Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 70

 

О.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                               Я.Туул

Шүүгчид                                            Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал  

Прокурор                                          О.Доржмаа

Хохирогч                                           Г.О-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Гэрэлт-од, шүүгч Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 213 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.О-ын бичсэн давж заалдах гомдол болон прокурор О.Доржмаагийн бичсэн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-ын С-т холбогдох эрүүгийн 201609000609 тоот 3 хавтас хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай,  Е- овогт О-ын С-, / РД:**********/ нь 2013 оны 9 дүгээр сард хохирогч Т.Н-гийн нийт 120 м.кв талбай бүхий 2 давхар амины орон сууцны барилгын хийцийн материалыг өөрийн эзэмшлийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол Олон улсын худалдааны төвийн зүүн урд талд байршилтай газар дээр барихаар худалдаж авахаар тохиролцож Т.Н-гаас уг хийцийн материалыг худалдаж авахад зарцуулсан 27.000.000 төгрөгийг байшингийн үнэнд өгнө  гэж Т.Н-д итгүүлж улмаар дээрх үнээс ямарч төлөлт хийгээгүй хэрнээ 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дур мэдэн гаргуулж Т.Н-г хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж 27.000.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Г.О-т Дархан сумын 15 багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол Олон улсын худалдааны төвийн зүүн урд талд байршилтай өөрийн эзэмшлийн газар дээр 10 ширхэг амины орон сууц барина, бүгдийнх нь суурийг цутгаж өгсний ажлын хөлсөнд 1 ширхэг сууцыг нь өгнө гэж итгүүлэн 2 амины орон сууцыг барихад 8.330.000 төгрөгийн барилгын материал гаргуулж улмаар Т.Н-гаас худалдаж авахаар тохиролцсон 1 орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Г.О-ын нэр дээр шилжүүлж Г.О-аар “Болор зоос” ББСБ-аас 30.000.000 төгрөгийн зээл авахуулан улмаар 20.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан, нийт Т.Н-, Г.О- нарт нийт 55.330.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх О.С-т холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд О.С-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, О.С-ыг 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хяналтын прокурор О.Доржмаагийн эсэргүүцэлд: “... шүүгдэгч О.С- нь хохирогч Г.О-ыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны үндсэн дээр хохирогч Г.О- нь “Болор зоос” ББСБ-аас зээл авсан, авсан зээлнээс О.А- 10.000.000 төгрөгийг авсан нөхцөл байдал тогтоогдож байна. Тодруулбал шүүгдэгч О.С-ын үйлдлийн улмаас Г.О- төөрөгдөлд орж зээл авсан учир О.А-гийн авсан 10.000.000 төгрөг хэргийн хохиролд шууд тооцогдох үндэслэлтэй юм.  Өөрөөр хэлбэл О.А-гийн үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийн диспозицийн шинж байхгүй О.Сайнбаярын бусдыг залилж авсан мөнгөнөөс О.А- авсан нь тогтоогдсон үүнийг хэргийн хохирлоос хасч зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч О.С-ын бусдыг залилж авсан мөнгийг  өөртөө ашиглаагүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд О.С-т холбогдох Дархан-Уул аймаг дахь сум дугдын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хохирогч Г.О-ын давж заалдах гомдолд:”...би О.С-т зээлж авсан мөнгөнөөсөө 20.000.000 төгрөгийг өгсөн. О.С- нь намайг залилах аргаар авсан мөнгөө хэнд өгч хэрхэн зарцуулах нь тэр хүний асуудал. О.С- нь эгч О.А-даа 10.000.000 төгрөг өгсөн. Би түүнээс О.А-д мөнгө өгөх санаа зорилго байгаагүй. Нөгөө талаасаа намайг анх хуурч эхлэх үед үл хөдлөх хөрөнгийн газарт О.А- өөрийн биеэр дагуулж явж гэрчилгээг солиулах ажиллагаанд оролцсон. Ийм байхад бүлэг залилангийн асуудлыг мөрдөн байцаалтаар бүрэн шалгаагүй орхисон. Анхан шатны шүүх 10.000.000 төгрөгийг хохиролоос хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.  Мөрдөн байцаалтын явцад миний бие нь мөрдөн байцаагч болон прокурорт удаа дараа хүсэлт гаргаж О.С-ын үйлдлийн жинхэнэ хохирогч нь “Болор зоос” ББСБ болох, О.С- нь энэ хэргийг ганцаараа үйлдээгүй, байрны эзэмшигч нь хэн болохыг эргэн тогтоох талаар хэлж ярьж байсан. Гэтэл энэ асуудлыг бүрэн шалгаагүй байтал хэргийг шийдсэн. Ингээд шүүхийн шийдвэрийг харвал 10.000.000 төгрөгийг хэн төлөх нь тодорхойгүй, “Болор зоос” ББСБ-ын хүү, алдангийг хэн төлөх нь тодорхойгүй, хууль бусаар авсан байрны гэрчилгээ “Болор зоос” ББСБ-д барьцааны зүйл болсон, уг үл хөдлөх хөрөнгийн эзэишигч нь хэн болох нь тодорхой бус байна. Дээрх үндэслэлүүд нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар бүрэн шалгагдаагүй, “Болор зоос” ББСБ-ыг  хохирогчоор тооцоогүй зэргээр хийгдэх ёстой ажиллагаануудыг бүрэн хийгээүй гэж үзэж байна.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокурор О.Доржмаа  гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Шүүхэд гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлага хангаагүй. О.С-ын залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн боловч хохирогч Г.О-аас 10.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтаар О.С- нь хохирогч Г.О-ыг банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахуулахдаа 20.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан үйлдлийн 10.000.000 төгрөгийг залилж аваагүй гэсэн дүгнэлт хийж 10.000.000 төгрөгийг хохирлоос хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Ийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж эсэргүүцэл бичсэн. Ийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцаах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон хохирогч Г.О-: Шүүхэд гаргасан өөрийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Би прокурорын эсэргүүцэлтэй санал нэг байна. Би мөрдөн байцаалтын явцад “Болор зоос” ББСБ хохирогчоор тогтоож өгөхийг хүссэн боловч миний хүсэлтийг прокурор хүлээж аваагүй ээ. О.С- анхан шатны шүүх хуралдааны үед надад 18.330.000 төгрөгийг өгөх гэсэн боловч би аваагүй. Түүний надаар ББСБ авахуулсан 20.000.000 төгрөгийн зээлийн хохирогч нь би биш гэж үзэж байгаа учраас аваагүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ 10.000.000 төгрөг болон түүний хүү, алдангийг хэн төлөхийг шийдвэрлээгүй. О.С-ыг энэ гэмт хэргийг үйлдэхэд түүний эгч О.А- хамтран оролцсон боловч мөрдөн байцаалтын ажиллагаагаар энэ байдлыг тогтоогоогүй учраас би хэргийг мөрдөн байцаалтанд буцааж зарим хийгдэх ёстой ажиллагаануудыг хийсний дараа хэргийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Тухайн үед О.С-ын эгч О.А- болон О.С-ын хэлснээр анхан шатны иргэний хэргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагч дээр очиж “Болор зоос” ББСБ-тай эвлэрлийн гэрээ байгуулсан нь буруу байсан юм байна лээ. Шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн байгууллага манай хамаг юмыг битүүмжилсэн, би энэ зээлийн өөрт оногдох хэсгийг хүү болон алдангийн хамт төлж барагдуулсан. Би О.С-тай барилгын техникумд  хамт сурч байсан нэг ангийн улсууд болохоор түүнд итгээд л ийм байдалд хүрсэн болохоор түүний өмнөөс энэ зээл болон хүү, алдангийг төлж хохирмооргүй байна. Ийм учраас хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч О.С- нь 2013 оны 09 дүгээр сард хохирогч Т.Н-гийн нийт 120 м.кв талбай бүхий 2 давхар амины орон сууцны барилгын хийцийн материалыг өөрийн эзэмшлийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол Олон улсын худалдааны төвийн зүүн урд байршилтай газар дээр барихаар тохиролцож Т.Н-гаас уг хийцийн материалыг худалдаж авахад зарцуулсан 27.000.000 төгрөгийг байшингийн үнэд өгнө хэмээн итгүүлж улмаар дээрх үнээс ямар ч төлөлт хийгээгүй хэрнээ 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр дур мэдэн гаргуулж Т.Н-г хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж 27.000.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Г.О-ыг Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол Олон улсын худалдааны төвийн зүүн урд талд байрлах өөрийн эзэмшлийн газар дээрээ нийт 10 ширхэг амины орон сууц барина, бүгдийнх нь суурийг цутгаж өгсний ажлын хөлсөнд 1 ширхэг сууцыг нь өгнө гэж итгүүлэн 2 амины орон сууцыг барихад 8.330.000 төгрөгийн барилгын материал гаргуулж улмаар Т.Н-гаас худалдаж авахаар тохиролцсон 1 сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Г.О-ын нэр дээр шилжүүлж,  Г.О-аар “Болор зоос” ББСБ-аас 30.000.000 төгрөгийн зээл авахуулж 20.000.000  төгрөгийг нь залилан мэхэлж авсан гэмт хэргүүдийг үйлдэж Т.Н- болон Г.О- нарт нийт 55.330.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны шүүх О.С-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдэл холбогдлоос Г.О-аас 10.000.000 төгрөгийг залилан авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж О.С-т 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор О.Доржмаагийн бичсэн эсэргүүцэл болон хохирогч Г.О-ын бичсэн давж заалдах гомдолд бичсэн үндэслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч О.С- нь хохирогч Т.Н- болон хохирогч Г.О- нарыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар  нотлогдож тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, О.С-ын хохирогч Г.О-аас “Болор зоос” ББСБ-аас авсан 30.000.000 төгрөгийн зээлээс 20.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан үйлдлээс 10.000.000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...30.000.000 төгрөгийн зээлээс 10.000.000 төгрөгийг О.С- аваагүй түүний эгч О.А- авсан байхад 20.000.000 төгрөг авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна....” гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос зохих хэсгийн хасч хэрэгсэхгүй болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэхдээ энэ талаар хэрэгт ач холбогдол бүхий ямар нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа, түүнийг үгүйсгэж байгаа болон нотлож байгаа үндэслэлүүдийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байгаа бөгөөд шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохироогүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ. Хохирогч Г.О-ын давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсан дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах хууль зүйн боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.10, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн  213 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, О.С-т холбогдох эрүүгийн 201609000609 тоот 3 хавтас хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч О.С-т авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүхэд очтол хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                       ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                     Ц.АМАРЖАРГАЛ