Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01820

 

Зам тээврийн хөгжлийн яамны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/01650 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1670 дугаар магадлалтай,

Зам тээврийн хөгжлийн яамны нэхэмжлэлтэй,

“Ч” ХХК-д холбогдох,

Ажлын доголдол арилгах зардалд 10.945.921.481 төгрөг гаргуулах тухай үндсэн,

ажлын хөлсний үлдэгдэл, нэмэлт ажлын хөлс 3.641.936.199 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа, Д.Оюунсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинбат, өмгөөлөгч М.Цэрэндаваа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Зам тээврийн хөгжлийн яам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус яам нь гүйцэтгэгч Ч ХХК-тай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай автозамын барилгын ажил гүйцэтгэх 83-р гэрээг 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, уг гэрээг шинэчлэн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр С-АЗ-Б 2014-135/163 дугаар гэрээ байгуулсан. Дээрх ажилд хяналт тавих үүрэг бүхий зөвлөх компани буюу Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв улсын үйлдвэрийн газрын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/545 тоот албан бичгээр гүйцэтгэгч компани нь чанар байдлын дүгнэлт гаргах багаас өгсөн даалгаврын дагуу чанаргүй гүйцэтгэсэн ажлыг засч дуусгасан тул авто замыг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 435 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн чанар байдлын дүгнэлтээр илэрсэн зөрчил, дутагдал бүрэн арилаагүй гэж дүгнэсэн тул өмнө нь илэрсэн зөрчлийг арилгах үүргийг гүйцэтгэгч компанид өгсөн. Түүнчлэн Зам, тээврийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 9 дүгээр тушаалаар байгуулагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд хэрэгжсэн төсөл арга хэмжээний гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ дүгнэх ажлын хэсгээс чанар байдлыг тогтоох багийн гаргасан үүрэг даалгаврын биелэлтийг ирүүлэх, гэрээний хугацааг сунгахгүй алданги тооцох, хөндлөнгийн шинжээчийг томилж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу тухайн замд хяналт тавин ажилласан Зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 40 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсгийн гаргасан дүгнэлтэд 12.8 км замын хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтыг шинээр хийх, үлдэгдэл 37.2 км замд 3 см зузаан өнгө үе хийх шаардлагатай гэж үзэн 10.945.921 481 төгрөгөөр гүйцэтгэх тооцоо гаргасан. Мөн ажлын хэсгээс өгсөн үүрэг, даалгаварт заасан зөрчил, дутагдал арилгах арга хэмжээг гүйцэтгэгч аваагүй болохыг тогтоосон.

Иймд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулахад шаардлагатай 10.945.921.481 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ч” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын далан, суурийн ажлыг Насны зам ХХК нь 2008 оноос 2010 онуудад хийж гүйцэтгээд Зам, тээврийн яамны хяналтаар баталгаажин, Сангийн яамнаас 100 хувь санхүүжилт авч улсын комисст хүлээлгэн өгсөн гэх ажлыг үргэлжлүүлэн зөвхөн буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтын ажил хийх тендерт Ч ХХК 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр оролцсон. Ингээд Зам, тээврийн яам, Худалдан авах ажиллагааны газартай 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 12.565.165.875,36 төгрөгөөр санхүүжигдэх төсөл гүйцэтгүүлэхээр 83 тоот гэрээ байгуулсны дагуу авто зам барилгын ажлаа эхлэхэд далан болон суурийн ажил, хоолойнууд нь дутуу, чанарын шаардлага хангаагүй ноцтой зөрчлүүд илэрсэн. Насны зам ХХК нь далан болон хоолойнуудын ажлаа улсын комисст хүлээлгэн өгсөн боловч улсын комиссын актыг өнөөдрийг хүртэл манай компанид өгөөгүй. Зам тээврийн яам нь Насны зам ХХК далангийн ажлыг чанаргүй хийснийг илрүүлсэн атлаа уг замын ажлыг Насны зам ХХК-аар хийлгэж дуусгалгүй гэрээгээ цуцалж 100 хувь санхүүжилт өгсөн. Гэвч бидний хувьд нэгэнт гэрээ хийсэн учир 2013 оны 6 дугаар сараас 2015 оны 6 дугаар сар хүртэл ажиллахдаа захиалагчаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, өөрийн хөрөнгөөр гэрээнд заагаагүй илүү ажлыг хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөх гэсэн боловч үндэслэлгүй шалтгаанаар гүйцэтгэсэн ажлыг хүлээж авахгүй, 2.3 тэрбум төгрөгийг Зам тээврийн яам өгөөгүй. Захиалагчийн зүгээс замын чанарт хяналтын инженер томилж, манай компани өдөр тутмын хяналтын дор ажилласан. Зам тээврийн яам, Зам тээврийн яамны хөгжлийн төвөөс томилогдсон хяналтын инженерүүд нь 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/23 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт хяналтын багийн инженерүүдийн ажиллах журмаа мөрдөн ажилласан. 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажлын талбай дээр захиалагчийн техник, ашиглалтын түвшин тогтоох баг ажиллаж холбогдох үүрэг даалгавар өгч, бид техникийн шаардлагын дагуу 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны хооронд ажлаа гүйцэтгэсэн. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Зам тээврийн яамнаас улсын комисс томилогдон 10 дугаар сарын 15-ны өдөр 50 км замыг нийтэд нь дахин 3 см хучих үүрэг өгсөн. Манай компани захиалагчийн техник, ашиглалтын түвшин тогтоох багийн өгсөн даалгаврын дагуу асфальтбетон хучилтад торон хагарал үүссэн хэсгүүдэд засварын ажил хийсэн. Хагарал үүссэн шалтгаан нь өмнөх ажил гүйцэтгэсэн Насны зам ХХК замын даланг чанаргүй хийснээс болсон. Өмнө нь 12.832 метр газарт хөлдөлтөөс хамгаалах үе болон буталсан чулуун суурь бүрэн сольж хучилт хийх шаардлагатай гэсэн бол одоо 60-100 см гүнд болгосон нь өмнөх компанийн ажлын чанарыг илүү тодотгож өгсөн. Автозамын эвдрэл үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн буюу даланг чанаргүй гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, захиалагчийн өдөр тутмын хяналт тавьж байсан хяналтын инженерт хариуцлага тооцохгүйгээр манай байгууллагаас 10.945.921.481 төгрөгийг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын асфальбетон хучилтын ажлыг гүйцэтгэхдээ тендерийн гэрээнд тусгагдаагүй боловч даланг засах нэмэлт ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж, ажлын зардал 1.800.136.187,49 төгрөг болсныг зөвлөх компани буюу Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хяналтын инженерүүд баталгаажуулан захиалагчид хүргүүлсэн. Хэдийгээр ажлын гологдол нь өмнөх компанийн гүйцэтгэсэн ажлаас хамааралтай боловч захиалагчаас өгсөн үүрэг даалгаврын дагуу барзгаржилттай хэсэгт буюу асфальтын зузаан хангалтгүй цэгүүдэд 1.3 км-т 3 см асфальт дэвсэн торон хагарал үүссэн газруудын далангийн суурь бүтцийг засан дахин хучилт хийсэн ажлын зардалд 2014 онд 391.602.471.68 төгрөг, 2015 онд 161.799.757,17 төгрөг, гэрээнд тусгагдаагүй хоолойн ажил 18.826.696 төгрөг, 2014 оны хяналтын инженерийн зардал 13.054.600 төгрөг дээр 2013, 2014 онд илүү хийж гүйцэтгэсэн ажлын зардлын хамт нийт 2.385.419.712 төгрөгийн зардлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн тул үүнийг Зам тээврийн хөгжлийн яамнаас нэхэмжилж байна. Мөн тендерийн ажлын хүрээнд гүйцэтгэх ажлаа манайх 100 хувь гүйцэтгэсэн боловч санхүүжилтийн 90 хувиар санхүүжигдсэн тул үлдэх 10 хувь буюу 1.256.516.487 төгрөг дээр өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн дээрх 2.385.419.712 төгрөг, нийт 3.641.936.199 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яам сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ч ХХК нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэх 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан С-АЗ-Б 2014-135/163 дугаар гэрээний 2.3 дахь заалтын дагуу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулахаар үүрэг хүлээсэн байтал өнөөдрийг хүртэл улсын ашиглалтад хүлээлгэн өгөөгүй. Мөн тус зам, барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн Эм Си Пи Жи Ар ХХК-ийн 8 дугаар сарын 29-ний өдрийн барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн дүгнэлтээр нийт 31 зөрчил, дутагдал илэрсэн. Тус компанид зөрчил дутагдлаа арилгаж авто замыг улсын ашиглалтад оруулах талаар удаа дараа албан бичиг хүргүүлсэн ч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэлгүй. Мөн нэхэмжилсэн үнийн дүнг ямар баримт, материалыг үндэслэн нэхэмжилсэн талаар нотлох баримтгүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг хариуцагч зөрчсөн тул сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/01650 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар хариуцагч Ч ХХК-д холбогдох 10.945.921.481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яамны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яамнаас 3.050.175.738 төгрөг гаргуулж, хариуцагч Ч ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ч ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас дутуу орхисон ажлыг гүйцэтгэсэн хөлсөнд 2014 онд 391.602.471 төгрөг, 2015 онд 161.799.757 төгрөг, гэрээнд тусгагдаагүй 2 хоолой нэмж суурилуулсан ажлын хөлсөнд 18.826.696 төгрөг, Зам тээврийн яамны хяналтын инженерийн зардалд 13.054.419 төгрөг, нийт 585.283.343 төгрөг гаргуулах хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18.367.631 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 15.408.828.69 төгрөг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1670 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/01650 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-Ны өдрийн 1670 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

“Авто тээврийн хөгжлийн төв" УҮГ болон захиалагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж замын ажлын чанарт нэг удаагийн шалгалт, 2 удаагийн шинжээчийн дүгнэлтүүдээр “Насны зам” ХХК-ийн гүйцэтгэсэн далангийн ажил доголдолтой хийгдсэн болох нь тогтоосон. Үүнд: Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн №07/096/210 тоот дүгнэлтэд: “Материалын урсалтын хязгаар 35%, уян налархай индекс 6%-иас их, ачаа даацын хязгаар 30%-иас бага байгаа нь замын тус хэсэгт зураг төсөл, техникийн шаардлага хангахгүй материалаар далангийн дүүргэлтийн ажил гүйцэтгэгдсэн нь торон хагарал үүсч, эвдрэл гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна“ гэж дүгнэсэн. Хөндлөнгийн шинжээч Лабо ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн дүгнэлтэд: Цаашид далан, хөлдөлтөөс хамгаалах үед хэсэгчилсэн буюу бүрэн солилт хийсний үндсэн дээр асфальт дэвсэх шаардлагатай гэж үзэж байна гэжээ. Зам, тээврийн яамны “Хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын ажлын хэсгийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №1/451 тоот дүгнэлтэд: “Далангийн дүүргэлтийн материал нь 10-45%-ийн шаварлаг уян налархай индекс 7-22% байгаа нь техникийн шаардлагад заасан уян налархайн индекс 7-оос бага байна гэсэн заалт зөрчигдөж байна...” гэж дүгнэсэн. Тус дүгнэлт гаргуулах хүсэлтийг хэргийн оролцогч биш.Зам Тээвэр Хөгжлийн Яамны төрийн нарийн бичгийн дарга гаргасан. Эдгээр дүгнэлтүүдэд асьвальт муугаас болж чанар муутай авто зам болсон гэж үзээгүй. Гэтэл дээрх дүгнэлтийг гаргасан Ц.Батжаргал нь “Насны зам” ХХК-ийг маргаан бүхий автозамын далангийн ажлыг гүйцэтгэж байх хугацаанд тухайн компанид өдөр тутмын хяналтын инженерээр ажиллаж байсан болохыг хөндлөнгийн шинжээч “Лабо” ХХК-ийн зөвлөх, Монгол улсын зөвлөх инженер, Шинжлэх ухааны доктор Ч.Лхагважав 2015 оны 06 дугаар сард гаргасан дүгнэлтдээ дурдсан байдаг. Зам тээврийн яамны ажлын хэсгийн ахлагч Ц.Батжаргалын хувьд тухайн ажлын хэсэгт орж ажиллахаас өөрөө татгалзах үүрэгтэй байтал хувийн сонирхлоор оролцож, өөрийн чанаргүй гүйцэтгэсэн ажлыг нуун дарагдуулж “Ч” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас автозамын барилгын ажил чанаргүй болсон гэх нөхцөл байдлыг бий болгохын тулд л зөвхөн ажилласан. Энэхүү нөхцөл байдлаас үзэхэд Зам, тээврийн яам болон инженер Ц.Батжаргалын хувьд ашиг сонирхлын болоод ёс зүйн зөрчилтэй үйл ажиллагаа явуулсан болох нь тодорхой харагдаж байна. Иймд Ц.Батжаргалын гаргасан дүгнэлт үндэслэлгүй болно. Монгол улсын Зам, тээврийн яамны 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/3731, 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3/3977, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6/6057 тоот албан бичиг зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар “Насны зам” ХХК-ийн далангийн гадаргууны ажил дутуу, доголдолтой хийгдсэнийг захиалагч гүйцэтгэгчид нэмэлт ажил гүйцэтгэхийг зөвшөөрч, Зөвлөх компаниас гаргасан тооцоо.гүйцэтгэл бичсэн байдал, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 115 дугаар тушаалаар “Насны зам” ХХК-ийн замын барилгын ажлын гэрээ цуцлагдсан байдал, “Насны зам” ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн актыг шүүхэд гаргаж өгөхгүй байгаа нь далан гүйцэтгэсэн компаниас доголдолтой эсвэл доголдолгүй хүлээж авснаа нотолж чадахгүй байдалд орсон зэргээс үзэхэд “Насны зам” ХХК-ийн дутуу ажил болон доголдлыг нэхэмжлэгч бодитоор хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх талуудын хүсэлтийг тухай бүр хүлээн авч, удаа дараа шинжээч томилж байсан дээрх асуудлыг нягтлан үзэхгүйгээр “дахин шинжээч томилох ёстой” гэсэн агуулгаар “шинжээч томилох хүсэлтийг хүлээн аваагүй” гэсэн дүгнэлт нь эрх зүйн ач холбогдолгүй гэж үзнэ. Нөгөөтэйгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэх бүрэн эрх нь давж заалдах шатны шүүхэд байгаа тул дээрх дүгнэлтүүдийг харьцуулан судалж үнэлж, дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд дахин шинжээч томилох шаардлага нь цаг хугацаа, үйл баримтын хувьд ч ач холбогдолгүй болсны дээр чухам ямар үндэслэлээр дахин шинжээч томилох шаардлагыг шүүх тодорхойлоогүй алдаа гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Насны зам” ХХК болон хэргийн оролцогчдоос “Насны зам” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй бөгөөд тухайн хэргийг шийдвэрлэснээр “Насны зам" ххк-ийн эрх ашиг зөрчигдөхгүй юм. Харин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон энэ нөхцөлд нэхэмжлэгч буруутай этгээдээс хохирлоо дахин нэхэмжлэх эрх нь нээлттэй. ИХШХШТХ-ийн 29.3-г хэрэгжүүлэхдээ эрх ашиг нь хөндөгдөж болохуйц этгээдийг шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болох хэдий ч заавал оролцуулах ёстой биш юм. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэгч, хариуцагчийн аль нэг талыг дэмжиж оролцдог ба ингэж оролцох эсэх талаараа өөрөө хүсэлт гаргах эсхүл хэргийн оролцогч хүсэлт гаргана. Хэрэв шүүх санаачилгаараа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг татан оролцуулбал мэтгэлцэгч аль нэг талд дэмжлэг үзүүлсэн асуудал болох бөгөөд мэтгэлцэх зарчмыг зөрчөөд зогсохгүй хөндлөнгийн байр сууриа шүүх алдах болно. Иймд шүүх санаачилгаараа гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг ноцтой зөрчжээ. “Ч” ХХК-ийн гүйцэтгэх Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай автозамын барилгын ажил нь талуудын маргаж буй “Насны зам” ХХК-ийн дутуу гүйцэтгэсэн 143 км замын ажилд “Ч” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил хамаарч байгаа талаар талууд маргадаггүй тул энэ талаарх баримт шаардлагагүй. Мөн тендерийн материалд “Ч” ХХК-ийн уг ажлын үр дүнгийн доголдол нь аль компанийн гүйцэтгэлээс шалтгаалсан эсэх үйл баримт байхгүй нь тодорхой тул тухайн баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт гэж үзэхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх өөрийн санаачилгаараа нотолгооны ажиллагаанд оролцох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6.4, 6.6-д заасан шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбар, нотлох баримтыг гагцхүү зохигч талууд гаргах зэрэг хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчим болон шүүгч хараат бус байх зарчмыг зөрчсөн шийдвэр гаргалаа.

Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1670 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №101/ШШ2018/01650 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Зам тээврийн хөгжлийн яам нь хариуцагч “Ч” ХХК-с 10.945.921.481 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 3.641.936.199 төгрөг шаардаж, сөрөг нэхэмжлэл гаргажээ.                                                                                                     

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, талуудын хооронд 2013 оны 05 дугаар сарын 21, 2014 оны 8 дугаар сарын 28-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч уг ажлыг 12.565.164.875 төгрөгөөр санхүүжүүлэхээр харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээний дагуу хариуцагч тодорхой ажил гүйцэтгэсэн, нэхэмжлэгч ажлын хөлсөнд 10.961.462.593 төгрөг төлсөн байх ба гүйцэтгэсэн ажил чанаргүй, улсын  комисс болон ажлын хэсгийн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр захиалагч 2015 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр гэрээг цуцалжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...гүйцэтгэсэн замын хучилт олон газраар хагарч эвдэрсэн, цаашид ашиглах боломжгүй тул шинээр гүйцэтгэх шаардлагатай” гэж тодорхойлсон бол хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...Насны зам ХХК-ийн гүйцэтгэсэн далангийн ажил чанарын шаардлага хангаагүйгээс хучилтын ажилд доголдол гарсан” гэж тайлбарлаж, зохигчид ажлын үр дүн доголдолтой эсэх талаар маргажээ.

Хариуцагчийн гүйцэтгэсэн ажил техникийн шаардлага, холбогдох норм, стандартын шаардлага хангасан эсэхийг тодруулахаар нэхэмжлэгч шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлт  гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзахдаа “...ажлын чанарын талаар 3 жилийн дараа шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход хамааралтай эсэх нь эргэлзээтэй” гэж үзжээ /хэргийн 5 дугаар хавтас 115-116 дугаар тал/.

Хариуцагч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч түүний гүйцэтгэсэн ажил зохих шаардлага хангаж буй эсэхийг шинжээчээр тодорхойлуулах шаардлагатай гэж үзсэн, энэ тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шинжээч томилох хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-т нийцээгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.-т заасан, зохигчийн хэн аль нь “Насны зам” ХХК-г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргаагүй байна.

Хариуцагч нь “...Насны зам ХХК-ийн гүйцэтгэсэн далангийн ажил шаардлага хангаагүй” гэж маргаснаас гадна нэхэмжлэгч нь “...дугуй хоолойн хэсэглэлийн ажил, хөлдөлтөөс хамгаалах үеийн шорооны ажил бүрэн санхүүжсэн тул хийгдээгүй хоолойн ажлыг хийж дуусган “Ч”  ХХК-д хүлээлгэн өгөхийг “Насны зам” ХХК-д 2013 оны 7 дугаар сарын 2-ний өдрийн 3/3977 тоот албан бичгээр мэдэгдэж байжээ /хэргийн 1 дүгээр хавтас 226-227 дугаар тал/.

Гэвч тус компани уг ажлыг хийж, хариуцагчид хүлээлгэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар татан оролцуулах учиртай” гэж томьёолсон нь буруу боловч  дээрх тохиолдолд анхан шатны шүүх гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт байгааг зохигч болон “Насны зам” ХХК-с тодруулах боломжоо хэрэгжүүлээгүйг зөвтгөх үндэслэлгүй юм.  

Дээр дурдсанаас гадна анхан шатны шүүх “ ...хариуцагч гэрээнд заагдаагүй боловч гэрээ хэрэгжих хугацаанд харилцан тохиролцсоны дагуу нэмэлт ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон” гэж үзэж, сөрөг нэхэмжлэлээс 1.800.136.187 төгрөгийн шаардлагыг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т заасан шаардлагад нийцээгүй байна.  

Өөрөөр хэлбэл, Авто замын хяналт, эрдэм шинжилгээ судалгааны төвийн 2013 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 1/864 тоот албан бичиг, хяналтын инженер Б.Болдын тооцоо, БУЗАХХ-н мэргэжилтэн С.Мөнхтуяагийн тайлбараар уг ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэх нь учир дутагдалтай юм.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2., 345.4-т “гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй”, “ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй” талаар тус тус гэж заасан.

“Ч”  ХХК нэмэлт ажлыг гүйцэтгэх төсвийг зохиохдоо үнэлгээг хэрхэн тооцсон,  захиалагч үнэлгээг хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байдал үүсч, гүйцэтгэх ажлын хэмжээ төсөв нэмэгдсэн бол захиалагч  нэмэгдсэн төсвийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хариуцах үүрэгтэй. Иймд ажлын гүйцэтгэлийн төсөв нэмэгдэх талаар ажил гүйцэтгэгч захиалагчид цаг тухайд нь мэдэгдсэн байх, захиалагч хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдох нь маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.

Ажил гүйцэтгэгч  ажлаа захиалагчид хүлээлгэн өгөөгүйгээс гадна  ажлын үр дүн доголдолтой нөхцөлд захиалагчаас ажлын хөлснөөс барьцаа болгон суутган авсан 1.250.039.551 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлагыг шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1670 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 15.408.828 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ