Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 102/2017/03674/И |
Дугаар | 001/ХТ2019/00246 |
Огноо | 2019-02-21 |
Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2019/00246
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/02527 дугаар шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2094 дүгээр магадлалтай
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“О” ХХК-д холбогдох
Тээвэрлэсэн ачааны үнэ 15 661.5 ам.доллар буюу 38 276 706 төгрөгийг гаргуулахтухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мандахзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдөр манай компани нь хариуцагч “О” ХХК-тай тээврийн зуучийн үйлчилгээний 2017/016 тоот гэрээ байгуулан тээвэрлэлт хийлгэж байсан. 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Хэбэй муж, Чинхандао хотын “Qinhuangdao Guangyu Fiberglass” ХХК-иас 20 тонн чингэлэг ачааг /барилгын шавардлагын тор/ 2060 ам.доллароор тээвэрлүүлэх захиалга өгсөн. Дээрх захиалга өгсөн ачааны төлбөр болох 16 525.5 ам.долларыг 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр нийлүүлэгч тал руу шилжүүлсэн. Ачаа 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр чингэлэгт ачигдаж бэлэн болсон. “О” ХХК-иас бидэнд өгсөн мэдээллээр бол 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Хятадын тээвэр зуучийн компани руу 2100 ам.доллар шилжүүлсэн, Хятадын тээвэр зуучийн компани ачааг Эрээнд ирэх үед нэмж 6000 ам.доллар шаардснаар ачаа саатсан гэж тайлбарласан. Бид 2017/016 тоот тээврийн зуучийн үйлчилгээний гэрээнд заасны дагуу манай компанийн ачааны үнэ болох 16 562.5 ам.доллар буюу 40 694 062 төгрөгийг хариуцагч “О” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянагдах явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 15 661.5 ам.доллар буюу нэхэмжлэлээ шүүхэд гаргах үе болох 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ханшаар 1 ам.долларыг 2 440 төгрөгөөр тооцож, 38 276 706 төгрөгийг хариуцагч “О” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Б” ХХК-д тээвэр зуучийн үйлчилгээг 2015 оноос хойш хийж ирсэн бөгөөд тус компанийн Чинхуандо хотоос авах 20 тонн барилгын шавардлагын тор тээвэрлэх саналыг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр авч, Хятадын олон тээвэр зуучийн компанийг судлан хамгийн боломжит үнийн саналыг Циндао Лианг стар компаниас авч нэхэмжлэгч “Б” ХХК-д санал болгосон. “Б” ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тээвэр хийлгэх санал ирсэн, мөн өдрөө Циндао Лианг Стар компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, тээвэрлэлтийн ажлыг эхлүүлсэн. Циндао Лианг Стар компани нь Зенгзоу дахь компанид мөнгөө төлөөгүй, Зенгзоу дахь конпани Шензен Нептүүнэ агентад тээврийн хөлсийг төлөөгүйн улмаас “Б” ХХК-ийн ачааг ачсан гэх чингэлэг 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс хойш Эрээн хотод гацсан байдалтай байна. Дээрх шалтгаануудын улмаас манай компани нь Циндао Лианг стар болон Зенгзоу дахь залилан хийдэг компанийн хохирогч болсон тул уг асуудалд буруутай гэж үзэхгүй байна гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/02527 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч “Омни шипинг” ХХК-иас 38 276 706 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361 420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 349 334 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2094 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 102/ШШ2018/02527 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “О” ХХК-ийн өмгөөлөгч Г.Баяржаргалын төлсөн 349 340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй “О” ХХК-ийн хариуцагчтай иргэний хэргийг 2018.10.01 өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин авч хэлэлцүүлэхээр болсонд гомдол гаргаж байна.
2017.06.01 өдөр “О” ХХК-тай тээвэр зуучийн гэрээ байгуулан БНХАУ-аас нэг чингэлэг бүтээгдэхүүн ачуулсан ба үүнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрөхөд манай барааг авчирч өгөөгүй, Хятадад чингэлэг алга болсон гэж мэдэгдсэн тул бид хохирлоо барагдуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан болно.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх манай нэхэмжлэлийг хангасан боловч Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг ИХШХШТ хуулийг 38.6-д зааснаар буцааж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж бид үзэж байна.
Учир нь хариуцагч тал нь манай компанийн Хятад улсаас ачуулсан Хятад улсад алга болсон чингэлэгийг хаана байгааг Монголын шүүхээр дамжуулан мэдэх тухай хүсэлт гаргасан бөгөөд энэ нь манай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй хамааралгүй зүйл юм. Бид “О” ХХК-тай гэрээ байгуулсан болохоос Хятад улсын аль нэг тээвэр зуучийг компанитай байгуулаагүй тул энэ шаардаж буй баримт нь “О” ХХК болон Хятад улсын тээвэр зууч хоёрын хоорондын маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт юм.
Бид “О” ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд байгаа баримтууд бидний маргааныг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж байна. Учир нь:
1. Барааны мөнгийг Хятадын талд шилжүүлсэн баримт.
2. Хятад дахь манай түнш Кинхуандао компани барааг ачиж тээвэр зуучийн машинд ачсан байгаа зурагнууд /Өөрөөр хэлбэл О компанийн мэдэлд барааг өгсөн/
3. Ачсан чингэлэгэнд Хятадын гааль бүрдүүлэлт хийсэн баримт байгаа.
4. О чингэлэгтэй барааг манай талд хүлээлгэн өгөөгүйгээ хүлээн зөвшөөрсөн зэрэг баримтууд юм.
Омни ямар шалтгаанаар манай барааг бидэнд хүлээлгэн өгөөгүй нь манай хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй ба О нь хамтран ажиллаж байгаа Хятад тээвэр зуучтай энэ үүссэн хохирол маргаанаа гэрээнийхээ дагуу зохих хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх эрх тэдэнд нээлттэй юм.
Бидний “О” ХХК-тай байгуулсан гэрээний Зуучийн эрх үүрэг хэсгийн 1.11-д заасны дагуу “Тээвэрлэлтийн явцад өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан аливаа нэмэлт зардал хохирлыг барагдуулна” гэж заасны дагуу бид хохирлоо нэхэмжилж байгаа тул бидний хүсэлтийг хангасан Баянгол дүүргийн анхан шатны иргэний хэргийн шийдвэрийг хэвээр баталж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь “О” ХХК-д холбогдуулан тээвэрлэсэн ачааны үнэ 15 661.5 ам.доллар буюу 38 276 706 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.
Зохигчид 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Тээвэр зуучийн үйлчилгээний №2017/016 тоот гэрээ байгуулж, тус гэрээнд “О” ХХК “Б” ХХК-ийн захиалгаар Монгол улсын нутаг дэвсгэрт тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлж, ачааг эцсийн өртөөнд хүргэх, үйлчлүүлэгч нь ачааг тээвэрлэлтийн шаардлага хангасан сав баглаа боодолтой хүлээлгэн өгөх, ачаа эцсийн хүрэх өртөөнд ирмэгц тээврийн хөлс болон нэмэлт зардлыг урьдчилан тохиролцсон үнэ тарифийн дагуу төлөх талаар заажээ.
“О” ХХК-д БНХАУ-ын Хэбэй муж, Чинхуандо хотын “Qinhuahgdao Guangyu Fiberglass” ХХК-иас 20 тонн чингэлэг ачааг 2 060 ам.доллараар тээвэрлүүлэх захиалга өгч, ачааны төлбөр 16 562.5 ам.долларыг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нийлүүлэгч талд шилжүүлж, ачаа 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр чингэлэгт ачигдаж, зуучлагч хүлээж авсан боловч өнөөдрийг хүртэл ачаа ирээгүй гэх үндэслэлээр “Б” ХХК нь тээвэрлүүлсэн ачааны үнийг нэхэмжилжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн боловч зуучлагчаас тээвэрлүүлсэн барааны үнийг нэхэмжилсэн үндэслэлийг тодорхой заагаагүй байна.
Талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгосны эцэст нотлох баримтын талаар дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.
Хариуцагч “О“ ХХК нэхэмжилж буй ачаа ачигдсан эсэх, хаана байгаа нь тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нотлох баримт бүрдүүлэхээр хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь заалтыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.
Хэрэгт нэхэмжлэгчийн худалдан авсан гэх бараа ямар дугаартай чингэлэгт ачигдсан, хариуцагч тээвэр зуучийн компанид ямар хуулийн этгээдээс хэдийд, ямар баримтаар барааг хүлээлгэж өгсөн, ачигдсан барааны үнэ зэрэг тодорхойгүй байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6., 168 дугаар зүйлийн 168.1.7. дахь заалтыг зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2094 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Бат-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349 334 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД