Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2019/00867

 

А.Б, З.Г, Л.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/02207 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 80 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч А.Б, З.Г, Л.Б нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.О-т холбогдох,

Бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Галбадрах, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Раднаасүрэн, Д.Гантөмөр, гуравдагч этгээд Ч.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Иргэн А.Б миний нэр дээр бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо Ар гүнтэд байрлах 625.5 м.кв талбайтай 5 ширхэг фермерийн аж ахуйн зориулалттай байшинг, мөн миний нөхөр З.Г, хадам ээж М.Ббид нарын эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан 1 хэсгийн 1-26, 1-26А, А93 тоот хаягуудад байрлах амины орон сууц, хүнсний дэлгүүрийн зориулалттай барилга, дээрх эд хөрөнгүүд байрлаж буй 2 ширхэг амины зориулалттай газрыг Тулгаа овогтой О нь худалдан авахаар тохиролцож бэлэглэлийн гэрээ байгуулан өөрийн нэр дээр газар, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан боловч төлбөр мөнгөө өгөхгүй явсаар өнөөдрийг хүртэл биднээс худалдан авсан эд хөрөнгийн төлбөр мөнгийг өгөхгүй хохироосоор байна.

-хариуцагч Т.О-т 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн бэлэглэлийн гэрээ байгуулан өмчлөлийг нь шилжүүлсэн Улсын бүртгэлийн Ү-2204019037, гэрчилгээний Д-000240225 дугаартай Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 1 дүгээр хэсгийн 1 дүгээр гудамжны 26 тоот хаягт байрлах 100 м.кв талбайтай үйлчилгээний барилга,

-Гэрчилгээ Д-000110385, улсын бүртгэлийн Г-2204014187, нэгж талбарын 18654311128117 дугаартай 515 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,

-2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо Ар гүнтэд байрлах /18120/ Ф28 хаягт байрлах гэрчилгээний 000080514 дугаартай, Улсын бүртгэлийн Ү-2201021667 дугаартай 626.5 м.кв талбайтай, 5 ширхэг фермерийн аж ахуйн зориулалттай байшин,

-2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Жужирбулангийн 9 хэсгийн А-93 тоот хаягт байрлах гэрчилгээний Д-000179693, Улсын бүртгэлийн Ү-2204015783 дугаартай 416 м.кв талбайтай 3 давхар амины орон сууц,

-Гэрчилгээний Д-000069653, Улсын бүртгэлийн Ү-2204003999 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 539 м.кв талбайтай газрын эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй, бэлэглэгч биднийг гомдоож, хохироож байгаа тул дээр дурдсан бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

... Т.О надтай нэхэмжлэгч нар 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан. Ү-2204019037, Д-000240225 гэрчилгээтэй үйлчилгээний барилгын, Г- 240014187. Д-000110385 гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-2201021667, 0000801514 дугаарын гэрчилгээтэй аж ахуйн зориулалттай байшин, 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Ү-2204015783, Д-000179693 гэрчилгээтэй амины орон сууц, Ү-2204003999, Д-000069653 гэрчилгээтэй газрыг бэлэглэх гэрээг байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан бэлэглэлийн гэрээ Иргэний хуулийн 40, 41, 42, 43 дугаар зүйлд заасан талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ болно. Нэхэмжлэгч нар бэлэглэлийн гэрээтэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт эрүүгийн 201726010003 дугаартай хэрэг үүсгэгдэн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа болно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К банк” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Т.О нь 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу барьцааны гэрээ байгуулж эдгээр 4 төрлийн эд хөрөнгийг барьцаалсан. Барьцааны гэрээ байгуулах үед Т.Оийн нэр дээр барьцааны зүйлүүд өмчлөх эрхийн бүртгэлтэй байсан. Т.О зээлээ төлөхгүй байсан учир шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8900 дугаартай шийдвэрээр барьцааны зүйл болох дээрх 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох үүрэгтэй. Бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.О шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Т.Оийн надаас авсан зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул миний эрх ашиг ямар нэг байдлаар хөндөгдөөгүй болно. Иймд намайг гуравдагч этгээдээс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/02207 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б, хариуцагч Т.О нарын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамжны 26 тоот хаягт байрлалтай, 18654311128117 нэгж талбарын дугаартай, Г-2204014187 улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 515 м.кв талбай бүхий газрыг, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамжны 26/А тоот хаягт байрлалтай, Ү-2204019037 улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай, 100 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус бэлэглэсэн бэлэглэлийн гэрээнүүдийг нэхэмжлэгч М.Баасансүрэн, хариуцагч Т.О нарын хооронд байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хужирбулангийн А гудамжны 93 тоот хаягт байрлалтай, 18646310911171 нэгж талбарын дугаартай, Г-2204003999 улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 539 м.кв талбай бүхий газрыг бэлэглэсэн газар бэлэглэх гэрээ, мөн өдрийн нэхэмжлэгч М.Баасансүрэн, З.Г болон хариуцагч Т.О нарын хооронд байгуулсан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 9 дүгээр хэсэг, Хужирбулангийн А-93 тоот хаягт байрлалтай, Ү-2204015783 улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны зориулалттай, 416 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн Бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг буюу Г-2204014187 улсын бүртгэлийн дугаартай, 515 м.кв талбай бүхий газар, Ү-2204019037 улсын бүртгэлийн дугаартай, 100 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө зэргийг нэхэмжлэгч А.Бийн нэр дээр, Г-2204003999 улсын бүртгэлийн дугаартай, 539 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч М.Баасансүрэнгийн нэр дээр, Ү-2204015783 улсын бүртгэлийн дугаартай, 416 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч М.Баасансүрэн, З.Г нарын нэр дээр тус тус өмчлөгчөөр бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б нь нэхэмжлэлээсээ, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Т.Отэй байгуулсан, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт /1812/ гудамж, Ф28 тоот хаягт байрлалтай Ү-2201021667 улсын бүртгэлийн дугаартай, фермерийн аж ахуйн зориулалттай, 626.5 м.кв талбай бүхий 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 432 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 80 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/02207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “...хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ.”, мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т “бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй” гэснийг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн.

...Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний тохиролцоо хийгдэж, 375 000 000 төгрөгийн үүргийн харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нар 375 000 000 төгрөгөөр тохиролцсон гэх нэг ч баримт байхгүй, нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.Б, З.Г, М.Бнар нь хариуцагч Т.От холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн газар болон үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэсэн гэрээнүүд, 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн газар бэлэглэх гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, эд хөрөнгүүдийг өмчлөх эрхийг буцаан авах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Т.О шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нар гэрээг хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан, хүчин төгөлдөр гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч А.Б нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамжны 26 тоот хаягт байрлалтай, гэр бүлийн хэрэгцээний 515 мкв талбай бүхий газар, 26\А хаягт байрлалтай 100 мкв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр хариуцагч Т.От бэлэглэсэн байна.

Нэхэмжлэгч М.Бнь мөн өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хужирбулангийн А гудамжны 93 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний 539 мкв талбай бүхий газрыг, нэхэмжлэгч М.Баасансүрэн, З.Г нар нь мөн хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 416 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн гэрээгээр хариуцагч Т.От бэлэглэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Дээрх 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариу төлбөргүйгээр хариуцагчид шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, харин 375 000 000 төгрөгөөр Т.От худалдах, Т.О нь Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зарласан төслийн санхүүжилт орж ирсэн үед үнийг төлөхөөр тохиролцсон гэх нэхэмжлэгч нарын тайлбарыг хариуцагч Т.О үгүйсгээгүй боловч эдгээр эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн, мөнгө төлсөн гэж нэхэмжлэлийг татгалзсан байдлаа баримтаар нотлоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан  бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т заасан шаардлагад нийцжээ.

 Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг зөв тодорхойлж, хэлцлийн хүчин төгөлдөр байдал, хүчин төгөлдөр бус хэлцлийн эрх зүйн үр дагавар зэрэг асуудлыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3., 56.5.-д зааснаар хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг зохицуулсан Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн холбогдох заалт тухайн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлд хамааралгүй, шүүх хуулийн энэхүү хэм хэмжээг зохигчийн хоорондох маргаанд хэрэглээгүй байх тул хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.-д зааснаар маргаантай эрх зүйн харилцааны зохигчийн аль нэг нь нас барснаар уг эрх зүйн маргаанаас гарсан бол шүүх тэрхүү зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд сольж болдог. Хариуцагч Т.О нь хэрэг давж заалдах журмаар хянан хэлэлцэгдсэнээс хойш буюу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан байх ба хяналтын шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эрх залгамжлагчийг оролцуулах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч эрх залгамжлагчаар оролцох хүсэлт шүүхэд ирээгүй болно. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/02207 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 80 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар гуравдагч этгээд “К банк” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 433 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

         ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН