг 3 285 822 ам.доллар, 2 253 396 961 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тооцоо нийлэн хүлээн зөвшөөрсөн. Ам.долларын тооцоонд ЗГ/140 тоот зээлийн гэрээгээр авсан 1 081 000 ам.долларын зээлийн болон барьцааны гэрээний өр, төлбөр 2 316 823.81 ам.доллар багтсан. Тооцоо нийлнэ гэдгийг Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2 дахь хэсэгт зааснаар авч үзвэл гэрээний нэг тал тооцоо гаргаж нөгөө талд мэдэгдэх бөгөөд зөвшөөрсөн тохиолдолд тооцоо нийлсэн гэж үзнэ. Гэрээний 1.2.1-т зааснаар гэрээний зорилго нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд зээлдэгчийн зээлийн төлбөрийн нийлбэр дүнгээр үл хөдлөх хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх харилцааг зохицуулахаар тохиролцсон. Энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан талууд "өмнөх үүргийг солихоор тохиролцсон" гэдэгт нийцсэн. Талууд тооцоо нийлж нийт өр төлбөрийн дүнг гаргаснаар өмнөх үүргийн харилцаа дуусгавар болсон. Ийнхүү нэг тал өр төлбөрийн тооцоог гаргаж нөгөө тал хүлээн зөвшөөрснөөр тодорхой тохиролцоо хийгдсэн буюу гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Ийнхүү тооцоог 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийлж дууссаны дараа 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Удирдлагад илгээх захидлаар "Актив аудит" ХХК нь зээлийн гэрээний төлбөрийг орхигдуулсныг илрүүлсэн гэх ба энэ талаар 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хадгаламж банкны төлбөр авлагын хэлтсийн захирал, ахлах хуульч Ц.Улаанцэцэг болон "Хаан брой" ХХК-ийн захирал С.Отгонбаатар нарын хооронд "Тооцоо нийлж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүлээлцсэн тухай акт"-ыг үйлдсэн ба тус актанд зээлийн болон барьцааны гэрээ, өмчлөх эрх шилжүүлэх гэрээтэй холбогдуулан аль нэг тал аливаа маргаан гаргахгүй бөгөөд төлбөр тооцоо бүрэн дууссан болохыг харилцан зөвшөөрч гарын үсэг зурцгаасан. Нэхэмжлэгчээс 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 10/04 дугаар "Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ"-ний 2.1-т заасныг үндэслэн тус хэсэгт дурдсан төлбөрийг төлсөн ба уг тооцоонд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дүнг оруулалгүй орхигдуулсан буюу илүү төлсөн гэх дүнг нэхэмжилсэн. Гэвч анхан шатны шүүхээс зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэж дүгнэсэн хэрнээ уг үүргийг сольсон "Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ"-г хэрхэн дүгнэж байгаа нь тодорхойгүй болсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь уг гэрээнд үндэслэж байгаад тодорхой дүгнэлт хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буруу дүгнэсэн.

2. Зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргаанд: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг хэрэглэсэн. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд уг заалт нь дотроо үүрэг үүсээгүй болон үүрэг хүчин төгөлдөр бус болсон гэх 2 өөр төрлийн агуулгыг илэрхийлж байгаа ба шүүхийн дүгнэлт нь чухам аль хэсгийг нь хамаарч байгаа нь ойлгомжгүй байна. Хууль тогтоогчоос үүрэг нь хожим дуусгавар болсон гэдгийг хүчин төгөлдөр бус болсон гэх ойлголтоор дэлгэрүүлж байгаа нь буюу гэх үгээр холбосноор тайлбарлагдаж байна. Талуудын хооронд зээлийн гэрээний улмаас үүрэг үүссэн, үүргийн гүйцэтгэлийн хэмжээнээс үүдэн маргаан гарсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Тухайн маргаанд зээл олгогдсон байдал, зээлийн хугацаа, хүүгийн хэмжээ, эргэн төлөх мөнгөн хөрөнгө, түүний хүүг төлөх хуваарь, нэмэгдүүлсэн хүү тооцоолсон байдал, төлсөн төлбөрөөс эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү суутгаснаас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл үүссэн эсэх, хүүгийн хөнгөлөлт үзүүлсэн эсэх, үүнээс үүдэн төлбөрийн эргэн төлөх хуваарьт өөрчлөлт орсон эсэх зэрэг нөхцөл шалган тогтоогдох тул хөөн хэлэлцэх хугацааны гэрээний тусгай зохицуулалт үйлчлэх байсан. Өөрөөр хэлбэл гэрээний харилцаагүйгээр бусдын хөрөнгийг авсан бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж зохих хуулийг хэрэглэх байсан. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэхдээ "зээлийн гэрээний дагуу илүү төлсөн ам.долларыг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна" гэж дүгнэж байсан хэрнээ гэрээний үүргийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж зөрчилдөөнтэй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчээс тухайн маргаанд гэрээний үүргийн улмаас шаардлага гаргах тусгай хөөн хэлэлцэх хугацаа хамаарах болохыг өөрөө зөвшөөрч нэхэмжлэлд энэ тухай хүлээн зөвшөөрөн дурдаж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаж байсан.

3. Гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухайд:

а. Хадгаламж банкны Төлбөр авлагын хэлтсийн захирал, ахлах хуульч Ц.Улаанцэцэг болон "Хаан брой" ХХК-ийн Захирал С.Отгонбаатар нарын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр "Тооцоо нийлж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүлээлцсэн тухай акт"-ыг үйлдсэн ба тус актанд зээлийн болон барьцааны гэрээ, өмчлөх эрх шилжүүлэх гэрээтэй холбогдуулан аль нэг тал аливаа маргаан гаргахгүй бөгөөд төлбөр тооцоо бүрэн дууссан болохыг харилцан зөвшөөрч гарын үсэг зурцгаасан. Ийнхүү тооцоо нийлэн гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсний дараа дээрх гэрээнүүдтэй холбоотой шаардлага гаргах үндэслэлгүй байна.

б. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцох үндэслэлтэй. Нэхэмжлэлд дурдсан төлбөрийн тооцооны зөрүүг шалгуулах хүсэлтийг 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1а/12-03 дугаартай албан бичгээр Хадгаламж банкинд гаргаж Тусгай активын хэлтсийн захирал Г.Атармаагийн 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12/2-689 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн.

Мөн Хадгаламж банкны "Дотоод Хяналтын Газар"-ын захирал М.Бэлэгт 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Т-2-3582 дугаартай албан бичгээр тус компанийн гаргасан гомдлын дагуу "Хаан брой" ХХК болон иргэн С.Отгонбаатартай холбоотой зээл, хүүний тооцооллыг шалгахад банкны зүгээс төлбөр илүү суутгаагүй харин 122 468 696 төгрөгийн хүүгийн төлбөр дутуу авсан бөгөөд нэхэмжлэгчийн тооцооллоор илүү төлсөн гэх төлбөр үндэслэлгүй байх тул буцаан олгох боломжгүйг мэдэгдсэн. Уг хариуг өгсөн өдөр буюу 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин гомдол, санал гаргаагүй байна. Дээр дурдсан Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийн зохицуулалтаас үзэхэд Хадгаламж банкнаас хамгийн сүүлд хариу өгсөн 2012 оны

5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш тоолж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дуусан ба нэхэмжлэгчээс шүүхэд 2015 оны 12 дугаар сарын
09-ний өдөр нэхэмжлэл гаргасан байсан.

в. Нэхэмжлэгчээс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1а/15-126 дугаар албан бичгээр нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргасан. Хүсэлтэд С.Отгонбаатар нь 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар албан
үүргээс түр чөлөелөгдсөн гэх боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2015 оны 5
дугаар сарын 15-ны өдөр "Хаан брой" ХХК-ийн ерөнхий захирал С.Отгонбаатарын
гарын үсэгтэй “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг "Актив аудит" ХХК-д хүргүүлж
байсан байна. Тус үйл явдлаас үзэхэд С.Отгонбаатар нь хүсэлтэд дурдсан хугацаанд
албан үүргээ гүйцэтгэж байсан буюу нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхээ
хэрэгжүүлэх боломжтой байсан. Хэрэгт "Хаан брой" ХХК-ийн ерөнхий захирлын 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1 а/02 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал авагдсан. Тус тушаалын 2 дугаарт зааснаар Б.Ундрахыг тус өдрөөс "Хаан брой" ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон байна. Гүйцэтгэх захирал Б.Ундрах нь "Хаан брой" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс томилогдон ажилласан тушаал хэрэгт авагдсан. Мөн хариуцагчийн хүсэлтээр гүйцэтгэх захирал нь Ерөнхий захирлыг орлох эрхтэй эсэх талаар баримтыг нотлох баримтаар гаргуулсан. Нэхэмжлэгчийн тайлбар хүргүүлэх тухай 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичгээр гүйцэтгэх захирал Ундрах нь анх томилогдсон өдрөөс хойш өнөөдрийг хүртэл компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг. Тодруулбал компанийг төлөөлж хэлцэл хийх, төлөөлөх, төлөөлөгч томилох эрхийг эдэлдэг байсан.

4. Нэхэмжлэгчээс хуульд заасан шуүхээс урьдчилан шийдвэрлүулэх журам зөрчсөн талаар: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн A153 дугаар тушаалаар "Хадгаламж банк" ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч банкны эрх хүлээн авагч томилогдсон. Мөн өдрийн A157 дугаар тушаалаар "Хадгаламж банк" ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. Банкны эрх хүлээн авагчаас үндэсний өдөр тутмын Өдрийн сонины 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 239(4566) дугаарт "Хадгаламж банк" ХХК-иас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд тогтоосон тухай нийтэд мэдээлсэн. Энэ хугацаанд "Хаан брой" ХХК нь авлагатай этгээдийн нэхэмжлэлийг ирүүлээгүй. Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон Хадгаламж банкнаас авлагатай этгээдүүдийн нэхэмжлэлийг хангах төлбөрийн дарааллыг тогтоосон. Нэхэмжлэгчээс хуульд зааснаар банкны эрх хүлээн авагчаас тогтоосон хугацаанд банкны эрх хүлээн авах зөвлөлд нэхэмжлэлээ ирүүлэх, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, төлбөр барагдуулах дараалалд оруулахгүйгээр шийдвэрлэсэн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах байтал хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчиж нэхэмжлэл гаргасныг шүүх шийдвэрлэсэн.

5. Шүүхээс нотлох баримтыг эргэлзээгүй, бүх талаас нь бодитойгоор үнэлээгүй талаар: Анхан шатны шүүхээс "Нэхэмжлэгч талын шаардлагын үндэслэлээ болгож байгаа өөрсдийн гаргаж өгсөн "Актив аудит" ХХК-ийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, Аудитын тухай хуулийн холбогдох зүйл заалтад нийцсэн байх тул бичгийн нотлох баримтаар үнэлэгдэнэ гэж үзнэ" гэж дүгнэсэн.

Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "аудитын үйл ажиллагаа" гэж аудитын хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх хараат бус, мэргэжлийн үйл ажиллагааг хэлнэ, 7 дугаар зүйлийн 7.1-т "Аудитор нь үйлчлүүлэгч байгууллага болон үйлчлүүлэгчээс ажил төрөл, хувийн харилцаа холбооны хувьд, мөн аудитын үйлчилгээ үзүүлж байгаатай холбогдсон нөхцөл байдлын хувьд хараат бус байна" 9 дүгээр зүйлийн 9.4-д "Аудитын хуулийн этгээд энэ хуулийн 9.1, 9.2, 9.3-т заасан үйл ажиллагаанаас өөр төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно" гэж тус тус заасан.

"Актив аудит" ХХК-ийн захирлаар Жигжидсүрэнгийн Оюунаа ажилладаг бөгөөд "Хаан брой" ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 16-32 /16 дугаартай "Итгэмжлэл олгох тухай" албан бичгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр "Актив аудит" ХХК-ийн захирал Жигжидсүрэнгийн Оюунааг томилж байсан. Өөрөөр хэлбэл энэ үйл баримт нь Аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан аудитор нь үйлчилгээ үзүүлэгчээс хараат бус байна гэх хуулийн шалгуурыг хангаагүй, хэрэгт уг хуулийн 3.1.1-т заасан аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээ авагдаагүй, уг нотлох баримтыг гаргаж байгаа этгээд нь хөндлөнгийн бус, нэхэмжлэгчтэй нэг ашиг сонирхол бүхий этгээд байхад аудитын удирдлагад илгээх захидал, тайлан, зөвлөмж зэргийг нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлсэн нь үндэслэлгүй болсон. Анхан шатны шүүхээс ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг тодорхойлохдоо 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн албан ханш 1997.36 төгрөгөөр тооцох бус талуудаас зээлийн гэрээний өр төлбөрийг тооцоо нийлсэн өдрийн буюу "Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ" байгуулсан өдрийн огноо буюу 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ханш 1243.42 төгрөгөөр тооцох нь зүйд нийцэх байсан. Учир нь "Таван толгой транс" ХХК-иас дээрх гэрээнд дурдсан ам.долларыг төгрөгөөр шилжүүлж байсан тул төгрөгөөр төлөгдсөн шилжүүлгийг ам.доллараар буцаан гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Дээрх үндэслэлүүдээр гомдлыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Хаан брой” ХХК нь хариуцагч  “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон Монгол банкинд холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 598 989.83 ам.доллар буюу 1 196 398 326.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

“Хадгаламж” банк болон “Хаан брой” ХХК-ийн хооронд 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр №094 дүгээр 550 000 000 төгрөгийн зээлийн гэрээ /1 хав 176-178/, мөн 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ /1 хав 182-183/, “Монгол шуудан” банк, “Хаан брой” ХХК-ийн хооронд 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №ЗГ/140 дугаар 1 081 000 ам.долларын зээлийн гэрээ /1 хав 221-224/, “Монгол шуудан” банк, “Хаан брой” ХХК-ийн захирал С.Отгонбаатар нарын хооронд 2007 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №80 дугаар 600 000 ам.долларын зээлийн гэрээ /1 хав 135-140/ байгуулагдсан үйл баримт тогтоогдсон бөгөөд эдгээр гэрээнүүдэд зээлдэгчээс зээлийн төлбөрийг төлөх хэмжээ, хуваарь тодорхой тусгагдсан байна.

 

         Түүнчлэн 2008 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “Хадгаламж” банк “Хаан брой” ХХК-ийн хооронд 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдлээр тооцоо нийлж, “Хөрөнгө хувьцаа шилжүүлэх тухай” үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тохиролцсон гэрээнүүд байгуулагдаж, дээрхи 3 гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар  2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Хаан брой” ХХК, “Бамбарууш” ХХК-ийг төлөөлж С.Отгонбаатар нь Хадгаламж банктай өр төлбөрийн тооцоо нийлж, 2 253 396 961 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдлийг төлөх хугацааг 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөр тогтоож, энэ үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргын талаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ /1 хав 40-42/.

 

Талууд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа дуусахаас өмнө буюу 2011 оны 4 дүгээр сарын 04-нд “Гэрээ дүгнэсэн акт”-аар /2 хав 63/ гэрээг дүгнэж байсан. Ингээд 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Тооцоо нийлж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүлээлцсэн тухай акт” /2 хав 62/, 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тооцоо нийлэх гэрээ /1 хав 40-42/-ний дагуу дээрх гэрээний үлдэгдэл төлбөр болох 2 253 396 961 төгрөгийг нэхэмжлэгч талаас бүрэн төлж барагдуулсан гэх агуулгатай хэлцлийг хийж, барьцаанд шилжүүлэн өгсөн 4 үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлжээ.

 

        Энэ хооронд 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “Актив аудит” ХХК дүгнэлт /2 хав 118-124/ гаргахдаа 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2007 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлэн өгсөн нийт 598 989,83 ам.долларын илүү төлөлттэй гэх баримтууд шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдсан байгаа. 

Нэхэмжлэгч  “Хаан брой”  ХХК нь хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас хүүгийн төлөлтөд тооцоогүй орхигдуулсан 598 989,83 ам.долларыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан хууль болон гэрээнд  үндэслэлгүй шилжүүлсэн хөрөнгө гэж үзэх боломжгүй.

 

Учир нь, “Хадгаламж банк” ХХК болон, “Хаан брой” ХХК-ийн хооронд 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, “Монгол шуудан” банк нь С.Отгонбаатартай 2007 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан тооцоо нийлсэн агуулгатай хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх бөгөөд эдгээр гэрээнүүдэд үндэслэн зээлдэгч буюу нэхэмжлэгч нь хариуцагчид хүү төлсөн байна.

 

Үүнээс хойш 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөр бусад гэрээнүүдийг нийлүүлж, тооцоо нийлсэн гэрээгээр гэрээний үүргийн өөр харилцаа үүсч уг гэрээгээр хүлээсэн үүргийг 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр буюу дээрх “Актив аудит” ХХК-ийн дүгнэлт гарсан 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш биелүүлсэн нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч буюу тухайн үеийн “Хадгаламж” банк нь 533 486 ам доллар, 65 503 ам долларыг хууль болон гэрээнд зааснаар үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлгүй.

 

         Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “...хууль буюу гэрээнд заасан үндэслэл байхгүй” гэж заасан тохиолдолд шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрх гэрээний дагуу үүрэг үүсээгүй байх, эсвэл үүрэг нь хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хэрэглэх учиртай.

 

         Талуудын хооронд байгуулагдсан 2005 оны 12 дугаар сарын 27, 2007 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээнүүдийн хувьд дараа нь тусгайлан тооцоо нийлж үүргийг сольсон нь эдгээр гэрээнүүд хүчин төгөлдөр бус болоогүй, эдгээр гэрээнүүдийн дагуу мөнгө төлөх үед үүрэг үүсээгүй байсан гэж үзэхгүй юм.

 

Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд буруу дүгнэлт хийсэн учир шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/00561 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч “Хадгаламж  банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон Монгол банкнаас 598 989.83  ам.доллар буюу 1 196 398 326.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Хаан брой” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                        Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                              Д.БАЙГАЛМАА