Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/001312

 

Т.Э-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2018/00415 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 950 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Т.Э-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 176 812 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Д.Төмөрпүрэв, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Хариуцагч Х.Б нь Увс аймгийн Улаангом хотод 30 айлын 5 давхар орон сууц барих ажил эхлэхэд 120 000 000 төгрөг шаардлагатай байгаа тул Сонгинохайрхан дүүрэгт байрлах 260 тоот 3 өрөө байрыг барьцаалж 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 1 жилийн хугацаатай бэлнээр зээлж авсан бөгөөд барилга баригдаж дуусаад анхны борлуулалт хийгдмэгц уг мөнгийг буцааж өгөөд олсон ашигаа 50, 50 хувиар хувааж авахаар тохиролцсон боловч байрны борлуулалт удааширсан гэх шалтгаанаар мөнгөө буцааж төлөлгүй 2016 оны 12 сар хүрлээ.

Увс явах замын зардлын мөнгө хэрэгтэй байна гэж 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөг, 2015 оны 5 сард 1 000 000 төгрөг дахин зээлж авч нийт 122 500 000 төгрөг бэлнээр авсан бөгөөд Хөрөнгө оруулалтын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр барилгын борлуулалтын ашгаас 50 хувийг төлөхөөр тохиролцсон. Олон дахин нэхэмжилсний эцэст 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг өгч үлдсэн мөнгө 112 500 000 төгрөг төлөх ёстой. Удаа дараа төлбөр тооцоо болон төлөх хугацаагаа тохиролцож бичгээр баталгаажуулан гэрээ хийх шаардлага тавьсан боловч ямар нэгэн шалтаг гарган хойшлуулсаар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр уулзаж мөнгөө нэхэмжлэхэд орлого орохгүй байна энэ барилгыг бариад ямарч ашиг олоогүй тул мөнгө өгөх боломж байхгүй гэснээр бидний хооронд маргаан үүсч шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй болсон юм.

2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Х.Б барьцаалсан байрны гэрчилгээг эргүүлэн авах хүсэлт тавьсан тул 100 хувь итгэлцлийн үндсэн дээр буцаан өгсөн. Гэтэл уг байрыг банкны барьцаанд тавьж дахин мөнгө зээлж аван нэг байрыг давхар барьцаанд тавьсан байсан. Х.Б-ны ярьснаар надаас зээлсэн мөнгөөр бусад зээлүүдээ төлсөн, тэдгээр мөнгө бүгд хүү, алдангитай байсан гэдэг. Орон сууцны барилга бариад ашиг олоогүй тул чамд ашиг өгөхгүй, боломжтой болвол тодорхой хэмжээний хүү өгнө, хэзээ хэдэн төгрөгийн хүү өгөхөө амлаж чадахгүй гэсэн. Би Х.Б-ны амлалтанд бүрэн итгэж олон жил хүлээцтэй хандсан боловч миний итгэлийг хөсөрдүүлж, зээлсэн үндсэн мөнгөө төлөхгүй утсаа авахгүй байгаагаас харахад санаатай заль гаргаж надаас мөнгө авсан гэж үзэж байгаагаас гадна хуваах ашиг олоогүй гэж ярьж байгаа тул банкны хадгаламжийн хүүгээр дүүцүүлэн алдангийг нэмж гаргуулж авахаар нэхэмжилж байна.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 112 500 000 төгрөг, алдангийг банкны хадгаламжийн хүүгээр бодож 64 312 500 төгрөг, нийт 176 812 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хамтран ажиллахаар тохиролцоогүй, анхнаасаа л мөнгө зээлж авсан тул зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна, хүний мөнгийг авч ашигласан тул алданги төлөх нь зүйтэй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

...Миний бие 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Д.Төмөрпүрэвээс барилгын хөрөнгө оруулалтад зориулж 120 сая төгрөг авсан бөгөөд барилгын ашгаа 50, 50 хувиар хуваана гэж тохиролцсон. Иргэн Д.Төмөрпүрэв нэхэмжлэгч Т.Э-ны аав бөгөөд тухайн үед төрийн албан хаагч байсан учраас хүү Т.Э-ны нэр дээр гэрээ хийсэн. Орон сууцны барилга маань 2013 оны 9 сард эхэлсэн ба барилгын суурь, зоорийн давхраа дуусгаад банкнаас барилгаа барьцаалаад зээл авна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэтэл хөдөөний банкууд харьяаллын бус гэх тодорхойгүй шалтгаанаар зээл өгөөгүй учраас найз нөхөд, ах дүүгийнхээ үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанд тавьж зээл аваад 2015 оны 6 сард барилгаа барьж дуусгасан. Мөнгө муугаас барилга барих явц удаашралтай байсан, эдийн засгийн хямралтай холбоотой орон сууц зарагдахгүй болсон. 2016 оны 9 сард сүүлийн мөнгөө төлсөн учраас барилгаас олох ашиг байхгүй болсон. Байр авсан хүмүүс урьдчилгаа 30 хувийг өгөөгүй байгааг шүүхэд шийдвэрлүүлэхээр өгсөн.

Д.Төмөрпүрэвт өгөх мөнгө удааширч байгаа нь үнэн бөгөөд энэ барилгаас би ашиг олох нь битгий хэл өөрийн орон сууцыг банкны зээлээс чөлөөлж авч чадахгүй зарж зээлээ төлсөн ба найз н.Сарангэрэлийн орон сууцыг зээлд тавьсан. Хүний орон сууцыг банкинд алдахгүйн тулд машинаа зээлд тавьсан ба энэ хүндрэлтэй байдлыг шүүх харгалзан үзэж хэргийг шийдвэрлэнэ үү. Зээлийн харилцаа үүсээгүй тул зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа нь хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэв өөр байдлаар шаардаж байгаа бол авсан мөнгийг буцааж өгнө, харин алданги тооцох талаар тохиролцоогүй тул алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, мөн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2018/00415 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Б-аас 112 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64 312 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 042 012.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 720 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 950 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2018/00415 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 042 012 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мөнгө зээлсэн, энэхүү зээлүүлсэн мөнгө гэж 176 812 500 төгрөгийг нзхэмжилсэн байдаг. Уг нэхэмжлэлийн үндсэн дээр анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлээд 112 500 000 төгрөгийг нь гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64 312 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хувьд үндэслэлтэй болсон. Өөрөөр хэлбэл Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө тодорхойлсон. Нөгөө талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ ихэсгэх, багасгах, өөрчлөх нь өөрийнх нь эрх хэмжээний асуудал байсан. Гэтэл нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх дээр нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөөр тайлбарлан өөрчлөн, шүүхийг болон хариүцагчийг буруутган өөрсдийн гаргасан нэхэмжлэлээ үгүйсгэж гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Т.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Х.Б-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаарджээ. Харин хариуцагч Х.Б нь нэхэмжлэгч талтай хамтран ажиллах гэрээний харилцаатай байсан гэж тайлбарлан, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцүүлэн гаргахын тулд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байх ёстой ба шүүх маргалдагч талуудын хооронд эрх зүйн ямар төрлийн харилцаа үүссэн болохыг зөв тодорхойлсны үндсэн дээр Иргэний болон бусад хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд тайлбарлан хэрэглэх учиртай.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зохигчийн хооронд зээлийн, эсхүл хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн болохыг шууд дүгнэх боломжгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг буруутгах боломжгүй байна. Маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийх хангалттай баримт хэрэгт авагдаагүй тохиолдолд шүүхийн хууль хэрэглээний талаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.3.-т зааснаар шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Маргааны үйл баримт, нотлох баримтын бүрдэл зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 950 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 720 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН