Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01600

 

 

“НХОГ” ОНӨААТҮГ-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00579 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1188 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “НХОГ” ОНӨААТҮГ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “О С М” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд олгосон 5 721 600 000 төгрөг, алданги 2 860 800 000 төгрөг, нийт 8 582 400 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Чинзоригийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“НХОГ” ОНӨААТҮГ нь “О С М” ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Улсын төсвөөс нийслэлийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгээр хийгдэх Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээг 9 793 157 438 төгрөгийн үнийн дүнтэй байгуулсан. 

Гэрээ байгуулагдсанаас хойш “О С М” ХХК нь үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжийг авахаар гүйцэтгэл бичиж, 5.7 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр авсан боловч тухайн тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй. Захиалагч гэрээнд заасны дагуу гүйцэтгэгчид БНХАУ-ын “Шанхай Шенгжиа Санва” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг нь үндэслэн гүйцэтгэлээр нь 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2 937 947 232 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 632 271 590 төгрөгийг, нийт 5 570 218 822 төгрөгийн санхүүжилтийг олгосон.

Уг санхүүжилтийг “О С М” ХХК-д шилжүүлэхдээ захиалагчийн техник хяналтын зардалд 151 381 178 төгрөгийг шилжүүлээгүй авч үлдсэн нь үнэн. Гүйцэтгэгч нь гэрээний 5-д зааснаар ажлын үр дүнг 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, захиалагчаас удаа дараа гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнд хүрээгүй. 

Хариуцагч нь 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын “Шанхай Шенгжиа Санва” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, олгосон нийт санхүүжилтээр буюу 5 570 218 822 төгрөгөөр нийтийн хатуу хог хаягдлыг боловсруулах тоног төхөөрөмж, хуванцар хаягдал дахин боловсруулах тоног төхөөрөмжийг худалдан авч, шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирсэн гэх боловч авсан санхүүжилтийн хэмжээ, зориулалтад тохирсон тоног төхөөрөмж худалдан аваагүй, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. 

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай газрын инженерүүд газар дээр нь очиж үзэхэд 13 контейнер байсан ба контейнер доторх тоног төхөөрөмжийг үнийн саналд ирүүлсэн ажлын тоо хэмжээтэй нэг бүрчлэн тулгаж үзэхэд 13 контейнерт туузан дамжуурга, коньверүүд ирсэн, үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж, удирдлагын самбар болон бусад гол тоног төхөөрөмжүүд ирээгүй байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5-д заасан үүрэг болон авсан санхүүжилтэд тохирсон тоног төхөөрөмжөө нийлүүлэх үүргээ “О С М” ХХК биелүүлээгүй. 

Хариуцагч “О С М” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлэх, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэхэд үр дүнг хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч үүргээ зөрчиж, захиалагчийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа албан бичгээр сануулсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Гэрээний ерөнхий нөхцлийн 26.2-т “Хэрэв гүйцэтгэгч байгууламжийг эсвэл түүний бүрэлдэхүүний аль нэг хэсгийг дуусгавар болгох хугацаанд ...дуусгаагүй бол гэрээний тусгай нөхцөлд тодорхойлсон хувь хэмжээгээр алданги төлнө” гэж заасан.

Иймд гүйцэтгэгч урьдчилгаа хөлсөнд олгосон 5 721 600 000 төгрөгийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул уг үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувиар, шүүхэд гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлага гаргасан 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх /1400 хоног/ алдангийг /40 051 200 000 төгрөг/ тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн 2 860 800 000 төгрөгийн алдангийг урьдчилгаа санхүүжилт 5 721 600 000 төгрөг, нийт 8 582 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

“О С М” ХХК нь НХОГтай 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ХБҮ/УТ-01 дугаартай Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх, түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээг байгуулсан. 

“О С М” ХХК нь НХОГтай гэрээ байгуулан, санхүүжилтийн урьдчилгаанд 5,7 тэрбум төгрөгийг авсан. Уг санхүүжилтийг “О С М” ХХК-д шилжүүлэхдээ захиалагчийн техник хяналтын зардалд 151 381 178 төгрөгийг шилжүүлээгүй бөгөөд үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. 

Талуудын хооронд байгуулагдсан Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээний дагуу манай компани нь Баянзүрх дүүрэгт байршилтай, Улаанбаатар хотын хог дахин боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэх ажил бүхий барилга байгууламжийн инженерийн тооцоо судалгаа, шийдэл гаргасан ажлын зураг төсөв, уг барилга байгууламжийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, НХОГ уг ажилд тохирох санхүүжилтийг тухай бүрт олгож байхаар талууд харилцан тохиролцсон. 

Урьдчилгаа төлбөр болох 2 937 947 232 төгрөгийг 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр олгосныг зориулалтын дагуу зарцуулж, ажлын гүйцэтгэлийг 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр талууд хүлээлцэж, акт үйлдэн баталгаажуулсан байдаг. Улмаар гэрээнд заасны дагуу батлагдсан гүйцэтгэлээр дараагийн санхүүжилтийг хүсэхэд 2 632 271 590 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон ба үүнээс хойш дахин санхүүжилт олгоогүй болно.

Гэрээний дагуу олгогдсон санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулж, Хог боловсруулах үйлдвэр барихад шаардлагатай бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг худалдан авснаас гадна бусад туслан гүйцэтгэгч нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрийг төлөөд байна. Гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд НХОГ-аас аас нийт 5 570 218 822 төгрөгийн санхүүжилтийг олгосон ч “О С М” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Хог боловсруулах үйлдвэр барих ажилд нийт 6 921 605 040 төгрөгийг зарцуулсан байдаг. Тухайн үед ажлын гүйцэтгэлийн тайлангаа гаргаж НХОГт хүргүүлсэн ч түүнийг өнөөдрийг хүртэл баталгаажуулаагүй байгаа. 

“О С М” ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлэхийг хичээн ажиллаж ирсэн бөгөөд хийсэн ажлын тайлан мэдээг тухай бүрт нь албан бичгээр хүргүүлж байсан болно. “О С М” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн хэдий ч энэ үүргээ биелүүлж чадахгүй болсонд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанууд нөлөөлж байсан. Мөн гэрээний 4-д заасны дагуу үлдсэн 4 071 557 438 төгрөгийн хөрөнгийг тухайн жилд захиалагдсан хөрөнгийн дүнгээр санхүүжилт олгоно гэж заасны дагуу НХОГ-аас аас зохих санхүүжилтүүд тогтсон хуваарийн дагуу манайд олгогдох байсан ч энэ үүргээ биелүүлээгүй. 

“О С М” ХХК нь НХОГ-аас аас олгосон 5 570 218 822 төгрөгийн санхүүжилтийг гэрээнд зааснаар зориулалтын дагуу зарцуулж, ажлын гүйцэтгэлийн тайлангаа гаргаж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж ажилласан. Тиймээс манай компанийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлгүй юм. 

Нэхэмжлэгч байгууллага өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай санхүүжилтийг олголгүй өнөөдрийг хүртэл ажлын үр дүнг саатуулж байгаа атлаа урьдчилгаанд өгсөн төлбөрөө буцаан авахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн манай компанийн гаргасан тооцоогоор нийт 6.9 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэж, тоног төхөөрөмж оруулж ирсэн тооцоо гарсан бөгөөд нэхэмжлэгчээс 1.2 тэрбум төгрөгийн авлагатай гарч байгаа юм. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00579 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “О С М” ХХК-иас 5 570 218 822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НХОГ ОНӨААТҮГ-т олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 012 181 178 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28 009 044 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1188 дугаар магадлалаар Сүхбаатар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00579 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Органик солюшнс монголиа” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 28 010 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан ба хуульд заасан энэхүү хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаар хариуцагчийн зүгээс хэд хэдэн баримтуудыг гаргаж өгсөн байдаг.

...НХОГ-аас аас ...үүргээ биелүүлж ажиллахыг удаа дараа албан бичгүүдээр болон амаар шаардаж байсан боловч тусгай зөвшөөрлүүд нь хугацаа хожимдож гарсан. Түүнчлэн Хог боловсруулах барилгын ажлаа эхлэх гэхэд захиалагчийн зүгээс зааж өгсөн газар дээр “Гурван хажинга” ХХК нь оффисын барилгын ажлыг эхлүүлсэн байсан ба талбайд барилын хог хаягдлаа овоолсон байсан. Үүнийг зайлуулах арга хэмжээ авч өгөхийг удаа дараа хүссэн боловч мөн л хугацаа удааширч барилга барих ажилд саад болж байсан юм. Захиалагчийн дээрх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь үүрэг гүйцэтгэгчийг гэрээнд заасан хугацаанд хог боловсруулах үйлдвэрийг хүлээлгэн өгөөгүйтэй шууд шалтгаант холбоотой билээ. Ямар ч нөхцөлд барилга барих газрын асуудал, дулааны, цэвэр бохир усны, цахилгааны зэрэг тусгай зөвшөөрөл бэлэн болоогүй байхад барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс дээрх нөхцөл байдлыг энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.

Дээр дурдсан газрын асуудал нэг тийш шийдэгдэж барилгын суурийн ажлыг гүйцэтгэж байтал НХОГ-аас аас барилгын ажлыг зогсоосон. Улмаар уг ажилд улсын мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж, Монгол улсын мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02-07-80/1242 тоот дүгнэлтээр “Барилгын суурийн бетоны бат бэхийн дундаж нь 262.75 кг/см2 үзүүлэлттэй гарсан ба энэ нь зураг төсөлд тусгагдсантай нийцэж байна” гэж гарснаар бидний хийж гүйцэтгэсэн суурийн ажлын бат бэхийн чанар нь шаардлагад нийцсэн болох нь тодорхой болсон бөгөөд НХОГ нь үндэслэлгүйгээр барилгын ажлыг зогсоосон болох нь нотлогддог юм. Энэ нь нэхэмжлэгчийн буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас хог боловсруулах үйлдвэр барих ажил зогсож, хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсныг илтгэх бас нэгэн чухал үйл баримт мөн.

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4-р заалтад “Гэрээний нийт дүн нь 9 793 157 438 төгрөг. Үүнээс 2012 онд 5 721 600 000 төгрөг, үлдсэн 4 071 557 438 төгрөгийн хөрөнгийн тухайн жилд батлагдсан хөрөнгийн дүнгээр санхүүжүүлнэ” гэж заасан ба нэхэмжлэгч нь энэ гэрээнд заасан үүргээ 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл огт биелүүлээгүй. Гэрээний дагуу хийж гүйцэтгэж байгаа ажлын дараа, дараагийн санхүүжилтийн асуудал тодорхойгүй байсны улмаас хог боловсруулах үйлдвэрийг барих ажил хугацаандаа хийгдэлгүй хугацаа хоцорсон бас нэгэн шалтгаан болдог.

...“О С М” ХХК-ийн зүгээс гэрээнд заагдсан ажлыг хугацаанд гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдал бий болоход дээр дурдсан нэхэмжлэгч НХОГ-аас аас шалтгаалсан, түүний гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйтэй холбоотой шалтгаан нөхцөл байгаа талаар анхан болон давж заалдах шатны шүүхэд тайлбарласаар байтал хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж, дээрх шалтгаан нөхцөлд үндэслэл бүхий дүгнэлт өгөхгүй байгаад гомдолтой байна.

...Түүнчлэн “Органик сольюшнс монголия” ХХК нь хог боловсруулах үйлдвэр барих ажлын хүрээнд 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын “Шанхай Шенгжиа Санва” ХХК-тай Монгол улсын Улаанбаатар хотод Нийтийн хог боловсруулах тоног төхөөрөмж худалдаалах гэрээг байгуулж гэрээний дагуу худалдагч талд нийт 3 750 000 ам.долларыг төлсөн, мөн Хог боловсруулах үйлдвэрийн барилгыг бариулахаар БНХАУ-ын “Hongyi construction Decoration industry Group” компанитай байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх 13/02 тоот 1 700 223 360 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулснаас 680 933 396 төгрөгийн төлбөрийг төлөөд байна. Мөн үүнээс гадна хог боловсруулах үйлдвэр барихад шаардлагатай бусад тоног төхөөрөмж, бараа материал авахаар холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулж, зохих төлбөрийг төлсөн тухай баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд бидний гаргасан тооцоогоор НХОГтай Хог боловсруулах үйлдвэр барих гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 8.4 тэрбум төгрөгийг зарцуулсан буюу захиалагч талаас шилжүүлсэн хөрөнгөөс даруй 2,9 тэрбум төгрөгийн илүү хөрөнгө зарцуулаад байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс бидний хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлд нэг ч үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэт нэг талыг барьсан, захиалагч эрхийг хэт хамгаалсан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

“О С М” ХХК нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо анхан шатны шүүхийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3, 221.5 дахь заалт, 355 дугаар зүйлийн 355.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар гомдол гаргасан байтал давж заалдах шатны шүүхээс энэхүү гомдолд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. ...Нийслэлийн хөрөнгө оруулалтын зүгээс гэрээнээс татгалзаж байна гэж үзвэл гэрээний үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар нь буюу манай байгууллагын зүгээс гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг нь хүлээлгэн өгөх үүрэгтэй байтал ийнхүү хуулийг буруу тайлбарлан хэрэглэж манай компанид урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар НХОГ-аас ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ “О С М” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хянаж үзэлгүй, үнэлэлт, дүгнэлт өгч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлтэй бөгөөд иргэний хэрэгт байгаа баримтыг энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлтэй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “НХОГ” ОНӨААТҮГ нь хариуцагч “О С М” ХХК-д холбогдуулан “Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээ”-гээр хүлээсэн үүрэг болон авсан санхүүжилтэнд тохирсон тоног төхөөрөмж нийлүүлэхийг даалгуулах тухай шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж, гэрээнээс татгалзах, урьдчилгаанд олгосон санхүүжилт 5 721 600 000 төгрөгийг алданги 2 860 800 000 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч “О С М” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан, нэхэмжлэгчийн зүгээс хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ажил хугацаандаа гүйцэтгэгдээгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Зохигчийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээ” байгуулагдсан байна. Уг гэрээгээр хариуцагч “О С М” ХХК нь ажил гүйцэтгэгчийн хувьд Баянзүрх дүүргийн нутагт байршилтай Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажил бүхий барилга, байгууламжийн инженерийн тооцоо, судалгаа, шийдэл гаргасан ажлын зураг төсөв, уг барилга байгууламжийн угсралтын ажлыг 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн байна. Харин нэхэмжлэгч НХОГ нь захиалагчийн хувьд ажлын хөлс 9 793 157 438 төгрөгөөс 5 721 600 000 төгрөгийг 2012 онд, үлдсэн 4 071 557 438 төгрөгийг тухайн жилд батлагдсан хөрөнгийн дүнгээр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэх үүрэг хүлээсэн байна.

Зохигчийн дээрх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан хүчин төгөлдөр гэрээ байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Хариуцагч “О С М” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын “Шанхай Шенгжиа Санва” копанитай Улаанбаатар хотод Нийтийн хатуу хог хаягдлыг боловсруулах тоног төхөөрөмж худалдаалах гэрээг байгуулж, хог хаягдал ангилах 16 нэр төрлийн төхөөрөмж, хуванцар, хаягдал дахин боловсруулах 2 нэр төрлийн төхөөрөмж, түлшнээс үүсмэл хог хаягдлын 6 нэр төрлийн төхөөрөмж, бусад 2 нэр төрлийн төхөөрөмжийг тус тус худалдан авч, уг тоног төхөөрөмжөө 2 хэсэг болгон 2012 оны 12 дугаар сарын 31, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд хүлээн авахаар тохирсон байх ба энэ гэрээнд үндэслэн захиалагчаас санхүүжилт хүссэн бөгөөд захиалагч НХОГ нь 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5 721 600 000 төгрөгийн урьдчилгаа олгосон байна.

Нэхэмжлэгч НХОГ нь дээрхээс өөр санхүүжилт хийгээгүй, хариуцагч “О С М” ХХК нь тодорхой төрлийн тоног төхөөрөмжийг БНХАУ-аас оруулж ирсэн боловч гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг гүйцэтгээгүй байна.

Зохигчийн гэрээнд зааснаар хариуцагч нь гүйцэтгэж буй ажлын талаар тогтмол тайлагнах үүрэг хүлээсэн боловч 2013 оны 06-09 дүгээр сар хүртэлх 4 сарын ажлын гүйцэтгэлийг тусгасан 4 удаагийн албан бичиг хүргүүлснээс өөрөөр ажлаа тайлагнаагүй ба шүүх хариуцагчийг 2013 оны 09 дүгээр сараас хойш ажил гүйцэтгээгүй гэж дүгнэсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэр, магадлалд тодорхой тусгасан байна. Хоёр шатны шүүхийн бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн эрх зүйн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Шүүх ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.-д заасан шаардлагад нийцжээ. Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, түүнчлэн үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг.

Харин үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1.-д заасан уг зохицуулалт зохигчийн хоорондох маргаанд хамааралгүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээ нь хиймэгц биелэх биш харин урт хугацааны гэрээнд хамаардаг тул гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээ цуцлагдах болно.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1., 221.3.-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог. Зохигчийн хооронд үүссэн харилцааны үйл баримт хуулийн дээрх зохицуулалтын нөхцөлд нийцсэн байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д зааснаар гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилдэг байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “НХОГ” ОНӨААТҮГ-ын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах, хөрөнгө оруулалтын төлбөрөө буцаан авах, үүргээ гүйцэтгээгүй талаас алданги гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, гэрээг цуцлан, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид шилжүүлсэн мөнгийг нарийвчлан тооцож, хариуцагчаас гаргуулахаар, алдангийн талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00579 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1188 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /10 000 000+18 009 014/ нийт 28 009 014 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

          ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН