Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1502

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2016/01363/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, *** тоотод оршин суух, Б*** О*** /РД: ***/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, “*** ” ХХК /Регистр ***/-д холбогдох

“2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн   болон барьцаат зээлийн  гэрээний дагуу үндсэн зээл 150 000 000 төгрөг, хүү 24 000 000 төгрөг, алданги 75 000 000 төгрөг, нийт 249 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, Ц.Э*** , хариуцагчийн өмгөөлөгч Ж.У*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Миний бие Н.О*** нь 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн нэрээрээ зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулж “*** ” ХХК-д захирал Ч.Б*** 150.000.000 /Нэг зуун тавин сая/ төгрөгийг 2 сарын хугацаатайгаар 8 сарын хувийн хүүтэйгээр зээлүүлж зээлийн барьцаанд нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах  1382 м2 талбайтай, *** тоот гэрчилгээтэй, Ү-*** тоот улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшлийн газрын хамт барьцаанд авч мөнгийг өгсөн.

Зээлийн 150.000.000 /Нэг зуун тавин сая/ төгрөг нь иргэн Б.Б***гийн данснаас шилжигдсэн түүний хөрөнгө юм. Би өөрийн нэрээр хийх болсон шалтгаан нь “*** ” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан суманд байрладаг. Түүний захирал Ч.Б*** ийн нөхөр М.Т***ыг би сайн таньдаг. Тэгээд энэ М.Т*** нь надаас мөнгө зээлэх хүн олж өгч туслаач барьцаа хөрөнгө хангалттай байгаа гэсэн тул би дүү дүү Б.Б***д хэлж өгсөн. Б.Б*** нь би Дарханд очих боломжгүй байна, таны таньдаг найдвартай хүн бол та өөрийн нэрээрээ гэрээг зохих журмын дагуу хийгээд бэлэн болгочих түүний дараа би мөнгөө өөрийн данснаасаа шилжүүлж өгье гэсний дагуу гэрээ хийх талууд болон бид бүгд зөвшөөрч энэхүү гэрээг хийсэн юм.

Зээлийн гэрээг анх 2 сараар хийсэн. “*** ” ХХК нь гэрээнд тохирсон ёсоор мөнгөө өгч чадаагүй учир 2 удаа сунгасан. Анх 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс  11 дүгээр  сарын 26-ны өдрийг хүртэл 2 сараар зээлийн гэрээг байгуулж 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 1 сараар, дараа нь 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 2 сараар тус тус сунгасан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй явж байна.

“*** ” ХХК нь энэ хугацаанд 12.000.000 /Арван хоёр сая/ төгрөгөөр 3 удаа зээлийн хүүгээ төлсөн. Өөр мөнгө төлөөгүй байгаа болно. Энэ мөнгө Б.Б***гийн дансанд орсон.

“*** ” ХХК-ийн захирал нь эдийн засгийн хямралаас болж төлж чадалгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд Б.Б*** нь зээл авсан хүмүүстэй байнга уулзаж ярилцаж байсан.

2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр авсан зээлээ төлж чадалгүй явсаар 2 жил болж байна. Төлнө төлнө гээд байсан учир итгээд 2 жил явлаа. Иймээс шүүхээр шийдвэрлүүлж төлбөрөө гаргуулж авах хүсэлтэй байна.

“*** ” ХХК захирал Ч.Б*** ээс:

  1. Үндсэн зээл 150.000.000 /Нэг зуун тавин сая/ төгрөг
  2. Зээлийн гэрээний 5 сарын хугацаад төлөгдөх байсан 60.000.000 /Жаран сая/ төгрөгний зээлийн хүүгийн  төлөөгүй үлдэгдэл 24.000.000 /Хорин дөрвөн сая/ төгрөг,
  3. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлд зааснаар алданги төлүүлөх хүсэлтэй тул хуульд зааснаар төлөгдөх боломжтой алданги 75.000.000 /Далан таван сая/ төгрөг нийт 249.000.000 /Хоёр зуун дөчин есөн сая/ төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү.

Дээрх хохирлын мөнгийг зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах  1382 м2 талбайтай, *** тоот гэрчилгээтэй, Ү-*** тоот улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж гаргуулахаар шийдвэрлэнэ үү.

Мөн тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.402.950 төгрөгийг *** ХХК-иас гаргуулж өгнө үү.

*** ХХК-д өгсөн мөнгө нь иргэн Б.Б***гаас шилжигдсэн түүний хөрөнгө тул зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд заагдсан эрхийг бүрэн эдлэх эрхийн түүнд итгэмжлэлээр олгосон бөгөөд “*** ” ХХК-ийн захирал Ч.Б*** , Б.Б***гаас мөнгө авснаа сайн мэдэж байгаа болно. Б.Б***гийн нэр дээр шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Ц.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулан 150.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 8%-ийн хүүтэй Дархан-Уул аймаг,  Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах  1382 м2 талбайтай, *** тоот гэрчилгээтэй, Ү-*** тоот улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай барилга түүний доорх газрыг барьцаалбар болгосон. Уг зээлийн хүү гэж 12.000.000 төгрөгөөр 3 удаа төлөлт хийсэн. Хэдийгээр Н.О*** мөнгө зээлсэн боловч Б.Б***гийн данснаас мөнгө шилжсэн. Энэхүү зээлийг Ч.Б*** ийн нөхөр болох М.Т*** авсан. Хариуцагч Н.О*** аас дахин мөнгө зээлээч барьцаанд нь үл хөдлөх эд хөрөнгөө тавья гээд гуйсан боловч тухайн үед Н.О*** т байгаагүй учраас Б.Б*** Н.О*** ын нэрээр гэрээ хийж, Ч.Б*** ийн нөхөр М.Т***ын нь данс руу мөнгөө шилжүүлсэн. Манай талаас “*** ” ХХК-г судлалгүй зээл өгснөө хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч тал  зээлээ төлж чадахгүй байсан учраас зээлийн гэрээгээ 2 удаа сунгасан. Өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй. Бид өмнө нь эвлэрэн хэлэлцэх санал тавьж байсан боловч хариуцагчийн төлөөлөгч Ч.Б*** зөвшөөрөөгүй учраас шүүхэд хандах болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг задалбал 150.000.000 төгрөг /үндсэн зээл/, 24.000.000 төгрөг /зээлийн хүү/, 75.000.000 төгрөг /алданги/ болж байгаа. Манай тал Голомт банкнаас 1.9%-ийн хүүтэй 73 хоногийн хугацаатай мөнгө зээлж хариуцагчид мөнгө зээлсэн. Үүнийг хариуцагч талаас гаргуулж, барьцаа хөрөнгийг зарж борлуулсан үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Зээлийн гэрээ Ч.Б*** тэй хийгдээгүй. “*** ” ХХК-тай хийгдсэн. Мөнгө хэнээс гарах нь хамаагүй. Мөнгө авсан нь чухал. Гэрээнд хүчин төгөлдөр бус зүйл байхгүй. Зээл өгчихөөд 2 жил мөнгөө аваагүй хүн уурлаж ямар нэгэн зан авир гаргасан байж болно. Гэрээний ард М.Т***ын утсыг бичсэн учраас Ч.Б*** нөхрийнхөө данс руу мөнгө авсан. Хэрэв хариуцагч “*** ” ХХК зээл аваагүй бол Ч.Баяраагаас гээд 3 удаа мөнгө шилжүүлэхгүй байсан. Тухайн үед мөнгө зээлсэн учраас Ч.Б*** зээлийн гэрээний хугацааг сунгуулсан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хууль ёсны бус гэх зүйл байхгүй. Хариуцагчийн өмгөөлөгчтэй байгуулсан гэрээг харахад “*** ” ХХК эсвэл Ч.Б*** аль нь гэрээ байгуулсан нь тодорхойгүй харагдаж байна. Бид компанитай гэрээ байгуулсан. Хариуцагч тайлбар өгөөгүй тул хэрэгт авагдсан баримтаар хэргийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.У*** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа

“М.Т*** Б.Б***гаас мөнгө зээлсэн нь үнэн. Тэр дансанд нь манай нөхөр төлбөр төлж байсан. Н.О*** аас ямар ч мөнгө зээлээгүй. Ч.Б*** мөнгө аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***  манай гэрт олон удаа ирж айлгаж дарамталж, машины түлхүүрийг авч байсан. Цагдаад хэлнэ гэхэд энэ үйлдлээ зогсоосон. Б.Б***гаас манай нөхөр 150.000.000 төгрөг зээлсэн. Учир холбогдлыг нь би мэдэхгүй. 8 сарын сүүлээр Н.О*** мөнгө зээлнэ гэж ярьж байсан. 9 дүгээр сарын 26-ны өдөр мөнгө нь бүтэхгүй явсаарБ.Б*** М.Т***ын данс руу мөнгө хийсэн. Б.Б*** М.Т***од барьцаа хөрөнгө байхгүй учраас чи гэрээ хийчих гэж хэлсэн учраас зээлийн гэрээ барьцааны гэрээ байгуулсан гэдгээ хэлсэн. Хавтаст хэргийн материалтай танилцахад Н.О*** аас Ч.Б*** аваагүй гэдэг нь харагдаж байна. Харин Б.Б*** М.Т***од мөнгө зээлсэн нь харагдаж байна. М.Т*** 36.000.000 төгрөгийг өгсөн учраас түүний үлдэгдэлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн. Тиймээс Н.О*** аас Ч.Б*** аваагүй. Ч.Б*** Н.О*** тай ямар нэгэн гэрээ хийсэн зүйл байхүгй. Ийм нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

М.Т*** Б.Б***гаас мөнгө зээлсэн. Б.Б*** мөнгө зээлсэн учраас барьцаа хөрөнгө байх шаардлагатай гэж хэлсний үндсэн дээр зээл авснаас 2 хоногийн дараа барьцааны гэрээ байгуулсан. Манай нөхөр мөнгө зээлснээ хэлж байсан учраас нөхрийнхөө өмнөөс 3 удаа мөнгө шилжүүлсэн. М.Т***ын өмнөөс үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавьсан учраас эд хөрөнгөө алдчих байх гэж айсандаа гэрээг сунгаж байсан гэдэг тайлбарыг Ч.Б*** хэлдэг.

Ч.Б*** Н.О*** аас мөнгө авсан зүйл харагдахгүй байна. Данс руу мөнгө орсон нь харагдаж байна. Тайлбаруудаас дүгнэхэд Н.О*** Ч.Б*** нарын хооронд байгуулсан гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл болох нь харагдаж байна. Нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Н.О*** нь хариуцагч Ч.Б*** захиралтай “*** ” ХХК–иас 2014 оны 9 дүгээр сарны 26-ны өдрийн зээлийн болон барьцаат зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 150.000.000 /Нэг зуун тавин сая/ төгрөг, зээлийн гэрээний 5 сарын хугацаанд төлөгдөх байсан 60.000.000  төгрөгний зээлийн хүүгийн  төлөөгүй үлдэгдэл 24.000.000 төгрөг зээлийн гэрээний 6 дугаар зүйлд зааснаар алданги  хуульд зааснаар төлөгдөх боломжтой   75.000.000  төгрөг, нийт 249.000.000  төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг  зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах  1382 м2 талбайтай, *** тоот гэрчилгээтэй, Ү-*** тоот улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан дүнгээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “*** ” ХХК-ийн захирал  Ч.Б*** ийн гэр бүл М.Т*** Н.О*** аас 150 000 000 төгрөг зээлүүлэхийг хүсэж, талууд зээлийн болон барьцааны гэрээ хийх үед  М.Т***  зээлийн гэрээний үүргийн баталгаа болгох барьцаа хөрөнгөгүй байсан тул харилцан тохиролцон зээлийн гэрээг “*** ” ХХК -ийн нэр дээр гэрээ хийхээр болсон байна.

Нэхэмжлэгч Н.О*** нь харилцан тохиролцсноор 150 000 000 төгрөгийг М.Т***ын дансанд Б.Б***гийн нэрээр шилжүүлсэн талууд энэ талаар маргаангүй  бөгөөд хэрэгт авсагдсан депозит дансны хуулга болон Голомт банкны орлогын мэдүүлэгээр нотлогдож байна.

Иргэний хууулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр  мөн хуулийн 282 дугаар зүйлийн  282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул зохигчдын хооронд гэрээний зүйл болсон 150 000 000 төгрөгийг  шилжүүлсэн, хүлээн авсан тул гэрээ байгуулсанд тооцно.

Хариуцагч “*** ” ХХК-ийн захирал Ч.Б*** шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй боловч түүний өмгөөлөгч Ж.У*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  .... 150 000 000 төгрөгийг “*** ” ХХК аваагүй ...  гэж маргаж байгаа боловч  зээлийн гэрээ байгуулагдах үед хариуцагч “*** ” ХХК-ийн захирал Ч.Б*** 150 000 000 төгрөгийг шилжүүлэн  авахаар М.Т***ын дансыг гэрээний ар тал дээр бичиж өгсөн учраас түүний хүссэний дагуу уг дансанд шилжүүлсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлаж  байгаа бөгөөд хариуцагч энэ талаар үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй,  Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн нөхцөлд уг үүргийг гүйцэтгэсэнд тооцох тул нэхэмжлэгч Н.О*** 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 150 000 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 26 хүртэл 8 хувийн хүүтэй зээлдүүлэх үүргээ биелүүлсэн байна.

Иргэний хуулийн  283 дугаар зүйлд зааснаар талууд зээлийн гэрээний хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс  2014 оны 11 дүгээр сарын 26 гэж тодорхойлсон бөгөөд, энэ хугацааг талууд мөн тохиролцон 2014 оны 12 дугаар сарын 26, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр болгон сунгасан  болох нь зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр нотлогдож байх тул зээлийн гэрээний хугацаа 5 сар байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн  282.1.-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд мөн хуульд зааснаар  хүү тогтоосон   зээлийн гэрээг бичгээр хийсэн тул  хүү  шаардах эрхтэй байна.

Талууд  зээлийн гэрээний хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 26-наас 2015 оны 02 дугаар сарын 26 гэж тогтоон, гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2-т зээлийн болон барьцааны гэрээний бусад заалтыг хэвээр тогтсон тул гэрээгээр тогтоосон хүү 8 хувь байна.

Зээлдэгч, хариуцагч “*** ” ХХК нь зээлийн гэрээний 2-т зааснаар болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн  206.1-д зааснаар  үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх  үүрэгтэй бөгөөд  үүрэг болох 150 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Энэ хугацаанд хариуцагч “*** ” ХХК-ийн захирал Ч.Б*** нь 3 сарын хугацааны хүүг хэсэгчлэн төлсөн болох нь *** банкны депозит дансны хуулгаар нотлогдож байна.

Иймд гэрээнд зааснаар зээл 150 000 000 төгрөг, 2 сарын хүү 24 000 000 төгрөгийг “*** ” ХХК-иас гаргуулан Н.О*** т олгох нь зүйтэй байна.

Гэрээний дагуу хариуцагч “*** ” ХХК-ийн гүйцэтгээгүй  үүрэг 174 000 000 төгрөг бөгөөд талуудын байгуулсан  гэрээний 3-т гүйцтэгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор гэрээнд заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал   гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ,  анзын гэрээг бичгээр хийх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж хуульчилсан шаардлагатай нийцэж байгаа тул алданги шаардах эрхтэй байна.

 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 174 000 000 төгрөг боловч нэхэмжлэгч гүйцэтгээгүй  150 000 000 төгрөгийн үндсэн зээлийн үүргээс  алданги тооцож  75 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хуульд харшлахгүй тул энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талууд  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр  барьцаат зээлийн гэрээ байгуулан Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ  гэснийг болон Иргэний хуулийн 156 дугаар

зүйлийн  156.1, 156.2-т  заасан барьцааны гэрээг бичгээр байгуулна , үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэснийг хангасан тул  мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2–т зааснаар барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулахаар шаардах эрхтэй байна.

Иймд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй  тул  үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох    /Дархан Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1382.0 м.кв талбайтай үйлдвэрлэлийн барилга Г-***, улсын бүртгэлийн дугаар Ү-*** , газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар *** , нэгж талбарын дугаар ***, 4300 м.кв/ үл хөдлөх хөрөнгийг албадан  дуудлага худалдаагаар худалдсан үнээс нэхэмжлэлийн хангасан шаардлагыг хангуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар  хариуцагч “*** ” ХХК-иас 249 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.О*** т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Голомт банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 1,402,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч “*** ” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн болох  249,000,000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 1,402,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.О*** т олгосугай.

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “*** ” ХХК нь 249,000,000 төгрөг  төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиодолд барьцааны зүйл болох  Дархан Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1382.0 м.кв талбайтай үйлдвэрлэлийн барилга Г-***, улсын бүртгэлийн дугаар Ү-*** , газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар *** , нэгж талбарын дугаар ***, 4300 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлага болох 249,000,000 төгрөгийг хангах учрыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг  сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ОЮУНДАРЬ