Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00461

 

“М К Т” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2018/00141 дүгээр шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 216/МА2018/00019 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “М К Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ш О” ХК-д холбогдох,

Гэрээний үлдэгдэл төлбөр 7 917 383.20 төгрөг, алданги 2 934 710.74 төгрөг, шатахууны зардал 265 772 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг, нийт 11 130 365.94 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, илүү төлсөн гэрээний төлбөр болон шатахуун төлбөр нийт 2 260 367 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнарангийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Үүрцайх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай “М К Т” ХХК нь “Ш О” ХК-тай 15 496 800 төгрөгийн үнийн дүн бүхий ШО-17-03 тоот худалдах-худалдан авах гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 9 350 000 төгрөгийн үнэ бүхий ШО-17-02 тоот худалдах-худалдан авах гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус тус байгуулан гэрээнд тусгагдсан бараа бүтээгдэхүүнийг гэрээнд заагдсан хугацаанд нь буюу ШО-17-03 тоот гэрээний бүтээгдэхүүнийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр, ШО-17-02 тоот гэрээний бүтээгдэхүүнийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Ш О” ХК-ийн ажлын талбар дахь сэлбэг материал хадгалах агуулахад нийлүүлсэн. Дээрхи гэрээнүүдийн нийт үнийн дүн нь 24 846 800 төгрөг, өмнөх оны үлдэгдэл 6 459 983,2 төгрөг нийт 31 306 783,2 төгрөг авахаас:

1. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 15 000 000 /арван сая/ төгрөг

2. 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 3 000 000 /гурван сая/ төгрөг

3. 2017 оны 04 дугаар сарын 30-ны өдөр 389 400 /гурван зуун наян мянга дөрвөн зуун мянган/ төгрөг

4. 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 5 000 000 /таван сая/ төгрөг

Нийт 23 389 400 төгрөгийг “Ш О” ХК шилжүүлсэн байна. Энэхүү шилжүүлсэн төлбөрийг авах төлбөрөөс хасвал 7 917 383,2 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.

Гэрээнд заасны дагуу төлбөрийн үлдэгдлийг бүрэн төлөхийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06/01 тоот, 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01 тоот, 06 дугаар сарын 28-ны өдрийн 28/01 тоот, 07 дугаар сарын 18-ны өдрийн 18/01 тоот, 08 дугаар сарын 22-ний өдрийн 22/01 тоот, 10 дугаар сарын 02-ны өдрийн 02/01 тоот албан бичгүүд болон 2017 оны 04, 12 болон 18 тоот нэхэмжлэхүүдээр нэхэмжилж байсан ба эдгээрийг Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байрлах “Ш О” ХК-ийн байранд өгч байсан. Үүнд нийт 265 772 төгрөгийн шатахууны зардал гарсан. Мөн гэрээний 4.2-т заасны дагуу бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгснөөс хойш ажлын 30 хоногийн дотор төлж дуусгах ёстой байсан ба 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн гэрээний 8.1-т зааснаар хоног тутамд алданги тооцсон.

Иймд “М К Т” ХХК нь “Ш О” ХК-ийн учруулсан дараах үлдэгдэл төлбөр, алданги болон бодит хохирлыг нэхэмжилж байна.

Үүнд гэрээний үлдэгдэл төлбөр 7 917 383,2 төгрөг, алданги 2 934 710,74 төгрөг, шатахууны зардал 265 772 төгрөг, бичиг баримт нотариатаар гэрчлүүлэхэд гарсан 12 500 төгрөг, нийт 11 130 365,94 төгрөгийг “Ш О” ХК-иас гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“Ш О” ХК, “М К Т” ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр ШО17/02/01 худалдах-худалдан авах гэрээгээр ЭШ25-90 экскаваторын явах цилиндрийн түгжээ, кольцо гэх барааг 8 500 000 төгрөгөөр НӨАТ шингээгүй үнээр худалдаж авахаар тохиролцож гэрээ байгуулагдсан боловч “Ш О” ХК-д “М К Т” ХХК нь гэрээнд заагдсан хугацаа болон үүргийн дагуу сэлбэгийг шилжүүлж хүлээлгэж өгөөгүй.

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-т xуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно, 248.2-т худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэсний дагуу гэрээний 1.1-т худалдагч нь хавсралтанд заасан биет байдлын болон эрхийн доголдолгүй сэлбэг эд материал, түүний бусад бичиг баримтыг хамт худалдан авагчид шилжүүлэх ба худалдан авагч нь барааг хүлээн авснаар төлбөрийг хийнэ гэсэн эхний заалт, 3.1-т худалдагчаас нийлүүлж байгаа бараа үйлдвэрлэгчийн мөрдөгдөж байгаа стандартад нийцсэн худалдан авагчийн хүсэлтийг хангасан байна, 4.2-т худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг барааг хүлээн авч акт үйлдсэнээс хойш ажлын 30 хоногийн дотор шилжүүлнэ, 3.2-т худалдан авагч гэрээний дагуу ирсэн барааг шалгаж авах, 6.2-т барааг хүлээн авахдаа тоо чанар иж бүрдэлийг шалгаж, акт үйлдэж зохих бичиг баримтыг бүрдүүлнэ, 7.2-т худалдан авагч барааг хүлээн авах акт үйлдсэн бол барааг бүрэн хүлээн авсанд тооцно гэж гэрээнд заасан боловч “М К Т” ХХК үүргээ зөрчсөн. ...нийлүүлэх ёстой явах эд ангийн цилиндр гэх зүйлийг талууд акт үйлдэж хүлээн авахаар тохиролцжээ.

Гэтэл “М К Т” ХХК нь нийлүүлсэн гэх сэлбэгээ ямар нэгэн байдлаар акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй гэрээний үүргээ зөрчсөн байна. Гэрээний 11.1-т гэрээний үйлчлэх хугацаа гэрээ дүгнэж акт үйлдэж тооцоо нийлснээр дуусна. Гэрээний анхны үүрэг буюу акт үйлдэнэ гэдгээ биелүүлээгүй, хүлээлгэж өгсөн гэдгээ нотолсон баримтыг “М К Т” ХХК гаргаж өгөөгүй. Харин “Ш О” ХК-иас гэрээ цуцалсан мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Гэрч Батмөрөн, Ариунзул, Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг, планец гэх төмрийн сорьцыг шалгасан тодорхойлолт, Сэлбэг хэрэгсэл, бараа материалын захиалга гаргах, бэлтгэн нийлүүлэх, нөөц бүрдүүлэх, орлогод авах зарлага гаргах журмын 7.2, 7.3, 7.5-т зааснаар гэрч Ариунзулын мэдүүлэгтэй уялдаж байгаа. Нэгэнт гэрээний үүргээ биелүүлээгүй учраас төлбөр төлөх болон алданги тооцох ямар нэгэн үндэслэл байхгүй.

Иймээс нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу барааны үнэ, алдангийг зөвшөөрөхгүй байна. Ирж буцах зардал гэж хавтаст хэргийн 8-р талд НӨАТ-ын баримтууд байгаа. Ямар учраас “Ш О” ХК-нд ирж буцсан юм, энэ баримтууд нь юуг нотлох гээд байгаа тэр нь тодорхойгүй учир нотлох баримтын шаардлага хангахгүй. Нотариатын зардал байгаа, “Ш О” ХК үүнийг хариуцахад хэцүү, “Ш О” ХК бол “М К Т” ХХК-тай 3 төрлийн гэрээ байгуулсан. 2017 онд 2 гэрээ байгуулсан 1 гэрээний төлбөрийг хүлээж аваад төлөх ёстой гээд шилжүүлсэн, урд оны үлдэгдэл гэрээний төлбөрийг бас шилжүүлсэн, ганцхан энэ явах эд ангийн түгжээ, кольцо гэх зүйлийг “Ш О” ХК хүлээж аваагүй гэрээний үүрэг биелэгдээгүй учраас шүүхэд өгөхөд гарсан зардлыг “Ш О” ХК төлөх боломжгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/431 дүгээр албан бичгээр “М К Т” ХХК, “Ш О” ХК-ийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан ШО17-2/01 дүгээр худалдах-худалдан авах гэрээг цуцалсан болно. Иргэний хуульд заасны дагуу худалдагч талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ цуцлагдсан тул талууд өгч авалцсан зүйлсээ буцаан авах үүрэгтэй байна.

Мөн 2017 оны тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2 тал тооцоо нийлж “Ш О” ХК нь 6 459 983 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй хэмээн гарсан боловч дээрхи тооцоо нийлэх актыг үйлдэхдээ 2016 онд “М К Т” ХХК түрээсийн компрессор ажиллуулж байх үедээ авч хэрэглэсэн 827 750 төгрөгийн үнэ бүхий шатахууны үнийг хасч тооцоогүй зөрчил илэрсэн болно. “Ш О” ХК, “М К Т” ХХК-тай олон жил хамтран ажилласан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх байх гэсэн үндэслэлээр итгэл хүлээлгэн ажиллаж байсан бөгөөд 2017 онд тооцоо нийлснээс хойш нийт 23 389 400 төгрөгийг шилжүүлэн олгосон болно. Уг шилжүүлэн олгосон 23 389 400 төгрөгөөс ШО17-2/02 гэрээний төлбөр 15 496 800 төгрөг, урьд оны үлдэгдэл төлбөр тооцоо нийлсэн баримтаар 6 459 983 төгрөг хасч тооцоход 1 432 617 төгрөг илүү төлсөн байна. Иймд илүү шилжүүлэн олгосон 1 432 617 төгрөг, 2016 оны шатахууны үлдэгдэл төлбөр 827 750 төгрөг нийт 2 260 367 төгрөгийг “М К Т” ХХК-иас гаргуулж “Ш О” ХК-д олгуулж өгнө үү. Энэ шатахууны төлбөр ямар гэрээний үндсэн дээр үүссэнийг би сайн мэдэхгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ажил гүйцэтгэх гэрээнд хамааралгүй байх гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Ш О” ХК-ийн нягтлан бодогч Соёлмаатай 2016 онд хийгдсэн гүйлгээний баримтаа тулгаад баталгаажуулсан. Баталгаажуулсан баримтаа шүүхэд өгсөн. “Ш О” ХК нь барааг хүлээж авчихаад өөрсдийн дотоод үйл ажиллагааны бурууг өөр компаниас нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Эд нар тооцооллын аргаар гаргасан болохоос биш бодит байдлаараа илүү төлсөн юм байхгүй гэжээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2018/00141 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч Ш О ХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 7,917,383.20 төгрөг , алданги 2,934,710.74төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг нийт 10,864,593.94 төгрөг /арван сая найман зуун жаран дөрвөн мянга таван зуун ерэн гурван төгрөг ерэн дөрвөн мөнгө/ гаргуулж нэхэмжлэгч М К Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 265772 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ш О ХК нь нэхэмжлэгч М К Т ХХК-аас шатахууны төлбөр 827750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч М К Т ХХК-аас илүү төлсөн төлбөр 1,432,617 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ш О ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М К Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 193036 төгрөг, хариуцагч Ш О ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 51116 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш О ХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 188783 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 216/МА2018/00019 дүгээр магадлалаар Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2018/00141 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211706 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 243.1, 248.2-д заасныг буруугаар тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулийн 248.1-д заасан үндэслэлийг хэрэглээгүй хэмээн үзэж байна.

... Гэрээний гол агуулга нь “М К Т” ХХК-иас нийлүүлсэн бараа /ЭШ25/90 экскаваторын явах цилиндрийн түгжээ кольцо /фланец/ нь чанар, стандартын шаардлага хангасан байх, “Ш О” ХК нь нийлүүлсэн барааг баримт бичгийн хамт шалган авах үүргийг хүлээсэн байна.

... “Ш О” ХК нь Ш017-02/01 /Ш017-02/02/ худалдах-худалдан авах гэрээгээр ЭШ25/90 экскаваторын явах цилиндрийн түгжээ кольцо /фланец/ бараа гэх зүйлийг “М К Т” ХХК хүлээлгэн өгөөгүй, гэрээний дагуу хөрөнгө хүлээлгэн өгөх ажиллагаа явагдаагүй, эд хөрөнгийг “Ш О”ХК нь хүлээн аваагүй, гэрээ хэрэгжих боломжгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байгаа болно. ... “М К Т” ХХК нь гэрээний нөхцөлийг анхнаасаа зөрчиж хаана, ямар улсад хэрхэн үйлдвэрлэсэн, чанар, стандартын ямар нөхцөлийг хангаж байгаа, үйлдвэрлэгчийн баталгаа, нөхцөл ямар бүтээгдэхүүн нийлүүлж байгаа талаар ямар нэг баримт бичиггүй, юу болох нь тодорхойгүй зүйлийг “Шивээ- Овоо” ХК-нд орхиж явсан  ба үүнийгээ ч “М К Т” ХХК-ийн захирал Ц.Үүрцайх нь хүлээн зөвшөөрдөг. ... Хэргийн 18 дугаар талд авагдсан зарлагын баримтыг “Ш О” ХК-нд бараа хүлээлгэн өгсөн баримт гэж байгаа боловч нэг зарлагын баримтанд тус компанийн Худалдаа хангамжийн хэлтсийн даргын С.Ариунзулын цохолттой, нөгөө зарлагын баримтанд хэн хэрхэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй, зөвхөн “М К Т” ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан нэг талын нотлох баримт байгаа болно. ... Анхан болон давж заалдах шатны шүүх “Эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т заасан “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэсэн нөхцөлийг үндэслэсэн нь шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлгүй гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна. ... “Ш О” ХК нь гэрээний дагуу эд хөрөнгийг хүлээн аваагүй, гэрээний нөхцөлийн дагуу үүрэг үүсээгүй нөхцөлд хэдийд М К Т ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцлах эрхтэй бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ш017-02/01 /Ш017-02/02/дугаар гэрээг цуцалсан болно. Иймд дээрхи үндэслэлээр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2018/00141 дүгээр шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 216/МА2018/00019 дүгээр магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч “М К Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “М К Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “Ш О” ХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн хохиролд 11 130 365 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч “Ш О” ХК шаардлагыг эс зөвшөөрч, гэрээний зүйлийг хүлээн аваагүй, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн, гэрээ цуцлагдсан гэж нэхэмжлэлийг татгалзсанаас гадна нэхэмжлэгчид холбогдуулан 2 260 367 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “М К Т” ХХК нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг татгалзсан байна.

Зохигч нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, мөн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ШО-17-03, ШО-17-02 дугаартай 15 496 800 төгрөгийн болон 9 350 000 төгрөгийн худалдах-худалдан авах хоёр гэрээ байгуулсан байна. Талууд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ШО-17-03 дугаартай худалдах-худалдан авах гэрээний үүргийн талаар маргаагүй, харин 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ШО-17-02 дугаартай, экскаваторын явах цилиндрийн түгжээ кольцо нийлүүлэх гэрээний үүргийн талаар маргасан байна.

Хоёр шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийсэн байна. Тухайлбал, гэрээний зүйл болох эд хөрөнгийн нийлүүлэлт, эд хөрөнгийг хүлээн авсан байдал, хоёр гэрээний төлбөрийн тооцоолол зэрэг асуудлыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дүгнэж, шийдвэр, магадлалд тодорхой тусгасан байна. Маргааны үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй болно.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба хуульд зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгө биет байдлын хувьд доголдолгүй байдаг бөгөөд харин гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үздэг.

Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй болно. Харин худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. Эдгээр шаардлагыг худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд  гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч “Ш О” ХК нь, дээрх шаардлагыг хуульд заасан хугацаанд нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Хуульд заасан дээрх эрхийг худалдан авагч тал эд хөрөнгийн баталгаат хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор хэрэгжүүлэх эрхтэй.

Худалдан авагч эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол, мөн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол эд хөрөнгийн доголдлын талаар худалдагчид шаардлага гаргах эрхээ алддаг байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх  Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1., 254.2., 254.6., 255 дугаар зүйлийн 255.1.1., 255.1.2.-д заасан дээрх зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2018/00141 дүгээр шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 216/МА2018/00019 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 211 706 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

                ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН