Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00241

 

С.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/02182 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2248 дугаар магадлалтай,

            С.Ц-ын нэхэмжлэлтэй,

            Б.Б, Б.У нарт холбогдох

           Зээлийн хөрөнгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 49.449.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дима, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч С.Ц-ын нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие нь хамт ажилладаг н.Түмэнбаяраар дамжуулан Б.Утай танилцсан бөгөөд тэр үед Б.У нь өөрийгөө “RBA интернэшнл” ХХК-ийн захирал гэж танилцуулж байсан. Манай компани барилгын компани, байр захиалж болно гэсний дагуу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Номун хотхоны 169 тоот 39 м.кв талбай бүхий 1 өрөө, мөн 80,77 м.кв талбай бүхий 2 өрөө сууцнуудыг захиалж, зээлийн хөрөнгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, урьдчилгаанд байр тус бүрт 500.000 төгрөг төлж, 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байрандаа орсон. 2010 оны 07 дугаар сарын 21-нд 1.000.000 төгрөг, 2011 оны 08 дугаар сарын 31-нд 4.000.000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 14-нд 10.000.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 17-нд 10.000.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 29-нд 5.500.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 30-нд 4.000.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 31-нд 500.000 төгрөг, нийт 34.999.200 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгийг би машинаа зараад, мөн Голомт банкнаас зээл авч өгөх гэсэн боловч байрны гэрчилгээ байхгүй гээд банк зээл олгоогүй. Удалгүй Б.У намайг дуудаж “1 өрөө байраа сулла, өөр хүнд зарахаар боллоо” гээд 2012 оны 01 дүгээр сарын 30-нд биднийг гаргасан. Үлдсэн 2 өрөө байрнаас 2012 оны 06 дугаар сарын 17-нд намайг ажилтай байхад манай гэрийн хаалгыг эвдлээд эхнэр, хүүхдүүдийг маань загнаж байгаад гаргасан байсан. Байрнаас гарахдаа өгсөн мөнгөө нэхэхэд удахгүй өгнө, санаа зоволтгүй гэсэн. Ингээд утсаа авахаа больсон. Би шүүхэд нэхэмжлэл гаргахад Б.У нь “RBA интернэшнл” ХХК-ийн захирал биш, компани нь татан буугдсан байсан, шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн уг компани татан буугдаж, уг компанийг үүсгэн байгуулагч Баасандашийн Баяртүвшин, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь мөн Баасандашийн Баяртүвшин гэсэн хариу ирсэн. Б.Б гэдэг хүнийг би танихгүй, Б.Ут бүх мөнгөө өгсөн, мөнгө тушаасан баримтад компанийн тамга тэмдэг дарсан байдаг. Үүнээс үүдэн би тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг нь хариуцагчаар татах нь зүйтэй гэж үзээд, шүүхээс эхний удаа нэхэмжлэлээ татаад, Б.Бг эрэн сурвалжлуулж, хаягийг нь олоод нэхэмжлэлээ гаргаж байна. Иймд Б.Б, Б.У нараас байрны урьдчилгаанд төлсөн 34.999.200 төгрөг, хохирол буюу түрээсийн төлбөрийн 50 хувь болох 14.450.000 төгрөг, нийт 49.449.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн тайлбарт: Би өнөөдрийн шүүх хуралдаанд "Эр Б Э интернэшнл" ХХК-ийг төлөөлж оролцоогүй. Хариуцагч нар маань иргэд байгаа. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ "Эр Б Э интернэшнл" ХХК-д мөнгө тушаасан гэж байна. Иргэний хуулийн 34 дугаар зүйлийн 34.1-д “Хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ.”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” гэж заасан байдаг. "Эр Б Э интернэшнл" ХХК нь хуулийн этгээд учраас өөрийн үйл ажиллагаанаас бий болсон үр дагаварыг буюу бусадтай байгуулсан аливаа гэрээний хариуцлагыг компани өөрийн эд хөрөнгөөр хариуцах ёстой. Түүнээс биш иргэн Б.У, Б.Б нар нь хууль зүйн хувьд энэ төлбөрийг хариуцахгүй. "Эр Б Э Интернэшнл" ХХК 2013 онд татан буугдсан. Татан буугдсан компанид нэхэмжлэл гаргах хугацаа гэж байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласнаас хойш 2-6 сарын дотор нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг. Гэвч энэ асуудлын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад "Эр Б Э Интернэшнл" ХХК-иас биш иргэнээс нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Татан буулгах комиссоос нэхэмжлэгчдийн өргөдөл хүлээн авах хугацааг нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагүй, зургаан сараас ихгүй байна.”, Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Татан буулгах комисс нь компанийн татан буулгах болон нэхэмжлэл гаргах журам, хугацааг нийтэд мэдээлэх бөгөөд нэхэмжлэл гаргах хугацаа нь татан буулгах тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас доошгүй, зургаан сараас дээшгүй байна.” гэж тус тус заажээ. Хуулийн энэхүү зохижуулалтын дагуу С.Ц- нь нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх ёстой байтал хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байна. Төлбөрийг хариуцах ёсгүй иргэдээс мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Би Б.Бгээс асуудлын талаар тодруулахад тэрээр “тухайн мөнгө төгрөгийг өгсөн, тооцоо нийлсэн акт, баримт үйлдэж байсан, одоо тэр баримтууд олдохгүй байгаа, тухайн үед ажиллаж байсан ажилтнуудаас асуулгаж болно. Юу болсон бэ гэхээр "Эр Б Э интернэшнл" ХХК-д нийт 34.999.200 төгрөг төлсөн. Энэ мөнгөнөөс байрны засвар, гэрээ цуцласны алданги гээд нийт 11.678.205 төгрөгийг суутган авч үлдээд, үлдэх 23.320.995 төгрөгийг С.Ц- гуайд хүлээлгэж өгсөн. Яагаад суутгаж авсан бэ гэхээр анх шинэ байр хүлээлгэж өгөөд 2 жил ашигласан учраас бусдад зарахын тулд засвар хийх шаардлагатай болсон. Мөн гэрээ цуцалсны алданги болон түрээсийн төлбөр авсан” гэж ярьдаг. Ингэж хүлээлгэж өгөх тооцоог борлуулалтын менежер н.Уранчимэг хийж, тооцооны нягтлан н.Отгонжаргал уг мөнгийг хүлээлгэж өгсөн байдаг. Үүнийг ерөнхий менежер Б.У сайн мэдэж байгаа. Энэ захиалга Б.Уын таньдаг хүнээр дамжиж орж ирсэн гэж хэлдэг. С.Ц- нь “Эр Би Эй интернэшнл”ХХК-ийн зүгээс тавьсан шаардлагыг биелүүлж чадахгүй боллоо хэмээн мэдэгдэж, 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өргөдөл гаргаж 2 ширхэг байраа буцаан өгсөн. Гэрээний дагуу шилжүүлсэн 34.999.200 төгрөгөөс “Эр Би Эй интернэшнл”ХХК нь засвар, гэрээ цуцалсны төлбөр, алдангид 11.678.205 төгрөгийг суутган, тус компанийн тооцооны нягтлан Б.Отгонжаргал, борлуулалтын менежер Т.Уранчимэг нартай 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр С.Ц- нь тооцоо нийлж, үлдэгдэл 23.320.995 төгрөгийг хүлээж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/02182 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б, Б.У нараас 49.449.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Ц-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405.196 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2248 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/02182 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

           Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2248 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасан бөгөөд хариуцагч Б.Бгийн “Эр Би Эй Интернэшнл" ХХК-ийг үүсгэн байгуулахад оруулсан эд хөрөнгө нь туүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан эсэх талаар тодруулах шаардлагатай байна. Дээрх 1 хуулийн заалт талуудын хооронд үүссэн харилцаанд хамаарах эсэхэд хэрэгт авагдсан “Эр Би Эй интернэшнл” ХХК-ийн татан буугдсан баримт, санхүүгийн тайлан, өр төлбөр, хөрөнгийн хэмжээний харьцааг тодорхойлох боломжтой баримтууд ач холбогдолтой байж болох боловч уг баримтууд нь гүйцэд уншигдахгүй, гаргацгүй, хараар хуулбарласан буюу нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй" гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Компанийн тухай хуулийн 9.5 дахь хэсэгт заасан үндэслэлээ анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргаж тавиагүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2-т “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үүрэг хүлээнэ, 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ энэ талаар огт дурдаагүй байхад давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барин нэхэмжлэгчид ашигтай байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь шударга ёс, хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй ба анхан шатны шүүхэд хариуцагч Б.Бгийн “Эр Би Эй интернэшнл" ХХК-ийг үүсгэн байгуулахдаа оруулсан эд хөрөнгө нь түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдаагүй байна гэсэн ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Бгийн “Эр Би Эй интернэшнл" ХХК-д оруулсан эд хөрөнгө нь хувийн эд хөрөнгөтэй нь холилдож байсан гэсэн нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй байхад давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Бгийн “Эр Би Эй интернэшнл" ХХК-д оруулсан эд хөрөнгө нь хувийн эд хөрөнгөөс нь зааглагдаагүй байх магадлалтай хэмээн тооцож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь хэт нэг талыг барьсан, тодорхой нотлох баримтад үндэслээгүй магадлал гаргасан гэж үзэж гомдолтой байна.

Мөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч “Эр Би Эй интернэшнл" ХХК-ийн татан буугдсан нотлох баримтыг Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас анхан шатны шүүхэд хүсэлт гарган татан авахуулсан бөгөөд тухайн нотлох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд үнэхээр ач холбогдолтой байсан бол уншигдахгүй байна, гаргацгүй байна гэж хүсэлт гарган дахин хуулбарлан авахуулах боломж байсан. Гэтэл нэхэмжлэгч талаас тийм хүсэлт, үндэслэл огт гаргаж тавиагүйг анхаарч үзэж хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь”  гэсэн байдаг. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь тодорхойгүй байна. Мөн анхан шатны шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар тодорхойгүй атал давж заалдах шатны шүүх тогтоох хэсэгтээ эдгээр хуулийн заалтыг хэрэглэсэн нь ойлгомжгүй байна. Эцэст нь хэлэхэд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаа юм бол яагаад хариуцагч талаас гаргаж тавьсан Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг анхаарч үзээгүйд гайхаж байна. Энэ нь хэт нэг тал буюу нэхэмжлэгч талыг баримтлан хариуцагч талын гаргаж тавьсан үндэслэлийг огт үнэлж дүгнэлгүй хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрөх байдал үүсгэж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2248 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/02182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.  

          Нэхэмжлэгч С.Ц- нь хариуцагч  Б.Б, Б.У нараас зээлийн хөрөнгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлд урьдчилгаанд төлсөн 34.999.200 төгрөг, хохирол буюу түрээсийн төлбөрийн 50 хувь болох 14.450.000 төгрөг, нийт 49.449.200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, ... энэ төлбөр нь С.Ц-, “Эр Би Эй интернэшнл” ХХК-иудын хооронд байгуулсан гэрээнээс үүдэлтэй тул иргэн Б.Б, Б.У нар хариуцах ёсгүй гэж маргажээ.

              Нэхэмжлэгч С.Ц- нь 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 37-169 тоот 39 м.кв  нэг өрөө орон сууц, 37-175 тоот 80,72 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар “Эр Би Эй интернэшнл” ХХК-тай тохиролцож, худалдах-худалдан авах гэрээг байгуулж, урьдчилгаанд нийт 34.999.200 төгрөгийг төлсөн тухай Зээлийн хөрөнгөө орон сууц захиалгаар бариулах тухай 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2-02-169, 2-02-175 тоот гэрээний хуулбар, “Эр Би Эй интернэшнл” ХХК-ийн тамга бүхий орлогын ордер зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

           Захиалагч нь 2-02/169 тоот гэрээний төлбөрийг 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, 2-02/175 тоот гэрээний төлбөрийг 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон байх бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул “Эр Би Эй интернэшнл” ХХК нь нэхэмжлэгчийг 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 2012 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тус тус орон сууцнаас гаргасан үйл баримт тогтоогдсон ба талууд энэ тухайд маргаагүй.

          “Эр Би Эй интернэшнл” ХХК-тай байгуулсан зээлийн хөрөнгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээ цуцлагдсантай холбогдуулан нэхэмжлэгч тал орон сууцны урьдчилгаанд төлсөн 34.999.200 төгрөгийг уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Б.Б, У.Ундрахбаяр нараас гаргуулахаар шаардсан ба хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд “Эр Би Эй интернэшнл” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Б.Б гэсэн бүртгэлтэй байна.

           Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан бөгөөд хариуцагч Б.Бгийн “Эр Би Эй интернэшнл” ХХК-ийг үүсгэн байгуулахад оруулсан эд хөрөнгө нь түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан эсэх талаар тодруулах шаардлагатай, түүнчлэн хэрэгт авагдсан зарим  баримт нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

            Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2248 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 405.200 /дөрвөн зуун таван мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН