Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 17

 

Н.Ч , Ц. Ц.П  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2016/0055/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                               

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                               П.Шижиртуяа

         Хохирогч                                                Ж.Н

         Хохирогчийн өмгөөлөгч                       О.Сарантуул

         Шүүгдэгч                                                Н.Ч , Ц.П

         Шүүгдэгч нарын өмгөөлөгч                  Г.Эрдэнэчимэг, Р.Нямцэрэн

                                                                        С.Намжилмаа

         Нарийн бичгийн дарга                          С.Гончигбал нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолтой Н.Ч , Ц.П  нарт холбогдох 201606000258 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Ч , Ц.П  тэдгээрийн өмгөөлөгч М.Даваасүрэн, Г.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 61 настай, эрэгтэй, бага боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт Н. Ч .  

    Монгол улсын иргэн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Ц.П .

Шүүгдэгч Н.Ч , Ц. Ц.П  нар нь бүлэглэж 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн 4-2 тоотод оршин суух Ж.Н гэрээс  хэт хутга хулгайлж, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ө овогт Н. Ч , Т овогт Ц.П  нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар шүүгдэгч Н.Ч , Ц.П  нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ хоног хорих ялаар  шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Н.Ч ийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ц.П  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй  болохыг тус тус дурьдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг дурьдаж, шүүгдэгч Ц.П гийн №000179326 дугаарын гэрчилгээтэй 126300 м2 бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д  зааснаар хэт хутга буюу 8.000.000 /найман сая/ төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаатай холбоотой зардалд 293.200 /хоёр зуун ерэн гурван мянга хоёр зуу/ төгрөг, нийт 8.293.200 /найман сая хоёр зуун ерэн гурван мянга хоёр зуу/ төгрөгийг буюу шүүгдэгч Н.Ч аас 4.146.600 төгрөг, Ц.П гаас 4.146.600 төгрөгийг тус тус гаргаж, хохирогч Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн 4-2 тоотод оршин суух, Усчин овогт Ж.Н д олгох,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.10 дугаар зүйлийн 4.д  зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.П , Н.Ч  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, шүүгдэгч нарыг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 09 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж,

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 ., 38.1 дүгээр зүйлийн 1.д  зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг давж заалдах гомдолдоо:

“...Хохирогч Ж.Н  /хх 16/ 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хөдөө гэрээсээ төвд байх гэртээ ирсэн ба гэрийн хойморийн орны зүүн талын зүүн унинаас унжуулсан байсан хэт хутгаа байсан үгүйг анзаараагүй байж байгаад 2016 оны 05 дугаар сарын 18-нд хэт хутгаа байхгүй байгааг мэдсэн. Хохирогч Ж.Н  хэт хутгаа хэзээ хэдийд алдсанаа мэддэггүй ба цаг хугацаа орон зайны хувьд таарахгүй байгааг шүүх анхаарч үзэх.

Гэрч Д.Э удаа дараа өгсөн мэдүүлэг зөрүүтэй байдаг ба /хх 17/ энэ 2-ыг болов уу гэж бодсон гэр харанхуй байсан гэх мэтээр мэдүүлдэг. Н.Ч  2017 оны 05 дугаар сарын 12-нд хөдөөнөөс эхнэрээ эмнэлэгт хэвтүүлэх гэж ирээд хохирогчийн эхнэр Энхтуяа, Найдан нартай дэлгүүрт нь архи уугаад сууж байхад нь бэр Золжаргал гэрт орж уу гэж хэлсэн байдаг.

Удалгүй гэрч Золжаргал Ч , Найдан нарыг машинаар Найдангийнд хүргэж өгсөн байдаг. Н.Ч  хохирогч Ж.Н гийн хэт хутгыг аваагүй талаараа удаа дараа мэдүүлдэг. Гэрч Цогт-Эрдэнэ /хх 21/ Ц.П г манай гэрт орж ирэхэд Э  эгч хүүхэд хараад байж байсан. Хэт хутганы талаар яриагүй.

Гэрч Э тухайн үед хохирогч Н д утсаар хэлэх боломж байсан, мөн цагдаад хандаагүй энэ талаар шүүх хуралд асуухад ядраад хэлж чадаагүй, хариад унтаад өгсөн гэж хэлж байгаа нь харанхуй гэрээс хэт хутга аваад явж байгааг /22-23 цагийн хооронд/ харсан гэж яриад байгаа нь маш их үнэмшилгүй байна. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн прокурорын тогтоолоор яллагдагч Н.Ч  нь Ц.П тай бүлэглэн Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн нутагт оршин суух Ж.Н гийн гэрээс 2016 оны 05 дугаар сарын 11-нээс 14-ний өдрүүдийн хооронд хууль бусаар нэвтрэн орж хэт хутгыг хулгайсан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгахад хохирогч Н , гэрч Э , Золжаргал нарын мэдүүлэг болон яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаас дүгнэхэд Ч , Ц.П тай бүлэглэн хохирогч Н н орон байр агуулах саванд хууль бусаар нэвтрэн орж хэт хутгыг хулгайлсан болох нь тогтоогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгосон байдаг.

Н.Ч ийг гэм буруутай гэж үзэхдээ гэрч Д.Э гийн хамаарал бүхий этгээд болох /Н н эхнэрийн төрсөн эгч/ Д.Э гийн мэдүүлэг, өөр ямар нэгэн нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байхад түүний мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд энэ тогтоолыг хянаж хэргийг бодитойгоор үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ц.П  давж заалдах гомдолдоо:

“...Би уг гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд Э  гэгч хүн нь Н , Цогт-Эрдэнэ гэдэг 2 айлд ороогүй байхад орсон болгож, Н , Ч т хутгаа хямдхан зарчихлаа гэж хэлж яриагүй үгийг зохиож ярьсан болгож, намайг уг хэрэгт холбогдолтой мэтээр гүтгэж хилсээр ял авахад хүргэсэн. Хохирогч гээд байгаа Н  гэгч нь надад “чи хэрэгт орох нь байна шүү, чи Ч ийг боль гээд байхад унинаас хутгыг мулт татаад авсан гэж мэдүүлэг өгөөрэй” гэж хэлж байсан. Би ер нь Ч  гэгч хүнтэй уулзаагүй жил гаран болсон. Ч  намайг Н н хашаанд явж байсан, өмдний тэлээ шиг юм авчирч өгчихөөд буцаагаад аваад явсан гэж худал мэдүүлэг өгсөн байсан. Ч  худал ярьснаа шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн. Намайг гүтгэж байгаа Э , Ч  нарт гомдолтой байна. Би энэ хэргийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын маш их хохирол амсаж байна. Иймд уг хэргийг үнэн зөв шийдэж, намайг цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна...” гэжээ.

Шүүгдэгч Н.Ч  давж заалдах гомдолдоо: “         ...Миний бие уг гэмт хэргийг үйлдээгүй гэдгээ шүүгчид бүрэн зөв таниулан ойлгуулж чадаагүйн улмаас цагдан хоригдоод байна. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж давж заалдах хуралдаанд оролцуулж өгнө үү…” гэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах гомдолдоо:

            “… 129 дугаар шийтгэх тогтоол процессийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.7.2-т заасан "хэргийн байдлыг нотлохын тулд ... шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно", 1.7.3.т  ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэсэн заалтыг бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ : Энэ үйл баримт нь хэрэг үйл явдал болсон цаг хугацаа, орон зай, учирсан хохирлын талаар өгсөн хохирогч Н , гэрч Э  нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл ... зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь гэрч Э гийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй бусад гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогддоггүй. Тухайлбал: Гэрч Э  анх Ц.П г Цогт-Эрдэний машиныг засах /гагнах/ гэж ирэхдээ гэрт орж ирээд Н  гуай Ч т хутгаа хямдхан зарчихлаа гэх утга бүхий зүйл ярьсан гэдэг. Гэтэл гэрч Цогт-Эрдэнэ Ц.П г манайд орж ирээгүй гадаа машины эд зүйл өргөлцөөд явсан би тийм зүйл ярихыг сонсоогүй, машин гагнуулах ажлыг очиж хийлгэсэн тухай мэдүүлдэг, мөн гэрч Э  Н н гэрт очих гэж яваад гэрийнх нь үүдэнд босгоны наана цаана зөрсөн Ц.П  эхлээд дараа нь Ч  гарч ирсэн. Ч  зүүн талынхаа мөрөн дээр Н н гэрт байдаг хэт хутгыг тохоод явж байсан. Ц.П  наймаагаа аваад явж байна гэж хэлсэн, би юм хэлэлгүй гэрт ороод 10-аад минут сууж байгаад явсан гэдэг. Гэтэл анх Н н бэр Золжаргалд энэ 2 хүнийг аваад явж байхтай таарсан мэт нэг болохоор Цогт-Эрдэнийд Ц.П  Н г хутгаа зарчихлаа гэж ярьсан мэт мэдүүлж байгаа нь зөрүүтэй. Харанхуй шөнө эзэнгүй айлаас эд хөрөнгийг нь аваад явж байгаагаа хэлж байхад чимээгүй өнгөрсөн нь үнэмшилгүй.

Хохирогч Н  хэт хутгаа олохгүй байгаа тухай манай бэр Золжаргал Энхжаргал эгчийнд ус дөхүүлж өгөөд ярихад энэ 2 хүнийг авсан тухай хэлсэн гэдэг бол гэрч Золжаргал нь Э  эгч аав, ээж хоёрыг асуугаад манайд ирэхээр нь хэлсэн, Н н эхнэр Энхтуяа эгч Э дээ утсаар хутгаа алдсан тухай хэлсэн гэх мэтээр өөр өөрөөр мэдүүлсэн. Иим байхад Э  тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зайн талаар талаар хэлж, мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой заасан нь нотлох баримтаар нотлогдож байна гэсэн нь бодит байдалтай нийцээгүй.

Ч  анхан шатны 2 удаагийн шүүх хуралд Ц.П гийн талаар өгсөн мэдүүлгээ хутгыг намайг авсан гэж гүтгээд байна гэж бодоод ийм хамаагүй зүйл ярьсан гэдгээ мэдүүлсэн. Прокурорын байгууллагын 2 удаагийн тогтоол,    шүүхийн  нэг  удаагийн шийдвэрээр  энэ  2  хүнийг  хулгайн   гэмт   хэргийг   бүлэглэн   үйлдсэн  үйл  баримт тогтоогдохгүй байна гэсэн атал түүнээс хойш нэг ч ажиллагаа хийгдээгүй хэрэгт хамтран ял шийтгүүлж буйг эс зөвшөөрч гомдол гаргаж байна...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Шижиртуяа дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын  давж заалдах гомдлыг үндэслэн тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл 

шүүгдэгч Н.Ч , Ц. Ц.П  нар нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүлэглэж Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн 4-2 тоотод байрлах иргэн Ж.Н гэрт хууль бусаар нэвтэрч 8.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий хэт хутга хулгайлсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

Шүүгдэгч Н.Ч , Ц.П  нар нь “...энэ гэмт хэргийг үйлдээгүй... Н н гэрт очоогүй ... гүтгэж байна...” гэх, мөн тэдгээрийн өмгөөлөгч М.Даваасүрэн, Г.Эрдэнэчимэг, Р.Нямцэрэн нар нь “... энэ гэмт хэрэг хангалттай тогтоогдоогүй ... гэрч Э гийн мэдүүлэг нь зөрүүтэй ... хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэх гомдлыг гаргасан боловч дээрх гомдлууд нь

хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Н “...миний бэр охин Золжаргал Э  эгч дээр ороод “аавын хутга алга болсон байна, цагдаад мэдэгдье” гэж хэлэхэд “хутганы наймаа хийгээгүй юм уу, 2016 оны 05 дугаар сарын 13-ны оройн 23 цагийн орчим танай гэрээс Ц.П , Ч  нар гарч ирэхдээ Ч  нь мөрөн дээрээ хэт хутгыг мөнгөн утсаар нь тохоод унжуулсан байсан, сайхан наймаа хийлээ дээ гэж хэлэн гарч явсантай таарсан” гэж хэлснийг Золжаргал надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 16/,

гэрч Д.Э гийн “... Цог-Эрдэнэ гэх айлын хүүхдийг хардаг болохоор гэрийн хүмүүсийг орой ирэхээр нь гэртээ харих замдаа Н н гэрээр ороод гарья гэж бодоод хашаагаар нь ороод гэрийн үүдэнд очсон чинь миний урдаас түрүүлээд Ц.П  араас нь Ч  гарч ирсэн ба Ч  нь зүүн талынхаа мөрөн дээр Н н гэрт нь байнга байдаг хэт хутгыг тохоод явж байсан. Ц.П  нь “наймаагаа аваад явж байна” гэж хэлээд өнгөрсөн болохоор би юм дугараагүй ... 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр юм, сайн санаж байна. Өглөөний 11 цагийн орчим Ц.П  нь халамцуухан байдалтай орж ирээд “Н  ах хэт хутгаа Ч  гуайд зарчихлаа даа” гэсэн ... би Рагчаа цагдаа дээр Золжаргалын хамт очиж болсон явдлыг хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 17/,

гэрч С.Рагчаагийн “...албан үүргээ гүйцэтгэж байхад Э , Золжаргал нар ирсэн ... Даваа, Ч  нарыг мөрөн дээрээ хэт хутга тохчихсон явсныг Э  өөрөө харсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 19/,

гэрч З.Золжаргалын “... өглөөний 10 цагийн орчим Сайхан сумын цагдаа Рагчаад хэлэхдээ Цогоогийн гэрт байхад Ц.П   нь гаднаас орж ирээд Н  гуай Ч т хэт хутгаа зарчихлаа гэсэн, мөн Ц.П , Ч  нарыг хэт хутгыг аваад гарч явж байхад нь үүдэнд нь таарсан талаар ярьсан...” гэх /хх 25/ мэдүүлгүүдээр тус тус няцаагдаж байна.

Өөрөөр хэлбэл өөрийн хэт хутгыг алдсан өдрийн талаар хохирогч Ж.Н  тодорхой мэдүүлдэггүй боловч гэрч Д.Э  нь мөрдөн байцаалтын шатанд тухайн үйл баримт, цаг хугацааны талаар “... 2016 оны 05 дугаар сарын дундуур 5 дахь өдөр байсан...” гэснээс гадна

... тухайн үед хохирогч Ж.Н гэрээс Ц.П , Ч  нарыг хамт гарч ирсэн ... Ч  нь зүүн талынхаа мөрөн дээр тавьсан байсан ... Ц.П  нь наймаагаа аваад явж байна гэж хэлсэн ...  талаар тодорхой мэдүүлсэн байна.

Тухайлбал: Мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...гэрийнх нь үүдэнд очтол өөдөөс түрүүлээд Ц.П , араас нь Ч  мөрөн дээрээ хэт хутга тохчихсон, наймаа хийлээ дээ гээд гараад ирсэн ... Би хэнийг ч гүтгээгүй, нэг нь миний шавь, нөгөө нь нутгийн таньдаг хүн...” гэж /хх 17, 142, 243/,

давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...үүдэнд нь яваад очиход Ц.П  урд нь Ч  ард нь явж байсан. Ч  Н н хэт хутгыг үүрээд гарч явж байсан ... Ц.П  нь наймаагаа аваад явж байна гэсэн ...” гэж /хх 208/ удаа дараа тогтвортой мэдүүлжээ.

Түүнчлэн шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч

шүүгдэгч Н.Ч  нь мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр “...гэр нь онгорхой түгжээгүй байсан. Тэгээд хаалгыг нь татсан чинь хүн байхгүй болохоор нь би гараад явж байтал миний хажуугаар сүр сар гээд Ц.П  ирчихсэн байсан. Ц.П  нэг юм барьчихсан байсан. Тэрийг нь барьж үзчихээд эргэж цаашаа би алхсан. Тэгээд миний мөрөн дээр тавьчихаар нь буцаагаад Ц.П д өгөөд би цаашаа алхсан...” гэж /хх 38/, 

дахин мэдүүлэхдээ “...Ц.П  баруун гар талаас гэнэт хаанаас ч юи тодорхойгүй хүрч ирэхээр нь сайн уу гэж мэнд мэдэхэд баруун гартаа хавтгай хэлбэртэй өмдний тэлээ шиг юм барьж байсан. Би барьж үзээд эргээд өгөхөд нилэн дургүй шинжтэй авсан. Тэгэхэд Э  гэх хүүхэн ирээд юм ярилцаагүй хажууд зогсож байхаар нь би мотоцикль руугаа алхахад...Ц.П  миний мөрөн дээр тавьсан байсан ... Тэр зүйл нь Н н хулгайд алдсан хэт хутга байсан...” гэж /хх 40/,

шүүгдэгч Н.Ч  нь сэжигтнээр “... Н н гэрийн хаалгыг онгойлгоход гэрт хүн байхгүй болохоор нь гэрт оролгүй хаалгыг хаагаад мотоцикль руугаа явж байхад Ц.П  юм барьсан гэнэт гарч миний хажууд зогссон...хажуунаас Э  гарч ирэхэд Ц.П  миний баруун мөрөн дээр тэр барьсан хавтгай тэлээ шиг зүйлээ тавьсан. Тэгээд би Ц.П д тэр зүйлийг эргүүлэн өгөөд айл асуугаад явсан...” гэж /хх 42/ тус тус мэдүүлжээ.

Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай хэлбэртэй ба гэмт этгээдүүд тухайн гэмт хэргийг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй ч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон тохиолдолд бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

Н.Ч , Ц. Ц.П  нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хохирогч, гэрч нарт худал мэдүүлэг өгсөн тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хууль сануулж, мэдүүлэг авсан байх ба  хэргийн үйл баримтын талаар гэрч Д.Э гийн удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгүүдийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Мөн алдагдсан гэх хэт хутганы үнэлгээг хуульд заасан журмын дагуу тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий этгээд гаргасан /хх 28/, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч Н.Ч , Ц.П , тэдгээрийн өмгөөлөгч М.Даваасүрэн, Г.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ч , Ц.П , тэдгээрийн өмгөөлөгч М.Даваасүрэн, Г.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Н.Ч , Ц.П  нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН

                                 ШҮҮГЧИД                                                                     С.ЦЭЦЭГМАА

                                                                                                                   С.УРАНЧИМЭГ