Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2015/0909/З |
Дугаар | 491 |
Огноо | 2018-08-14 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 491
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Насандэлгэр, шүүгч М.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Ц , Ч.Д , С.Б , С.Б , С.Бг , П.Э , Б.О , С.Ц , А.Ж ны эрх залгамжлагч Б.Э нар,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Гуравдагч этгээд: А З ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А З ХХК-д тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн дагуу олгосон гэрчилгээг нэхэмжлэгч нарын газартай давхардсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарт газар ашиглах шийдвэр олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах,
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: А З ХХК-ийн газартай давхцаж, орц гарц хааж, зөвшөөрөлгүй амьдарч буй нэхэмжлэгч С.Ц нарын нийт 9 иргэнийг нүүлгэж газар чөлөөлж өгөхийг Байгаль орчин, аялал жуучлалын яам, Хан-Уул дүүргийн газрын алба, Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргаанд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ц , Б.Э, Ч.Д , С.Б , С.Б , нэхэмжлэгчийн Б.Эийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, иргэдийн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
......Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Зайсангийн аманд оршин суудаг дээрхи иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж байна. Эдгээр 9 иргэн нь бүгд Зайсангийн ам, дайчдын хөшөө гэх хаягт олон жил (9-38 жил хүртэл) амьдарсан уугуул болон суугуул иргэд бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэд мөн төдийгүй, Иргэний бүртгэлийн тухай хуулийн дагуу Монгол Улсын иргэний үнэмлэх дээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Дайчдын хөшөө гэсэн тодорхой оршин суух хаягт бүртгэгдсэн иргэд юм.
Эдгээр иргэдийн оршин суугаа нутаг дэвсгэр нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нутагт хамаарах бөгөөд эрх зүйн зохицуулалтын улмаас газар болон газар дээрхи аливаа эрхээ баталгаажуулах боломжгүй байсан болно. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмын дагуу газар ашиглах хүсэлт гаргахад зөвшөөрөл олгодоггүй байсан болно.
2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/235 дугаар захирамжаар байгуулагдсан, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд он удаан жил амьдран сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлэх, гэрчилгээжүүлэх үүрэгтэй байгуулагдсан.
Үүний дагуу Зайсангийн аманд байгаа гэрчилгээгүй айлуудад кадастрын зураг хийж өгсөн. Улмаар тодорхой тооны иргэдэд газар ашиглуулах гэрчилгээг нь олгосон боловч дээрхи 9 иргэнд газар ашиглах эрхийн гэрчилгээг нь олгоогүй. Эдгээр 9 иргэн нь тухайн газар дээр олон жил оршин суусан, тухайн газраар оршин суух хаягаа бүртгүүлсэн, тодорхой хэмжээний үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулсан, тэргүүн ээлжинд газар ашиглах эрхийг олж авах эрх ашиг нь үүссэн байхад газар ашиглах гэрчилгээг олгоогүй, өөр компанид кадастрыг нь давхардуулан газар ашиглах эрх олгосон байх нь иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж буй үйлдэл юм.
Улмаар иргэдэд газар ашиглах эрхийг олгоогүй шалтгаан нь А З ХХК-тай газрын кадастрыг давхардуулан газар ашиглах зөвшөөрөл олгосон байсан. А З ХХК нь иргэдийг албадан нүүлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ч шүүхээс мөн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.
Дээрхи иргэд албан ёсны хаягтаа өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа бөгөөд Монгол Улсын иргэний үндсэн эрх болох газар ашиглах, эзэмших эрхээ олж авч чадахгүй байгаагийн улмаас газар дээрээ амины байшин барих, газраа эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг эрхгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр дээрхи 9 иргэдийн газрыг авсан гэх компани нь тухайн газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байгаа болно.
Эдгээр 9 иргэн нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан газар ашиглах эрхийн гэрчилгээ авахаар нэгдсэн байдлаар хандсан боловч хариу өгөхгүй байсаар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батсансарын 10/6222 тоот албан тоотоор "Арвин зайсан" ХХК-тай давхцаж байгаа тул тухайн газарт давхардуулан газар ашиглах эрх олгох эрх зүйн үндэслэлгүй гэсэн мэдэгдэл өгсөн юм.
Иймд дээрхи 9 иргэний оршин суудаг газартай, А З ХХК-д олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гаргасан тусгай хамгаалалтай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн дагуу олгосон гэрчилгээ-ний дээрхи 9 иргэний газартай давхардсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч 9 иргэнд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Б.Э хуралдаанд гаргасан тайлбартаа:
...1986 оноос маргаан бүхий газарт амьдарч байсан гэх нотолгоог Нийслэлийн иргэний бүртгэлийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт дурдагдсан байдаг. А З ХХК нь Б.Эийн газартай давхцалтай хэсэг нь хамааралгүй.
Нэхэмжлэгч Б.Эийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...1986 оноос хойш Эрүүл мэндийн 1 дүгээр эмнэлэгт ажиллаж байхдаа гэр бүлийн хүнтэйгээ танилцаж Б.Эмаань гэрлэсэн. Энэ тухай хавтаст хэрэгт авагдсан байгаа. А З ХХК-нд шинээр олгосон газарт нэхэмжлэгч Б.Эийн байшингийнх нь хажуу талд байрлах гарааш болон гараашийн цаад талд нь байрлах цэвэр, бохир усны системд багтаж байна. Сүүлд болсон Анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлт гарахад, шинжээч тус газарт дүгнэлт гаргаагүй харин тусад нь зураг гаргасан байсан гэв.
Нэхэмжлэгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэлийн шаардлага нь 9 иргэний газартай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгож, айл тус бүрт нь газрыг нь олгуулах хүсэлттэй байгаа. Хан-Уул дүүргээс ногоон гэрчилгээ олгохдоо бүх айлд 300 м.кв талбайн гэрчилгээ өгсөн. Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ асуудлыг мэдэж байгаа. Хэдэн жилийн өмнөх айлууд 0.7 га газраас илүү хэмжээгээр хашаагаа хатгасан асуудал байдаг. Газар эзэмших эрхийн гэрчилгээг газар ашиглах гэрчилгээ болгож солих, кадастрын зургийг албан ёсоор хашааны хэмжээгээр нэг айлд 500 гаруй м.кв байгаа. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас 2015 оноос иргэдэд газар эзэмших эрхийг олгож байгаа. Өнөөдрийн байдлаар 600 гаруй иргэдэд газар эзэмших эрхийг олгосон. Нэхэмжлэгч нартай адилхан давхцалтай гэх шалтгаанаар 100 орчим иргэдийг хүлээлгэж байгаа. Давхацсан зөрчлөө арилгачихвал Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас газар ашиглах эрхийг нь олгоно. Нэхэмжлэгч нарын газар нь А З ХХК-тай давхцалтай.
А З ХХК-д Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас 2007 онд 0,8 га газрыг олгож байсан. Нэхэмжлэгч нар 0,8 га газраас нэмэгдүүлснээр тус нэмэгдсэн хэсэг нь давхацсан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгч нар 10 гаруй жил тухайн газар амьдарсан. Нэхэмжлэгч нар маргаан бүхий газар олон жил амьдарсан нь тогтоогдсон тохиолдолд Байгаль орчин, аялал жуучлалын яамны зүгээс иргэдэд газрыг олгоно гэж үзэж байгаа.
Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2001 онд батлагдсан журамд сайд газар ашиглах тушаал болон газрын дарга гэрчилгээ олгоно гэсэн зохицуулалт байдаг. Гэтэл 2004 оноос 2007 онуудад зарим газрын гэрчилгээнд сайдын тушаал байдаггүйгээс гадна Газрын дарга болон Төрийн нарийн бичгийн дарга нь газар ашиглах гэрчилгээ олгосон.
1994 оноос хэрэгжиж эхэлсэн Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж заасан байдаг. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор бол Төрийн захиргааны төв байгууллагыг Төрийн нарийн бичгийн дарга төлөөлдөг. 2006 оноос хойш Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Төрийн захиргааны төв байгууллага гэх нэршлийг өөрчилж тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд чиглэл өгсөн. Уг асуудлын хүрээнд Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг хийж байгаа.
Хэрэгт авагдсан сансрын зураг дээр н.Намхай дарга гэрчилгээ болон гэрчилгээний хавсралтад яагаад гарын үсэг зурсан талаар хэлж байна. Эхний асуулттай холбоотойгоор 2016 оны 06 дугаар сараас өмнө газрын гэрчилгээний солбицолд нэмэлт өөрчлөлт оруулах болон газар сунгах тал дээр Газрын дарга гарын үсэг зурж шийддэг байсан. 2016 оноос Байгаль орчин, аялал жуучлалын яам газар сунгахтай холбоотой асуудалд сайдын тушаал гардаг болсон ба кадастрын зурагт нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд мөн адил сайдын тушаал гардаг болсон.
Зарим солбицол дээр 2, 3 га хэмжээгээр шинээр газар авч байгаа юм шиг газар нэмэгдээд байдаг. Өмнө нь ийм хуулийн хийдэл байсан. Иргэний өмчлөх эрхийн зөрчиж байна гэсэн. Тус асуудлын хүрээнд өмнө нь бас тайлбар хэлж байсан. Шүүхээр хянан шийдвэрлүүлж байгаа иргэн аж, ахуйн нэгжийн маргааныг захиргааны журмаар шийдэх боломжгүй. Шүүхэд маргаантай байгаа асуудалд шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг хүлээж байгаа. Иргэдэд огт газар олгохгүй гэсэн зүйл байхгүй. Шүүхийн шийдвэрт объект маргаан бүхий газар байна гэж тогтоогдвол, тухайн объектыг газар ашиглагчаас гаргаж өгөх боломжтой.
Байгаль орчин, аялал жуучлалын яамны үүдэнд 10 гаруй хоногийн өмнө хэсэг иргэд жагсаал хийсэн. Жагсаал дээр А.Жаргалсайхантай адилхан нөхцөл байдалтай хүн байсан. Хөдөө аж ахуйн ахуйн их сургуульд ажиллаж байгаад, сургуулиасаа газар эзэмших эрх авч хашаан дотроо орон сууц барьж амьдарч байгаа хүн байсан бөгөөд газар ашиглах эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан. Тус газар нь тусгай хамгаалалттай газарт харьяалагдаж байгаа учраас энэ асуудлыг шийдэх боломжтой гэх хариуг Төрийн нарийн бичгийн дарга н.Цэвэл даргаас өгч байсан. Уг асуудал нь А.Ж ны асуудалтай төстэй асуудал гэж харж байна. Маргаантай газрынхаа талаар хамгаалалтын захиргаандаа санал гаргах боломжтой гэж үзэж байна гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А З ХХК нь 2007 онд Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу газрыг ашигласаар ирсэн. Нэхэмжлэгч нар маргаан бүхий газарт зөвшөөрөлгүйгээр одоог хүртэл амьдарч байна. Маргаан бүхий газрын орц, гарц хэсгээр иргэдийн хашаа таглаж, албан ёсны газар ашиглах эрхтэй компанид газрыг эзэмшүүлж, маргаан бүхий газрыг чөлөөлж өгнө үү.
1994 оны 10 дугаар сард Нийслэлийн дуудлага худалдааны комиссоос зарлагдсан Хүүхдийн эмнэлгийн залгаа хашаанд 2 давхар объектыг дуудлага худалдаанд оруулж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдсон ба тус гэрчилгээ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Анх авсан газрын цэгийн сольболцолыг өөрчилсөн гэж байна. А З ХХК нь 2007 онд Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас газар ашиглалтын гэрчилгээ авснаар хууль ёсны ашиглах эрхтэй болсон. Түүнээс биш ямар нэгэн байдлаар сольболцол өөрчлөгдсөн зүйл байхгүй. Мөн энэ талаар гэрчилгээний хавсралтанд тусгагдсан байгаа.
А З ХХК нь 2017 оноос газар ашиглалтын гэрчилгээ шударгаар эзэмшиж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2015 оны ажлын хэсгийг дүгнэлтээр газрын хэмжээг нь 500 м.квадратаас дээш гэж маш нарийн тодорхой заасан өгсөн. Гэтэл иргэдийн газрын хэмжээ янз бүр байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар олгох боломжгүй гэдгийг маш тодорхой илэрхийлсэн байдаг. Газар ашиглах гэрчилгээрээ 0.8 га газар ашиглах эрхтэй боловч үлдсэн хашааны хэмжээ 2400 м.кв орчим хэмжээтэй. Тухайн хашаагаа ашиглах гэтэл ямар нэгэн орц, гарц байдаггүй.
Ертөнцийн зүгийн хойд талаар А.Жаргалсайхан гуайн газар тагласан. Ертөнцийн зүгийн зүүн талаар С.Ц газар тагласан учир газар ашиглах боломжгүй байна. Кадастрын зургийг дэлгэцээр харуулахад нэмж хэлнэ гэж бодсон боловч замбараагүй байснаас ойлгомжгүй зүйл болсон. 2014 онд гуравдагч этгээдийн газрын орц, гарц нээлттэй байдаг байсан. Ийм учраас А З ХХК-ний шударгаар газар ашиглаж байгаа гэрчилгээг хэвээр үлдээж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын / хуучнаар / А З ХХК-д тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн дагуу олгосон гэрчилгээг нэхэмжлэгч нарын газартай давхардсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарт газар ашиглах шийдвэр олгохыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт
- С.Ц Хан-Уул дүүргийн 11-р хорооны 4 хэсэг, ДХ байр, 1-2б тоотод оршин суух, /2001 оноос өнөөдрийг хүртэл/
- Ч.Д Хан-Уул дүүргийн 11-р хороо 4 хэсэг, ДХ 1 байр, 3 тоотод оршин суух, /2000 оноос өнөөдрийг хүртэл/
- С.Б Хан-Уул дүүргийн 11-р хороо, 4 хэсэг, ДХ-1 байр 3 тоотод оршин суух,/2000 оноос өнөөдрийг хүртэл/
- С.Б Хан-Уул дүүргийн 11-р хороо, 4 хэсэг, ДХ байр 1-2 тоотод оршин суух, /2000 оноос өнөөдрийг хүртэл/
- А.Жаргалсайхан Хан-Уул дүүргийн 11-р хороо, 4 хэсэг, ДХ-1 байр 34 тоотод оршин суух, /Оршин суудаг үнэн гэсэн тодорхойлолттой/
- П.Э Хан-Уул дүүргийн 11-р хороо, Дайчдын хөшөө 1 гудамж, 50 тоотод оршин суух, / Оршин суудаг үнэн гэсэн тодорхойлолттой /
- Б.О Хан-Уул дүүргийн 11-р хороо, 4 хэсэг, ДХ байр 1 байр, 69 тоотод оршин суух, /2006 оноос өнөөдрийг хүртэл/
- С.Ц Хан-Уул дүүргийн 11-р хороо, 4 хэсэг, ДХ байр 1-95 тоотод оршин суух, /2001 оноос өнөөдрийг хүртэл/
- С.Бг , Хан-Уул дүүргийн 11-р хороо, 4 хэсэг, ДХ байр 60 тоотод оршин сууж /2005 онд өргөдөл хүсэлт гаргаж байсан/ байсан болох нь тэдний өрхийн бүртгэлийн дэвтэр, хорооны Засаг даргын тодорхойлолт, Үндэсний архивын газрын тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч А.Жаргалсайхан нь Төрийн өмчийн хорооны 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 313 дугаар тогтоол[1], Улсын клиникийн төв эмнэлгийн ерөнхий захирлын 2003 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн а/91 дүгээр тушаалын[2] дагуу өөрийн амьдарч байсан маргаан бүхий хаягт байрлах 2 айлын сууцыг 800.000 төгрөгөөр худалдан авч амьдарч байжэ.
Нэхэмжлэгч нар нь 2012 онд Хан зайсан холбоо ТББ-аар дамжуулан газар ашиглах хүсэлтийг гаргаж, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 8/1394 дугаар албан бичгээр[3] хариу авсан, нэхэмжлэгч П.Э , Б.О , С.Бг нар нь 2015 онд, С.Цогтбаатар 2014 онд, С.Б 2011 онд тус тус газар ашиглах хүсэлтээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд гаргажээ.
Гуравдагч этгээд А З ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газарт 0,8 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглахыг Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас зөвшөөрч, 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 450 дугаартай, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг[4] олгож, мөн оны 12 дугаар сарын 03-ны өдөр газар ашиглуулах гэрээг[5] байгуулжээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана. гэж заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаас /хуучнаар/ ямар нэгэн тушаал, шийдвэр гараагүй байна.
Нэхэмжлэгч нар, гуравдагч этгээдийн газрууд нь хоорондоо давхцалтай болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан кадастрын зураг, агаар сансарын зураг, шинжээчийн дүгнэлтээр[6] нотлогдож байна.
Гуравдагч этгээд нь маргаан бүхий газрыг 1994 онд дуудлага худалдаагаар худалдан авсан гэх боловч Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн № 12/938 тоот албан бичиг[7], түүнд хавсарган ирүүлсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын 1996 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн № А-26 дугаар тушаал зэргээс дүгнэхэд Арвин ХХК нь 1996 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр татан буугджээ.
Арвин ХХК нь гуравдагч этгээд А З ХХК болж өөрчлөгдөөгүй, нэгдээгүй, тухайн аж ахуйн нэгжүүд хоорондоо хамааралгүй болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №12/3287 тоот албан бичиг[8]-ээр нотлогдож байх тул гуравдагч этгээдийн маргаан бүхий газрыг 1994 оноос эзэмшсэн гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нарын олон жил амьдарсан газрыг гуравдагч этгээд А З ХХК-д ашиглуулахаар олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчжээ.
Нөгөөтэйгүүр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалаар[9] Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж байгаа иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/6210 дугаар албан бичгээр[10] төрийн захиргааны төв байгууллагаас зохих ёсны дагуу газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцаагүй, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтэцтэй газар дээр байрлаагүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц гарц таглаж буугаагүй 411 иргэдэд газар ашиглах эрхийг олгож гэрчилгээжүүлжээ.
Харин уг албан бичгийн хавсралтаар 85 иргэний ашиглаж буй газрын ашиглах эрхийг олгох боломжгүй талаар дурдаад, нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн байх бөгөөд энэхүү жагсаалтад нэхэмжлэгч нарын нэрс бүгд А З ХХК-ийн газартай давхцалтай, шүүхийн маргаантай гэж бүртгэгдсэн байна.
Нэгэнт нэхэмжлэгч нартай ижил нөхцөл амьдрарч буй иргэдэд /411 иргэнд/ эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр газар ашиглах эрхийг олгож гэрчилгээжүүлсэн байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
2. А З ХХК-ийн газартай давхцаж, орц гарц хааж, зөвшөөрөлгүй амьдарч буй нэхэмжлэгч С.Ц нарын нийт 9 иргэнийг нүүлгэж газар чөлөөлж өгөхийг Байгаль орчин, аялал жуучлалын яам, Хан-Уул дүүргийн газрын алба, Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргаанд даалгах шаардлага бүхий гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах газарт олон жил амьдарсан, бусдын газартай давхцаагүй, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтэцтэй газар дээр байрлаагүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц гарц таглаж буугаагүй иргэдэд газар ашиглах эрх олгожээ.
Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт гуравдагч этгээдийг газар ашиглах тухай хүсэлт гаргахаас өмнө амьдарч байсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад дурьдсан газартай давхцаж, орц гарц хааж, зөвшөөрөлгүй амьдарч байгаа гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ц , Ч.Д , С.Б , С.Б , С.Бг , А.Жаргалсайхан, П.Э , Б.О , С.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаярын гаргасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А З ХХК-д тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн дагуу олгосон гэрчилгээг нэхэмжлэгч нарын газартай давхардсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарт газар ашиглах шийдвэр олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага А З ХХК-ийн газартай давхцаж, орц гарц хааж, зөвшөөрөлгүй амьдарч буй нэхэмжлэгч С.Ц нарын нийт 9 иргэнийг нүүлгэж газар чөлөөлж өгөхийг Байгаль орчин, аялал жуучлалын яам, Хан-Уул дүүргийн газрын алба, Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргаанд даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР
М.ЦЭЦЭГМАА