| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Бямбацэрэн |
| Хэргийн индекс | 132/2016/0055/Э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2017-12-05 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 41
Н.Ч, Ц. П нарт холбогдох
Эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 132/2016/0055/Э
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Гэрэлбаатар
Хохирогч Ж.Намхай
Хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул
Шүүгдэгч Н.Ч, Ц.П
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн, Г.Эрдэнэчимэг
Р.Нямцэрэн, С.Намжилмаа
Нарийн бичгийн дарга С.Гончигбал нарыг оролцуулан
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолтой Н.Ч, Ц.П нарт холбогдох 201606000258 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Ч, Ц.П, тэдний өмгөөлөгч М.Даваасүрэн, Г.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Ө овогт Н.ын Ч .
Монгол улсын иргэн, Т овогт Ц.ийн П.
Шүүгдэгч Ц.П, Н.Ч нар нь бүлэглэж 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн 4-2 тоотод оршин суух Ж.Н гэрээс хэт хутга хулгайлж, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Ө овогт Н.ын Ч, Т овогт Ц.ийн П нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар шүүгдэгч Н.Ч, Ц.П нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ хоног хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Н.Ч.ийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ц.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг дурьдаж, шүүгдэгч Ц.П.ийн №000179326 дугаарын гэрчилгээтэй 126300 м2 бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар хэт хутга буюу 8.000.000 /найман сая/ төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалд 293.200 /хоёр зуун ерэн гурван мянга хоёр зуу/ төгрөг, нийт 8.293.200 /найман сая хоёр зуун ерэн гурван мянга хоёр зуу/ төгрөгийг буюу шүүгдэгч Н.Ч.аас 4.146.600 төгрөг, Ц.П.аас 4.146.600 төгрөгийг тус тус гаргаж, хохирогч Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн 4-2 тоотод оршин суух, У овогт Ж.ийн Н.д олгох,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4.д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.П, Н.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, шүүгдэгч нарыг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 09 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 ., 38.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг давж заалдах гомдолдоо:
“...Хохирогч Ж.Н /хх 16/ 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хөдөө гэрээсээ төвд байх гэртээ ирсэн ба гэрийн хойморийн орны зүүн талын зүүн унинаас унжуулсан байсан хэт хутгаа байсан үгүйг анзаараагүй байж байгаад 2016 оны 05 дугаар сарын 18-нд хэт хутгаа байхгүй байгааг мэдсэн. Хохирогч Ж.Н хэт хутгаа хэзээ хэдийд алдсанаа мэддэггүй ба цаг хугацаа орон зайны хувьд таарахгүй байгааг шүүх анхаарч үзэх.
Гэрч Д.Э.ийн удаа дараа өгсөн мэдүүлэг зөрүүтэй байдаг ба /хх 17/ энэ 2-ыг болов уу гэж бодсон гэр харанхуй байсан гэх мэтээр мэдүүлдэг. Н.Ч 2017 оны 05 дугаар сарын 12-нд хөдөөнөөс эхнэрээ эмнэлэгт хэвтүүлэх гэж ирээд хохирогчийн эхнэр Э, Н нартай дэлгүүрт нь архи уугаад сууж байхад нь бэр З гэрт орж уу гэж хэлсэн байдаг.
Удалгүй гэрч З Ч, Н нарыг машинаар Н.д хүргэж өгсөн байдаг. Н.Ч хохирогч Ж.Н.ийн хэт хутгыг аваагүй талаараа удаа дараа мэдүүлдэг. Гэрч Ц /хх 21/ П.г манай гэрт орж ирхэд Э эгч хүүхэд хараад байж байсан. Хэт хутганы талаар яриагүй.
Гэрч Э тухайн үед хохирогч Н.д утсаар хэлэх боломж байсан, мөн цагдаад хандаагүй энэ талаар шүүх хуралд асуухад ядраад хэлж чадаагүй, хариад унтаад өгсөн гэж хэлж байгаа нь харанхуй гэрээс хэт хутга аваад явж байгааг /22-23 цагийн хооронд/ харсан гэж яриад байгаа нь маш их үнэмшилгүй байна. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн прокурорын тогтоолоор яллагдагч Н.Ч нь Ц.П.тай бүлэглэн Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн нутагт оршин суух Ж.Н.ийн гэрээс 2016 оны 05 дугаар сарын 11-нээс 14-ний өдрүүдийн хооронд хууль бусаар нэвтрэн орж хэт хутгыг хулгайсан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгахад хохирогч Н, гэрч Э, З нарын мэдүүлэг болон яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаас дүгнэхэд Ч, П.тай бүлэглэн хохирогч Н.ийн орон байр агуулах саванд хууль бусаар нэвтрэн орж хэт хутгыг хулгайлсан болох нь тогтоогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгосон байдаг.
Н.Ч.ийг гэм буруутай гэж үзэхдээ гэрч Д.Э.ийн хамаарал бүхий этгээд болох /Н.гийн эхнэрийн төрсөн эгч/ Д.Э.ийн мэдүүлэг, өөр ямар нэгэн нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байхад түүний мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд энэ тогтоолыг хянаж хэргийг бодитойгоор үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Ц.П давж заалдах гомдолдоо:
“...Би уг гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд Э гэгч хүн нь Н, Ц гэдэг 2 айлд ороогүй байхад орсон болгож, Н, Ч.т хутгаа хямдхан зарчихлаа гэж хэлж яриагүй үгийг зохиож ярьсан болгож, намайг уг хэрэгт холбогдолтой мэтээр гүтгэж хилсээр ял авахад хүргэсэн. Хохирогч гээд байгаа Н гэгч нь надад чи хэрэгт орох нь байна шүү, чи Ч.ийг боль гээд байхад унинаас хутгыг мулт татаад авсан гэж мэдүүлэг өгөөрэй гэж хэлж байсан. Би ер нь Ч гэгч хүнтэй уулзаагүй жил гаран болсон. Ч намайг Н.н хашаанд явж байсан, өмдний тэлээ шиг юм авчирч өгчихөөд буцаагаад аваад явсан гэж худал мэдүүлэг өгсөн байсан. Ч худал ярьснаа шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн. Намайг гүтгэж байгаа Э, Ч нарт гомдолтой байна. Би энэ хэргийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын маш их хохирол амсаж байна. Иймд уг хэргийг үнэн зөв шийдэж, намайг цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна...” гэжээ.
Шүүгдэгч Н.Ч давж заалдах гомдолдоо: “ ...Миний бие уг гэмт хэргийг үйлдээгүй гэдгээ шүүгчид бүрэн зөв таниулан ойлгуулж чадаагүйн улмаас цагдан хоригдоод байна. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж давж заалдах хуралдаанд оролцуулж өгнө үү…” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах гомдолдоо:
“… 129 дугаар шийтгэх тогтоол процесийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.7.2-т заасан "хэргийн байдлыг нотлохын тулд ... шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно", 1.7.3.т ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэсэн заалтыг бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ : Энэ үйл баримт нь хэрэг үйл явдал болсон цаг хугацаа, орон зай, учирсан хохирлын талаар өгсөн хохирогч Намхай, гэрч Э нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл ... зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж үзэж байна.
Учир нь гэрч Э.ийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй бусад гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогддоггүй. Тухайлбал: Гэрч Э анх П.г Ц.ний машиныг засах /гагнах/ гэж ирэхдээ гэрт орж ирээд Намхай гуай Чимэдмядагт хутгаа хямдхан зарчихлаа гэх утга бүхий зүйл ярьсан гэдэг. Гэтэл гэрч Ц П.г манайд орж ирээгүй гадаа машины эд зүйл өргөлцөөд явсан би тийм зүйл ярихыг сонсоогүй, машин гагнуулах ажлыг очиж хийлгэсэн тухай мэдүүлдэг, мөн гэрч Э Н.н гэрт очих гэж яваад гэрийнх нь үүдэнд босгоны наана цаана зөрсөн П эхлээд дараа нь Ч гарч ирсэн. Ч зүүн талынхаа мөрөн дээр Н.н гэрт байдаг хэт хутгыг тохоод явж байсан. П наймаагаа аваад явж байна гэж хэлсэн, би юм хэлэлгүй гэрт ороод 10-аад минут сууж байгаад явсан гэдэг. Гэтэл анх Н.н бэр З.д энэ 2 хүнийг аваад явж байхтай таарсан мэт нэг болохоор Ц.д П Н.г хутгаа зарчихлаа гэж ярьсан мэт мэдүүлж байгаа нь зөрүүтэй. Харанхуй шөнө эзэнгүй айлаас эд хөрөнгийг нь аваад явж байгаагаа хэлж байхад чимээгүй өнгөрсөн нь үнэмшилгүй.
Хохирогч Н хэт хутгаа олохгүй байгаа тухай манай бэр З Э эгчийнд ус дөхүүлж өгөөд ярихад энэ 2 хүнийг авсан тухай хэлсэн гэдэг бол гэрч З нь Э эгч аав, ээж 2-ыг асуугаад манайд ирэхээр нь хэлсэн, Н.н эхнэр Э эгч Э.дээ утсаар хутгаа алдсан тухай хэлсэн гэх мэтээр өөр өөрөөр мэдүүлсэн. Иим байхад Э тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зайн талаар талаар хэлж, мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой заасан нь нотлох баримтаар нотлогдож байна гэсэн нь бодит байдалтай нийцээгүй.
Ч анхан шатны 2 удаагийн шүүх хуралд П.ийн талаар өгсөн мэдүүлгээ хутгыг намайг авсан гэж гүтгээд байна гэж бодоод ийм хамаагүй зүйл ярьсан гэдгээ мэдүүлсэн. Прокурорын байгууллагын 2 удаагийн тогтоол, шүүхийн нэг удаагийн шийдвэрээр энэ 2 хүнийг хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн үйл баримт тогтоогдохгүй байна гэсэн атал түүнээс хойш нэг ч ажиллагаа хийгдээгүй хэрэгт хамтран ял шийтгүүлж буйг эс зөвшөөрч гомдол гаргаж байна...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ:
…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна… гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзвэл:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3.т заасан “ Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх ” шаардлага хангаагүй байна.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ... Энэ үйл баримт нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаа, орон зай, учирсан хохирлын талаар өгсөн хохирогч Н, гэрч Э нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл... зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр зэрэг нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа, мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Э буюу хохирогчтой хамаарал бүхий этгээдийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа эсэх тодорхой бус байгаагаас гадна гэрч нарын мэдүүлэг нь харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн талаараа эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэл болно.
Иймд шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурьдсан “… нотлох баримтууд зөрүүтэй байхад үндэслэлээ тодорхой заагаагүй…” гэх хэсгийг хүлээн авч, “…хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3., 39.8 дугаар зүйлийн 1.6.,39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Н.Ч, Ц.П нарт холбогдох, 201606000258 дугаартай, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Шүүгдэгч Н.Ч, Ц.П, тэдний өмгөөлөгч М.Даваасүрэн, Г.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Ч, Ц.П нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН