Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00528

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

        Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2017/01110 дугаар шийдвэр,

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 185 дугаар магадлалтай,

            Б.А-ийн нэхэмжлэлтэй,

            С.Д , Б.М нарт холбогдох                  

       Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,035,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэл болон тайлбарт: Б.М, С.Д  хоёрт 2012 оны 07 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 2012 оны 11 сард 2,000,000 төгрөг, 2013 оны 06 сарын 12-нд 2,500,000 төгрөг, 2013 оны 06 сарын 13-нд 500,000 төгрөг өгсөн. Нийт 7,000,000 төгрөг тус бүрийг 0.5 хувийн хүүтэй авна гээд зарим сар хүү гэж хэдэн төгрөг өгөөд хэсэг хугацаанд холбоотой байсан боловч 2014 оны сүүлээс сураггүй болсон. Эрэн сурвалжлуулах албанд өгөөд 1 жил болоход олдохгүй байсан. Миний үндсэн мөнгө болох 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгч Б.А-ийн нэмэгдүүлсэн шаардлагад: Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан нэмэгдүүлж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282-т зааснаар үндсэн зээл 7,000,000 төгрөгөөс гадна зээлийн хүүг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүнд: 2012 оны 07 сарын 30-ны өдөр Б.М-ийн зээлсэн 2,000,000 төгрөгийг хариуцагч Б.М-ээс, 2012 оны 11 сарын 22-ны өдөр “Харуул цохио” ХХК-ийн захирал н.Эрдэнэсүрэнгээс Б.М, С.Д  нарт авч өгсөн 2,000,000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт 2,660,000 төгрөг болгож төлж барагдуулсан. Хүүгийн хамт 2,660,000 төгрөгийг Б.М, С.Д  нараас, 2013 оны 06 сарын 12-ны өдөр 0,5 хувийн хүүтэй 2,500,000 төгрөгийг 1 сарын хүү 375,000 төгрөг нийт 2,875,000 төгрөгийг С.Д гээс, 2013 оны 06 сарын 13-ны өдөр Голомт банкны дансаар шилжүүлсэн 500,000 төгрөгийг С.Д гээс тус тус нэхэмжилж байна. Хариуцагч нараас Б.Мээс \2,000,000 төгрөг, 1,330,000 төгрөг\ бүгд 3,330,000 төгрөг, С.Д гээс \1,330,000 төгрөг, 2,875,000 төгрөг, 500,000 төгрөг\ бүгд 4,705,000 төгрөг, нийт 8,035,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд зээлийн хүү болох 1,035,000 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлсэн болно гэжээ.

       Хариуцагч Б.Мийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Би 2012.07.30-нд 2,000,000 төгрөгийг Намсрайн даллага ломбард, 2012.11.22-нд 2,000,000 төгрөгийг Харуул цохио ломбард, 2013.06.13-нд Золзаяагийн дансанд 500,000 төгрөг. Үүнийгээ цувуулан өгсөн. Гэхдээ хугацааны хувьд зарим мөнгөө мартаад байна. Одоо санаж байгаа болон бичиг баримт гарч ирсэн дээрх мөнгийг өгсөн тооцоо байна. Бэлнээр болон дансаар нь мөнгийг шилжүүлдэг байсан тул ломбард болон Б.А-ийн дансны хуулбарыг хэрэгт гаргуулах хүсэлтэй байна. Би мөнгийг бүрэн өгсөн учраас Б.А- надаас мөнгө нэхэлгүй өдий хүрсэн. Гэтэл мөрдөн байцаагч намайг бусдыг залилсан гэх хэрэг шалгах явцад хохирогч байж магадгүй гэж шалгаснаас хойш мөнгө өгөх ёстой гэж над руу дайрах болсон. Түүнээс өмнө надаас мөнгө нэхэж байгаагүй. Би авсан зээлээ бүрэн төлсөн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хариуцагч С.Д гийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: Миний бие нь иргэн Б.А-оос нэг ч төгрөг зээлж байгаагүй. Миний эхнэр Б.М нь мөнгө зээлж байсан ба түүнийгээ төлсөн гэдэг. Энэ талаар маргаан үүсч шүүх цагдаагүй явж байгаа. Энэ үеэс эхнэрийг хэдэн төгрөгний зээл Б.А-оос авсан болох, зээлээ төлсөн зэрэг асуудлын зарим нэг зүйлийг нь мэдэх болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, бидний хооронд мөнгө төгрөгийн авлага өглөг байхгүй. Эхнэр Б.М нь Б.А-оос мөнгө авсан гэх асуудлаар цагдаад шалгагдаж байгаа бөгөөд энэ талаар нарийн зүйл мэдэхгүй байна гэжээ.

         Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбарт: 2013 оны 06 сарын 12-ны өдөр иргэн Б.А-оос 2,500,000 төгрөгийг эхнэр Б.Мийн нөхөр С.Д гийн нэр дээр зээлж авсан. Төлсөн баримтаа шүүхэд баримтаар эхнэр Б.М бүрдүүлэн өгсөн.  Хариуцагч Б.А-ид хариуцагч С.Д  ямар нэгэн өр төлбөргүй, хариуцагч Б.М нэхэмжлэгч Б.А-оос 2012 оны 07 сарын 30-нд 2,000,000 төгрөг зээлээгүй ба Намсрайн даллага ломбарднаас 2012 оны 07 сарын 30-нд 2,000,000 төгрөгийг зээлж авсан. Уг мөнгийг тухайн үед төлсөн. 2012 оны 11 сарын 22-ны өдөр Харуул цохио ХХК-аас 2,000,000 төгрөг зээлсэн түүнийг төлсөн. 2013 оны 06 сарын 13-ны өдөр 500,000 төгрөг охин н.Золзаяагийн дансаар дамжуулан Б.А-оос авсан ба түүнийгээ цувуулан төлсөн. Золзаяа 514,000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт өгсөн. 2013 оны 06 сарын 12-ны өдөр иргэн Б.А-оос 2,500,000 төгрөгийг нөхөр С.Д гийн нэр дээр зээлж авсан. Бэлэн болон бэлэн бусаар төлсөн мөнгөний баримтаар 4,591,000 төгрөгийн баримтыг шүүхэд бүрдүүлэн өгсөн. Бусад төлсөн мөнгөний баримтыг бүрдүүлж чадахгүй байгаа байдлыг далимдуулж зээл төлөөгүй гэж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2017/01110 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Мээс 764,500 төгрөг, хариуцагч С.Д гээс 2,139,500 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.А-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,131,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 156,340 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Мээс 22,898 төгрөг, хариуцагч С.Д гээс 49,182 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

             Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 185 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2017/01110 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч С.Д гээс зээлийн төлбөр 1,850,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-ид олгож, үлдэх 2,205,000 төгрөг, хариуцагч Б.Мээс зээлийн төлбөр 3,330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтанд “... хариуцагч Б.Мээс 22,898 төгрөг...” гэснийг хасч, “... хариуцагч С.Д гээс 49,182 төгрөг ...” гэснийг “...С.Д гээс 44,550 төгрөг ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.12.14-ний өдрийн 185 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх " ... Б.М "Харуул цохио" Хадгаламж зээлийн хоршооноос 2012 оны 11 сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай, 120,000 төгрөгийн хүү тооцож төлөхөөр тохиролцож зээлж авсан, хариуцагч С.Д  2013 оны 06 сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөгийг өдрийн 0,5 хувийн хүүтэй, /хугацаа тодорхой бус/ 6 дугаар сарын 13-ны өдөр бэлэн бусаар 500,000 төгрөг тус тус зээлж авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдсон ба хариуцагч Б.М 3,427,600 төгрөг, С.Д

650,000 төгрөг, охин Золзаяагийн нэр дээр 514,000 төгрөг, нийт 4,591,000 төгрөг төлсөн байна. Хариуцагч С.Д гээс зээлийн төлбөр 1,850,000 төгрөг гаргуулж, үлдэх 2,205,000 төгрөг, хариуцагч Б.Мээс зээлийн төлбөр 3,330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ..." гэснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ шийдвэр нь хэтэрхий нэг талыг барьсан, үндэслэлгүй болжээ.

Магадлалд “С.Д д холбогдуулан гаргасан зээлийн төлбөр 4,055,000 тухайд: ... Б.А-оос 6 сарын 13-ны өдөр зээлсэн 500,000 төгрөгийг 514,000 төгрөг болгож /Золзаяа/ төлсөн, хамтран зээлсэн 1,330,000 төгрөг, 2,500,000 төгрөгийн зээлийн хүүд тооцсон 375,000 төгрөг, бүгд 1,705,000 төгрөгийг хариуцагч Б.Мийн төлсөн 1,427,600 төгрөгт оруулан тооцож, 2013 оны 06 сарын 12-ны өдөр зээлсэн 2,500,000 төгрөгөөс 2013 оны 10 сарын 16-ны өдрийн 300,000 төгрөг, 2014 оны 03 сарын 23-ны өдрийн 350,000 төгрөг /бэлэн бусаар шилжүүлсэн/ бүгд 650,000 төгрөгийг хасч, зээлийн үлдэгдэл 1,850,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох гэж дүгнэсэн нь буруу. Тодруулбал, нэхэмжлэгч Б.А- нь С.Д гээс /1.330.000 төгрөг+ 2.875.000 төгрөг+ 500.000 төгрөг / бүгд 4,705,000 төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх “хариуцагч болон "Харуул цохио" ХЗХоршоо нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 2,000,000 төгрөгийг ... хүүгийн хамт 2,120,000 төгрөг Б.М, С.Д  нараас гаргуулах ...” гэж дүгнээд С.Д гээс 435,000 /1.060.000 төгрөг+2.875.000 төгрөг+500.000 төгрөг\ төлөхөөр шийдвэрлэсэн.

С.Д г 500.000 төгрөг төлсөн гэж үзээд байгаа нь үндэслэлгүй.2013.06.25-ны өдөр Хаан банкны Сэлэнгэ аймгийн гаалийн салбараас Б.А- над руу Золзаяа гэдэг нэртэй хүн мөнгө шилжүүлсэн. Энэ мөнгө нь С.Д , Б.М нартай холбоогүй. Би шүүхэд хүсэлт гаргаж, шүүх миний хүсэлтийг хүлээн аваад бичиг явуулж, холбогдох баримтууд ирсэн. Энэ гуйвуулга хийсэн Золзаяа нь С.Д гийн охин биш, тэр үед түүний охин насанд ч хүрээгүй байсан. С.Д гийн зээлийн төлбөрт энэ мөнгийг суутгаж байгаа нь буруу юм. Хариуцагч Б.Мт холбогдуулсан гарсан зээлийн төлбөр 3,330,000 төгрөгний нэхэмжлэлийн тухайд: “ ...Харуул цохио ХЗХ-ноос авсан гэх 2,000,000 төгрөгний зээлийг хариуцагч Б.М дангаараа зээлж авсан болох нь Барьцаалан зээлдэх зээлийн гэрээний хуудас, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байх тул зээл, зээлийн хүү бүгд 2,660,000 төгрөг хариуцагч нар дангаараа хариуцаж төлөх үүрэгтэй, тэрээр нэхэмжлэгчид 3,427,000 төгрөг ... буцаан төлсөн, нэхэмжлэгч 2012 оны 07 сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг хариуцагчид бэлэн болон бэлэн бусаар шилжүүлж өгсөн болохоо нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнд холбогдуулан гаргасан 3,330,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэхээр байна...” гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй, хэтэрхий нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Гэрээ хэлцэл /хх-ийн 8 дугаар хуудас, Б.А-, Б.М нарын хооронд байгуулсан/ -ийн ард “20.000 х 100ш 2,000,000 Б.Мийн гарын үсэг мөнгө хүлээлгэн өгсөн Б.А- гарын үсэг” бүхий хэсгийг шүүх үнэлээгүй нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Б.Мээс /2,000,000 төгрөг + 1,060,000 төгрөг/ 3,060,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хяналтын шатны шүүх өмнө нь хэргийг хянаад “ ... шүүх хэргийг шийдвэрлэхдээ Б.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг байгуулагдсан гэж үзэх эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийх зэрэг ажиллагааг хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино...” гэснийг анхан шатны шүүх үнэлж, зөв дүгнэлт хийсэн. Харин Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэхийн оронд хариуцагч нарт ашигтай байдал бий болгож, тооцооллыг ээдрээтэй болгон С.Д гийн охин н.Золзаяагаас төлбөр огт хийгдээгүй байхад төлсөн гэж дүгнээд улмаар Б.М 2,000,000 төгрөг 2012.07.30 өдөр зээлсэн гэсэн тайлбар /хх-ийн 14-р хуудас/, гэрээ хэлцэл /хх-ийн 7-р хуудас/ баримтыг үнэлээгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн алдаа гаргалаа. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 185 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 142/ШШ2017/01110 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

           Нэхэмжлэгч Б.А- хариуцагч Б.М, С.Д  нараас зээл 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Мээс 3,330,000 төгрөг, хариуцагч С.Д гээс 4,705,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилсөн байна.

         Хариуцагч С.Д  нэхэмжлэгчээс өөрөө зээл авч байгаагүй, эхнэр Б.М нь авч зээлээ төлж байсан гэж, хариуцагч Б.М “Харуул цохио” болон “Намсрайн даллага” Хадгаламж Зээлийн хоршооноос авсан зээлийг хүүгийн хамт төлж  дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

        Хариуцагч нараас зээлийн төлбөр гэж нийт 8,035,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Мээс 764,500 төгрөг, хариуцагч С.Д гээс 2,139,500 төгрөг  гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлж, хариуцагч С.Д гээс 1,850,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-ид олгож, үлдэх 2,205,000 төгрөг болон хариуцагч Б.Мээс 3,330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч С.Д  нь нэхэмжлэгч Б.А-оос 6 дугаар сарын 13-ны өдөр зээлсэн 500,000 төгрөгөө 514,000 төгрөг болгож төлсөн, хамтран зээлсэн 1,330,000 төгрөг, 2,500,000 төгрөгийн зээлийн хүүд тооцсон 375,000 төгрөг бүгд 1,705,000 төгрөгийг хариуцагч Б.Мийн төлсөн 3,427,600 төгрөгт тооцож, харин хариуцагч нэхэмжлэгчээс 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зээлсэн 2,500,000 төгрөгөөс 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 300,000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 350,000 төгрөг шилжүүлснийг хасахад хариуцагч нь зээлийн үлдэгдэл 1,850,000 төгрөг төлөх үүрэгтэй байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

              Нэхэмжлэгч нь 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөгийг  хариуцагч Б.Мт өгсөн болохоо нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Б.Мт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т нийцжээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 185 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Нэхэмжлэгч Б.А-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 49.182 /дөчин есөн мянга, нэг зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН