Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00698

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03117 дугаар шийдвэртэй,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2018/00276 дугаар магадлалтай,

Н.Б-ийн нэхэмжлэлтэй,

УБТЗ-д холбогдох,

Тасалбар бичигч-няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Улаанбаатар төмөр замын Олон улсын галт тэрэгний тасалбар худалдах төвд 2003 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тасалбар худалдаалах төвд няраваар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 91 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг ажлаас чөлөөлөх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасныг үндэслэж орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Орон тоо цөөрүүлэхдээ сонгон шалгаруулалтыг үндэслэсэн гэж байгаа. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасныг тайлбарлахад аж ахуйн нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоо цөөрүүлсэн гэх үндэслэлүүд хамаарч байдаг. Нэхэмжлэгч Н.Б-ийн ажиллаж байсан орон тоо цөөрсөнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, бүх ажилчдын дунд сонгон шалгаруулалт явуулж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа. Бүтэц орон тоонд өөрчлөлт орж, ажилчдаас шалгалт авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан үндэслэлд хамаарахгүй харин ажил мэргэжилдээ тэнцэхгүй болсон гэж үзнэ. Мөн ажлаас чөлөөлсөн 91 тоот тушаалыг тушаал гаргах эрхгүй этгээд гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар хуульд заасан 30 хоногийн өмнө мэдэгдэл өгсөн гэх боловч бүх ажилчдын дунд нь мэдэгдэл өгч хөдөлмөрийн гэрээг хэднээс хэдний хооронд цуцлах нь мэдэгдэхгүй, тодорхойгүй баримт гаргаж өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Н.Б-ийг түр албан тушаалд томилсон тушаалд дарга н.Оюунцэцэг гэж тушаал гаргасан байна. Энэхүү тушаал нь н.Оюунцэцэгийг хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрхтэй гэдгийг нотолж байгаа. Н.Б- нь 2007 оноос хойш үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6.2 дахь хэсэгт үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэж заасан байхад ажлаас халсан нь сонгуульт ажлыг нь алдагдуулсан зүйл болсон.

Иймд тасалбар бичигч-няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 38 өдрийн цалин 2.358.204 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүй. Улаанбаатар төмөр замын Олон улсын галт тэрэгний тасалбар худалдаалах төв, Орон нутгийн тасалбар худалдаалах төвийг нэгтгэж нийт 40 орон тоог 26 орон тоотой болгож цөөрүүлсэн. Мэргэжлийн бус, дадлага туршлагагүй хүмүүсийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өгсөн боловч ажилчдаас ...доод тал нь 10 жил ажилласан хүмүүс байгаа учир биднийг сонгон шалгаруулалтад оруулж өгнө үү гэсэн шаардлага тавьсан. Томилогдсон комиссын шалгалтаар Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу жирэмсэн болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүмүүсийг шалгалтаас чөлөөлж бусад хүмүүсээс шалгалт авсан байгаа. Нэхэмжлэгч Н.Б-аас 2 удаа шалгалт авсан бөгөөд эхний шалгалтад 53 оноо, 2 дахь шалгалтад 55 оноо авсан учир мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан 91 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42, 43 дугаар зүйл, хамтын гэрээний 3.14-т заасныг үндэслэж ажлаас чөлөөлсөн болно. Нэхэмжлэгч Н.Б-т ажлаас халагдсаны 2 сарын тэтгэмж өгсөн. Үүний дараа 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний орон тоонд ажилд авсан. Ажилгүй байсан хугацааны 38 хоногийн цалин нэхэмжилж байгаа боловч 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авсан. Тэрээр 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орсон тул мөнгөн дүн нэхэмжлэх үндэслэлгүй. Төмөр замын тээврийн тухай хуульд зааснаар дарга байхгүй бол орлогч дарга орлож үйл ажиллагаа явуулна. Тухайн сард дарга ээлжийн амралттай байсан тул орлогч дарга тушаал гаргасан. Үүнтэй ямар нэгэн байдлаар маргах боломжгүй. Иймд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 91 тоот ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй, хууль хэрэглээний алдаагүй, хуулийг зөв хэрэглэсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03117 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан УБТЗ-д холбогдох тасалбар бичигч-няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Б- нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2018/00276 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03117 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-т заасныг анхаараагүй. Давж заалдах шатны шүүх талуудынг хэн аль нь огт маргаагүй асуудлаар “...ажил олгогч буюу хариуцагч байгууллага орон тоо цөөрүүлсэнтэй холбоотойгоор хийсэн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж ажилтны ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан бөгөөд ажилтан орон тооны цомхтголоор халагдсан гэх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийхийн тулд орон тоо бодитой хасагдсан эсэхийг нотлох баримт хэрэгт авагдсан байх шаардлагатай гэсэн дүгнэлт хийсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа оролцогч нар нь бүгд эрх зүйчид бөгөөд орон тоог цөөрүүлж буй гэдэгтэй хэн ч маргаагүй, мэтгэлцээн өрнүүлээгүй болохыг анхаарсангүй. Өөрөөр хэлбэл шүүх талуудын хэнээс ч гаргаагүй мэтгэлцээний тайлбарыг өөрөө хийгээд түүнийгээ өөрөө дүгнээд байх юм бол шүүх гэж байхын хэрэг байна уу. Шүүхийн өмнө тэгш эрхтэй мэтгэлцэх, мэтгэлцээнийг хэн хийх вэ. Хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгч 2 удаа шалгалт өгөөд тэнцээгүй байгааг нотолж, буй шалгалтын дүнгийн хуудсыг мөн давж заалдах шатны шүүх үнэлсэнгүй. Шүүхээс үл хамаарах бодит амьдрал дээр нэхэмжлэгч орон тоог цөөрүүлсэн байгааг ухамсарлан ойлгож шалтгалт 2 удаа өгч байгаа үйл баримтыг шүүх дүгнэлт хийсэнгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.Б- хариуцагч УБТЗ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Н.Б- УБТЗ-ын тасалбар худалдаалах төвд тасалбар бичигч, мөнгөний няраваар ажиллаж байгаад тус төвийн орлогч даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 91 дүгээр тушаалаар  ажлаас халагдсан байна.

Ажил олгогч нь Н.Б-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас халсан байх ба хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй талаархи магадлалд заасныг буруутгах боломжгүй байна.

Эрх бүхий ямар албан тушаалтны шийдвэрээр тухайн байгууллагад бүтэц, зохион байгууллалтын өөрчлөлт хийсэн, нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан тасалбар бичигч, мөнгөний няравын албан тушаалын хэдэн орон тоо байсныг хэрхэн цөөрүүлсэн, ямар шалгуурыг баримталж нэхэмжлэгчийг халахаар шийдвэрлэсэн болон түүнийг ажлаас  халсан шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан эсэх нь тодорхой бус байна.

Үүнээс гадна Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно.” гэж заажээ.

Нэхэмжлэгч Н.Б- УБТЗ-ын тасалбар худалдаалах төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт үүргийг орон тооны бусаар хийж гүйцэтгэж байгаа гэх Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны тодорхойлолт /хх-52-р тал/ хэрэгт авагдсан ба хариуцагч дээрх хуулийг зөрчсөн эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй байна.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2018/00276 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ