Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2018/01791

 

Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01149 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1515 дугаар магадлалтай,                                                              Б ын нэхэмжлэлтэй,

            “Т ” ХХК, иргэн Н , Н , Ж нарт холбогдох

             Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, хариуцагч “Т ” ХХК-ийн өмгөөлөгч Э.Уянгасайхан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранмандах, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Дорж, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнхийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Т ” ХХК нь Ж.Наранмандахтай харилцан тохиролцож Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот 69.02 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 800,000 төгрөгөөр, нийт 55,216,000 төгрөгт тооцож Ж.Наранмандахын өмчлөлд шилжүүлэх, Ж нь “Т ” ХХК-д газрын эрх шилжүүлэхээр тохиролцсон. 2010 онд тус байр ашиглалтад орж, Ж 112 тоотод нүүж орсон боловч бартерт өгөх газраа “Т “ ХХК-ийн эзэмшилд шилжүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Тухайн газрыг манай компанид шилжүүлсэн тохиолдолд Ж.Наранмандахад 112 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй байсан болно. Ж нь байр чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад олдоогүй тул 2016 оны 04 сарын 14-ний өдрийн 102/ШЗ2016/13458 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар миний бие дээрх хаягт хэн амьдарч байгааг тус дүүргийн 1 дүгээр хорооноос тодруулахад Н , Н  нар амьдарч байгаа талаар тодорхойлолтыг өгсөн. Иймд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот орон сууцыг Н , Н , Ж нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.          

Өмнөх 2018 оны 03 сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Өмнө нь Даваасүрэн гэх хүн “Т ” ХХК-ийн захирал байсан. Энхцацралтай гэрээний маргаан үүсгэж Ж маргалддаг бөгөөд тухайн маргаан бүхий цаг хугацаа буюу 2010 оны үйл явдлуудад Сономцэрэн нь “Т ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байсан тухай баримт нь шүүхэд ирсэн байгааг харгалзан үзнэ үү. Мөн Ж нь “Т ” ХХК-ийн захирал Сономцэрэнд 60,000,000 төгрөг өгсөн гэж тайлбарлаж буй боловч уг үйл баримтыг нотлох баримт хэрэгт байхгүй, уг үйл баримт нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н , Н  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ж.Наранмандахын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Иргэн Ж миний бие 2010 онд өөрийн найз “Т ” ХХК-ийн захирал н.Сономцэрэнтэй харилцан тохиролцож Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот 69.02 м.кв талбай бүхий орон сууцыг өөрийн эзэмшлийн газраар бартер хийх, 1 м.кв-ыг нь 800,000 төгрөгөөр тооцон нийт 55,216,000 төгрөгөөр авахаар тохирсон билээ. Ингээд явцын дунд Сономцэрэн уг газрыг авахгүй болсноор миний бие Олимп хотхоны ажлын байранд нь Сономцэрэнд 60,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг 2 өрөө орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн гэжээ.

 

Хариуцагч “Т ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайханы шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүрэг, 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолтод Жамъянсүрэнгийн Наранбат гэх нэрийг Наранбатын Тулга гэх нэрээр хорооны тодорхойлолтод нэр нь буруу бичигдсэн байна. “Т ” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа ирсэн бөгөөд 2008 онд Даваасүрэн нь “Т ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан бөгөөд Сономцэрэн нь “Т ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр хожим буюу 2014 оны 04 сарын 22-ны өдөр бүртгүүлсэн байна. Үүнээс харахад тухайн маргаан бүхий цаг хугацаанд Сономцэрэн нь “Т ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй буюу бусадтай хэлцэл хийх эрхгүй этгээд байсан гэдэг нь уг лавлагаагаар нотлогдож байна. Иймд Сономцэрэн болон Ж нарын хоорондох 60,000,000 төгрөгийн асуудал нь энэ иргэний хэргээс тусдаа буюу нэхэмжлэлийн шаардлагаас гадуур байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд “Т ” ХХК-ийн зүгээс татгалзах зүйл байхгүй. Улсын Дээд шүүхийн 2017 оны 251 дүгээр тогтоолд дурдсанаар “Т ” ХХК-ийн зүгээс хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардаж байсан боловч энэ талаар холбогдох нотлох баримт байхгүй. Үүнийг Ж нар нь татгалзаж ямар нэгэн байдлаар маргаагүй. Маргаан бүхий цаг хугацаанд тухайн байранд Тулга, Наранцэцэг нар амьдарч байсан. Шинээр ирсэн нотлох баримтуудаар Ж нь тухайн 112 тоотод амьдарч байгаагүй бөгөөд амьдарч байсан эсэхийг нотлох баримт хэрэгт байхгүй. Харин Энхцацрал нь 2011 онд шилжсэн бөгөөд Энхцацралын өмчлөл буюу улсын бүртгэлийн талаар маргаж байгаагүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой бие даасан шаардлага гаргаагүй учраас бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01149 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 250 дугаар зүйлийн 250.1-д заасныг баримтлан Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот орон сууцыг хариуцагч Н , Н , Ж.Наранмандах, “Т ” ХХК-иудын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

                                               

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1515 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01149 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Наранмандах, Н , Н  нарын хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот орон сууцыг чөлөөлсүгэй” гэж, 2 дахь заалтаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 434,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Наранмандах, Н , Н  нараас 434,030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б д буцаан олгосугай” гэж нэмж өөрчлөн, 2, 3, 4 дэх заалтыг 3, 4, 5 гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Доржийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсгийг үндэслэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1515 дугаартай магадлалд гомдол гаргаж байна.

Нэг. Давж заалдах шатны шүүхээс Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.2 дахь хэсгийн “Иргэний хуулийн 183.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно” хэмээх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл нь нэхэмжлэгч Ж.Энхцацрал нь “Т ” ХХК-ийн эд хөрөнгө, орон сууц хариуцсан орон тооны ажилтан байсан тул 112 тоот орон сууцны үнийг Ж төлснөөр Иргэний хуулийн 112-р зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар “Эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шинэ өмчлөгч болсон Ж.Наранмандахад шилжсэн” гэдгийг мэдэх бололцоотой, мэдэж байсан байх магадлалтай. Тиймээс үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан гэх утгаар эрх шилжүүлэн авч буй Ж.Энхцацралын хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцоход эргэлзээ үүсэх учиртай. Давж заалдах шатны шүүхээс 112 тоот орон сууцны эрхийн улсын бүртгэл Ж.Энхцацралын хувьд үнэн зөв гэж тооцон түүнийг хууль ёсны өмчлөгч гэж үзсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.2 дахь заалт, түүнчлэн Иргэний хуулийн 183.1 дэх хэсгийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлтэй байгаа юм.

Хоёр. Магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтад тус тус үл нийцсэн гэх үндэслэл нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 43.7 дахь заалтаар Баярмаа нь гэрч болох үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаас түүнд хууль сануулан гэрчээр мэдүүлэг авсан баримт бол нотлох баримтын ач холбогдолтой зүйл мөн байтал давж заалдах шатны шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан Ж нь маргааны зүйл болж буй орон сууцны үнэ 60,000,00 төгрөгийг тухайн цаг үеийн өмчийн эзэн, одоо ч захирал хэвээр байгаа “Т ” ХХК-ийн захирал Сономцэрэнд өгсөн эсэх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхэд, дараах асуултууд гарч байна. Хэрвээ Ж нь Сономцэрэнд 60,000,000 төгрөг өгөөгүй байсан бол “Т ” ХХК-ийн зүгээс Ж.Наранмандахыг 112 тоот орон сууцандаа 2010 оноос хойш 5-6 жил ямар ч хэл амгүй зүгээр л суулгаад байсан байж таарах уу? Ж.Наранмандахын хувийн байдлаас харахад, найз гэх Сономцэрэнгээ ор үндэсгүйгээр гүтгэж, би түүнд 60,000,000 төгрөг өгсөн гэж шүүхэд худал мэдүүлэг өгөөд сууж байх хүн мөн үү? “Т ” ХХК-ийн захирал Сономцэрэн нь Ж.Наранмандахаас 60,000,000 төгрөг үнэхээр аваагүй байсан бол шүүхэд маргаан эхэлснээс хойшх хугацаанд Ж.Наранмандахад “гүтгүүлээд” ямар ч тайлбар өгөхгүй чимээгүй яваад байж таарах уу? Ж.Наранмандахын зүгээс Сономцэрэнг шүүхэд гэрчээр оролцуулах хүсэлт удаа дараа гаргаж байсан боловч “Т ” ХХК-ийн талаас Сономцэрэнг гадаадад байгаа, ажлаа хийхгүй байгаа гэх зэргээр худал үнэн шалтаг тоочиж, анхан шатны шүүх хуралдаанд оролцуулахаас зайлсхийж байсныг харгалзан үзвэл, Сономцэрэн нь Ж.Наранмандахаас 60,000,000 төгрөг үнэхээр авчихсан юм биш үү? Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Сономцэрэн нь “Т ” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд өнөөгийн захирал мөн гэдэг нь нотлогдож байхад “Т ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Уянгасайхан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “Ц.Сономцэрэн нь “Т ” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд биш” хэмээн илт худал мэлзэж байгаагийн цаад учир юу вэ? гэх зэрэг хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд анхааран үзвэл зохих олон асуулт гарч байгаа юм. Гэтэл эдгээр эргэлзээтэй асуултад давж заалдах шатны шүүх хайхрамжгүй хандаж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж чадаагүй. Харин анхан шатны шүүх дээрх эргэлзээтэй асуултад анхааралтай хандаж, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлсэн гэж үзэж байна. Иймд хяналтын шатны шүүхээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1515 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                       ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б  нь хариуцагч Н , Н , Ж.Наранмандах, “Т ” ХХК-иудад холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч “Т ” ХХК хүлээн зөвшөөрч, харин хариуцагч Н , Н , Ж нар эс зөвшөөрч, “...Ж 2010 онд өөрийн найз “Т ” ХХК-ийн захирал н.Сономцэрэнтэй тохиролцож, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот 69.02 м.кв талбай бүхий орон сууцыг өөрийн эзэмшлийн газраар бартер хийх, эсхүл 1 м.кв-ыг нь 800,000 төгрөгөөр тооцон нийт 55,216,000 төгрөгөөр авахаар тохирсон, ... Сономцэрэн уг газрыг авахгүй болсноор түүний Олимп хотхоны ажлын байранд нь Сономцэрэнд 60,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, … орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн” гэж маргажээ.

Анхан шатны шүүх Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот орон сууцыг хариуцагч Н , Н , Ж.Наранмандах, “Т ” ХХК-иудын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.                                             

Давж заалдах шатны шүүх хариуцагч Ж.Наранмандах, Н , Н  нарын хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот орон сууцыг чөлөөлж, хариуцагч “Т ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасны дагуу эдлэх эрхийг анхан шатны шүүх зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 168 дугаар зүйлийн 168.1.3-т нийцээгүй гэж үзнэ.

 Нэхэмжлэгч Б  нь хариуцагч “Т ” ХХК-тай 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар барих гэрээ”–гээр маргааны зүйл болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар байрны 112 тоот 2 өрөө орон сууцыг 69,200,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн Ү-2205041170 дугаарт орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгосон ба энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болжээ.

Хариуцагч Ж нь “Т ” ХХК-тай дээрх орон сууцны үнийг 55,216,000 төгрөгөөр тооцон, энэ төлбөрийг Ж газрын эрхээ шилжүүлэх, “Т ” ХХК газрын эрхийг эзэмшилдээ авсны дараа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон, Ж орон сууцыг 2010 онд эзэмшилдээ авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

“Т ” ХХК нь орон сууцыг газраар солихоос татгалзсанаас Ж нь орон сууцны үнэ 60,000,000 төгрөгийг 2010 онд “Т ” ХХК-д төлсөн тухай үйл баримтын талаар хоёр шатны шүүх өөр, өөр дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан, харин хариуцагч нь орон сууцны үнийг Сономцэрэнд төлсөн гэсэн тайлбар, татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгч нь гэрчээр иргэн Сономцэрэнг асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй орхисон үндэслэл нь ойлгомжгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ. Учир нь, хүсэлт гаргагч нь тухайн гэрчийн хаягийг хариуцагч “Т ” ХХК-аас тодруулах боломжтой тухай тайлбар гаргасныг шүүх тодруулалгүй орхигдуулсан нь буруу юм. Түүнчлэн хариуцагч Ж нь хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байна. /Iхх-18,194,195/

Маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч нар хууль бусаар эзэмшиж байгаа эсэхийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоох боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзэх тул “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай” хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхино. 

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01149 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1515 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранмандахын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН