Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00817

 

“А-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02307 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 98 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “А-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Н-Э” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 416 028 873 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хашчулуун, Л.Оргилчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хашчулуун, хариуцагчийн төлөөлөгч Б.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, нарийн бичгийн даргаар Ч.Уранбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани 2013 онд Хан-Уул дүүрэгт “Ар Ий Си” ХХК-ийн захиалгаар баригдсан “Шинэ өргөө” хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа уг төслийн зургаан блок барилгыг “Нуган Эрин” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Захиалагч “Ар Ий Си” ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “А-Ө” ХХК-тай гэрээгээ цуцалсан. Улмаар “А-Ө” ХХК болон “Н-Э” ХХК-д гэрээний дагуу 759 024 215 төгрөгийг дансаар, “Ар Ий Си” ХХК нь “А-Ө” ХХК-ийн өмнөөс 205 160 625 төгрөгийг Голомт банкны дансаар, 210 868 248 төгрөгийг бараа материалаар нийлүүлэн тооцож, “Н-Э” ХХК-д шилжүүлсэн.

“Н-Э” ХХК гэрээний үлдэгдэл ажлын хөлсөө “А-Ө” ХХК-иас нэхэмжилсэн иргэний хэргийг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6855 дугаар шийдвэр, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142 дугаар магадлал, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 350 дугаар хяналтын шатны шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн. Гэвч дээрх нэхэмжлэлийг “Н-Э” ХХК шүүхэд гаргахдаа “Ар Ий Си” ХХК нь “А-Ө” ХХК-ийн өмнөөс “Н-Э” ХХК-д шилжүүлсэн 205 160 625 төгрөг, бараа материал нийлүүлсэн 210 868 248 төгрөг, нийт 416 028 873 төгрөгийг хасаж тооцоогүй бөгөөд тус компанийн захирал Б.Ууганбаяр нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч мөн “Монголын Олон Улсын үндэсний арбитр”-ын шүүхэд “Ар Ий Си” ХХК нь “Н-Э” ХХК-иас 205 160 625 төгрөгийг хүлээн авсан тухай албан бичиг, Голомт банкны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул “Н-Э” ХХК-иас нийт 416 028 873 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“А-Ө” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Дээд шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлтийг тус тус гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байгаа.

... Нэхэмжлэгч нь 210 868 248 төгрөгийн бараа материалыг манай байгууллагад хүлээлгэн өгсөн гэх акт, хилээр бараа материал оруулж ирсэн гэх гаалийн мэдүүлэг зэрэг нотлох баримт байхгүй. Зохигчдын хооронд уг үнийн дүн бүхий бараа материалыг нийлүүлэх албан ёсны гэрээ байхгүй, бараа материалыг мөнгөн дүн бүхий бараа материалуудыг хаанаас авсан, тэр газарт “А-Ө” ХХК-иас төлсөн төлбөрийн баримт зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, энэ нь нотлогдоогүй.

...205 160 625 төгрөгийг Голомт банкны дансаар “Н-Э” ХХК-д шилжүүлсэн гэдэг нь нэхэмжлэгчид ямар ч хамааралгүй бөгөөд уг мөнгийг хариуцагч хариуцна гэсэн нотлох баримт байхгүй. “Ар Ий Си” ХХК нь “Шинэ-Өргөө” цогцолбор хорооллын барилгын ажлыг хийж гүйцэтгүүлэх ерөнхий захиалагч бөгөөд тус компаниас “Н-Э” ХХК-ийн дансанд 68 000 000 төгрөг 2 удаа уг барилгын ажлыг тасралтгүй явуулах зайлшгүй шаардлагын улмаас “А-Ө” ХХК-ийн өмнөөс шилжүүлсэн нь 2 компанийн хооронд үүссэн санхүүгийн маргааныг шийдвэрлэх хугацаанд хийгдсэн байдаг. Дээрхи 2 компани цаашид хамтран ажиллах боломжгүй болсноор дараагийн гүйцэтгэгчээр “Аж богд моуэйнтэн” ХХК-ийг сонгож, тус компанид шилжүүлэн тооцож гэрээ хийсэн. “Нуган Эрин” ХХК нь энэ мөнгийг “Аж богд моуэйнтэйн” ХХК, “Нуган Эрин” ХХК хоорондын гэрээнд тусгагдаж тооцогдсон зориулалтаар шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь 205 160 625 төгрөгийг юуг үндэслэн нэхэмжилж байгаа талаарх баримт хэрэгт байхгүй, энэ талаар нотолж чадаагүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02307 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Н-Э” ХХК-иас 416 028 873 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А-Ө” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2 238 094 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 238 094 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 98 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н-Э ХХК-д холбогдох, 416 028 873 төгрөг гаргуулах А-Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2 238 095 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

“Асар-Өргеө” ХХК-ийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйл, үндэслэл нь магадлалд дурдагдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын маргааны зүйл, шаардлага, үндэслэлээс өөр байхад давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсгийг хэрэглэж мөн үндэслэлээ тайлбарлаагүй байна. “Асар өргөө” ХХК нь өмнө нь уг үндэслэлгүй хөрөнгөжсөн 416 028 873 төгрөгийг гаргуулах асуудлаар ямар нэгэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл шүүхэд болон арбитрт огт гаргаж байгаагүй тул урьд нь шийдвэрлэж байсан гэж үзэх боломжгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт хамааруулах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Тиймээс 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 98 тоот дугаартай магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “А-Ө” ХХК нь хариуцагч “Н-Э ХХК-ийг ажил гүйцэтгэх гэрээний хөлс, бараа материалын үнийг бусдаас болон нэхэмжлэгчээс давхардуулан авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн 416 028 873 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч “Н-Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотлоогүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч 2013 онд “Ар Ий Си” ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүрэгт баригдсан “Шинэ өргөө” хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, уг төслийн зургаан блок барилгыг барих туслан гүйцэтгэх гэрээг “Н-Э” ХХК-тай байгуулжээ. Ерөнхий захиалагч “Ар Ий Си” ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “А-Ө” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, улмаар “А-Ө” ХХК нь “Н-Э” ХХК-д гэрээний дагуу 759 024 215 төгрөгийг дансаар шилжүүлжээ.

“Н-Э” ХХК үлдэгдэл ажлын хөлсөө “А-Ө” ХХК-иас нэхэмжилсний дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6855 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142 дугаар магадлал, Улсын Дээд шүүх 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 350 дугаар тогтоолоор “А-Ө” ХХК-иас 794 755 600 төгрөгийг гаргуулан “Н-Э” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитр 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183 дугаар шийдвэрээр “А-Ө” ХХК-ийн “Ар Ий Си” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2 279 174 270 төгрөг гаргуулах үндсэн, ажлын хөлсөд илүү олгогдсон 168 437 301 төгрөгийг  гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүхийн болон арбитрын шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар дахин нотлох учиргүй байна.

Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн одоогийн гаргаж буй шаардлагын үндэслэлийг шүүхийн болон арбитрын шийдвэрээр шийдвэрлэгдсэн бус харин тэдгээрээс урган гарсан эрх зүйн үр дагавар бүхий асуудал гэж үзжээ.

Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий захиалагч “Ар Ий Си” ХХК нь “А-Ө” ХХК-ийн өмнөөс 205 160 625 төгрөгийг Голомт банкны дансаар, 210 868 248 төгрөгийг бараа материалаар нийлүүлэн тооцож, “Н-Э” ХХК-д шилжүүлсэн болох нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш арбитрын шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч “А-Ө” ХХК-ийн “Н-Э” ХХК-д холбогдуулан гаргаж буй одоогийн шаардлагыг шинэ үндэслэлтэй гэж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон “А-Ө” ХХК болон “Н-Э” ХХК-ийн хоорондох ажил гүйцэтгэх гэрээний харилцааны маргаанаас өөр агуулгатай гэж үзэхээр байна.

Энэ утгаар давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Мөн хуулийн 347 дугаар зүйлийн 347.1.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болох бөгөөд энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болдог.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг ерөнхий захиалагч “Ар Ий Си” ХХК нь ерөнхий гүйцэтгэгч “А-Ө” ХХК-д, “А-Ө” ХХК нь туслан гүйцэтгэгч “Н-Э” ХХК-д төлөх үүрэгтэй байна.

Энэ агуулгаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6855 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142 дугаар магадлал, Улсын Дээд шүүх 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 350 дугаар тогтоолоор “А-Ө” ХХК-иас 794 755 600 төгрөгийг гаргуулан “Н-Э” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Харин “А-Ө” ХХК-ний нэхэмжлэлтэй “Ар Ий Си” ХХК-иас ажлын хөлс гаргуулах эрх зүйн маргааныг арбитраар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ерөнхий захиалагч “Ар Ий Си” ХХК туслан гүйцэтгэгч “Н-Э” ХХК-д ажлын хөлс төлж байсан, бараа материал нийлүүлж байсан болох нь тогтоогдсон тохиолдолд “А-Ө” ХХК нь “Н-Э” ХХК-иас давхардуулан тооцогдсон төлбөрийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

Гагцхүү нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь баримтаар хангалттай тогтоогдсон, шаардлагын агуулга тодорхой байх учиртай.

Тухайлбал, хариуцагч ”Н-Э” ХХК-ийн нэхэмжлэгч “А-Ө” ХХК-иас авсан болон шүүхийн шийдвэрээр төлөх болсон ажлын хөлсний үнийн дүнд ерөнхий захиалагч “Ар Ий Си” ХХК-иас авсан гэх төлбөр багтаж байгаа эсэх, ерөнхий захиалагч “Ар Ий Си” ХХК-иас туслан гүйцэтгэгч “Н-Э” ХХК-д шилжүүлсэн бараа материалын үнийг захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хэн нь хариуцан төлөх ёстой, хэрхэн төлсөн, улмаар барилгад шингэсэн бараа, материалыг нийлүүлсэн, үнийг нь төлсөн этгээдийн хэнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх асуудал тодорхой болсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой болно.

Хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийх, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэх боломжгүй байна.  

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02307 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 98 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчид хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 2 238 095 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

              ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН