| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 101/2016/08040/И |
| Дугаар | 001/ХТ2018/01730 |
| Огноо | 2018-11-30 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2018/01730
С.Мийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01134 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2018/01375 дүгээр магадлалтай,
С.Мийн нэхэмжлэлтэй,
Б.М-т холбогдох,
6.600.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
6.888.615 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргалын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батсайхан, өмгөөлөгч Б.Баяржаргал, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 28 дугаар байр, 38 тоотод байрлах Тэлэмүгэн цайны газрыг сарын түрээсийн төлбөрийг 1.200.000 төгрөгөөр тооцож 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 11.500.000 төгрөгийг Д.Оюунгэрэлд хүлээлгэн өгсөн. Д.Оюунгэрэл нь намайг байлцуулан 1.500.000 төгрөгийг байрны эзэн Б.М-, Б.Мөнх-Эрдэнэ нарт хүлээлгэн өгснөөр тэдний хоорондын тооцоо дуусч би тухайн объектыг түрээслэн ажиллуулах болсон. Түрээслэх хугацаанд буюу 2015 оны 11 дүгээр сарын 25-нд Б.М-ийн данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч тодорхой шалтгааны улмаас цаашид түрээслэн ажиллуулах боломжгүй болсон тул Б.М-тэй харилцан ярилцаж дараагийн түрээслэгчийн төлсөн төлбөрөөс үлдэгдэл тооцоог төлж дуусгахаар тохиролцсон. Б.М- нь тухайн цайны газрыг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс н.Уламбаяр гэх хүнд түрээслүүлж сарын 1.300.000 төгрөгөөр тооцож зургаан сарын төлбөрт 7.800.000 төгрөг авсан байсан. Гэтэл Б.М- үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Миний данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч нь энэ оны 6 дугаар сард 3.600.000 төгрөгийг бэлнээр надад өгсөн.
Иймд Б.М-ээс миний өгсөн нийт 12.500.000 төгрөгөөс түрээсэлсэн төлбөр 300.000 төгрөг, эргүүлэн өгсөн 5.600.000 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр 6.600.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.М- шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, бага тойруугийн 28 дугаар байр, 30 тоотод байрлах цайны газрыг засварлахыг дүү Б.Мөнх-Эрдэнэд даатгасан. Гэтэл Д.Оюунгэрэл гэгч өөрөө засвар хийн улмаар түрээслэн ажиллуулна гэсэн. Түрээсийн төлбөртөө засварын зардлыг тооцохоор тохирсон байсан. Д.Оюунгэрэлийг бусдын эд хөрөнгийг ашиглан залилан мэхэлсэн асуудлаар нь цагдаад хандах гэтэл С.М болиулсан. Тэрээр би түрээслэнэ, таныг хохироохгүй гэсэн. Удалгүй нөгөө С.М нь би болилоо, н.Уранбаяр гэх эмэгтэйд түрээслүүлэхээр боллоо гээд алга болсон. Одоо н.Лхагвасүрэн гэдэг хүнд түрээслүүлнэ гээд шилжүүлсэн. Гэтэл н.Лхагвасүрэн нь бас түрээслэхээ больсон. С.М нь н.Лхагвасүрэнгээс 4.100.000 төгрөг авсан байсан. Би С.Мтэй гэрээ хийгээгүй, түүнд мөнгө төлөх үүрэг байхгүй. Харин С.Мт 6.600.000 төгрөг өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Б.М- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би Д.Оюунгэрэл, С.М нартай түрээсийн гэрээ байгуулаагүй. Гэхдээ С.Мт мөнгө өгөх ёстой юм байлгүй гэж бодоод н.Уранбаяраас авсан 2.000.000 төгрөгийг өгсөн. Лхагвасүрэнгээс эхлээд 500.000 төгрөг, дараа С.Мт 3.600.000 төгрөг өгсөн. Мөн түрээсийн гэрээтэй н.Уранбаяраас ашиглалтын зардал 788.615 төгрөгийг би авах ёстой байтал С.М би аваад явуулчихлаа гэсэн учир тэр мөнгийг надад өгөх ёстой. Иймд н.Уранбаяраас авсан 2.000.000 төгрөг, н.Лхагвасүрэнгийн мэдүүлгээр нотлогдож байгаа 4.100.000 төгрөг, Уранбаярын төлөх ёстой, өмнөөс нь тооцоо хийхээр тохирсон 788.615 төгрөг, нийт 6.888.615 төгрөгийг С.Мээс нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч С.М сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.Мөнх-Эрдэнэ Д.Оюунгэрэлээс 1.500.000 төгрөг аваад Оюунаатай бүрэн тохиролцсон танайх ажилла гэсний дагуу бид ажиллаж эхэлсэн. Түрээслүүлэгч Б.М- өөрөө хүлээн зөвшөөрч манайхаас түрээсийн үлдэгдэл болох 1.000.000 төгрөг авсан. Манай мөнгийг дараагийн түрээслэгчээс авч өгнө гэдгээ Б.М- удаа дараа тохиролцсон. Тохиролцсоны дагуу манайд 5.600.000 төгрөгийг төлсөн. Энэ нь 4 дүгээр сарын 9-өөс 11 дүгээр сарын 09 хүртэл 7 сарын хугацааны түрээсийн мөнгийг манайд өгнө. Дээр нь нэмээд 400.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Үүнийгээ мессеж хэлбэрээр баталгаажуулсан байгаа. Д.Оюунгэрэлээс хүлээж авсан юмаа мэдэж байгаа юм чинь Уранбаярт хүлээлгээд өгчих гэсний дагуу гуанзны эд хогшлыг Уранбаярт хүлээлгэн өгсөн. Уранбаяраас хүлээж авах үед Б.М- өөрөө байсан. Уранбаяртай тооцоо дууслаа гээд түлхүүрээ өөрөө аваад явсан. Уранбаяр харин Б.М-ээс сүүлийн түрээсээ 1.000.000 төгрөг болгоно гэсэн шүү гээд 300.000 төгрөг нэхэж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэжээ
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01134 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар Б.М-ээс 6.100.000 төгрөгийг гаргуулж С.Мт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 500.000 төгрөг, хариуцагч Б.М-ийн 6.100.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Мээс төлсөн 120.550 төгрөг, хариуцагч Б.М-ээс төлсөн 125.168 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Б.М-ээс 112.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Мт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 15.999 төгрөг 84 мөнгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 данснаас буцаан гаргуулж хариуцагч Б.М-т олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2018/01375 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01134 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч С.Мийн хариуцагч Б.М-ээс 6.600.000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Б.М-ийн нэхэмжлэгч С.Мээс 6.100.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.550 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 13-ны өдрийн 1375 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол дараах үндэслэлээр гаргаж байна.
Анхан шатны шүүх гэрч Д.Оюунгэрэл болон Б.Мөнх-Эрдэнийн (хариуцагч Б.М-ийн төрсөн дүү) “...цайны газарт хийсэн засварыг 10 сая төгрөг гэж тооцож, түүнээс илүү 1,5 сая төгрөгийг авсан, өгсөн...” гэх гэрч нарын мэдүүлэг, хариуцагч Б.М-ийн өмчлөлийн цайны газарт Д.Оюунгэрэлийн хийсэн 10 сая төгрөгийн засвар нь тус цайны газарт хөрөнгө оруулалт болж үр шим нь хариуцагчид бий болсон, нэхэмжлэгч С.М 11,5 сая төгрөг Д.Оюунгэрэлд төлснөөр хариуцагч нь Д.Оюунгэрэлд төлөх засварын зардал төлөх үүргээс чөлөөлөгдсөн, нэхэмжлэгч С.М хариуцагч Б.М-ээс шаардах эрх үүссэн байна гэж хууль хэрэглэж зөв шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх “мэргэжлийн" байж чадсангүй. Магадлалын “хянавал" хэсгийн дараагийн хэсэгт маргааны үйл баримтуудыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсгийг нийцээгүй талаар хэд хэдэн дүгнэлт хийгээд эцэст нь “...496.1 дэх заасан үндэслэлгүй тул...” гээд шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 болон 496.2 дах хэсгийг Анхан шатны шүүх шийдвэрийн дүгнэлт, тогтоох аль ч хэсэгт үндэслэл болгоогүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, мөн түүнчлэн анхан болон давж заалдах шүүх хуралд зохигчид хуулийн энэ зүйлийг зааж мэтгэлцээгүй. Магадлалыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие гардан авсан бөгөөд гомдол бичих явцад магадлалд шүүхийн тамга, шүүгч нар гарын үсэг зурагдаагүйг анзаарч харсан болно. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг хангасан хэлбэрээр үнэлж чадаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа гаргасан гэж үзнэ.
Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 13-ны өдрийн 1375 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01134 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Хариуцагч Б.М- нь нэхэмжлэгч С.Мийн нэхэмжилсэн 6.600.000 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч улмаар 6.100.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс 6.100.000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгч нар гарын үсэг зураагүй, шүүхийн тамга дарагдаагүй...” талаар дурдаж, гардаж авсан гэх магадлалыг хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3.-т “магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болно”, 167.4.-т “магадлал хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэж заасан ба магадлалыг зохигч энэ хуулийн 119.4-т заасны дагуу гардан авах, эсхүл шүүх энэ хуулийн 119.5-д заасны дагуу зохигчид хүргүүлнэ” гэжээ.
Магадлалыг хэргийн оролцогчдод гардуулсан буюу хүргүүлсэн тухай баримтад “...магадлал 2018 оны 6 дугаар сарын 26-ний өдөр ёсчлогдсон” талаар дурдсан байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргал 2018 оны 7 дугаар сарын 3-ний өдөр гардан авсан байна /хэргийн 108 дугаар тал/.
Давж заалдах шатны шүүх хуулийн шаардлага хангасан магадлалыг нэхэмжлэгчид гардуулаагүй нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Давж заалдах журмаар хянан шийдвэрлээгүй хэргийг хяналтын шатны шүүх хэлэлцэхгүй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3-т заасан, нэхэмжлэгчид хуулийн шаардлага хангасан магадлалыг гардуулаагүй тохиолдолд нэхэмжлэгчийн гомдлын талаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй болно.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.5.-т зааснаар шүүх хуралдаанд хэргийг нэг шүүгч илтгэх ба дараа нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тайлбар гаргах, харилцан асуулт тавих бөгөөд хэргийн материалыг судалснаар шүүх хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөнө. Хэргийг хэлэлцэхдээ давж заалдах шатны шүүх зохигч талуудад харилцан асуулт тавих боломж олгосон эсэх нь тодорхой бус, энэ талаар тэмдэглэлд тусгагдаагүй байгааг анхаарах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2018/01375 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 112.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ