| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ядамсүрэнгийн Туул |
| Хэргийн индекс | 166/2017/0260/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 096.1., 147.2., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 39
С.С-, Т.Б- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Б.Манлайбаатар
Б.Батзориг
Прокурор Н.Дуламсүрэн
Шүүгдэгч Т.Б-
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.С-, Т.Б- нарын давж заалдах гомдлоор аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С-ын С-, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т-ын Б- нарт холбогдох эрүүгийн 201709000303 тоот 3 хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Урьд:
- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Б- овогт Т-ын Б- / РД:**********/
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Урьд:
- Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 103 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 25.000 төгрөгөөр торгох ялаар
- Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 356 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар
- Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 103 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 8 сар 4 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Б- овогт С-ын С- / РД:**********/
Т.Б-, С.С- нар нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 1а байрны арканд иргэн Д.Өлзийхүүгийн эд зүйлийг авахаар түүний амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж архи, гар утас, түрийвчтэй мөнгө, бичиг баримтыг дээрэмдсэн, С.С- нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Х.Сэрээтэртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж Дархан-Уул амйгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Т.Б-, С.С- нарт холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Т.Б-, С.С- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Т.Б-, С.С- нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар тус бүр 2 жилийн, С.С-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан С.С-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 7 жил 1 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 190 дугаар тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Т.Б-, С.С- нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Т.Б- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... Надад шүүхээс оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял хүнддэж байна. Яагаад би ганцаараа хохирогч Д.Өлзийхүүг дээрэмдэж байхад улаан цайм бүлэг гэж гүтгэн зөвхөн Д.Өлзийхүү гуайн худал олон янз ярьдаг мэдүүлгээр ял тулган яллаж байгаад гомдолтой байна. Миний энэхүү гомдлыг харгалзан үзэж хэргийг минь үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэжээ.
Шүүгдэгч С.С- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо:”... Анхан шатны шүүх хуралдаан дээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ удаа дараа мэдүүлсэн боловч ял оногдуулсан нь Эрүүгийн хуулиа зөрчин гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь ял оногдуулах ёстой байтал шударга ёсны зарчмыг зөрчиж байгаад гомдолтой байна. Намайг хилсээр гүтгэсэн хохирогч гээд байгаа Д.Өлзийхүү гуай ямар учраас намайг дээрэмдэх гэмт хэрэгт оролцоогүй байхад түрүүлээд гүйгээд явчихсан байхад улаан цайм байсан гээд мэдүүлээд эсвэл олон янзаар мэдүүлсээр байгаа яагаад шийтгэх тогтоол дээр бичдэггүй юм бэ. Надад хохирогч Х.Сэрээтэрийг санаатайгаар хутгалж амь насанд нь халдан хохироох ямар нэгэн муу атгаг санаа зорилго байгаагүй. Х.Сэрээтэр урьд өмнө надтай харьцдаггүй байсан мөртлөө тухайн өдөр яагаад ямар санаа агуулж намайг гэртээ дагуулж очин агсам согтуу тавьж, доромжлон улмаар бие махбодид минь хүйтэн мэс хүргэж хэрэг үүсгэх нөхцөл байдал үүсгэсэн нь хачирхалтай санагдаж байна. Яг өнөөдрийн байдлаар миний хүү н.Хүслэн зүрхний хүнд өвчний улмаас биеийн байдал нь хүнд байна. Миний энэхүү гомдлыг харгалзан үзэж гомдлыг минь барагдуулж өгнө үү.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Б-: Би бичиг үсэг мэдэхгүй, бага боловсролтой болохоор давж заалдах гомдолд юу гэж бичигдснийг мэдэхгүй байна. Давж заалдах гомдлыг С.С- бичсэн гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Дуламсүрэн гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Шүүгдэгч гомдолдоо “дээрмийн гэмт хэрэгт оролцоогүй байхад оролцсон гэж байгаад гомдолтой байна” гэдэг. Хохирогч н.Өлзийхүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “эрэгтэй нь түрийвч, гар утсыг авсан, эмэгтэй нь кармаг нь ухсан” гэдэг. Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нарын дээрмийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Х.Сэрээтэр тухайн үед С.С-тай таарсан бөгөөд н.Ундралтай хувийн харилцаатай байсан. Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдын хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогчийн цээжин тус газар нь хутгалж хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан. Шүүгдэгч Т.Б-т холбогдох С.С-ыг зодсон хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгээд одоо шүүхэд шилжсэн байна. Анхан шатны шүүх Т.Б-өд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй байна. Иймд энэ хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж нэгтгэн шийдвэрлэх нь шүүгдэгч нарт ашигтай, тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэж байна. Иймд хэргийг шүүхийн шатанд нэгтгэх үндэслэлгүй тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг нэгтгэж шийдвэрлэх үүднээс хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах саналтай байна гэв.
Тодорхойлох нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Дуламсүрэн нь шүүгдэгч С.С-, Т.Б- нарт холбогдох 201709000303 тоот хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 112 дугаар шийтгэх тогтоол гарсны дараа дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө шүүгдэгч Т.Б-ийн үйлдсэн эрүүгийн 1718004480120 тоот хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгч С.С-ын үйлдсэн эрүүгийн 1818002210138 тоот хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татсан хэрэг нь одоо прокурорын хяналтанд шилжиж ирсэн байгаа тул дээрх хэргүүдтэй С.С-, Т.Б- нарт холбогдох 201709000303 тоот хэргийг нэгтгэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байгаа тул хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах хүсэлт гаргаж холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгснийг давж заалдах шатны шүүх хүлээн авч дээрх хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2-д зааснаар нэгтгэн шийдвэрлэх нь шүүгдэгч С.С-, Т.Б- нарын эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэсэн прокурорын санал үндэслэлтэй байгаагийн зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ 1-д заасныг журамлан шүүгдэгч С.С-, Т.Б- нарт шүүхээс оногдуулсан ялыг нэгтгэн шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.С-, Т.Б- нарт холбогдох хэргийг прокурорын саналыг үндэслэн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж байгаа тул шүүгдэгч нарын давж заалдах гомдлын үндэслэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.С-, Т.Б- нарт холбогдох 201709000303 тоот эрүүгийн 3 хавтас хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.
2.Шүүгдэгч С.С-, Т.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үлдээсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Б.БАТЗОРИГ